Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/41

 

Ч.Баянмөнх, М.Эрдэнээ, Н.Мягмар

Б.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам /онлайн/

Хохирогч                                       Ч.Төмөрбат /онлайн/

Хохирогчийн өмгөөлөгч               Б.Түвшинжаргал /онлайн/

Иргэний хариуцагчийн

өмгөөлөгч                                     Д.Оюунчимэг /онлайн/

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 227 дугаар шүүгчийн захирамжтай, Нанжидын Мягмар, Чойжилсүрэнгийн Баянмөнх, Бадамын Октябрь, Мягмаржавын Эрдэнээ нарт холбогдох, 2018004230028 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Цахилгааны техник, автын техникч, эдийн засагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороо 12-26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ТГ70110870 регистрийн дугаартай, Тангуд овогт Бадамын Октябрь,

Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 6 дугаар хорооллын 11-41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ГИ67101513 регистрийн дугаартай, Боржигин овогт Чойжилсүрэнгийн Баянмөнх,

Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 6 хороо 4-47 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ТЖ64082412 регистрийн дугаартай, Боржигин овогт Мягмаржавын Эрдэнээ,

Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-уул суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний монтаж, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цахилгаанчин ажилтай, ам бүл-4, эхнэр, зээ, найзын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 9 дүгээр хэсгийн 64 тоотод оршин суух хаягтай. урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ТЯ63061131 регистрийн дугаартай, Йөншөөбү овогт Нанжидийн Мягмар,

Яллагдагч Б.Октябрь нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах 17-1 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, агаарын шугам татаж, гэрэлтүүлгийн ажил хийж гүйцэтгэсэн цахилгаанчин Ч.Баянмөнх, Н.Мягмар, М.Эрдэнээ нарт хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга өгөөгүй, засвар гэмтлийг бүртгэж аваагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон,

Яллагдагч Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нар нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах 17.1 дүгээр байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар, агаарын шугам татах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, Цахилгаан байгууламжийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 227 дугаар шүүгчийн захирамжаар:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газрын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Йөншөөбү овогт Нанжидын Мягмар, Боржигин овогт Чойжилсүрэнгийн Баянмөнх, Тангуд овогт Бадамын Октябрь, Боржигин Мягмаржавын Эрдэнээ нарт холбогдох эрүүгийн 2018004230028 дугаартай 4 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэрэг Прокурорын газарт очтол яллагдагч Ч.Баянмөнх, М.Эрдэнэ, Н.Мягмар, В.Октябрь нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн дэвтэр, WRLDWD гэсэн бичиг бүхий цамц 1 ширхэг, хар шаргал өнгийн майк 1 ширхэг, хар шаргал өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, 1 ширхэг СD бичлэгийг хэргийн хамт прокурорт буцааж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хор, уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүх талаас нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоогоогүй гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ий өдрийн 61 дугаартай “...талийгаач нь цахилгаан гүйдлийн гэмтлийн улмаас зүрх чичирхийлж, амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас барсан...” гэх дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/2020 дугаартай шинжээчийн “...2 гэрлийн шонг агаараар холбохдоо газар доогуур явсан холболтыг салгаагүй, төмөр шингийн таган дотор байрлаж байгаа кабелийн холболтын үзүүрүүдийг шалгаж үзээгүй байсан учраас төмөр хашаанд хүчдэл үүсэж тухайн талийгаач хүүхэд хүчдэлд нэрвэгдэн нас барсан гэж үзэж байна. ...2 ширхэг гэрлийн шонг агаараар холбох ажил хийсэн цахилгаанчид газраар явсан 380 вольтын кабель утсыг хүчдэлгүй болгох төмөр шонд утасны газраар явсан 380 вольтын кабел утсыг хүчдэлгүй болгох, төмөр шонд утасны үзүүрүүд хүрсэн эсэхэд шалгалт үзлэг хийж гэмтлийг бүрэн устгах үүрэгтэй. Цахилгаан байгууламжийн дүрэм техникийн ашиглалтын дүрэм аюулгүй ажиллагааны норм стандартыг мөрдөн ажиллаагүйгээс болж хүний амь нас эндсэн байна...” гэх дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар яллагдагч Б.Октябрь, Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нар нь засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ 380 Вт тогтой цахилгааны утсыг салгаагүй агаараар шугам татсаны улмаас амь хохирогч цахилгаанд нэрвэгдэн нас барсан, болох нь нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн 2018004230028 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээдүүд татагдаагүй байх тул зохих ажиллагааг хийж хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэжээ.

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/2020 дугаартай шинжээчийн “...Дархан-Уул аймагт байрлах Орон сууцны зориулалттай барилгын дэд станцын кабель шугам шинээр тавих ажил гадна цахилгаан хангамжийн ажлын зургийг хийж гүйцэтгэхээр захиалагч Өгөөж-Ерөө ХХК, ЗТК ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. ...захиалагч байгууллага болох Өгөөж-Ерөө ХХК нь зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх мэргэжлийн байгууллага нь хүлээн авч байнгын үйл ажиллагааг хариуцан цахилгаан байгууламжийн дүрэм, техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны норм стандартыг мөрдөн ажиллах үүргийг одоо болтол биелүүлээгүй байна. ...2 гэрлийн шонг агаараар холбохдоо газар доогуур явсан холболтыг салгаагүй, төмөр шонгийн таган дотор байрлаж байгаа кабелийн холболтын үзүүрүүдийг шалгаж үзээгүй байсан учраас төмөр хашаанд хүчдэл үүсэж тухайн талийгаач хүүхэд хүчдэлд нэрвэгдэн нас барсан гэж үзэж байна. ...2 ширхэг гэрлийн шонг агаараар холбох ажил хийсэн цахилгаанчид газраар явсан 380 вольтын кабель утсыг хүчдэлгүй болгох төмөр шонд утасны газраар явсан 380 вольтын кабел утсыг хүчдэлгүй болгох, төмөр шонд утасны үзүүрүүд хүрсэн эсэхэд шалгалт үзлэг хийж гэмтлийг бүрэн устгах үүрэгтэй. Дэвшил хотхоны 17 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч байгууллага нь зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх, мэргэжлийн байгууллага нь хүлээн авч байнгын үйл ажиллагааг хариуцан Цахилгаан байгууламжийн дүрэм техникийн ашиглалтын дүрэм аюулгүй ажиллагааны норм стандартыг мөрдөн ажиллаагүйгээс болж хүний амь нас эндсэн байна...” гэх дүгнэлтээр яллагдагч Б.Октябрь, Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нар нь засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ 380 Вт тогтой цахилгааны утсыг салгаагүй агаараар шугам татаж хэрэг учрал болох өдрүүдэд бороо ихээр орсны улмаас 2 гэрлийн шон хоорондох 380 кабелийн 3 фаз тасарч хамгаалалтын бүрээс цоорч гэмтэлтэй байсан 380 Вт цахилгааны утаснаас хүүхдийн тоглоомын төмөр хашлага цахилгаан хүчдэлтэй /тогтой/ болж хүүхэд цахилгаанд нэрвэгдэн амь нас нь хохирсон болох нь тогтоогдсон ба хүний амь нас хохирсон шууд шалтгаант холбоо нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цахилгааны инженер Б.Октябрь, цахилгаанчин Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нар нь Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, Цахилгаан байгууламжийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон болох нь тогтоогдсон байна.

Яллагдагч Б.Октябрь, Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нарт яллах дүгнэлт үйлдэн ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх”-ийг зөрчсөн гэжээ.

Хэрэгт авагдсан яллагдагч Б.Октябрийн “...миний бие 2020 оны 2-3 дугаар сарын хооронд дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбай дээр ажиллах зааварчилга ажлын чиглэл өгөөгүй. Би ууг нь нэг бүрийн хөтөлдөг юм...” гэх мэдүүлэг, яллагдагч М.Эрдэнээгийн “...манай цахилгааны инженер Октябрь бид нарын ажилд хяналт тавьж зааварчилга өгдөг юм...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Мягмарын “...манай байгууллагын цахилгааны инженер зааварчилга өгч ажил бүрийг бүртгэх үүрэгтэй байдаг...” гэх мэдүүлэг, яллагдагч Ч.Баянмөнхийн “...2020 оны 2-3 сарын хооронд байхаа яг нарийн өдрийг нь санахгүй байна. 17 дугаар байрны гэрэлтүүлэг асахгүй байгаад байсан гэрлийг асаах гээд Октябрийн зааварчилгаагаар Эрдэнээ, Мягмар бид нар очиж агаараар 2 шонг кабель утас татаж гэрлийг асаах ажил хийсэн. Тэгээд гэрэл ассан болохоор СӨХ-ийн даргад хүлээлгэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон бичгийн бусад нотлох баримтууд яллагдагч Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нар нь цахилгааны инженер Б.Октябрийн өгсөн үүргийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах 17.1 дүгээр байрны гадаа байрлах хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар, агаарын шугам татах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн дээрх ажил үйлчилгээг үзүүлэхдээ 380 ВТ цахилгааны утсыг салгаагүй, дээрх цахилгааны гэмтлийг 2019 онд илрүүлж байсан уг гэмтлийн талаар цахилгааны инженер Б.Октябрь мэдэгдсэн боловч дээр гэмтлийг засалгүй орхигдуулсан.

Яллагдагч Б.Октябрь дээрх гэмтлийг 2019 онд мэдсэн боловч гэмтлийг бүртгэж аваагүй, засварлаагүй, яллагдагч Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нарт засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгсөн боловч хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчлаг өгөөгүй болох нь тогтоогдсон.

Мөн яллагдагч нар хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчийн сонгон авч ажиллагаанд оролцсон, зэрэг нөхцөл байдлын талаар урьдчилан хэлэлцүүлгийн шатанд тодорхой ярьж мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн, яллагдагч нарын өмгөөлөгч гэм буруугийн талаарх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар ямар нэгэн саналгүй байгаа талаараа урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн зэргээс үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуулийн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд буюу өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 227 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргав гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч нар дээрх зөрчлийг арилгаагүйн улмаас хүүхэд нас барсан гэдэг дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дахин шинжилгээ хийх шаардлагагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт маш тодорхой гарсан. Хоёр байгууллагын асуудал энэ хэрэгт огт хамааралгүй юм. Төрийн байгууллагуудын хайхрамжгүй байдлаас болж энэ гэмт хэрэг гарсан. Улсын яллагчийн хэлж байгаа тайлбар үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаа хариуцлагыг нийгмийн хариуцлагын хүрээнд төлж барагдуулсан. Хэрэгт огт Э.Одончимэг гэдэг өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал тайлбартаа:

Урьдчилсан хэлэлцүүлэг хийхээс өмнө Э.Одончимэг өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Тухайн цахилгааны шугам нь буруу хийгдсэн тул цаашид дахиад ч орчинд аюултай нөхцөл байдал үүсгэх боломжтой байгаа учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн. Тухайн под станц анхнаасаа стандартын дагуу хийгдээгүйн улмаас ийм асуудал үүссэн. Мэргэжлийн хяналтын байгууллагад дахин дүгнэлт гаргуулахаар хандсан боловч, эрчим хүчний яамнаас дүгнэлт гарсан тул бидний зүгээс дахиж дүгнэлт гаргах шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Бүхэл бүтэн хүүхдийн амь нас хохирчихсон байхад нийгмийн хариуцлагын хүрээнд хохирол төлсөн гээд яриад сууж байгаад маш их гомдолтой байна. Анхнаасаа зураг стандартын дагуу хийгдээгүй гэдэг гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Төмөрбат тайлбартаа:

“Өгөөж ерөө” ХХК-н нэр дээр тухайн тоглоомын талбай байдаг гэдэг нь тогтоогдсон. Бүхэл бүтэн хүүхдийн амь хохироод байхад огт тоохгүй байгаа удирдлагуудад гомдож байна. Хэргийг үнэн зөвөөр яаралтай шийдэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Октябрь Ч.Баянмөнх, Н.Мягмар, М.Эрдэнээ нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос яллагдагч Б.Октябрийг хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга өгөөгүй, засвар гэмтлийг бүртгэж аваагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэх гэмт хэрэгт, яллагдагч Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, Цахилгаан байгууламжийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний нас хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэг гарсан байдал., 1.2.т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн., 1.3.т заасан гэм буруугийн хэлбэр., 1.5.д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6.д заасан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүх талаас нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах 17.1 дүгээр байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай дээр 14 настай Т.Мөнхбат цахилгаанд цохиулж нас барсан үйл баримт болсон байх ба гэрч Б.Батжаргалын өгсөн ....Миний мэдэж байгаагаар Дархан сумын 8 дугаар багт байрлаж байгаа КТП-406 дэд станц нь одоо дэлгүүр байрлаж байгаа байран дээр байрлаж байсан. Улсын комисс 2011 онд энэ барилгыг хүлээж авахад тэр хүнсний дэлгүүр байрлаж байгаа газарт дэд станц байрлаж байсан. Зураг нь ч гэсэн тэгж зурагдсан байсан санагдаж байна, хэзээ, хэн байрлалыг нь өөрчилсөн талаар мэдэхгүй. Энэ дэд станц манай компанийн өмч, эзэмшлийнх биш. Энэ барилгыг барьсан Даваасамбуу гэж хүний өмч, эзэмшлийн дэд станц юм. Манай компани хүлээн авъя гэхэд манай компанид 70 гаруй сая төгрөгөөр зарна гэж тооцоог гаргаж албан бичгээр ирүүлсэн байсан болохоор манай компани худалдан авах боломжгүй гээд үнэ төлбөргүй өгөх юм бол хүлээж авна гэж албан бичиг өгсөн. Манайд 1 удаа хандсан. Төлбөртэй өгнө гэсэн болохоор манайх уг албан бичгийг захирлын зөвлөлөөр хэлэлцээд уг КТП-406 дэд станцыг эзэмшилдээ хүлээж аваагүй. Энэ талаараа албан бичгээр хариу өгсөн. Хэрэг гарсны дараа бас хүлээж аваач гэж бичиг ирсэн байсан, түүний хариуг өгсөн байгаа. Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль, журмаар энэ төрлийн дэд станц иргэн, аж ахуйн нэгжийн өмч байж болно. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8.д зааснаар өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй. Иймд КТП-406 дэд станцын арчилгаа, үйлчилгээг барилгыг барьсан компани буюу Даваасамбуу өөрөө хариуцах ёстой...гэсэн мэдүүлэг /1-р хх114-116/, гэрч Э.Эрдэнэбатын ... Дархан сумын 8 дугаар багийн 17-р байрны гадна байрлах КТП-406 дэд станц одоогоор “Өгөөж Ерөө” ХХК-ийн эзэмшилд байгаа, харин тоглоомын талбайн гэрэлтүүлэг хэний эзэмшилд байгааг мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /1-р хх119/, гэрч Ч.Чинцогтын өгсөн .... КТП-406 дэд станц нь манай компанийн өмч биш. Манай компанийн архивын материалаас шүүж үзэхэд уг дэд станцыг хүлээлгэж өгөхөөр 1 удаа хандсан байдаг, тодруулбал “Өгөөж Ерөө” ХХК-иас Дархан сумын 8 дугаар багт байрлах КТП-406 дэд станцыг 2012.09.24-ний өдрийн 81 дугаартай албан бичгээр зохих журмын дагуу эзэмшилдээ авах хүсэлтийг ирүүлсэн хавсралтаар 74.3 сая төгрөгийн баримт гаргаж өгөөд энэ мөнгөөр нь худалдаж аваач гэж хүсэлт тавихад нь мөнгөөр худалдан авах боломжгүй учраас 2012.10.11-ний өдрийн 842 дугаартай албан бичгээр КТП-406 дэд станцыг үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авахад татгалзах зүйл байхгүй гэсэн хариуг албан бичгээр өгсөн байдаг. Төлбөртэй манайд өгөх гээд байсан болохоор манайх эзэмшилдээ аваагүй. Түүнээс өөрөөр хандаагүй байж байгаад энэ хэрэг гарсны дараа 2020.11.03-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр энэ станцыг манай эзэмшилд хүлээлгэж өгөхөөр хандсан хүсэлт албан бичигт бид хариу өгсөн. Тэгэхээр энэ станц “Өгөөж Ерөө” ХХК-ийн өмчийн дэд станц байгаа юм. Хүлээж авах бол манай компаниас комисс гарч хүлээн авдаг... /1-р хх121-122/ гэсэн мэдүүлгээс үзэхэд “Өгөөж Ерөө” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр ,17 болон 17.1 дүгээр байрны гадна талбайн иж бүрэн гэрэлтүүлэг, КТП-406 дэд станцыг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 74.3 сая төгрөгөөр худалдах хүсэлт тавьсныг хүлээж аваагүй байгаа бөгөөд  энэ нь  хэрэг учрал гарах өдөр хүртэл “Өгөөж Ерөө” ХХК-ийн эзэмшилд байсан  уу эсхүл өөр этгээдийн эзэмшилд байсан  уу гэдэг нь тогтоогдоогүй байна.

“Өгөөж Ерөө” ХХК нь дээрх байдлаар дэд станцыг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д хүлээлгэж өгөх талаар тууштай арга хэмжээ авахгүй үнэ төлбөртэй худалдана гэсэн хүсэлт 1 удаа явуулаад орхисон, хүлээлгэж өгөх талаар мэргэжлийн байгууллагатай харилцан тохиролцоонд хүрч эерэг шийдэл гаргаагүй, орон сууцны гаднах гэрэлтүүлэг, түүний холбогдох шугамыг Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн албанд хүлээлгэн өгөөгүй, түүнчлэн гэрэлтүүлгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний асуудлыг анхны орон сууц баригдсан 2011 оноос хойш холбогдох хууль дүрэм, зохих журмын дагуу харьяа холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хүлээлгэн өгөх ёстой захиалагчийн үүргээ биелүүлээгүй, нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлээгүй байна.

Мөн  хэргээс үзэхэд “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь КТП-406 дугаартай дэд станцаар дамжуулан дээрх орон сууцны хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ирсэн боловч цахилгаан эрчим хүч түгээгч байгууллагын хувьд “Өгөөж Ерөө” ХХК-ийн эзэмшлийн дээрх дэд станцын техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэх талаар эзэмшигч “Өгөөж Ерөө” ХХК-д ямар нэгэн албан шаардлага хүргүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ хэрэгт яллагдагчаар татагдвал зохих зарим  этгээдүүд татагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн гэрч В.Наранбаатарын  ....Би зургийг хэн зургийг хийсэн талаар мэдэхгүй, ямар ч байсан зургийн дагуу л хийсэн байх ёстой. Анх эхлээд МБМ зочид буудлын урд талд буюу одоо байгаа дэлгүүрийн орчим энэ КТП-406 дэд станц байрлуулах гээд хүчдэл залгаагүйгээр байрлуулсан байсан, захиалагчийн хүсэлтээр одоо байгаа газарт байрлуулж холболтыг хийсэн. Би өөрөө хариуцаж холболтыг хийсэн. РП-09 дугаартай хуваарилах байгууламжаас энэ КТП-406 дугаартай дэд станц хүчдэл авсан...гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөн гэрч Г.Нарантуяагийн өгсөн ... 28/011 гэсэн шифртэй зургийг харахад би зурсан байна. ... КТП-406 дугаартай дэд станц зургийн дагуу хийгдээгүй харагдаж байна... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд анхнаасаа энэ дэд станц стандарт, шаардлагын дагуу баригдсан гэхэд эргэлзээтэй, В.Наранбаатар нь хэрэгт гэрчээр    мэдүүлэг өгсний дараа дүгнэлтийг өөрөө гаргасан нь үндэслэл муутай, ашиг сонирхлын зөрчилтэй  байж болзошгүй нөхцөл байдал  харагдаж байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл  2020 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр  17.1 дүгээр байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай дээр 14 настай Т.Мөнхбат цахилгаанд цохиулж нас барсан үйл баримт болсон  өөрөөр хэлбэл  “хүүхэд тогонд цохиулж нас барсан” үйл баримт нь  эргэлзээгүй тогтоогдсон боловч  гэмт  хэргийн шалтгаан, нөхцөлийг тал бүрээс бүрэн, бодитой шалгаж, тогтоох нь гэм буруутай этгээдийг зөв тогтоож улмаар энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол гэм хорыг   арилгах нь  Эрүүгийн хуулийн зорилгод  нийцнэ.

         Иймд хүүхэд нас барсан хэргийн шалтгаан нөхцөлийг тал бүрээс бүрэн, бодитой шалгаж, тогтоосноор гэм буруутай этгээдийг зөв тогтоож, хэргийн зүйлчлэлийг тогтоох, улмаар энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг арилгахад чухал ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг зайлшгүй шалгах шаардлагатай тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 227 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ТУЯА                                            ШҮҮГЧ                           Ц.АМАРЖАРГАЛ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.МАНЛАЙБААТАР