Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0087

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0064/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Иргэдийн төлөөлөгч Г.Гэрэлмаа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч Э.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт З.А-т холбогдох эрүүгийн 2118000000046 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй , яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам эх, хадам дүү, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, ........... тоотод оршин суух хаягтай, одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, .......... тоот оршин суух, урьд: ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  М овогт З.А,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.А-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч З.А нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Түлээтийн 1-82 тоотод иргэн Э.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаг улмаар цээж хэвлий хэсэгт нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Э.Д-ын “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Б-ын хамтаар шинэ захын орчим хамт явж байгаад орой 17 цаг өнгөрч байхад Б-ын гэрт очсон. Тэднийд очих замдаа бид хоёр нэг, нэг лааз улаан касс нэртэй пиво аваад замдаа ууж байгаад гэрт нь очсон юм. Тэгээд тэрнээс хойш дахиад 2.5 литртэй пиво 2 ширхгийг авч Б, А бид гурав уусан. Гэхдээ А тэр пивоноос их уугаагүй. Ингээд бид нар пивоо ууж дуусаад 0.75 литртэй хараа нэртэй архийг гадуур явж байгаад нэг танихгүй хүнээс А хамтаар явж худалдаж авсан. Тэгээд Б, А бид  гурав тэр архийг хувааж ууж байсныг санаж байна, нэг мэдэхэд би тасарсан. Ямар ч байсан тэр шилтэй архийг тал хүртэл нь ууж байснаа санаж байна. Нэг ухаан ороход эмнэлэг дээр  ирчихсэн надад хагалгаа хийгдсэний дараа би ухаан орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Гэрч Х.С “...2021 оны 02 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед манай ээж Б хамтран амьдарч Д-ын хамт гэртээ ирсэн бөгөөд манай ээж улаан касс нэртэй пиво барьчихсан орж ирсэн. Пивоо ууж дуусгаад манай нөхөр А, Д нар гадагшаа дэлгүүр явж 3 лааз улаан касс  нэртэй  пиво авч ирээд манай ээж  Б, Д, А нар уусан. Хэсэг хугацааны дараа А, Д нар дэлгүүр явж 0.75 литрийн архи авчирсан. Тэгээд тухайн архийг ээж, түүний хамтран амьдрагч Д, манай нөхөр А нар хувааж уусан. Гэхдээ манай нөхөр тэр архинаас 2-3 хундага л уусан байх. Ингээд манай нөхөр гэрээс гарсан байх үед Д сууж байгаад намайг муу жирэмсэн янхан гэж доромжилсон. Тэгээд манай хүүхдийг харж байснаа манайхаас зайл гээд байсан, тэгж байтал нөхөр маань орж ирээд Д-ыг одоо унтаж амар гэж хэлэхэд манай нөхрийг зодолдох уу гээд янз бүрээр хэлээд байсан. Тэгэхэд нь манай нөхөр очоод ахаа одоо унтаж амар гэж хэлэхэд нүүр рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд тэр хоёр маргалдаад дахиад архины шилээр цохих гээд байхад нь манай нөхөр үүдний хэсэгт байх шүүгээнээс нэг хутга аваад Д-ыг 2 удаа хутгалсан. Тэгэхэд Д манай нөхрийг хөөхөд манай  нөхөр зугтаад явчихсан. Ингээд Д-ын биеэс цус гараад байсан тул би эмнэлэг рүү дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Гэрч Х.Х-ын “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 23 цагийн үед гэртээ байж байтал миний төрсөн дүү Сэлэнгэсайхан миний гар утас руу залгаад “агаа та манайд хүрээд ирээч, А, Д ахыг хутгалчихлаа, би айгаад гэр рүү орж чадахгүй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би дүүгийнхээ гэрт яваад очтол түргэний машин ирчихсэн,  Д-ий ахыг эмнэлэг рүү авч явна гээд байж байсан. Намайг очиход Д ах гэрийн баруун талын орны урд талд шалан дээр атийчихсан хэвтэж байсан, хажууд нь эмч зогсож байсан. Гэрт манай дүү С, манай ээж Б, манай отгон дүү Ө, түргэний эмч , жолооч нар байсан. Харин А байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

Гэрч Б-ийн “...Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 08 цагаас эхлэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн ээлжийн ажилд гарсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай 103-т Дархан сумын 7 дугаар баг, Түлээтийн 2-82 тоотод хутгалуулсан хүн байна гэж ******** дугаарын утаснаас дуудлага ирлээ гэсний дагуу 10 минутын дотор тухайн хаяг дээр дуудлагын дагуу очсон. Гэрт ороход ертөнцийн зүгээр баруун талд орны дэргэд баруун далны доод орчим болон аюулхай хэсэгт хутганы шархтай 40 орчим насны эрэгтэй хүн шалан дээр сууж байсан. Тэгээд бөөлжөөд эхэлсэн. Түүний хутгалуулсан 2  шархнаас бага зэргийн цус гарч байсан бөгөөд хэн хутгалсан талаар асуухад тухайн гэрт байсан 40 орчим насны болон 30 орчим насны хоёр эмэгтэй хутгалсан хүн нь гараад явчихсан гэж хэлж байсан. Ингээд тэр хүнийг авч яваад шууд хүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “...Хар өнгийн хүрмийн баруун ханцуйны гадна залгаас оёдлоос 1 см, ханцуйны зах ирмэгээс 0.7 см зайд 50х15 мм хэмжээтэй гэмтэл нь хуучирсны улмаас үүссэн элэгдэлт, гадна ар хэсгийн баруун залгаас оёдлоос 30 см, доод зах ирмэгээс 35 см зайд 16 мм хэмжээтэй гэмтэл нь зах ирмэг жигд, утас суналтгүй байх тул хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хүчин зүйлээр үүссэн зүсэгдтэл байна. Цагаан саарал өнгийн цамцны ар хэсэг доод зах ирмэгээс 35 см, зүүн залгаас оёдлоос 26 см зайд 8 мм хэмжээтэй гэмтлийн зах ирмэг жигд, утас суналтгүй байх тул хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн  зүсэгдтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай “...Э.Д-ын биед цээж хэвлий хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий цус хий хуралт, хэвлийн сул цус, яаралтай хагалгааны дараах байдал тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй багажийн /2/ олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Э.Д-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч З.А-ийг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч З.А-ийг гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой 1,669,010 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч З.А нэхэмжлэлийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөө илэрхийлж шүүх хуралдаан завсарлуулах хугацаанд шүүхээс тогтоосон хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч З.А-ээс дээрх хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч З.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь гэрч Х.С-ны “...манай нөхөр очоод ахаа одоо унтаж амар гэж хэлэхэд нүүр рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд тэр хоёр маргалдаад дахиад архины шилээр цохих гээд байхад нь манай нөхөр үүдний хэсэгт байх шүүгээнээс нэг хутга аваад Д-ыг 2 удаа хутгалсан. Тэгэхэд Д манай нөхрийг хөөхөд манай  нөхөр зугтаад явчихсан. Ингээд Д-ын биеэс цус гараад байсан тул би эмнэлэг рүү дуудлага өгсөн юм” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч З.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч бага насны хүүхэдтэй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг гарахад “хохирогчийн зүйл бус үйлдэл нөлөөлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хүрэм 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг, архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч З.А-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч З.-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.А-т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ээс 1,669,010 /нэг сая зургаан зуун жаран есөн мянга арван/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоотод оршин Э.Д /РД: , утас: /-т олгосугай.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хүрэм 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг, архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                            ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                               Я.ТУУЛ

 

 

ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР