Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2022/03645

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.*******төр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Кропны үнэ 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******нх-******* нь хариуцагч *******улуунбаатарт холбогдуулан кропны үнэ 3 000 000 төгрөг нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие нь 2016 оны 06 сард өөрийн эзмшлийн ..УБВ улсын дугаартай, Hino маркийн ачааны автомашиныг ажил хийж, мөнгийг нь авах нөхцөлтэйгөөр *******-т худалдсан. Гэтэл ******* нь миний автомашинаар Багануурын нүүрсэнд явж байгаад моторыг нь цохиулж, Баянзүрх дүүрэг, .. хороо, Төмөрзамын ... тоот хаягт байрлах айлын гадна задлаад үлдээснээс машины кроп хулгайд алдагдсан. Энэ тухай 2017 оны 04 сард цагдаад гомдол гаргахад иргэний шүүхэд хандан нэхэмжлэх тухай прокурорын тогтоол гарсан. Тухайн үед кроп 3 000 000 төгрөгийн үнэтэй байсан тул *******-аас 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Би *******-аас 2016 онд ачааны машин худалдаж авахаар болсон. ******* нь тус машиныг өрөндөө авах гэж байгаагаа хэлж, намайг том оврын машин унадаг гэдгийг мэддэг учраас худалдаж авахыг санал болгосон. Үнэ өртгийн хувьд ажил хийж мөнгийг нь төлөхөөр тохиролцсон. Машинаа *******-ийн хашаанаас авч гараад Дүнжингарав хавьд машины мотор цохиж, явахаа больсон. Энэ тухай *******-д хэлж эвдэрсэн машинаа айлын гадаа үлдээсэн. Маргааш нь ******* бид хамт очиж үзээд задалж, янзлахаар болсон боловч хэн, хэн нь завгүй явсан, би ч өөр ажилд орсон. Тухайн үед машиныг *******-ийн гэрт аваачих гэсэн боловч чирэх холбоо олдоогүй учраас кропыг задлаад айлд үлдээсэн, засна гэсэн үедээ л зассан бол ийм явдал болохгүй байсан, гэтэл одоо надаас машины эд анги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 28д1-2/5258 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 06 сарын 23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 02 сарын 07-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 295 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 08 сарын 03-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай 2401 дүгээр тогтоол, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай №20172501584 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 08 сарын 10-ны өдрийн №21 дүгээр даалгавар, 2017 оны 10 сарын 27-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан прокурорын шийдвэрийг мэдэгдсэн тухай баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШЗ2022/03225 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 4/781 дүгээр хариу мэдэгдэх хуудас, Улаанбаатар хотын банк ХХК-ийн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02367 дугаар шийдвэр бүрдүүлсэн. /хэргийн 4-16, 36-39, 51-53 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

*******-ийн нэхэмжлэлтэй *******-т холбогдох кропны үнэ 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагчид ачааны автомашин худалдсан бөгөөд тэрээр автомашин авч яваад эвдэрч айлын хашаанд хаяснаас кроп нь хулгайд алдагдсан тул кропны үнэ 3 000 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж: худалдаж авсан автомашинаа жолоодож явах зуур эвдэрч айлын хашаанд тавьсан, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэж, хамт үзээд засахаар болсон бөгөөд энэ хугацаанд кроп нь алдагдсан, тэр дор нь зассан бол ийм зүйл болохгүй байсан гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн 2016 оны 06 сард өөрийн эзмшлийн ..УБВ улсын дугаартай, Hino маркийн ачааны автомашиныг ажил хийж, мөнгийг нь авах нөхцөлтэйгөөр *******-т худалдсан, хариуцагчийн *******-аас 2016 онд, сарыг нь сайн санахгүй байна, ачааны машин худалдаж авахаар болсон гэх тайлбараар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсжээ. /х.х-ийн 1, 56-57 тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.

Энгийнээр тайлбарлавал нэхэмжлэгч нь өөрийн эзмшлийн ...УБВ улсын дугаартай, Hino маркийн ачааны автомашиныг худалдахаар санал болгосныг хариуцагч зөвшөөрсөн үйл баримтын тухай талууд маргаагүй тул тэдгээрийн хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч ******* нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримтыг худалдан авагч *******-т шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч *******-ын автомашиныг аваад унаж явах замд машины мотор цохиж, эвдэрсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, улмаар хамт машиныг үзэж, засварлахаар болсон тухайд талууд маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь ... Б гэх хүнээс өрөндөө ачааны машин авсан, ... гэрчилгээг нь банк бусад 8 000 000 төгрөгийн барьцаанд тавиад алдчихсан ... гэж тайлбарлажээ. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгчийг биет байдлын доголдолтой /бүрэн бус техник хэрэгсэл/, эрхийн зөрчилтэй /бичиг баримтгүй/ хөрөнгийг хариуцагчид худалдсан гэж үзлээ.

Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохирч болно гэж заасан. Зохигчид ачааны автомашин ямар үнээр худалдах-худалдан авахаа тохироогүй, харин тодорхой хугацааны турш үнийг төлж барагдуулна гэж тохиролцсон боловч автомашин эвдэрснээр үнийг төлөх боломгүй нөхцөл үүссэн байна. Мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр заажээ. Өөрөөр хэлбэл автомашиныг хүлээн авснаас хойш түүний эд анги устсан /кроп хулгайд алдагдсан/ бол хохирлыг ******* хариуцах боловч ******* нь анхнаасаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн кропны үнийг хэрхэн 3 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн үндэслэл бүхий тайлбар, түүнийг нотлох баримт хэрэгт цуглараагүй нь нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт хөөн хэлэлцэх хугацааны тухай мэтгэлцээгүй боловч 2016 онд болсон үйл баримтын талаар 2022 онд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэстэйг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй *******-т холбогдох кропны үнэ 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй *******-т холбогдох кропны үнэ 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР