Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00334

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04004 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Б-ХХК, Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 48,559,728 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, зээлийн гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, тус өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 26,520,100 төгрөг болохыг тогтоолгох, зээлийн шимтгэлд төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Т-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр, хариуцагч Б-ХХК, гуравдагч этгээд И-, Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Т-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т- нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Т-, И-, Н- нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205004561 дугаартай Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол 15 байр 57 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 33,968,136.73 төгрөг, зээлийн үндсэн хүү 14,375,921.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205,169.67 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 10,500 төгрөг нийт 48,559,728.21 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс батлан даалтын гэрээний үүрэг шаардаагүй учраас хариуцагч Баруун Оргил ХХК-аас татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би 50,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу зээл болон хүүг хугацаанд нь төлж байсан боловч коронавируст халдвар /ковид-19/ цар тахал Монгол Улсад дэлгэрч, миний бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлээ төлөх боломжгүй болсон. Тухайн үед ковид-19 цар тахлын улмаас бизнес зогсож, зээлээ төлж чадахгүй болсон тул зээлийн хүүг зогсоож, зээлийн гэрээг цуцлах талаар Улаанбаатар хотын банкны салбарын захирал, зээлийн эдийн засагч нартай удаа дараа өөрийн биеэр уулзаж, өргөдөл, хүсэлт бичиж өгсөн. Гэтэл банкнаас зээлийн гэрээг цуцлахгүй, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээл, хүү нийт 48,559,728 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компанийн үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдэж асар их хохирол хүлээсэн гэжээ.

 

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах барьцааны гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т-, Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Учир нь барьцаалуулагч бид зээлийн гэрээ байгуулаагүй байхад зээлийн гэрээ байгуулсан мэтээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгасан барьцааны гэрээний бүх заалтуудад заажээ. Тиймээс барьцааны гэрээний дагуу Х- ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хялбар зээлийн гэрээ нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, уг гэрээний үүрэгт 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч Т- нь зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэлгүй, үндсэн зээлд 26,520,100 төгрөгийг Х- ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тогтоож өгнө үү. Х- ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ХЗГ0901/190523 тоот хялбар зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөг олгохоос зээлийн гэрээний шимтгэл, даатгалд гэж 1,000,000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй тул шимтгэл, даатгалд төлсөн 1,000,000 төгрөгийг Х- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлдэгч Т- нь Улаанбаатар хотын банк /одоогийн Худалдаа, хөгжлийн банк/- тай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хялбар зээлийн гэрээ болон хялбар барьцааны гэрээ, зээлийн батлан даалтын гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,60 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Банкны зүгээс зээлдэгчид 2020 онд зээлийн төлбөр төлөх хуваарийг хойшлуулах тухай хүсэлтээ өгөх талаар хариуцагч Т-, Баруун Оргил ХХК-ийн захирал Б.Очбадрах нарт утсаар болон цахим хаягаар удаа дараа мэдэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авсан. Хариуцагч нь банкинд гаргасан хүсэлтдээ зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай тусгаагүй. Банкны зүгээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад холбогдох баримт, бичгийг шаардсан боловч бүрдүүлж өгөөгүйгээс шалтгаалан өөрчлөлт оруулж чадаагүй. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу зээлийн төлөлт хийгээгүй сараас 8 сарын хугацаатай үндсэн зээл болон хуримтлагдсан хүү төлөх хугацааг 2020 оны 04 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын хооронд хойшлуулсан. Зээл хойшлуулсан зээлийн нэмэлт гэрээтэй танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулах тухай мэдэгдэхэд зээлийн нэмэлт гэрээтэй танилцана, зээлийн гэрээнд засах, өөрчлөх зүйл байвал хэлж өөрчлүүлнэ хэмээн зээлийн нэмэлт гэрээний нэг хувийг авч явсан боловч хариу өгөөгүй, зээлийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Шимтгэл, даатгалд төлсөн 1,000,000 төгрөгийг гаргуулах тухайд зээлийн зардалд үйлчилгээтэй холбогдон гардаг төрөл бүрийн шимтгэл, хураамжууд ордог. Шимтгэлийг тодорхой үнийн дүнгээс хувиар тооцдог бол хураамж нь тогтмол дүнгээр илэрхийлэгдсэн байдаг. Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17-д шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тогтмол дүнг ойлгоно гэж заасан байна. 2.2 Банк нь зээлдэгчид зээл судалсны зардалд дээрх шимтгэлийг тооцож авсан нь Монголбанкнаас гаргасан дараах журамд нийцсэн байна. Мөн иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн талуудын хооронд байгуулсан хялбар зээлийн гэрээний 3.4, 7.2.10 зээлийн шимтгэлийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь энэхүү шимтгэлийг төлөх тухай зээлдэгчээс гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл болж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т-аас зээлийн гэрээний үүрэгт 34,946,419 төгрөг 23 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Х- ХХК-д, нэхэмжлэгч Х- ХХК-аас 1,000,000 төгрөгийг гаргуулан, хариуцагч Т-ад тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 13,613,309 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Т-, И-, Н- нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205004561 дугаартай Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол 15 байр 57 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 470,948 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 332,682 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х- ХХК-д, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг, улсын орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Т-ад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчид зээл авах хүсэлт гаргахдаа уг зээлийг Баруун Оргил ХХК-ийн М-Си-Эс Кока-Кола ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийгдэх нүүрс тээврийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх зорилготой талаар хүсэл зоригоо илэрхийлж, энэ талаарх холбогдох баримтуудыг зээл авах хүсэлтдээ хавсарган өгч байсан болох нь нэхэмжлэгч талаас гаргуулсан зээлийн хувийн хэргийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд уг нүүрс тээврийн үйл ажиллагаа нь ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас улсын хилээр гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосонтой холбоотойгоор зогсонги байдалд орж, улмаар зээл төлөлтийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан тул зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүүг зогсоолгох талаар нэхэмжлэгчид хүсэл зоригоо илэрхийлж байсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хариуцагчийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлж 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж 13,613,309.00 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Хариуцагчаас ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлтийн дагуу зээлийн төлөлт хийгээгүй сараас 8 сарын хугацаатай үндсэн зээл болон хуримтлагдсан хүүний төлөх хугацааг 2020 оны 04 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын хооронд хойшлуулах тухай зээлийн нэмэлт гэрээг хариуцагчид танилцуулахад хариуцагч зээлийн нэмэлт гэрээнд засах, өөрчлөх зүйл байвал хэлж өөрчлүүлнэ хэмээн зээлийн нэмэлт гэрээний нэг хувийг авч явсан боловч хариу өгөөгүй, зээлийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс үүдэн хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд нэмэлт хийж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж чадаагүй. Хариуцагч өөрийн хайхрамжгүй байдлаас үүдэн нэмэлт гэрээг баталгаажуулан, хугацаа сунгагдаагүй байдал үүссэн. М-Си-Эс Кока-Кола ХХК нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б-ХХК нь улс хооронд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаггүй, хот хооронд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан нь нотлох баримтаар нотлогдож байх тул ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас улсын хилээр гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосонтой холбоотойгоор зогсонги байдалд орж, улмаар зээл төлөлтийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан гэх үндэслэл тодорхойлогдохгүй байгаа нь хариуцагчийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/1589 дугаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас хил хаагдаж, хувийн хэргээс ирүүлсэн баримтууд, Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэх баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Нүүрс тээврийн үйл ажиллагаа Засгийн газрын 62 дугаар тогтоолоор зогссон. Мөн 2019 оны 10 дугаар сараас эхэлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогссон. Тус зээлийг Эм си эс кока кола ХХК-тай байгуулсан түүхий нүүрс тээвэрлэх гэрээний дагуу авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.а.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Т-, Б-ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 48,559,728 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буюу батлан даагч Б-ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

2.б.Хариуцагч Т- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, тус өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 26,520,100 төгрөг болохыг тогтоолгох, зээлийн шимтгэлд төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх-ийн 84-р тал/

3.а.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Т-тай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь 50,000,000 төгрөгийг, жилийн 21,60 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Т- нь зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 11-12, 138-р тал/

3.б.Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Т-, гуравдагч этгээд И-, Н- нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 15-р байр, 57 тоот, 40 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 14-15-р тал/

4.а.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

4.б.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.2-т хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Х- ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч Т-аас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

4.в.Хариуцагч Т- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 23,342,332.27 төгрөг төлж, 2020 оны 03 сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх ба 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгчид үндсэн зээл 33,968,136.73 төгрөг, хүү 14,375,921.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205,169.67 төгрөг, нийт 48,549,228.21 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 13, 22-р тал/

4.г.Нэхэмжлэгч Х- ХХК нь дээрх 48,549,228.21 төгрөг дээр шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 48,559,728.21 төгрөгийг хариуцагч Т-аас нэхэмжилсэн.

5.а.Хариуцагч Т- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг Б-ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, ковид-19 цар тахлын улмаас тус компанийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн хүү зогсоох хүсэлтийг зээлдэгчид гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх агуулгатай тайлбар гарган, татгалзлаа нотлохоор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, М си эс кока кола ХХК, Б-ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, М си эс кока кола ХХК болон Б-ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэгч Х- ХХК-д гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргажээ. /хх-ийн 89, 149-150, 154, 2хх-ийн 69-р тал/

5.б.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-т Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулна гэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам-ын 2.6, 3.1-т зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, улмаар зээлийн төлбөрийг хойшлуулах асуудлыг зээлдэгч, зээлдүүлэгч нар харилцан тохиролцож шийдвэрлэхээр тус тус зохицуулсан байна.

5.в.Нэхэмжлэгч Х- ХХК болон хариуцагч Т- нарын хувьд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, улмаар төлбөр төлөлтийг хойшлуулсан, зээлийн хүү тооцохгүй байхаар тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх зээлдэгчийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлж, нэхэмжлэлээс 13,613,309 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцээгүй байна.

5.г.Нотариатын зардал 10,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Х- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын үйлчилгээний хөлсөнд 10,500 төгрөг төлсөн болох нь хэргийн 23-р талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

5.д.Харин нэмэгдүүлсэн хүү 205,169.67 төгрөгийн хувьд хариуцагч талаас татгалзлаа нотлохоор өгсөн баримтуудыг харгалзан үзэж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-т зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Т-аас үндсэн зээл 33,968,136.73 төгрөг, хүү 14,375,921.81 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 48,354,559 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлээс 205,169 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6.а.Зээлийн гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, тус өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 26,520,100 төгрөг болохыг тогтоолгох, зээлийн шимтгэлд төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн хувьд анхан шатны шүүх зарим шаардлагыг хариуцагчийн татгалзлын үндэслэл гэж дүгнэснийг буруутгахгүй. Мөн анхан шатны шүүх шимтгэлд төлсөн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6.б.Учир нь зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос хамаарч тодорхой шалгуур үзүүлэлтийг баримталж, Монголбанкнаас баталсан журмын дагуу холбогдох аргачлалыг нийтэд ил тодорхой мэдээллэх учиртай. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч буюу зээлдэгчийг шимтгэл төлөх үүрэггүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

7.Анхан шатны шүүх хариуцагч Б-ХХК-аас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт орхигдуулсныг мөн залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04004 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 34,946,419 төгрөг 23 мөнгийг ... гэснийг 48,354,559 төгрөгийг гэж, ... 13,613,309 төгрөгийн нэхэмжлэлийг ... гэснийг 205,169 төгрөгт холбогдох хэсгийг гэж,

3 дах заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Б-ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дах заалтыг 4 гэж ... 332,682 төгрөгийг ... гэснийг 399,723 төгрөгийг гэж,

4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х- ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,016 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ