Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 64

 

Т.Г-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн

ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч,

                                  Х.Батсүрэн,

                                  Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Ч-д холбогдох хэсэг, Ч.Ч, С.М, Т.А нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл болон Ч.Ч-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065582 дугаар гэрчилгээ, С.М-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000074530 дугаар гэрчилгээ, Т.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126079 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0590 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0751 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Т.Г, түүний өмгөөлөгч Т.Ц,

Гуравдагч этгээд С.М, түүний өмгөөлөгч Б.Г.

Гуравдагч этгээд С.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0590 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 28 дугаар зүйлийн 28.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсгийг тус тус баримтлан иргэн Т.Г-ийн “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Ч-д холбогдох хэсэг, Ч.Ч, С.М, Т.А нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл болон Ч.Ч-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065582 дугаар гэрчилгээ, С.М-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000074530 дугаар гэрчилгээ, Т.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126079 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0751 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0590 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Т.Г-ийн Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжуудын Ч.Ч-д холбогдох хэсгийг, Ч.Ч, М.М, Т.А нарын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон Ч.Ч-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065582 дугаар гэрчилгээ, С.М-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000074530 дугаар гэрчилгээ, Т.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126079 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Миний бие иргэн Ч.Ч-гаас 2011 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Алтайн 23-р гудамжны 7г тоот хашааг худалдаж авсан бөгөөд газрын гэрчилгээ болон бусад бичиг баримт хууль ёсны дагуу байсан ба уг газар дээр ямар нэг айл байгаагүй. 2011 оны 10 дугаар сард айл буусан, шороо асгасан байдалтай байсан. Гэтэл нэхэмжлэгч Т.Г давж заалдах гомдолдоо уг газар 2003 оноос хойш амьдарч байсан, мөн намайг худалдаж авахад шороо асгасныгаа өмнө нь асгаж тэгшилсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй худал зүйл юм.

4. Мөн Т.Г одоо уг газар дээр амьдардаггүй, өөр газар амьдардаг гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Т.Г 2012 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн, 2012 оноос өмнө Сэлэнгэ аймгийн 1-р багийн иргэн байсан нь газар эзэмших, өмчлөх эрх үүсэхгүй гэж үзэж байна.

5. Өмнөх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд Т.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байтал давж заалдах шатны шүүх хариуцагч ирээгүй байхад шийдвэр гарган нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэсэн зэрэг нь эргэлзээ төрүүлж байна.

6. Иймд, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэсэн нь 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар шүүх төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна” гэжээ.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Т.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Миний бие 2003 оноос маргаан бүхий газарт амьдарч эхэлсэн. Уг газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байсан боловч тухайн үед уг газар нь хэвгий гуу жалга байсны улмаас үер усны аманд газар эзэмшүүлэхгүй гэх шалтгаанаар миний өргөдлийг авдаггүй байсан. ...2006 оноос уг газрыг өөрийн хүч, хөрөнгөөр засан сайжруулж, шороо зөөн жалгыг өндөрлөж тэгшлэн хүн амьдрах боломжтой болгосон. ...миний олон жил янзалсан газрыг хууль зөрчиж Ч.Ч-д эзэмшүүлсэн нь шударга ёсонд нийцэхгүй” гэж тодорхойлон маргажээ.   

9. Давж заалдах шатны шүүхээс, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 28 тоотын 356 м.кв газрыг гуравдагч этгээд Ч.Ч-д эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжууд нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “...энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

10. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, ...-д тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасан.

11. Хэрэгт авагдсан, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Г нь маргаан бүхий газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж, гуу жалга бүхий газрыг шороогоор тэгшилж хүн амьдрах боломжтой болгон гэр барин амьдарсан, тус газарт хаягийн бүртгэлтэй зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.  

12. Иймээс давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгчид уг газрыг эзэмших ашиг сонирхол түрүүлж үүссэн, тэрээр уул газрыг өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгөөр хүн амьдрах боломжтой болгосон нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу нэхэмжлэгчид газар эзэмших давуу эрх түрүүлж үүсэх хуулийн шаардлага хангагдсан гэж үзэхээргүй бөгөөд нөхөн сэргээсэн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт зөв байна.

13. Түүнчлэн гуравдагч этгээд Ч.Ч нь өмчлөлдөө авсан маргаан бүхий газрыг 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр С.М-эд, гуравдагч этгээд С.М нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр Т.А-д тус тус шилжүүлсэн, эдгээр иргэд нь тухайн газар дээр огт амьдарч байгаагүй зэргээс үзэхэд гуравдагч этгээдүүдэд тус газрыг зайлшгүй авах хэрэгцээ шаардлага байхгүй байсан, мөн хариуцагч захиргааны байгууллага хуульд зааснаар газар дээр нь үзлэг, судалгаа хийлгүйгээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж хууль зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.   

14. Иймд гуравдагч этгээд С.М-ийн “...Т.Г одоо уг газар дээр амьдардаггүй, ... нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэсэн нь 123 дугаар зүйлийн 123.2.1 шүүх төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна. 

15. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.М-ийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0751 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       М.БАТСУУРЬ

                                            ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА