Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/шш2022/04004

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, * хороо, ** , өөрийн байранд байрлах, ХХБ ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, ** хороо, ** хороолол, ** байр, ** тоотод оршин суух, ** овогт Б.Т /РД:ЧК......./,

 

Хариуцагч: Б дүүрэг, ** хороо, ** , ** цахилгаан станцын баруун тал, *** байранд байрлах, Б ХХК /РД:......./-нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:

Б дүүргийн  ** дугаар хороо, ** хороолол, ** гудамж, *** байр, ** тоот хаягт оршин суух ** овогт И.Н,

Б дүүргийн ** дугаар хороо, ** хороолол, ** гудамж, *** байр, ** тоот хаягт оршин суух ** овогт Б.И,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 48,559,728 төгрөг 21 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, зээлийн үндсэн төлбөр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 26,520,100 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, шимтгэлд төлсөн 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

хариуцагч Б.Тын өмгөөлөгч Г.Х,

гуравдагч этгээд Б.И , И.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

гэрч Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б овогтой Т нь ХХБ-тай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №ХЗГ******* тоот Хялбар зээлийн гэрээ,№ХЗБГ******** тоот Хялбар зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан, 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь №ХЗГ******* тоот Хялбар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Т, Б.И , И.Н нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү******* дугаартай Б дүүрэг, * хороо, ** хороолол ** байр ** тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар тус зээлдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 33,968,136.73 төгрөг, зээлийн үндсэн хүү 14,375,921.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205,169.67 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 10,500 төгрөг нийт 48,559,728.21 төгрөгийг гаргуулж ХХБ д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-********** дугаартай Б дүүрэг, * хороо, ** хороолол ** байр ** тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс батлан даалтын гэрээний үүрэг шаардаагүй учраас хариуцагч Б ХХК-аас татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Т миний бие нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Т би ХХБ /хуучнаар УХБ/-тай 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ХЗГ*********** тоот Хялбар зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Би зээлийн гэрээний дагуу зээл болон хүүг хугацаанд нь төлж байсан боловч Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал Монгол Улсад дэлгэрч, миний бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлээ төлөх боломжгүй болсон. Тухайн үед буюу 2020 оны 5 дугаар сард миний бие Ковид-19 цар тахлын улмаас бизнес зогсож, зээлээ төлж чадахгүй болсон тул зээлийн хүүг зогсоож, зээлийн гэрээг цуцлах талаар УХБны салбарын захирал, зээлийн эдийн засагч нартай удаа дараа өөрийн биеэр уулзаж, өргөдөл, хүсэлт бичиж өгсөн. Гэтэл банкнаас зээлийн гэрээг цуцлахгүй, 2022 оны 02 сарын 18-ны өдрийн байдлаар зээл, хүүнд нийт 48,559,728 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Тэгээд ч манай компанийн үйл ажиллагаанд Давагдашгүй хүчин зүйл-д нэрвэгдэж асар их хохирол хүлээсэн болно гэв.

 

Гуравдагч этгээд нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй 5 Б.И , Ц.Н бид нэхэмжлэгч болох ХХБ ХХК-тай үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах барьцааны гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Т, УХБ хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Учир нь барьцуулагч бид зээлийн гэрээ байгуулаагүй байхад зээлийн гэрээ байгуулсан мэтээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгасан барьцааны гэрээний бүх заалтуудад заажээ. Тиймээс барьцааны гэрээний дагуу ХХБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т миний бие ХХБ /хуучнаар УХБ/-тай 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ХЗБГ********* тоот Хялбар зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Би зээлийн гэрээний дагуу зээл болон хүүг хугацаанд нь төлж байсан боловч Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал Монгол Улсад дэлгэрч, миний бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлээ төлөх боломжгүй болсон. Тухайн үед буюу 2020 оны 3 дугаар сард миний бие Ковид-19 цар тахлын улмаас бизнес зогсож, зээлээ төлж чадахгүй болсон тул зээлийн хүүг зогсоож, зээлийн гэрээг цуцлах талаар УХБны салбарын захирал, зээлийн эдийн засагч нартай удаа дараа өөрийн биеэр уулзаж, өргөдөл, хүсэлт бичиж өгсөн. Гэтэл банкнаас зээлийн гэрээг цуцлахгүй 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Ковид-19 цар тахал, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас банкны зээлийн хүүг зогсоох талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Иймээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг банк шаардах эрхгүй юм. өөрөөр хэлбэл давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын эрсдэлийг банк, үйлчлүүлэгч нар харилцан адил хариуцах зарчмын үүднээс банк эрсдэлийн сангаас хаах бүрэн боломжтой. Иймээс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ХЗГ*********** тоот Хялбар зээлийн гэрээ нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, уг гэрээний үүрэгт 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч Б.Т нь зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэлгүй, үндсэн зээлд 26,520,100 төгрөгийг ХХБ ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тогтоож өгнө үү.

ХХБ ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ХЗГ*********** тоот хялбар зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөг олгохоос зээлийн гэрээний шимтгэл, даатгалд гэж 1,000,000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй тул шимтгэл, даатгалд төлсөн 1,000,000 төгрөгийг ХХБнаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

ХХБны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т, Б ХХК нарт холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд хариуцагч Б.Тын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Зээлдэгч Б.Т нь УХБ /одоогийн ХХБ/- тай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №ХЗГ*********** тоот Хялбар зээлийн гэрээ, ХЗБГ********* тоот Хялбар зээлийн барьцааны гэрээ, Зээлийн батлан даалтын гэрээ-г байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,60 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ дараах шаардлагуудыг гаргасан.

1. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №ХЗГ*********** тоот хялбар зээлийн гэрээ-г 2020 оны 04 дугаар сарын 01 -ны өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, зээлийн төлбөрт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 26,520,100.00 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, 1.1. Банкны зүгээс зээлдэгчид 2020 онд зээлийн төлбөр төлөх хуваарийг хойшлуулах тухай хүсэлтээ өгөх талаар хариуцагч Б.Т, Б ХХК-ийн захирал Б.О нарт утсаар болон цахим хаягаар удаа дараа мэдэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авсан. Хариуцагч нь банкинд гаргасан хүсэлтдээ зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай тусгаагүй. Банкны зүгээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад холбогдох баримт, бичгийг шаардсан боловч бүрдүүлж өгөөгүйгээс шалтгаалан өөрчлөлт оруулж чадаагүй.

1.2. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу зээлийн төлөлт хийгээгүй сараас 8 сарын хугацаатай үндсэн зээл болон хуримтлагдсан хүү төлөх хугацааг 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд хойшлуулсан.

1.3. Зээл хойшлуулсан зээлийн нэмэлт гэрээтэй танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулах тухай мэдэгдэхэд зээлийн нэмэлт гэрээтэй танилцана, зээлийн гэрээнд засах, өөрчлөх зүйл байвал хэлж өөрчлүүлнэ хэмээн зээлийн нэмэлт гэрээний нэг хувийг авч явсан боловч хариу өгөөгүй, зээлийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

2. Шимтгэл, даатгалд төлсөн 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай, 2.1 Зээлийн зардалд үйлчилгээтэй холбогдон гардаг төрөл бүрийн шимтгэл хураамжууд ордог. Шимтгэлийг тодорхой үнийн дүнгээс хувиар тооцдог бол хураамж нь тогтмол дүнгээр илэрхийлэгдсэн байдаг. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3 дугаар зүйлийн 1.3.17-д шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тогтмол дүнг ойлгоно гэж заасан байна. 2.2 Банк нь зээлдэгчид зээл судалсны зардалд дээрх шимтгэлийг тооцож авсан мөн энэхүү тооцон авсан нь Монгол банкнаас гаргасан дараах журамд нийцсэн байна. Мөн иргэний хуулийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн талуудын хооронд байгуулсан Хялбар зээлийн гэрээний 3.4, 7.2.10 дахь хэсгүүдэд зээлийн шимтгэлийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь энэхүү шимтгэлийг төлөх тухай зээлдэгчээс гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл болж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч тал нь хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-5/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6-7/, итгэмжлэл /хх-8-9/, хялбар зээл хүсэгчийн анкет /хх-10/, Хялбар зээлийн гэрээ /хх-11-12/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-13/, Хялбар зээлийн барьцааны гэрээ /хх-14-16/, Барьцаалбар /хх-17/, Зээлийн батлан даалтын гэрээ /хх-18-19/, мэдэгдэл /хх-20-21/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-22/, нотариатын нэхэмжлэх /хх-23/, итгэмжлэл /хх-68/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-125-128/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-129/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-130/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-131/, ХХБ ХХК-ийн албан бичиг /хх-132/, Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл /хх-133/, мэдэгдэл /хх-134-135/, мэдэгдэх хуудас /хх-136-137/, зээлийн дансны хуулга /хх-138-140/, зээлийн гүйлгээ хийх шийдвэр /хх-141/, итгэмжлэл /хх-142-144/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-145/, итгэмжлэл /хх-146-148/, Б ХХК-ийн тодорхойлолт /хх-149-150/, Ашигт малтмалын хайгуулын 11379 А тоот тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралт /хх-152/, тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралт /хх-153/, Худалдах, худалдан авах мастер гэрээ /хх-154/, Худалдах, худалдан авах мастер гэрээ тусгай нөхцөл /хх-155-156/, Худалдах, худалдан авах мастер гэрээ ерөнхий нөхцөл /хх-157/, Барааны нэр төрөл, үзүүлэлт, тоо ширхэг, нэгжийн үнэ /хх-158/, Хавсралт №02-№07 /хх-159-169/, Худалдах, худалдан авах мастер гэрээ тусгай нөхцөл /хх-169-171/, Хавсралт №01-№08 /хх-172-179/, зээлийн дансны хуулга /хх-180-189/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт /хх-190/, зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт /хх-191-192/, зээлийн дансны хуулга /хх-193/, Нийгмийн даатгалын лавлагаа /хх-194/, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-175/, Барьцаалбар /хх-196/, гэрээний нөхцөл, агуулгыг танилцуулсан баримт /хх-197/, зээлийн нэмэлт гэрээ /хх-198/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-199-200/, фото зураг /хх-201-202/, гар бичмэл /хх-203-204/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-205-212/, Ю ХХК-ийн төлбөрийн баримт /хх-213/, гар бичмэл /хх-214/, Улсын бүртгэлийн ерөнхий газар /хх-215/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-216/, Ажилд томилох тухай тушаал /хх-217/, итгэмжлэл /2хх-70/ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

5. Хариуцагч талаас хэрэгт хариу тайлбар /хх-30/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-32-33/, итгэмжлэл /хх-35/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-36/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-85-86/, УХБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-87-88/, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-89-90/, итгэмжлэл /хх-101/ хариу тайлбар /хх-102/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-103/, мэдэгдэх хуудас /хх-104/, Монгол улсын засгийн газрын тогтоол /хх-105/, Нийслэлийн засаг даргын захирамж /хх-106/, Монгол улсын засгийн газрын тогтоол /хх-107/, Худалдах, худалдан авах мастер гэрээ /хх-108/, Худалдах, худалдан авах мастер гэрээ тусгай нөхцөл /хх-109-112/, Захиалгын хуудасны загвар /хх-113-114/, Б.Тын дансны хуулга /хх-220-221/, MCS Coca Cola ХХК-ийн албан бичиг /2хх-69/, зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

6. Гуравдагч этгээд нараас хэрэгт итгэмжлэл /хх-94/, хариу тайлбар /хх-218/,

7. Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр улсын бүртгэлийн албан бичиг /хх-225/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-226/, Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл /хх-227-229/, Нэгтгэн нийлүүлэх гэрээ /хх-230-239/, ХХБны хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /хх-240-242/, УХБны хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /хх-243/, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын протокол /хх-244-249/, УХБны хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /2хх-1-2/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-3-10/, ХХБ хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /2хх-11-13/, ХХБны хувьцаа эзэмшигчдийн бүртгэл /2хх-14-15/, ХХБ ХХК-ийн хүсэлт /2хх-16-17/, ХХБны дүрэм /2хх-18-55/, ХХБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл /2хх-55-56/ зэргийг нотлох баримтаар цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Б.Т, Б ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,559,728 төгрөг 21 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Т нь нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, зээлийн төлбөр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 26,520,100 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, шимтгэлд төлсөн 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б ХХК-аас татгалзсан тайлбарыг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б ХХК-аас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Иргэн Б овогтой Т нь ХХБтай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №ХЗГ*********** тоот Хялбар зээлийн гэрээ,№ХЗБГ******** тоот Хялбар зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан, зээлдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 33,968,136 төгрөг, 73 мөнгө, зээлийн үндсэн хүү 14,375,921 төгрөг 81 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 205,169 төгрөг 67 мөнгө нийт 48,549,228 төгрөг 21 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох 10,500 төгрөгийг нэмж, нийт 48,559,728 төгрөгийг 21 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч байх ба үндэслэлээ ...талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргахгүй, харин зээлийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан гэж үзэж байгаа учраас энэ өдрийн байдлаар үндсэн зээлд 26,520,100 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч нь цуцлагдсан гэрээний дагуу хүү тооцох эрхгүй, ...мөн Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлан маргаж, нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоож, мөн өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 26,520,100 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан болохыг тогтоож, зээл олгохдоо шимтгэлд суутган авсан 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гарган мэтгэлцэж байна.

 

5.Хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №ХЗГ*********** тоот Хялбар зээлийн гэрээ,№ХЗБГ******** тоот Хялбар зээлийн барьцааны гэрээ зэрэг бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Хариуцагч Б.Т нь УХБ ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ХЗГ*********** дугаартай Хялбар зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг, жилийн 21,60 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор№ХЗБГ******** тоот Хялбар зээлийн барьцааны гэрээг байгуулж, Б.Т, Б.И , И.Н нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-********* дугаартай Б дүүрэг, * хороо,** хороолол ** байр ** тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулжээ./хх11-18/.

 

5.2 Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон уг гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

6.Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, 165 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдүүлэгч тал нь УХБ ХХК байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ХХБ ХХК болон УХБ ХХК нарын хооронд байгуулагдсан ***** дугаартай Нэгтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу УХБийг ХХБинд нэгтгэж, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ./1хх215, 225- 250, 2хх1-56/.

 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийн нэгтгэх гэнэ.

 

Иймд хуулийн этгээд нэгдэх замаар зээлдүүлэгч УХБ ХХК-ийн эрх үүрэг, хариуцлага ХХБ ХХК-д шилжсэн байхаас гадна нэхэмжлэгч ХХБ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагчид зээлийн гэрээний үүрэг шаардах тухай мэдэгдлүүдийг удаа дараа өгч байсныг хариуцагч хүлээн авч байсан байх тул хариуцагч талын нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй, УХБ ХХК нь ХХБ ХХК-д нэгдэж, нийлсэн талаар бидэнд мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна./хх132-137/.

 

8.Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар цуцлагдсан болохыг тогтоож, энэ өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 26,520,100 төгрөг болохыг тогтоолгох талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл гэж үзэхээр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй. /хх84-86/.

 

9. Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг цуцлах тухай саналыг нэхэмжлэгч талд хүргүүлсэн боловч энэхүү саналыг шийдвэрлээгүй, зээлийн хүү тооцож байгаа нь үндэслэлгүй гэж, ...мөн Ковид-19 цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул зээлийн гэрээний хүү төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж, өгөх цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагч нь зээлдүүлэгч талд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргаж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах талаар санал гаргасан гэж тайлбарлан, энэхүү тайлбараа нотлохоор Б.Мыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахад, тэрээр ...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б.Ттай хамт УХБ нь дээр очсон, эдийн засагч болон банкны хүмүүстэй уулзаж, гэрээний талаар ярилцана гэж байсан, Яг уулзахад нь хамт байгаагүй учраас гэрээний талаар ямар яриа болсныг мэдэхгүй гэж мэдүүлж байх тул уг мэдүүлгийг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээг цуцлах талаар санал гаргаж байсан буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. /хх87/.

 

10. Хариуцагч Б.Т нь Б ХХК-ийн хамаарал бүхий этгээд байх бөгөөд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс авсан 50,000,000 төгрөгөөр Б ХХК-ийн М-Си-Эс Кока-Кола ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийгдэх нүүрс тээврийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх зорилготой байсан боловч Ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас хил хаагдаж, уг үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл зээлийн гэрээний хувийн хэргээс ирүүлсэн баримтууд, Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэх баримтаар тогтоогдож байна. /хх-89-90, 149-244/.

 

Дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч тал нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийг хүүгийн хамт шаардах эрхтэй хэдий ч зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал хариуцагч талаас үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас үүссэн байх бөгөөд энэ талаар хариуцагч нь нэхэмжлэгч талд хүсэл зоригоо илэрхийлж байсан талаар нэхэмжлэгч маргаагүй./хх203-204/.

 

Өөрөөр хэлбэл, Хариуцагч нь нэхэмжлэгчид зээл авах хүсэлт гаргахдаа уг зээлийг Б ХХК-ийн М-Си-Эс Кока-Кола ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийгдэх нүүрс тээврийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх зорилготой талаар хүсэл зоригоо илэрхийлж, энэ талаарх холбогдох баримтуудыг зээл авах хүсэлтдээ хавсарган өгч байсан болох нь нэхэмжлэгч талаас гаргуулсан зээлийн хувийн хэргийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд уг нүүрс тээврийн үйл ажиллагаа нь Ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас улсын хилээр гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосонтой холбоотойгоор зогсонги байдалд орж, улмаар зээл төлөлтийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан тул зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүүг зогсоолгох талаар нэхэмжлэгчид хүсэл зоригоо илэрхийлж байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байна. /хх149-244/.

 

11. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлж, 2022 оны 01 дүгээс сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан хугацаа болох 2022 оны 02 дугаар 18-ны өдрийг хүртэл хугацааны хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 33,968,136 төгрөг 73 мөнгө төлөх үүрэгтэй гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.

 

Иймд хариуцагч Б.Тыг зээлийн гэрээний үндсэн төлбөрт 33,968,138 төгрөг 73 мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Энэхүү үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл нийт 48 хоногийн хүүг гэрээнд заасны дагуу тооцоход нийт 978,282 төгрөг 5 мөнгө болно.

 

12. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Т нь зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 33,968,136 төгрөг 73 мөнгийг, зээлийн хүүгийн төлбөрт 978,282 төгрөг 5 мөнгийг, нийт 34,946,419 төгрөг 23 мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

13.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох 10,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч энэхүү зардал нэхэмжлэгчээс гарсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Таас зээлийн гэрээний үүрэгт нийт 34,946,419 төгрөг 23 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, үлдэх 13,613,309 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14.Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар№ХЗБГ******** тоот Хялбар зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Т, Б.И , И.Н нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Б дүүрэг, * хороо, ** хороолол ** байр ** тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байна./хх10-18/.

 

Иймд хариуцагч Б.Т нь зээлийн гэрээний үүрэгт 34,946,419 төгрөг 23 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд Б.Т, Б.И , И.Н нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******** дугаартай Б дүүрэг, * хороо, ** хороолол ** байр ** тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

15.Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн шимтгэлд суутган авсан 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ... Банк нь зээлдэгчид зээл судалсны зардлыг шимтгэл байдлаар авдаг гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас зээлийн шимтгэлд 1,000,000 төгрөгийг суутган авсан үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь арилжааны банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй байх бөгөөд энэ хүрээнд явуулах үндсэн үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдэд зээл олгох үйл ажиллагаа юм. Иймд өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулсантай холбоотой гарсан зардлыг зээлдэгчээр төлүүлж байгаа нь үндэслэлгүйгээс гадна зээл судалсантай холбоотой ямар ямар зардлууд гарсан болохыг баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд зээл олгохдоо хариуцагчаас зээлийн шимтгэлд авсан 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан, хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 470,948 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 332,682 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг, улсн орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Б.Тад олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Таас зээлийн гэрээний үүрэгт 34,946,419 төгрөг 23 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч ХХБ ХХК-д, нэхэмжлэгч ХХБ ХХК-аас 1,000,000 төгрөгийг гаргуулан, хариуцагч Б.Тад тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 13,613,309 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Б.Т, Б.И , И.Н нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-******** дугаартай Б дүүрэг, * хороо, ** хороолол ** байр ** тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 470,948 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 332,682 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ХХБ ХХК-д, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг, улсын орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Б.Тад тус тус олгосугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА