Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/03767

 

       2022 оны өдөр

      11 сар      23  р                            184/ШШ2022/03767

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ********* /РД: *******/. Хаяг: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, *** дүгээр байр, ***** тоот

Хариуцагч: ****** овогт ******* ********* /РД: *********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Баянгол *** дугаар гудамж, ** тоот      

Хариуцагч: ***** овогт **** ***** /РД: ********/. Хаяг: Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, ***** *** дүгээр байр, **** тоот   

Орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 44,683,260 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ********, хариуцагчийн өмгөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** нь манай компанийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, **** дүгээр хороо, ****** хотхон, *** дүгээр байрны ***** тоот, *** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 12 -ны өдөр сарын 2,500,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийсэн. Гэтэл тэрээр гэрээний үүргээ зөрчиж, ****** гэдэг хүнийг амьдруулж, тэр нь түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээг сунгаж шинэчилж хийхгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсаар өдийг хүрлээ. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй *****, ****** нараас 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 29,677,419 төгрөг, түүний алданги 14,838,709 төгрөг Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2021 оны 6 сараас хойш 167,132 төгрөг, нийт 44,683,260 төгрөгийг гаргуулж, бусдын эзэмшлийн орон сууцанд гэрээ хийлгүйгээр хууль бусаар амьдарч байгаа ***** тус байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

            Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 44,683,260 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

            Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, **** дүгээр хороо, ******** хотхон, **** дүгээр байрны **** тоот, **** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул орон сууцыг  албадан чөлөөлж өгнө үү.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчит орон сууцны корпорацид дарга ажилтай гэж өөрийгөө танилцуулсан ***** нь Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууц корпорацийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур байр зарж, байна гээд Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо,***** хотхон *** дүгээр байрны *** тоот **** м.кв талбай бүхий *** өрөө орон сууцны түлхүүр өгөхөөр нь итгээд 2018-2020 оны 6 cap хүртэлх хугацаанд бэлнээр 262,000,000 төгрөг, тоёота кроун улсын дугаартай машиныг 25,000,000 төгрөгөөр тооцож нийт 262,000,000 төгрөгийг тус тус өгч уг байранд амьдарч байна. Улсын мөрдөн байцаах газрын эрүүгийн 2102000100068 дугаартай *****, ****, ***** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж Нийслэлийн прокурорын газрын хяналтад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэрэгт ****** намайг хохирогчоор тогтоогдож, дээрх нэхэмжлэлд дурдагдсан байранд мөнгөө өгч хохирсон талаарх нотлох баримт, мөнгө шилжүүлсэн баримт эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан. ****** нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ. 17.2-т хэрэв эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол уг нэхэмжлэлийг хуульд заасан журам, харьяаллын дагуу гаргана. 17.3-т эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй гэж хуульчилсан тул нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. “Синопиик” ХХК-ийг төлөөлж *********** бид нартай гэрээ хийсэн. ********** ********** миний бие гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, байр түрээслэх, түрээслүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээ, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 5 дугаар сарын 13, 2021 оны 8 дугаар сарын 14, 2021 оны 9 дүгээр сарын 25, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэх хуудас, 136 тоот байрны түрээсийн төлбөр түүний алдангийн тооцоо, шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01418 дугаартай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********* ********* нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 44,683,260 төгрөг гаргуулж, хариуцагч ******* хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, ***** хотхон, *** дүгээр байрны *** тоот, ******* м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч **** холбогдох шаардлага болон орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 44,683,260 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шаардлагыг үндэслэлээ маргаж орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, өмчлөх эрхээ бусдад шилжүүлээгүй тул  хариуцагчийн хууль эзэмшлээс шаардах эрхтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ орон сууцыг ******** худалдан авсан, шударгаар эзэмшиж байгаа гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000932742 дугаартай гэрчилгээ, зохигчийн тайлбараар маргаж буй орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь тогтоогдсон. / хх-ийн 8, 9/

Маргаж  буй орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд байдаг эсэх талаар хариуцагч маргахгүй харин зохих үнийг төлж худалдан авсан гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн цагдаагийн мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэх баримтуудаас үзэхэд Э.Солонго нарт холбогдох эрүүгийн 2102000100068 тоот хэрэгт нэхэмжлэгч ******-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, хариуцагч ******** хохирогчоор тогтоон байцаалт авсан байна. /хх-ийн 57-61/

Иргэний нэхэмжлэгчээр болон хохирогчоор тогтоосон цагдаагийн   мөрдөгчийн тогтоолд яллагдагч ******* нар ********** эзэмшлийн Хан-Уул дүүрэг, **** дүгээр хорооны нутагт байрлах ****** хотхоны байрыг түрээслэн авч бусдад Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иар дамжуулан хямд худалдана гэж зохиомол байдлыг үүсгэн төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн тухай дурдсан байна.

Хариуцагчийн тайлбар, түүний эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлээс үзэхэд **** нь өөрийн төрсөн ахын найзууд болох *****, ***** нартай маргаж буй орон сууцыг ТОСК-ийн журмаар авахаар тохиролцсон, тэдэнд нийт 202,000,000 төгрөг, мөн  30,000,000 төгрөгт тооцон Тоёота Кровн маркийн автомашин шилжүүлэн өгсөн гэж мэдүүлжээ. /хх-ийн 59, 62/

Нэхэмжлэгч орон сууцыг суллан хүлээлгэж өгөхийг хариуцагчид удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас гэх баримт, зохигчийн тайлбар, мөн хариуцагч ***** 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн мөрдөгчид өгсөн “********” хотхоноос түрээсийн мөнгө өгөөгүй гээд хөөгөөд байгаа гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10-14/

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх, шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заажээ.

Зохигчийн хооронд орон сууцыг худалдах, худалдан авах, түрээслэхээр тохиролцсон гэрээ, хэлцэл хийгдээгүй, хариуцагч ****** нь орон сууцны өмчлөгч бус этгээдтэй тохиролцон 232,000,000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч ***** нь нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч ******-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, **** дүгээр хороо, ******* хотхон, **** дүгээр байрны **** тоот, 127.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч ****** хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **********-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, ********* хотхон, **** дүгээр байрны **** тоот, **** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч ******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хариуцагч ****** холбогдох шаардлага болон орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 44,683,260 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,570 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ