Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

Г.Ихбаярт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0093/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Ч.Мядагбадам

Шүүгдэгч                                       Г.Ихбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолтой Гансүхийн Ихбаярт холбогдох 1918000000069 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, 116 байрны 01 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1008 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1.д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 846 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, АЮ91071111 регистрийн дугаартай Галт овогт Гансүхийн Ихбаяр.

Шүүгдэгч Г.Ихбаяр нь шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13 цаг 40 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын дотор үйлчлүүлж байсан иргэн Д.Түвшинзаяагийн гадуур хувцасны халааснаас “Самсунг Эс 6 эджи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 17.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын худалдааны төв” дотор үйлчлүүлж байсан иргэн Ж.Отгоны гадуур хувцасны халааснаас “Самсунг жи-7” маркийн утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол, нийт 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Галт овогт Гансүхийн Ихбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ихбаярт 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ихбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6/ зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ихбаярын энэ хэрэгт цагдан хоригдсон 39 хоногийг хорих ялын 39 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцох,

-Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ихбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Миний үйлчлүүлэгч Г.Ихбаярын буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, гэм буруугийн тал дээр маргаангүй.

Шүүгдэгчийн хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон үйлдлийг зүйчилсэн хуулийн зүйл заалт, хэсэг зөв, шүүх хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээ илэрхийлж байсан, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, эрүүл мэндийн асуудалтай, арьс өнгөний өвчин /хамуу/ туссан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч биечлэн оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг төлсөн. Гэм буруугийн маргаан дээр түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн цагдан хоригдож байхад бусдад халдварлах хамуу өвчин туссан. Өөрийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Ихбаяр тайлбартаа:

Нийгмээс тусгаарлахгүй ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нь хэргийг шалгах хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа зөрчиж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Ихбаярыг шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13.40 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, “Дархан зах”-ын дотор үйлчлүүлж байсан иргэн Д.Түвшинзаяагийн гадуур хувцасны халааснаас “Самсунг Эс 6 эджи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 17.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр, “Олон улсын худалдааны төв” дотор үйлчлүүлж байсан иргэн Ж.Отгоны гадуур хувцасны халааснаас “Самсунг жи-7” маркийн утсыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол, нийт 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Ихбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдаж,  шүүгдэгч Г.Ихбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Г.Ихбаяр нь дээрх 2 удаагийн үйлдлээр хохирогч Ж.Отгон, Д.Түвшинзаяа нарын гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Түвшинзаяа, Ж.Отгон нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарт гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Капитал зууч” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож тогтоогдсон  байна.

Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч Г.Ихбаярын  үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан ял оногдуулсан байна.

Гэвч давж заалдах шатны шүүгдэгч Г.Ихбаяр нь гэмт хэргийн улмаас учруулсан 1.200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн хэргийн талаар үнэн зөв хүлээн мэдүүлж гэмшиж байгаа, мөн хохирогч гомдол саналгүй гэсэн болон түүний биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Ихбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

Иймд энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан ...шүүгдэгч Г.Ихбаярын биеийн эрүүл мэндийн байдал болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж  өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг баримтлан шүүгдэгч Г.Ихбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2.т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал эзэмших үүрэг хүлээлгэсүгэй гэсэн заалт нэмсүгэй.

2. Шүүгдэгч Г.Ихбаярт тэнссэн хугацаанд хяналт тавихыг Улаанбаатар хотын    Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч   Г.Ихбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ихбаярт урьд авсан цагдан хорих авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

7.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                           ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ