Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00386

 

            

    2023          02            15                                       210/МА2023/00386

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03767 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б-, В- нарт тус тус холбогдох,

 

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, хариуцагч В-, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б- нь “А” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, ** дүгээр байрны *** тоот, *** м.кв талбай бүхий ** өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сарын 2,500,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийсэн. Гэтэл тэрээр гэрээний үүргээ зөрчиж, В- гэдэг хүнийг амьдруулж, тэр нь түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээг сунгаж шинэчилж хийхгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсаар өдийг хүрлээ.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй Б-, В- нараас 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 29,677,419 төгрөг, түүний алданги 14,838,709 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 6 сараас хойших төлбөр 167,132 төгрөг, нийт 44,683,260 төгрөгийг гаргуулж, бусдын эзэмшлийн орон сууцанд гэрээ хийлгүйгээр хууль бусаар амьдарч байгаа В-ыг тус байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

1.2. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б-т холбогдох болон орон сууц хөлслөх гэрээний үүрэг, алданги, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт 44,683,260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

1.3. Хариуцагч В- нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, ** дүгээр байрны *** тоот, *** м.кв талбай бүхий ** өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч В-ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төрийн өмчит орон сууцны корпорацид дарга ажилтай гэж өөрийгөө танилцуулсан Г- нь Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууц корпорацийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур үнээр байр зарж байна гээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо,Туул ван хотхон ** дүгээр байрны *** тоот *** м.кв талбай бүхий ** өрөө орон сууцны түлхүүр өгөхөөр нь итгээд 2018-2020 оны 6 cap хүртэлх хугацаанд бэлнээр 262,000,000 төгрөг, Тоёота Кроун улсын дугаартай машиныг 25,000,000 төгрөгөөр тооцож нийт 262,000,000 төгрөгийг тус тус өгч уг байранд амьдарч байна.

2.2. Улсын мөрдөн байцаах газрын эрүүгийн *** дугаартай Э-, Г-, Ж- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж Нийслэлийн прокурорын газрын хяналтад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн, уг эрүүгийн хэрэгт В- хохирогчоор тогтоогдож, дээрх нэхэмжлэлд дурдагдсан байранд мөнгөө өгч хохирсон талаарх нотлох баримт, мөнгө шилжүүлсэн баримт эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан.

“А” ХХК нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. “А” ХХК-ийг төлөөлж Г- бид нартай гэрээ хийсэн. “А” ХХК-тай В- гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, ** дүгээр байрны *** тоот, *** м.кв талбай бүхий ** өрөө орон сууцыг хариуцагч В-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хариуцагч Б-т холбогдох шаардлага болон орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 44,683,260 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,570 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Төрийн өмчит орон сууцны корпорацид дарга ажилтай гэж өөрийгөө танилцуулсан Г-, түүний нөхөр Э-, мөн Ж- нар нь ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур байр зарж байна, нууц гэрээтэйгээр гээд Хан-Уул дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны *** тоотын *** м.кв ** өрөө орон сууцыг ТОСК-ийн байр гэж хэлээд байрны сонголт хийлгүүлж байранд орох түлхүүр өгөхөөр нь итгээд 2018-2020 оны 06 сар хүртэлх хугацаанд бэлнээр 262,000,000 төгрөг, Тоёота Кроун улсын дугаартай машиныг 25,000,000 төгрөгөөр тооцож нийт 262,000,000 төгрөгийг тус тус өгч уг байранд амьдарч байтал уг **-р байрны борлуулалтын албанаас түрээсийн хугацаа дууссан тул байр суллахыг шаардсан мэдэгдэл өгсөн.

4.2. Эрүүгийн хэргээс В-ын мэдүүлэгт: Туул ван хотхоны н.Болормаа гэх эмэгтэйгээс байрны талаар асуухад нууцын гэрээтэй гээд хэлдэггүй, Г- гэх эмэгтэй Туул ван хотхоны борлуулалтын албаны н.Болороо гэх эмэгтэйтэй хамааралтай. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү нь Г-д мөнгө өгсөн нь тогтоогддоггүй гэж тайлбар өгсөн нь үндэслэлгүй .

“А” ХХК нь үл хөдлөх зуучлалын “И” ХХК-аар зуучлуулан 2018 оны 11 дүгээр сарын 12-оос 2020 оны 11 дүгээр сарын 12-ыг дуустал 2 жилийн хугацаатайгаар Б-, “А” ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан Ч-тай гэрээ байгуулж уг гэрээгээр байранд оршин суусан. Б- гэгч нь Г-ог төлөөлсөн хүн. Б- шүүхэд гаргасан тайлбартаа “Орон сууц түрээслэх гэрээг компанитай байгуулж байгаагүй” гэдэг. Гэтэл “Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан түрээслэгч Б-, түрээслүүлэгч "А” ХХК Ч- нарын байгуулсан гэрээ хэрэгт хавсаргагдсан.

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар тухайн орон сууцыг бусдад түрээслэх зорилгоор “А” ХХК нь “И” ХХК-ийн Монзууч агентлагтай тохиролцож улмаар Г- гэх түрээслэгч нарын өмнөөс гэрээ байгуулж, нэр бүхий иргэдээс их хэмжээний мөнгө залилсан асуудал үүсч, улмаар энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаа болно.

Г- нь эрүүгийн хэрэгт “А” ХХК-ийн дансанд 2,2 тэр бум төгрөг шилжүүлсэн гэдэг тул В- нь ** байрны *** тоотын *** м.кв ** өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй болох нь нотлогдоно.

4.3. Улсын мөрдөн байцаах газрын эрүүгийн *** дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан Э-, Г-, Ж- нарт холбогдуулан “бусдыг хуурч мэхэлж залилсан" тухай эрүүгийн хэрэг Нийслэлийн прокурорын газрын хяналтанд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр хүргүүлсэн байна. Эрүүгийн хэрэгт В- нь хохирогчоор тогтоогдож, дээрх нэхэмжлэлд дурдагдсан байранд мөнгөө өгч хохирсон талаарх нотлох баримт, мөнгө шилжүүлсэн баримт эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан.

“А” ХХК нь эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэх, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэргийг шалгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлд хамаарч байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсч байх тул “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй В-д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй” гэж хуульчилсан тул нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

4.4. Хариуцагч В- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс одоог хүртэл Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны *** тоотын *** м.кв, ** өрөө орон сууцанд амьдарч байгаа асуудлаар талууд маргадаггүй. Хариуцагч В-ын иргэний бүртгэлийн үнэмлэх дээрх хаяг нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай. Иймд хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах гомдолд хариуцагч тал “түрээслэх, өмчлөх хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан” гэж тайлбарлаж байна. Ийм хөтөлбөр байхгүй. Хаанаас, хэн гэдэг байгууллага гаргасан талаарх нотлох баримт хэргийн материалд байхгүй. Хариуцагч талын маргаж буй гол үндэслэл нь Г- гэдэг хүнд мөнгө өгч, залилуулсан асуудал юм. Г- гэдэг хүн нь манайд хамааралгүй бөгөөд манай компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Бид Г- гэдэг хүнийг огт танихгүй.

5.2. Энэ хэргийг эрүүгийн хэрэгтэй нэгтгэж шалгуулах талаар хариуцагч тал ярьдаг. Эрүүгийн хэрэг дээр тухайн албадан чөлөөлөх гэж буй орон сууцыг битүүмжлээгүй, хөдөлгөөнийг нь хязгаарласан зүйл байхгүй. Тухайн эрүүгийн хэрэг дээр зөвхөн иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Бусдад залилуулсан асуудлаа эрүүгийн журмаар нэхэмжилж, хохирлоо барагдуулж авах боломж хариуцагч талд байгаа.

5.3. Харъяаллын асуудлыг Сонгинохайрхан дүүргийн шүүх шийдсэн. Хэрэгт авагдсан хариуцагч В-ын иргэний үнэмлэх дээрх хаяг нь “Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Өнөр хороолол, ** дугаар байр, ** тоот” гэсэн тул харъяалал зөрчсөн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, уг гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б-, В- нарт тус тус холбогдуулж Орон сууц хөлслөх гэрээний үүрэг, алданги, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 44,683,260 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Б-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч В-т холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэхээс бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

3. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр, туул гол гудамж, ** дүгээр байр, *** тоот хаягт байршилтай *** м.кв талбай бүхий ** өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч “А” ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.1. Хариуцагч В- дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бэлнээр болон Тоёота Кроун маркийн автомашиныг 25,000,000 төгрөгт тооцож нийт 262,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх боловч уг хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.2. Иймд талуудын хооронд орон сууц худалдах, худалдах гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

4.3. Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн хэргийн баримтаас үзвэл хариуцагч В- нь яллагдагч Г- нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогджээ.

Тэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 13 давхрын *** тоот орон сууцыг худалдан авах зорилгоор Г-, Р-, Э- нарт дээр дурдсан хөрөнгийг шилжүүлсэн эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдох учиртай.

Харин Г-, Р-, Э- нар нэхэмжлэгч “А” ХХК-ийг төлөөлж өөртэй нь гэрээ байгуулсан гэх үйл баримтыг хариуцагч В- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул маргаан бүхий орон сууцыг эзэмшиж буй түүний эзэмшлийг хуулийн дагуу гэж дүгнэх боломжгүй болно. 

 

5. Иймд хариуцагч М.Ганболд нь дээрх орон сууцыг хуулийн дагуу эзэмших эсхүл өмчилж байгаа нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ** дүгээр байрны ** давхрын *** тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.ДАВААДОРЖ                                            

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ                                                                                         

Э.ЗОЛЗАЯА