Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 136/шш2022/00518

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2022/00518

Дорноговь аймаг

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, * дугаар хороо, 4** байр *б тоотод оршин суух Б овогт Ш Ч /РД:***********/,

Дорноговь аймаг, С сум, * дугаар баг, Г ** дугаар байр * тоотод оршин суух М овогт Гын А /РД:***********/

Нэхэмжлэлийн шаардлага: 15,453,644 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Хариуцагч: Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч Ш.Ч Г.Ад холбогдуулан 15,453,644 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ш.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай зээлийн гэрээ Г.Атай байгуулж, 2950 ам доллар буюу 8,000,400 төгрөгийг зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

... Г.Агийн дүү Г.Д нэхэмжлэгч болон түүний ээжийн дансанд хадгаламжийн мөнгө байгаа гэдгийг мэдээд дэлгүүр ажиллуулъя,...хоёр талаасаа адил мөнгө гаргана гэж тохиролцсон боловч бүх мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулсан.

Нэхэмжлэгч дэлгүүрийн эзэнтэй 6 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөр болох 5.5 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Дэлгүүр ашиггүй явсаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж түрээсийн үлдэгдэл төлбөрт 2,500,000 төгрөг авсан. ... Иймд Г.Агаас зээлийн гэрээний дагуу бараа авахад зориулан өгсөн мөнгө болох 7,580,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, нэхэмжлэгчээс авч борлуулсан барааны үнэ болох 4,453,644 төгрөг, дэлгүүрт эд хогшил авсан 420,000 төгрөг нийт 15,453,644 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.А хариу тайлбартаа: Г.А миний бие Ш.Чтай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13** дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурсан минь үнэн. Гэхдээ тухайн гэрээнд гарын үсэг зурсан боловч нэхэмжлэлд дурдаад байгаагаар нь 2950 ам доллар буюу 8,000,400 төгрөгийн барааг хараагүй, аваагүй болно. Харин кассын сургалтанд суугаарай гээд тухайн өдөр миний Хаан банкны дансанд 100,000 төгрөг өгсөн. Ш.Ч миний төрсөн дүү болох Г.Дтай гэр бүл болж цаашид хамтран амьдрахаар болсон. Ингээд тэнд өөрсдийн бизнесээ эхлүүлэхээр 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, амралтын өрөөгөө өөрсдөө тохижуулж амьдрахаар болж намайг худалдагчаар сарын 700,000 төгрөгийн цалинтай ажиллаж хамтраад тус болоод өгөөч гэж олон хоног гуйсны дагуу би төрсөн дүүгээ сайхан гэр бүлтэй болоод амьдрахад нь дэм болох гэж хүлээн зөвшөөрсөн. Тухайн үедээ нотариат орж баталгаажуулъя гэхэд нь гайхаад юу ч бодолгүй гарын үсэг зурсан. Тэгээд гэрээг нотариатаар батлуулах үед нотариатч миний дэргэд мөнгөө хүлээлц гэхэд нь Ш.Ч гараад өгнө гэсэн гээд батлуулсан. Тэгж хэлээд батлуулсан минь одоо миний буруу болж байгаа юм байна. Гэхдээ дансны хуулга, нотлох баримтуудаар намайг нэг ч төгрөг аваагүй гэдэг нь нотлогдох болно.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х-У дүүрэг, ** дүгээр хороо, Згийн т гудамж, **в байр **а тоот орон сууцны зориулалттай Э.О, М.Б нарын өмчлөлийн 8 нэрийн хүнсний дэлгүүрийн бүрэн тохижуулалттай байрыг 6 сарын хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж өмчлөгч нар болон Ш.Ч, Г.А бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Тухайн түрээсийн сууцанд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж би худалдагч хийхээр хэлэлцэж тохиролцсон тул гарын үсэг зурсан. Тэрнээс биш ямар нэгэн оролцоогүй. Мөн Г.А би өөрийн дансанд түрээсийн төлбөр гэж нэг ч төгрөг шилжүүлж аваагүй. Ш.Ч өөрөө түрээслүүлэгч нарын дансанд тэр өдрөө түрээсийн төлбөр, барьцааны хамт 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Түрээсийн гэрээнд хугацаа, үнийн дүн, түрээслүүлэгч нарын дансны дугаар, данс эзэмшигч нарын мэдээллийг тодорхой дурдсан байгаа. Ингээд түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сард дуусгавар болж, цаашид түрээслээгүй түрээсийн төлбөр болон барьцааг Ш.Ч өөрөө буцаан авсан. Гэтэл нэхэмжлэлд 3,100,000 төгрөгийг надаас нэхэмжлээд үнийн дүнгийн зөрүүтэй, алдаатай байгааг гайхаж байна.

Барьцааны үнэд шилжүүлсэн мөнгөний тооцоонд Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ш.Чаас барааны үнэ 3,395,320 төгрөг хүлээн авсан зүйл байхгүй. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс бараагаа татаж эхэлсэн. Дэлгүүр үйл ажиллагаа явуулсан өдрөөс хойш орлого маш муу байсан. Зарим үед Ш.Ч миний дансанд бараа хүлээн авах мөнгийг шилжүүлж би бараагаа падаанаар хүлээн авч тооцоог хаадаг байсан. Ш.Ч 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш эгчээ миний мөнгө дууссан шүү гэж хэлээд 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үеэс хойш дэлгүүрийн өдөртөө бага ч гэсэн орсон орлогоор би бараагаа бэлэн болон дансаар авч эргүүлж эхэлсэн. Миний Хаан банкны 5007******* тоот данс, Төрийн банкны 107********* тоот данснуудыг дэлгүүрийн орлогын постой холбосон байсан. Би өдөр болгон дэлгүүрийн орлогыг тооцон бичиж бүртгээд явдаг байсан. Өглөө ирэхэд бараа буюу орлогоос мөнгө өдөр бүр дутсан байдаг.

Надад хэлж тохиролцсоноор цалин өгч байгаагүй, би шөнө тараад харихдаа такси , нэгжний мөнгө авдаг байсан. Надад цалингаас гадна өгнө гэж тохиролцсон. Өөрсдөө машин тэрэгтэй байж намайг шөнө орой гэрт 1-2 удаа л хүргэж өгч байсан. Ш.Ч, Г.Д нар нийлж их шоудаж, дэлгүүрийн бараанаас хэлж болон хэлэхгүйгээр байнга хэрэглэдэг байсан. Өөрсдөө дэлгүүрийн бараанаас намайг байх үед надад хэлж авсан байсан барааны бүртгэл жагсаалт байгаа. Гэхдээ сүүлдээ бүр жагсаалт утгаа алдаад бичихээ больсон. Дэлгүүр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Ш.Чд бараа авснаас гадна орлого гэх утгатай 2,073,000 төгрөгийн шилжүүлсэн байна. Түрээсийн гэрээний хугацаа дуусаж дараагийн түрээслэгч нар ирэхэд дэлгүүрийн барааг тоолон өгч бэлнээр тооцоог авч, хугацаа дуусах дөхсөн барааг Ш.Ч өөрөө хүлээн авсан. Үүнээс зарагдаж болох бараануудыг би хөдөө авч яван зарж борлуулаад мөнгө болгон Ш.Чийн 5007********* тоот дансанд шилжүүлсэн байна. Тийм байж яагаад өөрөө авсан бараа бүтээгдэхүүнээ дурдахгүй байгаа нь сонин байна. Би өөртөө ашиг олж авсан зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-2/, 13** дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Ш.Чийн дансны хуулга /хх-5-25/, 1347 дугаартай түрээсийн гэрээ /хх-114-116/, зээлийн дансны хуулга /хх-117-141/ зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчаас Г.Агийн дансны хуулга /хх-40-54/, Н и ХХК-ийн 364*** дугаартай зарлагын падаан /хх-55/, захиалгын жагсаалт /хх-56/, СС13034****, СС13034**** дугаартай зарлагын падаан, бараа бүтээгдэхүүний нэр бүхий цаас /хх-57-94/,Тийн банкны худалдан авалт гэх баримт /хх-95-99/,Тийн банкны Г.Агийн харилцах дансны хуулга /хх-100-107/, бараа бүтээгдэхүүн худалдан авсан, зээлүүлсэн талаарх мөнгөн дүн, нэр бичигдсэн 3 ширхэг хувийн бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6,791,538 төгрөгийг гаргуулж, 8,662,106 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а/Г.Атай хамтран дэлгүүр ажиллуулахдаа шилжүүлсэн 7,580,000 төгрөг, дэлгүүрт тавилга авсан 420,000 төгрөг, өөрөө бараа худалдан авсан 4,453,644 төгрөг, түрээсэнд төлсөн 3,000,000 төгрөг нийт 15,453,644 төгрөг гаргуулна гэж.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а/Би Ш.Чтай хамтран дэлгүүр ажиллуулаагүй, дэлгүүрт худалдагч хийж байсан. Дээрх мөнгийг дэлгүүрт бараа авхуулахаар над руу шилжүүлсэн, би бараа авсан гэж.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд хүнсний дэлгүүр ажиллуулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Э.О, М.Б нартай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, эхний 3 сард 500,000 төгрөг, дараагийн 3 сард 1,000,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг байхаар тохиролцож 5,500,000 төгрөг өгчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,400 төгрөг, түрээсийн төлбөрт 3,100,000 төгрөг, барааны үнэд шилжүүлэн өгсөн 3,395,320 төгрөг нийт 16,775,320 төгрөг гаргуулна гэх шаардлагын үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж,

Зээлийн гэрээний дагуу бараа авахад зориулан авсан мөнгө 7,580,000 төгрөг, түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг, барааны үнэ 4,453,644 төгрөг, эд хогшил 420,000 төгрөг нийт 15,453,644 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгч тал бид хамтарч дэлгүүр ажиллуулсан, хариуцагч тал би худалдагчаар ажиллахаар тохиролцсон гэж тайлбарлаж байна.

Талууд дэлгүүрийн түрээсийн гэрээг хамт хийсэн, зээлийн гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Ш.Ч, хариуцагч Г.А нар ашиг олох зорилгоор хамтран дэлгүүр түрээсэлсэн буюу хамтран ажиллахаар тохиролцсон байна гэж үзлээ.

Талуудын хоорондын тохиролцоо нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,400 төгрөгийг 1 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байх боловч уг гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, дэлгүүрт бараа худалдан авахаар мөнгө шилжүүлсэн талаар талууд маргахгүй байх тул зээлийн гэрээг дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс хамтран ажиллахдаа оруулах хөрөнгийн хэмжээг талууд тэнцүү хэмжээгээр гаргахаар тохиролцсон боловч хариуцагч нь тохиролцсон мөнгөө гаргаагүй гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Талууд хамтран ажиллахдаа нэхэмжлэгч Ш.Ч мөнгөн хөрөнгө, хариуцагч Г.А өөрийн хөдөлмөрөөр оролцсон байхаас гадна хариуцагч нь хамтын үйл ажиллагааг Иргэний хуулийн 478.4-т зааснаар эрхлэн явуулахаар тохиролцсон байна.

Удирдлагад ажиллаж байгаа тал нь гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, гүйцэтгэж байгаа ажилтай холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг нэн даруй шилжүүлэх үүрэгтэй байхаар Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт тодорхойлсон.

Энэ тохиолдолд хариуцагч Г.А нь дэлгүүрийн үйл ажиллагааны талаар нэхэмжлэгчид мэдээлэх, дэлгүүрийн үйл ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд тооцоо хийх үүрэгтэй байна.

Талууд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1, 480.2-т заасны дагуу дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч Ш.Ч дэлгүүр ажиллуулахад оруулсан мөнгөн дүн болох 15,453,644 төгрөгийг бүхэлд нь хариуцагч Г.Агаас шаардах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар зохицуулсантай нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл дэлгүүр цаашид ажиллах боломжгүй гэж үйл ажиллагаагаа зогсоосон бол гарсан алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч бараа авахад зориулж 7,580,000 төгрөг, Ш.Ч өөрөө худалдан авсан бараа 3,474,124 төгрөг, дэлгүүрт 309,000 төгрөгийн эд хогшил худалдан авсан буюу нэхэмжлэгч Ш.Ч нийт 11,363,124 төгрөгийг бараа, эд хогшил худалдан авсан, түрээсийн төлбөрт 5,500,000 төгрөг нийт 16,863,124 төгрөг оруулсан болох нь нэхэмжлэгчийн хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч, хариуцагч талаас энэ үнийн дүнгийн хэмжээнд маргахгүй байна. /хх-119-141 тал/,

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болгосноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохдоо тооллого хийж үлдэгдэл бараа болон эд хогшлын талаар тооцоог хийж хуваарилах үүрэгтэй байхад энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагчаас тооцооны гэх /А4 хэмжээтэй шар хавтастай/ дэвтрийг шүүхэд ирүүлсэн боловч дэвтэрт талууд тооцоо нийлсэн, үлдэгдэл хөрөнгө хуваарилсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Талууд түрээсийн төлбөрт 5,500,000 төгрөг төлсөн талаар маргахгүй байхаас гадна нэхэмжлэгч түрээсийн төлбөрөөс 2,500,000 төгрөгийг түрээслүүлэгч нараас буцаан авсан тул үлдэгдэл 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Түрээсийн гэрээний 3.2-т түрээслүүлэгч тал түрээслэгч талд эхний 3 сарын 500,000 төгрөг, дараагийн 3 сар 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцов гэснээс үзэхэд түрээсийн төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 1,833,000 төгрөг төлөхөөр байхад 3,000,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, түрээсийн төлбөрт ямар үндэслэлээр 3,000,000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй байна. /хх-114-118 тал/.

Иймд нийт 16,863,124 төгрөгөөс түрээсийн зардалд 1,833,000 төгрөг төлснөөс тал хувь буюу 916,500 төгрөгийг хасаж,

Талууд дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоохдоо дараагийн түрээслэгчид 2,756,466 төгрөгийн үнийн дүнтэй бараа үлдээсэн, уг мөнгийг нэхэмжлэгч шаардаж авахаар тохиролцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрч байх тул энэ үнийн дүнгээр хасаж,

Мөн нэхэмжлэгчид дансаар 1,845,350 төгрөг, бэлнээр 415,570 төгрөг өгсөн болохыг нэхэмжлэгч зөвшөөрч байх тул энэ дүнгээр хасаж,

Хариуцагч нэгж хоол унаанд гэх 470,700 төгрөг хасаж нийт 6,791,538 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 8,662,106 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчаас дүү Г.Дт өгсөн гэх 1,287,000 төгрөгийг нэхэмжлэгчтэй хамтран шийдвэрлэж өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хасах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь би дэлгүүр ажиллуулахад хамтран ажиллаагүй, худалдагч хийж байсан, нэхэмжлэгч нь миний дүүтэй гэр бүлийн харилцаатай, дэлгүүрт амьдарч байсан, дэлгүүр хаахад үлдэгдэл барааг Ш.Ч авсан гэх тайлбарыг баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,2,2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т заасныг баримтлан хариуцагч Г.Агаас 6,791,538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Чд олгож, үлдэх 8,662,106 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримталж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123,615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. Захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АРИУНЗУЛ