Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0093/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Г-ийн И-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000069 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, дүү, нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ....оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 сарын хугацаатай баривчлах ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1008 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 846 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  Г овогт Г-ийн И /РД:ХХХХХХХХХ/,

                 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ихбаяр нь шууд санаатай, шунахайн сэдэлтэй үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13 цаг 40 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын дотор үйлчлүүлж байсан Д.Т-гийн  гадуур хувцасны халааснаас “Самсунг Эс 6 эдж” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төв дотор үйлчлүүлж байсан Ж.О-ны гадуур хувцасны халааснаас “Самсунг жи 7” маркийн утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 700,000 төгрөгийн хохирол, нийт 1,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Т-гийн “...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархан зах дээр 2 хүүхэдтэйгээ явж байтал миний Самсунг эс 6 маркийн гар утас хулгайд алдагдсан. Би камерын бичлэг шүүж үзсэн чинь ногоон өнгийн курткатай, цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн цүнх үүрсэн  харааны юм шиг нүдний шил зүүсэн эрэгтэй миний хажуугаар зөрөх үедээ миний гар утсыг авсан байсан. Тэгээд цагдаад хандсан. ... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 31-35, 159/,

 

Хохирогч Ж.О-ны “...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын худалдааны төв дээр явж байгаад халааснаасаа Самсунг жи 7 маркийн гар утас хулгайд алдсан. Тэгээд цагдаад хандсан. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр  өөрийнхөө гар утсыг буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 156/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2,27/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/,

 

Ж.О-ны Самсунг жи 7 маркийн гар утсыг шүүгдэгч Г.И-аас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн6-7/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “... эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 700,000 төгрөгөөр тогтоосон болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,

 

Капитал зууч ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 500,000 төгрөгөөр тогтоосон болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.И-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгчээс хохирогч Ж.О-ны гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн, хохирогч Д.Т-д ижил төрлийн гар утсыг хүлээлгэн өгсөн, хохирогч нар гомдол саналгүй, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй ба “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, эрүүл мэндийн байдал, бусад байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү” гэжээ.

 

Г.И нь найзтайгаа уулзах зорилгоор Дархан-Уул аймагт ирсэн гэж мэдүүлсэн ба ирсэн даруй 2 хүний халааснаас гар утсыг нь хулгайлсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй ба эсрэгээрээ шүүгдэгчийн халаасны хулгайн хэрэгт сурцтай байдлыг харуулж байгаа байдал гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Г.И  өмнө нь өмчийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан боловч үүндээ дүгнэлт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан зэрэг хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ялыг тэнсэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 39 хоногийг хорих ялын 39 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Г-ийн И-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.И-т 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.И-т оногдуулсан 1 /нэг/ жил  6/ зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 39 хоногийг хорих ялын 39 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

5. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ихбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

.