Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1165

 

 

                                                                                                

“БИЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01141 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “БИЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, МОХНН УБТЗ-д холбогдох

Шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “БИЭЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр "А" ХХК болон гүйцэтгэгч "ББЭ" ХХК-тай "Вагон пүү шинээр угсарч суурилуулах ажлын гэрээ" байгуулж, Төв аймгийн Баян сумын ШШГЕГ-ын харъяа хорих 415 дугаар ангийн хажууд байрлах төмөр замын ачилт буулгалтын талбайд 116.545.000 төгрөгийн өөрийн хөрөнгөөр вагон пүүг суурилуулсан. Мөн Төв аймгийн Баян сумын ШШГЕГ-ын харъяа хорих 415 дугаар ангийн дэргэд байрлах 325 метр төмөр замыг 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр УБТЗ-ын 2 дугаар ангийн дарга Ж.Борхүүтэй "Ажил, үйлчилгээний гэрээ" байгуулж, ажлын хөлс 14.873.475 төгрөгөөр төмөр замын ажлыг хийсэн. Улмаар Мааньт өртөөний төмөр зам руу өөрийн хөрөнгөөр 325 метр зам, нүүрс ачилт буулгалтын талбайг өөрийн хөрөнгө болох 458.447.400 төгрөгөөр санхүүжүүлэн, замыг ашиглалтад оруулж, 2017 оны 9 дүгээр сар хүртэл УБТЗ ХНН-тэй "Зам арчилгааны гэрээ" байгуулан, үйл ажиллагаа явуулж байгаад төлбөр тооцооны асуудал гарч, үл ойлголцол үүсэхэд манай компанийн эзэмшлийн вагон пүү, өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулсан 325 метр төмөр замыг дур мэдэн бусад компанид эзэмшүүлсэн байх тул шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “БИЭЭ” ХХК-, анх 2008 онд УБТЗ-ын Замын 2 дугаар ангид хандан Мааньт өртөөний хорих ангийн замаас 108 дугаар сумаар салсан 1.8 километр замыг төлбөртэйгээр ашиглах хүсэлтийг ирүүлж байсан бөгөөд хүсэлтийн дагуу 2008 оны 8 дугаар сард УБТЗ-ын холбогдох албанаас бүрдсэн комисс Мааньт өртөөн дээр ажиллаж акт, дүгнэлтийг гаргажээ. Ингэхдээ уг зам дээр вагон пүү байрлуулах боломжтой эсэх, Замын 2 дугаар ангийн эзэмшлийн замыг ашиглан ачилт буулгалт хийх мөн вагон пүү барих ажлыг Замын 2 дугаар ангитай гэрээ байгуулан зөвшилцөн, замыг сэргээн засварлах хөрөнгийг “А” ХХК- бүрэн хариуцаж, вагон пүү барьснаар уг замыг эзэмших үндэслэл болохгүй зэрэг асуудлыг шийдвэрлэн акт үйлдсэн байдаг. Үүний дараа 2008 оны 9 дүгээр сард дээрх зам дээр вагон пүү угсарч суурилуулах ажлын гэрээг “БИЭЭ” ХХК-, “А” ХХК--иуд, “ББЭ” ХХК--тай байгуулж вагон пүү суурилуулсан байдаг. Гэрээний нөхцлөөс харахад захиалагч “А” ХХК-, гүйцэтгэгч ББЭ" ХХК-ийн мөнгийг төлжээ. “БИЭЭ” ХХК-, “А” ХХК--ийн гаргасан хүсэлтийн дагуу 2011 онд дээрх салбар замыг УБТЗ-ын Замын 2 дугаар анги засварласан бөгөөд үүний тулд гэмтлийн акт тогтоож, засварын ажлын зардлын төсвийг 14.843.475 төгрөгөөр тогтоосон байдаг. Засварын ажлын дараа 2018 оны 8 дугаар сард уг замыг шалгаад “А” ХХК--ийн гаргасан зардлыг УБТЗ ХНН-ээс нэхэмжлэхгүй, өмчлөлийн маргаан байхгүй хэмээн А" ХХК-тай тохиролцож тус компанийн захирал н.Мөнгөнбагана гарын үсгээ зурж, Замын 2 дугаар ангийн дарга Ж.Борхүүд дээрх замыг гэрчилгээжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосноор Зам тээврийн яамнаас 16/086 дугаартай гэрчилгээг олгосон. Энэхүү гэрчилгээгээр уг салбар зам УБТЗ ХНН-ийн өмчлөлийн зам болох нь тогтоогддог. “А” ХХК-, УБТЗ-ын Замын 2 дугаар ангитай зам ашиглахаар гэрээ байгуулж, зам арчлалтын хөлсийг 2010 оноос 2015 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан. Харин вагон пүү 2015 оноос эзэнгүйдэж, ашиглалгүй, эвдэрсэн, тоногдсон байсныг 2017 онд "ЦМЭЭ" ХХК өөрсдийн хөрөнгөөр засаж, баталгаажуулан ашиглаж байгаа талаар манайд мэдэгдсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан “БИЭЭ” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МОХНН УБТЗд холбогдох шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “БИЭЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл нотлох баримт болон 40 дүгээр зүйлийн заалтуудыг зөрчиж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруугаар үнэлэж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “БИЭЭ” ХХК- нь  хариуцагч МОХНН УБТЗ-д холбогдуулан шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

“БИЭЭ” ХХК- болон “А” ХХК- нь 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “ББЭ” ХХК--тай Г-08-09 дугаартай, Вагон пүү шинээр угсарч суурилуулах ажлын гэрээг байгуулж, уг гэрээгээр  2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор 116 545 000 төгрөгийн барааг нийлүүлж, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-5.5 дахь хэсгүүдэд заасан ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон, “БИЭЭ” ХХК-. Замын 2 дугаар ангитай 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр МАҮ-011-032 дугаартай Ажил үйлчилгээний гэрээг 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 15 өдөр зам засварын ажлыг 14 873 475 төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэхээр  тус тус тохиролцсон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. /хх-ийн 4-10/

Дээр дурдсан гэрээнүүдээр вагон пүү, 325 метр төмөр замыг нэхэмжлэгч эзэмших эрхтэй, хариуцагч УБТЗ-ын Замын 2 дугаар анги нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх үүрэг хүлээсэн гэх байдал тогтоогдоогүй байхаас гадна  Газар сонгосон тухай 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн актын 3 дугаар зүйлд "Замын 2 дугаар ангийн эзэмшлийн салаа зам дээр вагон пүү барьсанаар уг замыг эзэмших үндэслэл болохгүй" гэж заасан байна. /хх-ийн 39-40/

Нэхэмжлэгчийн маргаж байгаа  өртөөний зам "Хүдэрийн зам" нэршилтэй бөгөөд Тээврийн тухай хуульд зааснаар 0-0-0 кодтой, 00/000 дугаартай, 000000 регистртэй "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектийн гэрчилгээ"-г Зам тээврийн яам 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр МЗХНН УБТЗ-Д олгожээ. /хх-ийн 36/

 

Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан үндэслэлээр Замын 2 дугаар ангийн эзэмшлийн зам, вагон пүүг эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүх шаардах эрхийн зохицуулалтыг бус шударга эзэмшигчийг тодорхойлсон зохицуулалтаар шийдвэрлэсэн нь буруу болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгааг заагаагүй давж заалдах гомдлыг хангахгүй орхих  нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01141 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн “90 дүгээр зүйлийн 90.1” гэснийг “92 дугаар зүйлийн 92.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ