Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00167

 

 

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/03645 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-гийн хариуцагч Б-т холбогдуулан гаргасан автомашины кропны үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А- нь 2016 оны 06 дугаар сард 36-59 УБВ улсын дугаартай, Hino маркийн ачааны автомашиныг Б-т худалдсан. Гэтэл Б- нь дээрх автомашинаар Багануур руу нүүрсэнд явж байгаад моторыг нь цохиулж, Баянзүрх дүүрэг, 10 хороо, Төмөр замын 30-13 тоот хаягт байрлах айлын гадна задлаад үлдээснээс автомашины кроп хулгайд алдагдсан. Энэ тухай 2017 оны 04 дүгээр сард цагдаад гомдол гаргахад иргэний шүүхэд хандан нэхэмжлэх тухай прокурорын тогтоол гарсан. Тухайн үед кроп 3,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Иймд Б-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б- А-гаас 2016 онд ачааны машин худалдаж авахаар болсон. А- нь тус автомашиныг төлбөртөө авах гэж байгаагаа хэлж, худалдах саналыг гаргасан. Төлбөрийг нь ажил хийж төлөхөөр тохиролцсон. А-гийн хашаанаас автомашиныг аваад Дүнжингарав хавьд явж байхад автомашины мотор цохисон. Энэ талаар А-д хэлж автомашиныг айлын хашаанд орхисон. Маргааш нь А-тай хамт очиж үзээд задалж, янзлахаар болсон боловч хэн, хэн нь завгүй байсан тул очоогүй. Тухайн үед автомашиныг А-гийн гэрт аваачих гэсэн боловч чирэх холбоо олдоогүй учраас кропыг задлаад айлд үлдээсэн. Кропыг засна гэсэн үедээ зассан бол ийм зүйл болохгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар А-гийн нэхэмжлэлтэй Б-т холбогдох кропны үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-гийн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй. Шүүх нэхэмжлэгч Хариуцагч Б- автомашиныг унаж явах замдаа мотор цохиж эвдэрсэн гэх тайлбарыг няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг асуудал автомашиныг Б- хүлээн авч Багануур руу нүүрсэнд явж байгаад мотор нь цохичихлоо гэж хэлсэн. Б- н.Батболдоос бичиг баримтгүй автомашин авсан гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгч анхнаасаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Доог Алт ХХК-д автомашиныг барьцаалж зээлсэн авсан байсан.

Мөн уг асуудлаар 2016 оны 04 дүгээр сараас хойш цагдаа хууль хяналтын байгууллагад хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, А- эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийгөө бусдад ойлгуулах боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан автомашины кропны үнэ 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Б- 2016 онд 36-59 УБВ улсын дугаартай Hino маркийн ачааны зориулалттай автомашиныг худалдсан боловч тэрээр моторын кропыг цохиулсан тул түүний үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх тодорхой бус үйл баримтын талаар талуудаас тодруулан, мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох учиртай. Нэхэмжлэгч А- хариуцагч Б-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт моторын кропны үнэ 3,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан, эсхүл гэм хорын хохирол гаргуулахаар шаардсан эсэхийг тодруулах нь талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.

 

Түүнчлэн, автомашины моторын кропны үнэ 3,000,000 төгрөг гэх болон кроп эвдэрсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхээс талуудын хоорондох маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/03645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн зааснаар 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ