Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 202/МА2023/00008

 

                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2022/00518 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Чийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ад холбогдох,  

 

15,453,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

хариуцагч А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /зайнаас цахимаар/, хариуцагч А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Чийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай зээлийн гэрээ Атай байгуулж, 2950 ам доллар буюу 8,000,400 төгрөгийг зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. А дэлгүүрийн түрээсийн төлбөр төлнө гэж хэлээд 3,100,000 төгрөг, дэлгүүрт бараа авах шаардлагатай боллоо гээд 3,395,320 төгрөгийг тус тус зээлж аваал өнөөдрийг хүртэл өгөөгүй. Дээрх мөнгийг төлөөгүй улмаас эд хөрөнгийн эрх зөрчигдөж байна гэж үзэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Агаас зээлийн гэрээний төлбөр 8,000,400 төгрөг, түрээсийн төлбөр төлөхөөр авсан 3,100,000 төгрөг, барааны үнэд шилжүүлэн өгсөн 3,395,320 төгрөг, 16,775,320 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн нэхэмжлэлийн агуулга: “2.1. ...Агийн дүү Г.Д нэхэмжлэгч болон түүний ээжийн дансанд байгаа хадгаламжийн мөнгө байгаа гэдгийг мэдэнгүүт эгчдээ энэ талаар хэлээд эгч А нь нэхэмжлэгчид “дэлгүүр ажиллуулъя, ажиллуулах дэлгүүрээ олчихлоо, энэ хавьд ашиг орлого сайтай, би онгод тэнгэрээсээ асуусан баттай” гэж санал тавиад дэлгүүрээ өөрөө сонгон түрээсэлсэн байдаг. Анх тохиролцохдоо хоёр талаасаа адил хэмжээний мөнгө гаргана гэсэн боловч түрээсийн болон барааны бүх мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулсан. Нэхэмжлэгч ээжийн болон өөрийнхөө хадгаламжийг барьцаалж 15,915,502 төгрөгийн зээл аваад Атай зээлийн гэрээ байгуулж, түүний ажиллуулахаар болсон дэлгүүрийн түрээс, бараа авахад зориулан өгсөн боловч А дэлгүүрээ ажиллуулж чадалгүй, барааны мөнгийг буцааж өгөөгүй.

 

2.2. Нэхэмжлэгч дэлгүүрийн эзэнтэй 6 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж /уг гэрээнд хариуцагч оролцож гарын үсгээ зурсан/, түрээсийн төлбөр болох 5.5 сая төгрөгийг шилжүүлж, Агийн барааны мөнгийг бага багаар нь авъя гэсэн саналын дагуу бараа татах хэмжээгээр зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлж байсан. Түрээсийн гэрээ хийгдсэний дараа 2019 оны 11 сарын 20-ний өдрийн 2020 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай зээлийн гэрээ Атай байгуулж 2950 ам доллар буюу 8,400,000 төгрөгийг бараа авах мөнгө хэлбэрээр зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

 

2.3. Нэхэмжлэгч бараа авах болон түрээсийн төлбөр хэлбэрээр хариуцагчид зээлдүүлсэн мөнгөнөөс гадна өөрөө хувиасаа мөнгө гарган бараа өгч заруулж байсан. ...Мөн дэлгүүр ажиллуулаад тийм хэмжээний ашиг оллоо гэж ашиг өгч байгаагүй. Ашиггүй явсаар 2020 оны 03-р сарын 20-нд дэлгүүрийн түрээсийн гэрээгээ цуцалж түрээсийн үлдэгдэл мөнгө болох 2,500,000 төгрөгийг түрээслүүлэгчээс буцаан авсан. Хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө дэлгүүрийн түрээс болон бараа авахад зарцуулсан боловч уг мөнгийг нэхэмжлэгчид нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Г. Агаас зээлийн гэрээний дагуу бараа авахад зориулан өгсөн мөнгө болох 7,580,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, нэхэмжлэгчээс авч борлуулсан барааны үнэ болох 4,453,644 төгрөг, дэлгүүрт эд хогшил /дансны хуулгаар нотлогдож байгаа/ авсан 420,000 төгрөг, нийт 15,453,644 төгрөгийг гаргуулж Чд олгож өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч Агийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “3.1. ...А миний бие Чтай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1348 дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурсан минь үнэн. Гэхдээ тухайн гэрээнд гарын үсэг зурсан боловч нэхэмжлэлд дурдаад байгаагаар нь 2950 ам доллар буюу 8,000,400 төгрөгийн барааг хараагүй, аваагүй болно. Харин кассын сургалтанд суугаарай гээд тухайн өдөр миний Хаан банкны дансанд 100,000 төгрөг өгсөн. Ч миний төрсөн дүү болох Г.Дтай гэр бүл болж цаашид хамтран амьдрахаар болсон. Ингээд тэнд өөрсдийн бизнесээ эхлүүлэхээр 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, амралтын өрөөгөө өөрсдөө тохижуулж амьдрахаар болж намайг худалдагчаар сарын 700,000 төгрөгийн цалинтай ажиллаж хамтраад тус болоод өгөөч гэж олон хоног гуйсны дагуу би төрсөн дүүгээ сайхан гэр бүлтэй болоод амьдрахад нь дэм болох гэж хүлээн зөвшөөрсөн. Тухайн үедээ нотариат орж баталгаажуулъя гэхэд нь гайхаад юу ч бодолгүй гарын үсэг зурсан. Тэгээд гэрээг нотариатаар батлуулах үед нотариатч миний дэргэд мөнгөө хүлээлц гэхэд нь Ч гараад өгнө гэсэн гээд батлуулсан. ... Гэхдээ дансны хуулга, нотлох баримтуудаар намайг нэг ч төгрөг аваагүй гэдэг нь нотлогдох болно.

 

3.2. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *****тоот орон сууцны зориулалттай Э.О, М.Б нарын өмчлөлийн 8 нэрийн хүнсний дэлгүүрийн бүрэн тохижуулалттай байрыг 6 сарын хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж өмчлөгч нар болон Ч, А бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. ... Мөн А би өөрийн дансанд түрээсийн төлбөр гэж нэг ч төгрөг шилжүүлж аваагүй. Ч өөрөө түрээслүүлэгч нарын дансанд тэр өдрөө түрээсийн төлбөр, барьцааны хамт 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Түрээсийн гэрээнд хугацаа, үнийн дүн, түрээслүүлэгч нарын дансны дугаар, данс эзэмшигч нарын мэдээллийг тодорхой дурдсан байгаа. Ингээд түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сард дуусгавар болж, цаашид түрээслээгүй түрээсийн төлбөр болон барьцааг Ч өөрөө буцаан авсан. Гэтэл нэхэмжлэлд 3,100,000 төгрөгийг надаас нэхэмжлээд үнийн дүнгийн зөрүүтэй, алдаатай байна.

 

3.3. Барьцааны үнэд шилжүүлсэн мөнгөний тооцоонд би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Чаас барааны үнэ 3,395,320 төгрөг хүлээн авсан зүйл байхгүй. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс бараагаа татаж эхэлсэн. Дэлгүүр үйл ажиллагаа явуулсан өдрөөс хойш орлого маш муу байсан. Зарим үед Ч миний дансанд бараа хүлээн авах мөнгийг шилжүүлж би бараагаа падаанаар хүлээн авч тооцоог хаадаг байсан. Ч 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш эгчээ миний мөнгө дууссан шүү гэж хэлээд 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үеэс хойш дэлгүүрийн өдөртөө бага ч гэсэн орсон орлогоор би бараагаа бэлэн болон дансаар авч эргүүлж эхэлсэн. Миний Хаан банкны ***** тоот данс, Төрийн банкны ***** тоот данснуудыг дэлгүүрийн орлогын постой холбосон байсан. Би өдөр болгон дэлгүүрийн орлогыг тооцон бичиж бүртгээд явдаг байсан. Өглөө ирэхэд бараа буюу орлогоос мөнгө өдөр бүр дутсан байдаг.

 

3.4. Надад хэлж тохиролцсоноор цалин өгч байгаагүй, би шөнө тараад харихдаа такси, нэгжний мөнгө авдаг байсан. Надад цалингаас гадна өгнө гэж тохиролцсон. Өөрсдөө машин тэрэгтэй байж намайг шөнө орой гэрт 1-2 удаа л хүргэж өгч байсан. Ч, Г.Д ... дэлгүүрийн бараанаас хэлж болон хэлэхгүйгээр байнга хэрэглэдэг байсан. Өөрсдөө дэлгүүрийн бараанаас намайг байх үед надад хэлж авсан байсан барааны бүртгэл жагсаалт байгаа. Гэхдээ сүүлдээ бүр жагсаалт утгаа алдаад бичихээ больсон. Дэлгүүр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Чд бараа авснаас гадна орлого гэх утгатай 2,073,000 төгрөгийн шилжүүлсэн байна. Түрээсийн гэрээний хугацаа дуусаж дараагийн түрээслэгч нар ирэхэд дэлгүүрийн барааг тоолон өгч бэлнээр тооцоог авч, хугацаа дуусах дөхсөн барааг Ч өөрөө хүлээн авсан. Үүнээс зарагдаж болох бараануудыг би хөдөө авч яван зарж борлуулаад мөнгө болгон Чийн ***** тоот дансанд шилжүүлсэн байна. Тийм байж яагаад өөрөө авсан бараа бүтээгдэхүүнээ дурдахгүй байгаа нь сонин байна. Би өөртөө ашиг олж авсан зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т заасныг баримтлан хариуцагч Агаас 6,791,538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чд олгож, үлдэх 8,662,106 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримталж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123,615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Агийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариу тайлбар болон нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хуулийн шаардлага хангасан байдлаар хавсаргаж хүргүүлсэн байхад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр дээрх шийдвэр гаргаж намайг хохироож байгаад гомдолтой байна. ... Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад ямар бичгийн баримт үндэслээд хамтарч ажилласан байна гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Ч бид 2 хамтарч ажиллаагүй. Хариу тайлбарт дурдсанчлан Ч нь миний төрсөн дүү болох Дтай гэр бүл болж цаашид хамтран амьдрахаар болсон. Ингээд тэнд өөрсдийн бизнесээ эхлүүлэхээр 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, амралтын өрөөгөө өөрсдөө тохижуулж амьдрахаар болж, намайг худалдагчаар сарын 700,000 төгрөгийн цалинтай ажиллаад хамтраад тус болоод өгөөч гэж олон хоног гуйсны дагуу би төрсөн дүүгээ сайхан гэр бүлтэй болоод амьдрахад нь дэм болох гэж хүлээн зөвшөөрсөн. Би цалинтай дэлгүүрийн худалдагч байдлаар л дэлгүүр үйл ажиллагаа явуулж эхлээд хаалга барих хүртэл ажиллаж байсан. Тэрнээс ашиг олж Чтай хувааж авч байсан удаа байхгүй. Мөн хамтарч ашиг олно, хувааж ашиг хүртэнэ гэсэн аман хэлэлцээр, гарын үсэг зурсан гэрээ байхгүй байхад Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4,  478.11 гэх заалтуудыг барьсан үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож иргэн миний эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэв.  

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий үнэлж чадаагүй. ... Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхдээ “нэхэмжлэгч бараа авахад 7,180,000 төгрөг, эд хогшил худалдан авсан буюу нэхэмжлэгч Ч нийт 11,363,124 төгрөгийн бараа, эд хогшил худалдан авсан, түрээсийн төлбөр 5,500,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг оруулсан болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны хуулгаар тогтоогдож байна” гэсэн. Хуулгыг дүгнэхээр нийт 8,380,000 төгрөгийн бараа авсан байна. ... Энэ дээр шүүхийн дүгнэснээс 800,000 төгрөгийн зөрүү гарч ирээд байгаа юм. Өөрөө худалдаж авсан бараа 3,474,124 төгрөг гэж шүүх дүгнэсэн. Энэ нь Чаас Ад шилжүүлсэн данс байгаа. ... Ч бараа авсан гээд мөнгө шилжүүлсэн. Тэрийг 3,474,124 төгрөг гэж шүүх үзсэн чинь бид хоёр нэмэхээр 3,081,664 төгрөг гаргаад байгаа юм. Чийн өөрийнх данснаас гарсан мөнгө байгаа юм. Эд хогшил худалдаж авсан нь болохоор 420,000 төгрөг байгаа. Шүүх энийг дүгнэхдээ 309,000 төгрөгийн эд хогшил худалдан авсан байна гэж дүгнэсэн. ...Шүүх нийт 16,863,124 төгрөгөөс түрээсийн зардалд 916,500 төгрөгийг хассан. ...Шүүхийн дүгнэсэн нь мөнгөнүүдийг нэмэхээр нийт 6,404,586 төгрөг гараад байгаа юм. Шүүхийн дүгнэсэн, хассан 6,791,538 төгрөгийг хасаж гэж байгаа юм. Шүүх шийдвэртээ 16,000,000 төгрөг гэсэн байгаа. ...420,000 төгрөгийн эд зүйл авсан гэж байгаа боловч тогоо, гэрэл, буйдан, сэнс зэргийг юу ч үлдээлгүй бүгдийг өөрөө авсан байдаг. Чийн нийт дансаар орж ирсэн мөнгө нь 8,380,000 төгрөг байдаг. Эндээс 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг ***** дугаартай дансаар авсан байдаг. Энэ нь Дт бөгж авч өгчихөөд бөгжөө буцаагаад авсан байдаг юм байна лээ.      Энийг А хассан байдаг. А нь Чд дансаар өгсөн мөнгө нь болохоор 1,833,000 төгрөг, бэлнээр 504,350 төгрөг, нийт 2,387,350 төгрөг өгсөн байгаа. ... Агийн бэлэн мөнгөөр авсан бараанууд 1,469,110 төгрөг болсон. Агийн дансаар шилжүүлж авсан барааны жагсаалт нь болохоор 9,569,081 төгрөгийн барааг өөрийнхөө дансаар авсан байдаг. Энэ нь хавтаст хэргийн 47-92 дугаар хуудас хүртэл байна. Такси, хоолны мөнгөнд 470,000 төгрөг авсан. Эдгээрийг хасаад бодоод үзсэн чинь А Чаас 1,023,640 төгрөг авахаар гарч байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. 7.1. Шүүхээс зохигчдыг ашиг олох зорилгоор хамтран дэлгүүр түрээсэлсэн, Иргэний хуулийн 478 дугаар зүйлд зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцна гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч шаардаж авахаар тохиролцсон гэж үзэн барааны үнэ болох 2,756,466 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс бүхэлд нь хасч тооцсон нь үндэслэлгүй, дээрх барааны үнийн дүнг тэнцүү хуваан 1,378,233 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах нь хамтран ажиллах гэрээний агуулгад нийцнэ гэж үзэж байна.

7.2. Түрээсийн гэрээний талууд 6 сарын хугацаагаар түрээсэлбэл эхний 3 сар 1 сая төгрөг, 6 сараар түрээсэлбэл эхний 3 сар 500,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд энэхүү маргааны хувьд түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн, уг төлбөрийг хуваан хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгох үндэслэлтэй. Шүүхээс түрээсийн төлбөрт 1,833,000 төгрөг төлөхөөр байна гэж шийдвэрлэсэн /ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй/, уг мөнгөний 50 хувь болох 916,500 төгрөгийг хасч тооцсон, түрээсийн төлбөрийн 3 сая төгрөгийн 1.5 саяыг хариуцагчаас гаргуулна гэж үзвэл зөрүү мөнгөний дүн 583,500 төгрөг болж байна. Уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

7.3. Нэхэмжлэгчийн хариуцагчаас дансаар авсан мөнгөний дүн 1,845,350 төгрөг гэж шийдвэрт дурдсан боловч дансаар авсан мөнгөн дүн 1,533,000 төгрөг, зөрүү дүн 312,350 төгрөг болж байгаа, уг мөнгийг хариуцуулах үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчаас 2,274,083 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.  

1. Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Ад холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 8,000,400 төгрөг, түрээсийн төлбөр төлөхөөр авсан 3,100,000 төгрөг, барааны үнэд шилжүүлэн өгсөн 3,395,320 төгрөг, нийт 16,775,320 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилж бараа авахад зориулан өгсөн мөнгө 7,580,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, барааны үнэ 4,453,644 төгрөг, дэлгүүрт эд хогшил авсан 420,000 төгрөг, нийт 15,453,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээ /хх3/, голомт банк дансны хуулга /хх5, 117,118/, хаан банк депозит дансны хуулга /хх6-25, 119-141/ зэрэг нотлох баримтанд үндэслэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээнд заасан мөнгийг аваагүй, түрээсийн төлбөр болон барьцааг Ч буцаан авсан, түрээсийн төлбөрт гэж мөнгө шилжүүлж аваагүй, барааны үнэд шилжүүлсэн мөнгө хүлээн авсан зүйлгүй, хэлэлцэж тохирсноор цалин олгоогүй гэж маргаж, татгалзлаа үндэслэж хаан банк депозит дансны хуулга /хх40-54/, зарлагын падаан /хх55-99/, төрийн банк харилцах дансны харилцагчийн хуулга /хх100-107/, дэвтэр 3 ширхэгийг ирүүлжээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т заасныг хэрэглэж, зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М, хариуцагч А нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М  давж заалдсан гомдолдоо “... барааны үнэ болох 2,756,466 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс бүхэлд нь хасч тооцсон нь үндэслэлгүй ..., түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах, ... хариуцагчаас дансаар авсан мөнгөний дүн зөрүү 312,350 төгрөгийг хариуцагчаар хариуцуулах... “ гэсэн,

 

хариуцагч А давж заалдсан гомдолдоо “...Ч бид 2 хамтарч ажиллаагүй. ... Би цалинтай дэлгүүрийн худалдагч байдлаар л дэлгүүр үйл ажиллагаа явуулж эхлээд хаалга барих хүртэл ажиллаж байсан. Тэрнээс ашиг олж Чтай хувааж авч байсан удаа байхгүй. Мөн хамтарч ашиг олно, хувааж ашиг хүртэнэ гэсэн аман хэлэлцээр, гарын үсэг зурсан гэрээ байхгүй байхад Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4, 478.11 гэх заалтуудыг барьсан нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий үндэслэлийг тус тус дурджээ.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд буюу нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... зээлийн гэрээ ... байгуулж 8,000,400 төгрөгийг зээлдүүлсэн. ...түрээсийн төлбөр 3,100,000 төгрөг, дэлгүүрт бараа шаардлагатай гэж 3,395,320 төгрөгийг тус тус зээлж аваад өгөөгүй. ... нэхэмжлэгч бараа авах болон түрээсийн төлбөр хэлбэрээр хариуцагчид зээлдүүлсэн ...” гэснээс үзэхэд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ зээлийн гэрээнд буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хариуцагчтай бичгээр байгуулсан зээлийн гэрээнд үндэслэсэн байх боловч гэрээ ёсоор хариуцагч А нь нэхэмжлэгч Чаас 2950 ам.доллар буюу 8,000,400 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авсан болох нь тогтоогдоогүй, энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба уг мөнгийг дэлгүүрт бараа авахад зориулж цувуулж өгсөн гэжээ.

 

Харин хариуцагч зээлийн болон түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан боловч  эдгээр гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй, дэлгүүрт худалдагчаар ажиллах үүрэг хүлээсэн учраас гэрээнд гарын үсэг зурсан гэж татгалзлаа үндэслэжээ.

 

5. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үндэслэн талуудыг ашиг олох зорилгоор хамтран дэлгүүр түрээсэлсэн буюу хамтран ажиллахаар тохиролцсон гэж дүгнэж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан, хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулах талаар талууд тохиролцохдоо нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө, хариуцагч хөдөлмөрөөр оролцох, хариуцагч дэлгүүрийн үйл ажиллагааны талаар нэхэмжлэгчид мэдээлэх, дэлгүүрийн үйл ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд тооцоо хийх үүрэгтэй байхаар тохиролцсон гэж үзэж, улмаар хариуцагчийг уг үүргээ биелүүлээгүй буюу тооцоог хийсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй гэжээ.

 

            6. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3 -т зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно, хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлнө, хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлөх, хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болдог.

 

Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 479 дүгээр зүйл, 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ, гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй, эсхүл хамтын үйл ажиллагаа эхлүүлсэн бол хамтран ажиллах гэрээнээс гарах болон хамтран ажиллах гэрээ дуусгавар болоход уг үйл ажиллагааны үр дүнд олсон орлого, гарсан зардал, ашиг, алдагдал, талуудын төлсөн хураамжийн хэмжээ, үлдсэн хөрөнгийн жагсаалт хэмжээ зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай. 

 

7. Гэтэл анхан шатны шүүх нэгэнт зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа маргааны үйл баримтанд хамаарах дээрх хуульд заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаарх тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, ойлгомжгүйгээс  хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, энэ талаарх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэв.

 

7.1. Энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...бараа авахад зориулан өгсөн мөнгө 7,580,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, барааны үнэ 4,453,644 төгрөг, дэлгүүрт эд хогшил авсан 420,000 төгрөг, нийт 15,453,644 төгрөг гаргуулах ...” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх тооцооллыг хийхдээ 16,863,124 төгрөгөөс хасч гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад  дүгнэлт хийгээгүй, зохигчдоос ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг буюу нэхэмжлэгчээс ирүүлсэн голомт банк дансны хуулга /хх5, 117,118/, хаан банк депозит дансны хуулга /хх6-25, 119-141/, хариуцагчаас ирүүлсэн хаан банк депозит дансны хуулга /хх40-54/, зарлагын падаан /хх55-99/, төрийн банк харилцах дансны харилцагчийн хуулга /хх100-107/, дэвтэр 3 ширхэг зэрэг нотлох баримтын хэрэгт хамааралтай ач холбогдолтой нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн талаараа шийдвэртээ дурдаагүй.  

7.2. Мөн анхан шатны шүүх хариуцагчаас ирүүлсэн 3 ширхэг дэвтрийг хүлээн авч хэрэгт хавсаргаж, улмаар шүүх хуралдаанд шинжлэн судалж, тооцооллыг үндэслэсэн атлаа шийдвэртээ дэвтэрт талууд тооцоо нийлсэн, үлдэгдэл хөрөнгө хуваарилсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үнэлж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 108 дугаар зүйлийн 108.1-т нийцээгүй.

 

Учир нь хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд  хэргийн нотлох баримт нь ... үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

 

 Эндээс үзвэл хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг ... хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж нотолгооны хэрэгслээр тогтоосноор хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт болох ба анхан шатны шүүх хариуцагчаас гаргаж өгсөн дэвтэрт үзлэг хийж, илэрсэн нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс маргааны үйл баримтанд хамааралтай ач холбогдолтой эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

7.3. Зохигчдоос ирүүлсэн банкны дансны хуулга, зарлагын падаан баримтуудад тусгагдсан ямар мэдээлэл нь хэрэгт ач холбогдолтой эсэх талаарх нөхцөл байдлыг тодруулж, ойлгомжтой тогтоогоогүйгээс дээрх баримтуудаар хамтран ажиллах гэрээг дүгнэх буюу хамтын үйл ажиллагааны үр дүнд олсон орлого, гарсан зардал, ашиг, алдагдал, талуудын төлсөн хураамжийн хэмжээ, үлдсэн хөрөнгийн жагсаалт хэмжээ зэргийг үндэслэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж үзэв.

 

7.4. Түүнчлэн анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг зайнаас хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.2-т заасан “... өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал ... тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана”,  “гэрчийг шүүх ... дуудаж мэдүүлэг авна” гэснийг тус тус зөрчсөн.

 

8. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг нотолгооны хэрэгслээр тогтоогоогүйгээс нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх, улмаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан болон хариуцагчийн татгалзалд дурдсан тооцооллыг буюу хэрэг, маргааны үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийх боломжгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

9. Давж заалдсан гомдлыг хангаагүй тул зохигчдоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн хариуцагч Агийн 123,615 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн 51,340 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2022/00518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Агийн төлсөн 123,615 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн төлсөн 51,340 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ