Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/04993

 

 

 

 

 

 

 

 

                              2022        11          30

            101/ШШ2022/04993

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.О /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Т” ХХК /рд:/-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 15,510,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүрэг дугаар хороонд баригдаж байгаа “Apartment” 76 төсөлд (нд захиалга өгч, орон сууцны захиалгын гэрээг “Т” ХХК-тай байгуулсан. Улмаар гэрээний дагуу

-              2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг

-              2020 оны 05 дугаар сарын 13-ний өдөр 20.000.000 төгрөг

-              2020 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр 5.500.000 төгрөг

-              2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13.500.000 төгрөг

-               2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2.437.500 төгрөгийг нийт 51.437.500 төгрөгийг төлсөн. Тус гэрээнд орон сууц нь 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орохоор заасан байгаа.

Гэвч тус барилгын явц удааширсаар 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Миний бие нь уг хугацаанд дүүгийндээ болон байр түрээслэн амьдарч байсан бөгөөд улсын комисс хүлээн авсан даруйд байрандаа орох гэтэл барилгын материалын үнэ өссөн тул дахин шинээр нэмэлт гэрээ байгуулж байж орон сууцандаа ор гэсэн. Миний хувьд нэмж мөнгө төлөх боломжгүй гэхэд тэгвэл орон сууцанд оруулах боломжгүй, эсвэл мөнгөө авч болно гэж надад дарамт шахалт үзүүлсэн. Миний бие нь түрээсийн байранд давхар түрээс төлж явахад хүндрэлтэй байсан, компанийн түлхүүр өгөхгүй гэсэн дарамт шахалтад аргагүй эрхэнд, орон сууцандаа орох хүсэлтэй байсан тул уг нэмэлт гэрээнд 4.155.000 төгрөг төлөхөөр гарын үсэг зурсан. Ингээд байрандаа ороход өнөөдрийг хүртэл нэмэлт төлбөрөө төлөхгүй бол орон сууцны маань үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, мөн нэмэлт төлбөрийг төлөхгүй бол алданги тооцно гэж дарамт шахалт үзүүлдэг. Миний бие нь уг нэмэлт гэрээг хууль бус гэрээ гэж үзэж байгаа бөгөөд гэрээ болон иргэний хуульд зааснаар захиалагч нь захиалгын орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн бол тус орон сууц нь захиалагчийн өмчлөлийн орон сууц юмаа. Гэтэл тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байтал орон сууцны түлхүүр өгөхгүй дарамт шахалт үзүүлж, улмаас намайг гарцаагүй байдалд оруулж нэмэлт гэрээ гэсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан нь хууль бус гэж үзэж байна.

Уг орон сууцны түлхүүрээ гардаж авснаас хойш дутуу зүйл маш их байсан бөгөөд үүний талаар гомдол гаргахад хүлээж авдаггүй миний бие нь өөрийн зардлаар 1.200.000 төгрөгөөр тагтны вакум хаалт хийлгүүлсэн. Анхны байрны захиалгын гэрээний хавсралт болох зураг төсөл дээр бүрэн вакум тагттай хаалттай гэж байсан.

“Т" ХХК нь анх захиалгын гэрээ хийхдээ 2020 оны 4 дүгээр улиралд орон сууцаа бүрэн ашиглалтад оруулна гэж заасан. Гэвч 2022 оны 2 сарын 16-ны өдөр уг орон сууцанд орсон. Энэ хугацаанд миний бие төрсөн дүүгийндээ болон түрээсийн орон сууцанд амьдарч байсан. Цар тахлын улмаас барилга хойшилсон гэх боловч 2020 оны 11 сард хатуу, хөл хорио тогтоосон буюу уг барилга анхны гэрээгээрээ 1 сарын дараа л барилгаа хүлээлгэн өгөх хугацаа байсан. Улмаар “Т" ХХК -ны гаргасан мэдэгдэлд цар тахлын улмаас 120 хоног хил хааж, ажиллах боломжгүй хөл хорио тогтоосны улмаас барилга хоцорсон, барилгын материалын үнэ нэмэгдсэн талаар мэдэгдэл гаргасан. Миний бие 2020 оны 4 улирал гэхэд байрандаа орно гэж тооцоолж байсан боловч 14 сарын дараа байрандаа орсон бөгөөд одоо бүр нэмэлт төлбөр төл, төлж дууссаны дараа байрныхаа үл хөдлөхийн гэрчилгээгээ ав гэсэн байнгын дарамт шахалтад ороод байгаад гомдолтой байна. Иймд:

-               “Т” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №20050127 дугаартай Орон сууцны захиалгын нэмэлт гэрээг хүчингүй болгож өгнө үү.

-               дугаар байр тоот  м.кв бүхий 2 өрөө орон сууцыг О.О миний өмчлөл мөн болохын тогтоож өгнө үү.

-               Орон сууцны захиалгын гэрээний 4.11 дэх хэсэгт заасны дагуу “.... заасан хугацаанаас 30 хоног хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1% -аар тооцон алдангийг захиалагч талд төлнө гэсний дагуу 371 хоног хэтрүүлэн намайг орон сууцанд оруулсан үүнээс цар тахлын хөл хориотой байсан 120 хоногийг хасаад 251 хоног хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул “Т” ХХК-аас гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацааны төлбөр болох 12.910.800 төгрөгийг,

-               Өөрийн зардлаараа тагтны вакум хаалт хийлгэсэн 1.200.000 төгрөг,

-               Байр хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас 2 сарын 1.400.000 төгрөгөөр байр түрээсэлсэн төлбөр нийт 15.510.800 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэмэлт гэрээг хүчингүй болгох, орон сууцны өмчлөл болохыг тогтоолгох, алдангид 12 910 800 төгрөг, вакум хаалтын үнэ 1 200 000 төгрөг, хугацаандаа ашиглалтад ороогүй 2 сарын орон сууц хөлсөлсөн 1 400 000 төгрөг, нийт 15 510 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2020.5.1-нд орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. 2020 оны 4-р улиралд ашиглалтад орохоор байсан. Гэрээний дагуу хариуцагч хугацаандаа ашиглалтад оруулаагүй. 2022.2.16-нд түлхүүрээ авсан. Энэ үед нэмэлт гэрээ байгуулна гэж шахалт үзүүлсэн. Улмаар нэмэлт гэрээ байгуулахгүй бол орон сууцанд оруулахгүй, төлсөн төлбөрийг буцаан олгоно гэсэн. Энэ үед түрээсийн байранд амьдарч байсан тул шахалтад орж нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд тагт хаалттай байна гэсэн боловч байгаагүй тул өөрийн зардлаар хаалт хийлгэсэн. Гэрээний 4.11-д орон сууц хугацаандаа ороогүй бол 31 дэх хоногоос алданги тооцохоор заасан байлдаг. 4.6-д зааснаар хугацаа хошилбол урьдчилан мэдэгдэнэ гэсэн. Ингээд хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулаагүй. Бусад хүмүүст 120 хоног хэтэрсэн талаар мэдэгдсэн байсан тул бид энэ 120 хоногийг хасаж тооцсон. Үл хөдлөхийн гэрчилгээг өдийг болтол гаргаж өгөөгүй ба банкны барьцаанд байгаа гэдэг юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Шүүхээс өмнө эвлэрнэ гэсэн боловч эвлэрээгүй. Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул орон сууц түрээсэлж төлбөл төлсөн баримтыг хэрэгт өгсөн. Улсын комисс 2022.1.18-нд хүлээн авсан боловч орон сууцаа сарын дараа хүлээж авсан. Энэ хугацаанд нэмэлт гэрээ байгуул гэж утсаар хэлдэг байсан. Тухайн үед цагаан сар болж байсан тул гарцаагүй байдалд орсон юм. Барилга 2020 оны 4-р улиралд ашиглалтад орох байсан. Цар тахлаас болж үнэ өссөн гэдэг нь ойлгомжгүй. Хөл хорио тогтоох үед барилга дуусах дөхсөн байх ёстой байсан юм гэв.

 

Хариуцагч “Т” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан О.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр, 20050127 тоот Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн  хорооны нутаг дэвсгэрт байрлалтай орон сууцны төслийн барилгын 9 давхрын  талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний төлбөр 51,437,500 төгрөгийг төлөх үндсэн үүргийг хүлээсэн. 2020 онд эхэлсэн барилгын ажил явагдаж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, бидний хэрэгжүүлж буй төсөл урьд төлөвлөсөн хугацааны дагуу явагдаж боломжгүй болж, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хил хаагдаж ачаа бараа зогссон, бараа материалын хомсдол үүссэн, барилгын материалын үнэ, тээврийн үнэ өссөн зэрэг бидний үйл ажиллагаанд шууд нөлөөлөх олон хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарсан. Гэсэн хэдий ч манай компани захиалагч нартай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлж, эхлүүлсэн төслөө дуусгахаар авах боломжтой арга хэмжээг авч ажилласан. Үүний дагуу захиалагч О.Отэй 2022 оны 1 сарын 31-ний өдөр Орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Орон сууцны захиалгын гэрээний нэмэлтээр талууд 2020 оны 5-р сарын 1-ний өдөр байгуулсан үндсэн гэрээний 2.2-т “ ...41,15 м2 орон сууцны зориулалттай 2 өрөө байрны м2 тутамд 100,000 төгрөг буюу нийт 4,115,000 төгрөгөөр нэмэгдэж байна” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. Үндсэн гэрээний 1.3-т захиалагч орон сууцны үнийг бүрэн төлж дуусах хүртэл тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “Т” ХХК байна” гэж заасан. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж дуусах хүртэл О.Од орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт 251 хоног хэтрүүлэн орон сууцанд оруулсан гэж үзэж алданги тооцож 12,910,800 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь цар тахлын хөл хорио, улс орон даяар зарлагдсан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор компани эрх бүхий байгууллагын шийдвэрийг дагаж үйл ажиллагаагаа түр зогсоосон, цаашлаад хил гаалийн оочир дараалал, бараа материалын татан авалттай холбоотойгоор барилгын ажлыг тодорхой хугацаагаар сунгах нөхцөл байдал үүсэж 2021 оны 3 сарын 1-ний өдрийг хүртэл барилгын ажлаа зогсоосон. Мөн тэрээр тагтны вакум хаалт хийлгэсэн 1,200,000 төгрөг, байр хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас 2 сарын 1,400,000 төгрөгөөр байр түрээсэлсэн төлбөр нэхэмжилжээ. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээгээр болон бусад гэрээгээр түрээсийн төлбөр, зардлыг хариуцах талаар тохиролцоогүй, түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Тагтны вакум хаалтын хувьд зах зээлийн ханш, бодит үнэ өртгөөс илүү төлбөр шаардаж байх тул 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид О.Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлээс харахад нэмэлт гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Гэтэл энэ нэмэлт гэрээ нь 2 талын хүсэл зориг тул хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хэрэгт шахалт үзүүлсэн баримтгүй гэж үзэж байна. Гэрээний үүргээ биелүүлэх шаардлагагүй. Үл хөдлөх эд хөрөнгө шилжсэнээр өмчлөл тогтоогдсон гэж үзэж байна. Гэрээгээр үүргээ биелүүлэх ёстой. Эзэмшилд буюу амьдарч байгаа тул маргаангүй гэж ойлгож байна. Цар тахал байсан гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн. Материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хугацаа хэтэрсэн гэж ойлгож байна. Цар тахалтай холбоотойгоор материалын хангалт хоцорсон. Иймд алданги шаардах нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж хугацаа хэтэрсэн баримтгүй. Тагтны хаалт хийлгэсэн гэж байна. Барилгын тухай хуульд зүгшрүүлэх хугацаа 1 жил байдаг боловч гэрээнд 3 жилээр байдаг. Хуулийн хугацаанд тагт хийлгэхийг хүлээх байсан ба энэ талаар тохиролцох байсан. Иймд зөвшөөрөхгүй. Хугацаа яагаад хэтэрсэн талаар баримтгүй. Түрээсийн гэрээ нь бүртгэлд бүртгүүлэх ёстой. Яагаад заавал гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг гүйцэтгэлтэй холбож тогтоох боломжгүй. Мэдэгдэл хүргүүлсэн гэх тул мэдэгдсээр байтал нэмэлт гэрээ байгуулсан байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/4852 дугаар албан тоотын хуулбар /42-43/, лабораторийн сорилтын тайлангийн хуулбар /хх44-45/, 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн орон сууц захиалгын 20050127 дугаар гэрээний хуулбар /хх46-49/, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ /хх51-52/, 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 20050127 дугаар орон сууц захиалгын гэрээний нэмэлт /хх53/, “Т” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-209 дүгээр албан тоотын хуулбар /хх54/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 4 ширхэг /хх55, 56, 60, 62/, чадамжийн гэрчилгээний хуулбар /хх57/, Голомт банкны мемориалын баримт 2 ширхэг /хх58/, Хас банкны цахим гүйлгээний баримт 2 ширхэг /хх59, 61/, зарлагын баримтын болон нэхэмжлэгчийн хуулбар тус бүр 1 ширхэг /хх63/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийг Баянзүрх дүүрэг, дугаар хороо,төслийн  байр, давхар,  тоот хаягт байрлах, м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “Т” ХХК-с орон сууц захиалгын гэрээний алдангид 12,910,810 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, тагтны хаалтын төлбөрт 1,200,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардалд 1,400,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 20050127 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. /хх46-49/

Гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүрэг,  дугаар хороонд барилга барьж,  давхар, тип тоот хаягт байрлах, м.кв талбайтай,  өрөө орон сууцыг ашиглалт оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь нийт 51,437,500 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн болох нь Голомт банкны мемориалын баримтаар, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13,500,000 төгрөг, 05 дугаар сарын 01-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь Хас банкны цахим гүйлгээний баримтаар, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 2,437,500 төгрөг тус тус төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна. /хх58, 59, 61, 62/

Иймд нэхэмжлэгчийг дээрх гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

 

Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр дээрх 20050127 дугаар гэрээнд нэмэлт оруулах тухай  гэрээ байгуулсан байна. /хх53/

Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь нэмэлт гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд маргаж буй 906 тоот орон сууцанд нэхэмжлэгч оршин сууж байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Түүнчлэн хариуцагч “Т” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-209 дүгээр албан тоотоор “Хаан банк” ХХК-д нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийг гэрээний дагуу 51,437,500 төгрөг төлсөн тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зөвшөөрөл гаргахыг хүссэн байна.

Иймд нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

Харин нэмэлт гэрээний хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Хэдийгээр энэхүү нэмэлт гэрээ байгуулагдахаас өмнө нэхэмжлэгчид орон сууцыг өмчлөх буюу ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авах эрх үүссэн боловч талууд тухайн үеийн барилгын салбарын нөхцөл байдлыг талаар харилцан тохиролцож энэхүү нэмэлт гэрээг байгуулжээ.

Цаашлаад нэхэмжлэгч нь хариуцагчийг дарамт, шахалт үзүүлж гарын үсэг зуруулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Мөн орон сууц захиалгын гэрээнээс татгалзаагүй байх тул өөрийн хүсэл зоригийн дагуу нэмэлт гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн энэхүү нэмэлт гэрээ байгуулсан үйл баримтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд орон сууц захиалгын гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эдгээрээс гадна нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон бөгөөд нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч нь гэрээний нэмэлт үүргийн талаар жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Үүнээс гадна уг байр Хаан банкны зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан талаар зохигч хэн аль тайлбарлаж байх тул энэхүү шийдвэр нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр маргаж буй орон сууцны түлхүүр нэхэмжлэгчид олгогдсоноор эзэмшил шилжсэн үйл баримтын талаар маргаагүй.

Гэрээний 4.11-т хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн 31 дэх хоногоос эхлэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгээс 0.1 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэж байна.

Мөн гэрээний 4.1-д зааснаар орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байх тул үүнээс 30 хоног тоолоод хэтэрсэн хугацааг тооцвол 1 жил 47 хоног буюу 412 хоног болно.

Улмаар нэхэмжлэгч нь алданги тооцох хоногоос мэдэгдэл гаргасан 120 хоногийн хасаж тооцсон гэх тул 292 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Гэвч нэхэмжлэлд 251 хоногоор алдангийг тооцсон.

Үүнээс алдангийг тооцвол 1 хоногт 51,437.50 /51,437,500*0.1%/ төгрөг бөгөөд 292 хоногт 15,019,750 төгрөг тооцогдох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг 12,910,812.50 төгрөгөөр тооцох боломжтой.

Харин нэхэмжлэгч нь алдангид 12,910,810 төгрөг шаардсан тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

 

Тагтны хаалт хийлгэсэн зардлын хувьд гэрээнд энэ талаар зохицуулаагүй байна. Улмаар нэхэмжлэгч нь давхрын палан зурагт энэ талаар байгаа гэх боловч хэрэгт байгаа зургаас үзэхэд гэрээнд заасан G гэж нэрлэсэн орон сууц нь тагтгүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заагдаагүй үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Баярмаатай гэрээ байгуулсан байна. /хх51-52/

Уг гэрээг түрээсийн гэж нэрлэсэн боловч гэрээний 1.1-д амьдрах зориулалтаар гэж зааснаас үзэхэд энэ нь орон сууц хөлслөх гэрээ байна.

Гэрээний 2.2-т зааснаар сард 700,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байх боловч хэрэгт нэхэмжлэгч хөлс төлсөн баримт ирүүлээгүй. Улмаар Б.Баярмаад орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг хэргийн оролцогч бус этгээд төлжээ. /хх60/

Түүнчлэн орон сууц захиалгаар бариулах гэрээний хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор хариуцагч нь алданги төлж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд энэхүү төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хангагдсан шаардлагад холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 56 дугаар зүйлийн 56.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч О.О-г Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, “” төслийн  байр,  давхар,  тоот хаягт байрлах,  м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “Т” ХХК-с орон сууц захиалгын гэрээний алдангид 12,910,810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, тагтны хаалтын төлбөрт 1,200,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардалд 1,400,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 732,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 497,691.55 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД