Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

З.Аселбект холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0064/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Г.Уянга

                      Хохирогч                                       Э.Дарханбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

                 Нарийн бичгийн дарга                  Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолтой Зинисхааны Аселбект холбогдох 2118000000046 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Аселбек, хохирогч Э.Дарханбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, хадам эх, хадам дүү, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант, Булгийн тохойн 20 тоотод оршин суух хаягтай, одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Түлээтийн 1-82 тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй, МТ91081119 регистрийн дугаартай, Молк овогт Зинисхааны Аселбек.

Шүүгдэгч З.Аселбек нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Түлээтийн 1-82 тоотод иргэн Э.Дарханбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цээж хэвлий хэсэгт нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Молк овогт Зинисхааны Аселбекийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч З.Аселбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Аселбект оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аселбекээс 1,669,010 /нэг сая зургаан зуун жаран есөн мянга арван/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 7 хороолол, 5-11 тоотод оршин Сартуул овогт Энхтуяагийн Дарханбаатар /РД: ВЮ82092671, утас: 99375273/-Т олгож,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хүрэм 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг, архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Аселбект авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Аселбек давж заалдах гомдолдоо:

... Миний бие эхнэр, хадам ээж, дүү, 2 ой 4 сартай болон 2 сартай хүүхдийн хамт түрээсийн хашаа байшинд амьдардаг. Эхнэр маань ажилгүй, хадам ээж орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй, 5 настай хүүхэд хамт амьдардаг. Би өөрөө зундаа барилгын ажил хийж амьдралаа залгуулдаг. Хүүхдийнхээ мөнгөө түрээсийн төлбөрт өгдөг. Ар гэрийн амьдралаа авч явдаг, үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Иймд ар гэрийн аргагүй байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү... гэжээ.

Хохирогч Э.Дарханбаатар давж заалдах гомдолдоо:

Миний бие З.Аселбект 2 удаа хутгалуулж Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн 48 хоног орчим хэвтэн эмчлүүлсэн. Энэ талаар Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 97 дугаар дүгнэлтэд “амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл” гэж тогтоосон. Миний бие өөрт учирсан бодит зардал болох 1.669.010 төгрөгийг нэхэмжилсэн, мөн сэтгэл санааны хохирол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд хөдөлмөр эрхэлж орлого олох боломж байсан. Хэвтэн эмчлүүлэх хугацаанд хоол хүнс, унааны зардал зэргийг нэхэмжлээгүй. Шүүгдэгч нь албан ёсоор уучлалт гуйгаагүй, утсаар ч яриагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Дарханбаатар тайлбартаа:

Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдсон. Түүнд анхан шатны шүүхээс хорих ялын доод хэмжээг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдсэн. Хохирогч хохирол төлбөрөө төлөөгүй байх тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Аселбек, хохирогч Э.Дарханбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.Аселбект холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ  .

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч З.Аселбекийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Түлээтийн 1-82 тоотод иргэн Э.Дарханбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цээж хэвлий хэсэгт нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч З.Аселбекийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч З.Аселбекээс 1,669,010 төгрөг гаргуулж хохирогч Э.Дарханбаатарт олгох, түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч З.Аселбек нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлжээ.

Анхан шатны шүүх болсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хохирогчийн зүй бус үйлдэлд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, шүүгдэгч З.Аселбект Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан ял шийтгэл гэм бурууд нь тохирсон байна. 

Мөн хэргийн  мөрдөн шалгах  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч З.Аселбек нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн ахуй амьдрал хүнд хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй тул түүний ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Аселбекийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Дарханбаатарын ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэж гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Дарханбаатарын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч З.Аселбекийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                          ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ