Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00330

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00330

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын

31-ний өдрийн 101/ШШ2023/04736 дугаар шийдвэртэй,

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,

С.Д-, Б.М- нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч Б.М-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч С.Д-, Б.М-, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Х-1 гудамж, 00-0 тоот, 290 м.кв талбайтай хувийн сууц, автозогсоолыг Б.М-д худалдахаар тохиролцож 2021 оны 06 сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-т зааснаар эд хөрөнгийн үнийг 500,000,000 төгрөг гэж, төлбөрийг хоёр хувааж 2 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон хүлээлгэн өгсөн. Мөн түүний нөхөр С.Д- нь их хэмжээний мөнгө орж ирнэ, гацаад байна, 100,000,000 төгрөг хэрэг болсон тул хөрөнгийг барьцаалья, мөнгө орж ирэхээр бүх мөнгийг хүүгийн хамт өгнө гэснээр би Ю Ф-ББСБ ХХК-аас 150,000,000 төгрөгийн зээл авч, 110,000,000 төгрөгийг өгсөн.

Бид нар Ю Ф-ББСБ ХХК-аас зээл авсан 2021 оны 08 сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэх, зээл төлөгдөж дууссанаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл Б.М- нь төлбөрөө огт төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Баянзүрх дүүргийн 11 хороо, Х-1 гудамж, 00-0 тоот, 290 м.кв талбайтай хувийн сууц, автозогсоолыг худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бид 2021 оны 05 сарын эхээр н.Ц-тай уулзаж, түүний хувийн сууцыг худалдан авахаар болсон ба уг сууц нь засал хийгдээгүй блокоороо байсан учир засваргүйгээр авахад 300,000,000 төгрөг, засвар хийж авбал 500,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээ яагаад 500,000,000 төгрөг гэснийг н.Ц-аас тодруулахад эхнэрт нэр зүүсэн юм үзүүлэхгүй бол болохгүй, дараа нь хоёулаа болно гэсэн. Улмаар бид өөрийн мөнгөөр байрыг бүрэн засаад 2021 оны 08 сард нүүж орсон.

н.Ц- нь яг эсрэг талын хувийн сууцандаа танайх шиг засвар хийлгэе, засвар хийгээд өгөөч гээд манай орон сууцыг барьцаалж 150,000,000 төгрөгийг Ю Ф-ББСБ ХХК-аас авч, 110,000,000 төгрөгийг өгч засварыг хийлгэсэн. Гэтэл нэг өдөр н.Ц- ах нас барснаар бидний тохиролцоог эхнэр Ц.Т- эгч үгүйсгэж, биднийг сууцнаас гарахыг шаардсан. Надад анх энэ байр ямар байсан талаарх бичлэг, зураг байдаг. Би, өөрийн хийсэн болон гаргасан зардлаараа хохирмооргүй байна, манай байрны засварын материал, ажлын хөлс нийлээд 250,000,000 төгрөг болсон. н.Ц- ахад 200,000,000 төгрөг өгсөн бичлэг, зураг байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т-, хариуцагч С.Д-, Б.М- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч нарт Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Х-1 гудамж, 00-0 тоот хаягт байрлах Ү-00000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцааж өгөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,728,150 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,728,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.М-гийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах эрхийг зөрчсөн. Учир нь 2022 оны 11 сарын 30-ны өдөр анхны шүүх хурал болоход хурал эхлэхээс өмнө хариуцагчаас нэхэмжлэгчийн нөхөр талийгч н.Ц-, түүний хүү н.Б нартай ярьсан ярианы бичлэгийг шинжлүүлэх хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Талууд шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй ч нотлох баримтыг шалгуулах эрхээ шүүхэд эдлэх эрхтэй. Маргааны зүйл болсон нэхэмжлэгчийн нөхөр, хүүтэй ярьсан зүйлийг шүүхээр нотлуулах боломжтой, энэ талаар шүүх боломжит хугацаа өгөөгүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

4.2. Нэхэмжлэгчээс төлбөрийг төлөөгүй, хариуцагчаас 250 сая төгрөг төлсөн гэж маргадаг. Хариуцагч нь н.Ц-т бэлнээр 250 сая төгрөгийг өгсөн тул 2021 оны 08 сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээг анх Ц.Т-ийн нэрээр байгуулсан ч тохиролцсон болон үндсэн зээлдэгч нь түүний талийгч нөхөр н.Ц- юм. н.Ц- нас барснаар түүний эхнэр нь энэ байдлыг далимдуулж орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах эрхтэй билээ. Энэхүү эрхээ эдэлж хариуцагчаас тус шүүхэд 2023 оны 10 сарын 20-ны өдөр гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон нь дээрх эрхийг зөрчсөн. Учир нь маргаан бүхий хөрөнгөд хариуцагч засвар хийсэн тул гэрээг цуцалж, өгсөн авсныг буцаах үед гаргасан зардлаа шаардах эрхтэй. Шүүх хариуцагчийн хүсэлтээр байранд засвар, тохижилтын ажлыг хийсэн хүнээс ямар хэмжээний зардаар уг байрыг засаж, тохижуулсныг тогтоосны эцэст хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргах байсан. Дээрх ажиллагааг хийсний эцэст маргааныг шүүх нэг мөр шийдвэрлэх байтал анхан шатны шүүх уг ажиллагааг хийгээгүй, хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлгүй байна.

4.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн магадлалд хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн болон түүний үнэ цэнэ нэмэгдсэн эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэх боломжтой гэж дүгнэснийг анхан шатны шүүх биелүүлээгүй, талуудын тэгш мэтгэлцэх боломж, эрх нь зөрчигдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Б.М-гийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Тухайн хэрэг, маргааныг нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн. Давж заалдах гомдолдоо хэд хэдэн зүйл тусгасан. 2022 оны 11 сарын 30-ны өдрийн бичлэг байдаг гэж тайлбарладаг боловч шүүхэд гаргаж өгөөгүй. 2023 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үүнтэй холбоотой нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй. Анх 500,000,000 төгрөгөөр талууд тохиролцсон. Бэлнээр 250,000,000 төгрөг өгсөн гэж хариуцагч маргадаг боловч үүнийгээ нотлоогүй. Нотариат нэмэлт гэрээн дээр үлдэгдэл гэх техникийн алдаатай, эргэлзээ төрүүлэхүйц зүйл оруулсан байдаг. 250,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн үйл баримт болоогүй. Гэрч оруулж, хөрөнгийн үнэлгээ тогтоох нь энэхүү хэрэгт ямар ач холбогдолтой вэ гэх асуултад нэхэмжлэгч тал засвар хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч С.Д-, Б.М- нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгч, тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хариуцагч нар маргаж буй хувийн сууцыг дотор засал хийгдээгүй байдлаар буюу гэрээнд заасан үнээс бага үнээр худалдан авч өөрсдийн хөрөнгөөр заслыг хийснээр тухайн хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдсэн, хөрөнгийн тал үнийг төлсөн гэж маргажээ. Хариуцагч тал ийнхүү татгалзлаа нотлохоор тухайн хувийн сууцны заслын ажлыг хийж гүйцэтгэсэн П.Т-ийг гэрчээр асуулгаж хувийн сууцны заслыг хэзээ хийсэн, ямар засал хийсэн болон заслын ажлын өртөг, материалын зардлыг хэн хариуцан гаргасныг тогтоолгохоор, мөн хувийн сууцны засал хийгдээгүй үеийн болон өнөөгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 25157 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд хамаарах бөгөөд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх хэргийн оролцогчийн эрхийг шүүх зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлтийг өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 333 дугаар магадлалаар зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч нар засвар хийсэн болон хөрөнгийн үнэ цэнэ өссөн эсэх нь хэрэгт ач холбогдолтойг тодорхойлж, энэ талаар анхан шатны шүүх талуудаас тодруулах, чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн шүүх зохигчид эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлахдаа эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг бүрэн, бодитой тайлбарлаж, сануулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсныг тус тус дүгнэсэн.

Гэвч хэргийг дахин шийдвэрлэхээр мөн шүүх 2023 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авсан ч магадлалд заасан зөрчлийг арилгаж хариуцагчид эрх, үүргийг нь тайлбарлаж, түүний үр дагаврыг ойлгосон эсэхийг лавлаж, тодруулаагүй нь анхан шатны шүүх магадлалд заасан зөрчлийг арилгаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх бүрэн хангагдаагүй гэж үзнэ.

 

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/04736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,730,607 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ