Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00297

 

 

 

 

Ю-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/04993 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю-ийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц захиалгын нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, алдангид 12,910,810 төгрөг, тагтны хаалтын төлбөр 1,200,000 төгрөг, орон сууц түрээсэлсний төлбөр 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ю-э нь Э- ХХК-тай нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг 22 дугаар хороонд баригдаж байгаа Apartment 76 төсөлд (одоогийн хаяг нь Apartment 75 А) дугаар байр 906 тоот 41.15 м.кв бүхий 2 өрөө орон сууцанд захиалга өгч, орон сууцны захиалгын гэрээг байгуулж орон сууцны үнэд нийт 51,437,500 төгрөг төлсөн. Тус гэрээнд 2020 оны 4 дүгээр улиралд орон сууц ашиглалтад орохоор заасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Орон сууцыг улсын комисс хүлээн авсан дараа орон сууцандаа орох гэтэл барилгын материалын үнэ өссөн гэх үндэслэлээр нэмэлт гэрээ байгуулсан. Түрээсийн орон сууцны төлбөр төлөх хүндрэлтэй байсан тул дарамт шахалтад орж нэмэлт гэрээг байгуулж 4,155,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээ нь хууль бус юм. Учир нь үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, мөн нэмэлт төлбөрийг төлөхгүй бол алданги тооцно гэж дарамт шахалт үзүүлсэн. Уг орон сууцны түлхүүрийг авснаас хойш дутуу хийсэн зүйл байсан. Тагтны хаалтыг 1,200,000 төгрөгөөр хийлгэсэн. Орон сууцны зураг төсөлд тагт хаалттай байсан.

Э-" ХХК нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр уг орон сууцанд орсон. Энэ хугацаанд Ю-э орон сууц түрээсэлсэн. 2020 оны 11 дүгээр сард хатуу, хөл хорио тогтоосон тул нэг сарын дараа хүлээлгэн өгөх байсан. Э- ХХК-ийн гаргасан мэдэгдэлд цар тахлын улмаас 120 хоног хил хааж, ажиллах боломжгүй хөл хорио тогтоосны улмаас барилга хоцорсон, барилгын материалын үнэ нэмэгдсэн талаар мэдэгдэл гаргасан. Иймд Э- ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орон сууцны захиалгын нэмэлт гэрээг хүчингүй болгож, Apartment 75 А дугаар байр 906 тоот 41,15 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг Ю-э миний өмчлөл мөн болохын тогтоож, орон сууцны захиалгын гэрээний 4.11-т заасны дагуу ... заасан хугацаанаас 30 хоног хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувиар тооцон алдангийг захиалагч талд төлнө гэсний дагуу 371 хоног хэтрүүлэн намайг орон сууцанд оруулсан үүнээс цар тахлын хөл хориотой байсан 120 хоногийг хасаад 251 хоног хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул Э- ХХК-аас гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацааны төлбөр болох 12,910,800 төгрөг, тагтны вакум хаалтын төлбөр 1,200,000 төгрөг, 2 сарын түрээсийн төлбөр 1,400,000 төгрөг, нийт 15,510,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э- ХХК нь 2020 оны 05 дугаар зүйлийн 01-ний өдөр Ю-этэй орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай орон сууцны төслийн барилгын 9 давхрын 41,15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний төлбөр 51,437,500 төгрөгийг төлөх үндсэн үүргийг хүлээсэн. Барилгын ажил явагдах үед дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж төлөвлөсөн ажил хугацаандаа явагдах боломжгүй болсон хэдий ч манай компани захиалагч нартай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлж, эхлүүлсэн төслөө дуусгахаар авах боломжтой арга хэмжээг авч ажилласан. Үүний дагуу захиалагч Ю-этэй 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Орон сууцны захиалгын гэрээний нэмэлтээр талууд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан үндсэн гэрээний 2.2-т ...41,15 м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө байрны м.кв тутамд 100,000 төгрөг буюу нийт 4,115,000 төгрөгөөр нэмэгдэж байна гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн гэрээний 1.3-т захиалагч орон сууцны үнийг бүрэн төлж дуусах хүртэл тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Э- ХХК байна гэж заасан. Ю-э нь орон сууцны үнийг бүрэн төлж дуусах хүртэл орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байна. Мөн Ю-э нь нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт 251 хоног хэтрүүлэн орон сууцанд оруулсан гэж үзэж алданги тооцож 12,910,800 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир цар тахлын улмаас барилгын ажил зогссон.

Мөн тагтны вакум хаалт хийлгэсэн 1,200,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээгээр болон бусад гэрээгээр түрээсийн төлбөр, зардлыг хариуцах талаар тохиролцоогүй тул түрээсийн төлбөр төлөх үүрэггүй. Тагтны вакум хаалтын үнийг зах зээлийн үнээс илүү нэхэмжилсэн. Нэмэлт гэрээг 2 талын хүсэл зоригийн дагуу байгуулсан. Шахалт үзүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Ю-э орон сууцад амьдарч байгаа. Барилгын тухай хуульд зүгшрүүлэх хугацаа 1 жил байдаг боловч гэрээнд 3 жилээр байдаг. Хуулийн хугацаанд тагт хийлгэхийг хүлээх байсан ба энэ талаар тохиролцох байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 56 дугаар зүйлийн 56.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю-ийг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Аппартмент 76 төслийн 75А байр, 9 давхар, 906 тоот хаягт байрлах, 41.15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Э- ХХК-аас орон сууц захиалгын гэрээний алдангид 12,910,810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, тагтны хаалтын төлбөр 1,200,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардалд 1,400,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 732,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 497,691.55 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчсөн. Хариуцагчийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж, тухайн хэргийн материалтай танилцаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж хариуцагчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй. Шүүх хурал болохын өмнөх өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Э- ХХК-ийн захирал П.Цэрэнпил Б.Номинд хэргийн талаар товч танилцуулж 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр итгэмжлэл олгосон. Б.Номин хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Шүүх хуралдаанд шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцсан эсэх нь хамааралгүй, хууль ёсны төлөөлөгч өмнө нь хэргийн материалтай танилцсан гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөх, сөрөг нэхэмжлэл гаргах нөхцөл боломжоор хангаагүй, шүүх хуралдаанд хариуцагчийн эрх, ашгийг бүрэн төлөөлөх боломж олгоогүй. Э- ХХК-ийн төлөөлөгч П.Цэрэнпил хууль, эрх зүйн мэдлэггүй учраас шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөөгүй, компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй болсон тул Б.Номинд итгэмжлэл олгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Э- ХХК-ийн төлөөлөгч н.Цэрэнпил нь нэхэмжлэлийг гардан авч тайлбар ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон шүүх хуралдааны товыг мэдсэн. Гэвч н.Цэрэнпил нь хууль зүйн мэдлэггүй гэсний улмаас Б.Номинд итгэмжлэл олгосон. Хууль зүйн мэдлэггүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Мөн хариуцагч талаас хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргаагүй. Хариуцагч талын шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч н.Цэрэнпил хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Ю-э хариуцагч Э- ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, алдангид 12,910,810 төгрөг, тагтны хаалтын төлбөр 1,200,000 төгрөг, орон сууц түрээсэлсний төлбөр 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хариуцагч Э- ХХК-ийн төлөөлөгч Г.Цэрэнпил 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Номинд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон ба анхан шатны шүүх мөн өдөр түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан боловч уг эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2022/28079 дугаар захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцаж, тайлбар, татгалзлаа нотлох эрхээр хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/04993 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 659,036 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.БАТЗОРИГ