Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/04264

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ............. байрлах, А ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, С ХХК /РД:0000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 32,254,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол болох олох байсан орлого 30,000,000 төгрөг, гарсан зардал 2,254,000 төгрөг, нийт 32,254,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч С ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн .............ийн Х ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар сарын 10,000,000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээслэсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар гэрээний сунгалтыг хийсэн байдаг. Гэвч хариуцагч 2 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүмүүст үйлчилсэн зэрэг олон удаагийн зөрчил гаргасан учраас Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын 2021.10.06-ны өдрийн А/269 дүгээр тушаалаар манай компанид олгосон байсан 00/0000 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг түрээсийн гэрээг цуцалсны дараа олж мэдсэн. Хууль тогтоомж, холбогдох дүрэм журмуудыг хэдийгээр зөрчсөн хэдий ч тэрхүү зөрчлүүдээ бүрэн арилгасны үндсэн дээр тусгай зөвшөөрлөө сэргээн, шинээр авах эрхийг хуулиар бидэнд олгосны дагуу холбогдох төлбөр, торгуулийн арга хэмжээгээ барагдуулсны үндсэн дээр бидний зүгээс 2021.11.09-ний өдөр дахин тусгай зөвшөөрлөө авахаар хүсэлт өгсөн боловч хариу өгөхгүй байсаар 2022.0826-нд тусгай зөвшөөрөл шинээр олгосон. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015.12.11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам зэрэгт зааснаар энэ төрлийн тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг 21 хоногийн дотор, сунгах асуудлыг 3 хоногийн дотор тус тус шийдвэрлэж хариу өгөхөөр заасан боловч одоог хүртэл тусгай зөвшөөрлийг маань сэргээж олгохгүй байгаа ба хорио цээрийн дэглэм сулрах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас бидэнд мэдэгдсэн бөгөөд үүнээс үүдэн манай компанид маш их хохирол учирч, компанийн үйл ажиллагаагаа буюу ресторанаа ажиллуулж чадаагүй. Хэдийгээр тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ёстой хэдий ч түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас тусгай зөвшөөрөл маань цуцлагдаагүй байсан бол өнөөдрийн ийм байдал үүсэхгүй байсан ба гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2021.10.01-ний өдрөөс өргөдлийг шийдвэрлэх хүртэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан өдөр буюу 2022.02.14-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлыг түрээслэгч буюу хариуцагч С ХХК хариуцах ёстой гэж үзэж ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2022.02.14-ний өдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлагдсаны улмаас манай компани ресторанаа түрээслэх боломжоо алдаж, энэ хугацааны түрээсийн төлбөрөөр хохирсон гэж үзэж байгаа ба шинээр тусгай зөвшөөрөл авахад гэрчилгээний үнэд 2,254,000 төгрөгийг төлдөг болно. Хариуцагчийн зүгээс манай компанид гэрээ цуцлагдах үед хохиролд тооцон нэг сарын түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлсөн ба түүнийг нь хохирлоосоо хасч, мөн 2021.11.09-ний өдөр тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад өгснөөс эхлэн тооцож, Монгол Улсын Засгийн газрын 2022.02.14-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл бүтэн 3 сарын түрээсийн төлбөр болох 30,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа болно. Иймд манай компани болон С ХХК нарын хооронд 2019.10.03-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 30,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ 2,254,000 төгрөг, нийт 32,254,000 төгрөгийг С ХХК-иас гаргуулж, манай компанид олгож өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу 32,254,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэвч манай зүгээс түрээсийн гэрээний гол зүйл болох Чингэлтэй дүүрэг, .............ийн Х ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэсэн болохоос нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан 00/0000 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг манай байгууллага түрээслэж аваагүй, мөн тус тусгай зөвшөөрлийг цуцалсан өдөр нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/269 дугаар тушаалаар цуцалсан байх ба манай байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэсэн. Нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг иш татсан байх ба тус хуулийн заалт нь ...тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба манай зүгээс гэрээгээр тохирсон төлбөр түрээсийн мөнгийг цаг тухай бүрт нь төлж байсан. Тус хуулийн 318.2-т ...хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж заасны дагуу манай компанийн зүгээс зориулалтын дагуу ашиглаж үр шимийг хүртсэн. Тус хуулийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэсэн боловч манай зүгээс түрээсийн төлбөр болон, түрээслүүлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүйн дээр тус гэрээг цуцлахдаа түрээслэгч талд 10,000,000 төгрөг өгсөн байдаг. Мөн тус хуулийн 289.1.1-т хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах гэж заасан байх ба гэрээнд заасны дагуу тус обьектыг зориулалтын дагуу ашиглан буцаан түрээслэгч талд өгсөн болно. Нэгд, нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь гэрээ болон хуульд нийцэхгүй ба Иргэний хуулийн 318 дугаар зүйл 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна тус хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн тул гэрээ хүчин төгөлдөр бус, хоёрт, 00/0000 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг манай байгууллагад түрээслэсэн гэх утгыг нэхэмжлэлдээ дурдах боловч Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын 6 дугаар бүлэгт дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, 6.1.5-т Зөвшөөрөл олгосноос хойш байршлаа өөрчилсөн буюу тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн, мөн тус журмын 7 дугаар бүлэгт Худалдах, үйлчлэхэд хориглох тухай 7.4-т тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад худалдах, түрээслүүлэх, гэрчилгээг хувилж олшруулах өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулахыг хориглодог байна. Иймд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А ХХК-ийн гаргасан 32,254,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.10.03-ны өдрийн Түрээсийн гэрээ, А ХХК-ийн дүрэм, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны 2022.09.05-ны өдрийн 05/1311 тоот албан бичиг, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020.01.21-ний өдрийн А/14 тоот тушаал, тушаалын 4 дүгээр хавсралт, С ХХК-иас 2021.09.30-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд гаргасан өргөдөл, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021.10.06-ны А/269 тоот тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон тухай тушаал, хавсралтын хамт, 2022.08.26-ны өдөр А ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ төлсөн банкны баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.Б-гийн Хаан банкны 10,000,000 төгрөг төлсөн талаарх дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас зөрчлийн талаарх материал, тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой материалыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч С ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн .............ийн Х ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар сарын 10,000,000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээслэсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар гэрээний сунгалтыг хийсэн байдаг. Гэвч хариуцагч 2 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүмүүст үйлчилсэн зэрэг олон удаагийн зөрчил гаргасан учраас Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2021.10.06-ны өдрийн А/269 дүгээр тушаалаар манай компанид олгосон байсан 00/0000 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг түрээсийн гэрээг цуцалсны дараа олж мэдсэн. Хууль тогтоомж, холбогдох дүрэм журмуудыг хэдийгээр зөрчсөн хэдий ч тэрхүү зөрчлүүдээ бүрэн арилгасны үндсэн дээр тусгай зөвшөөрлөө сэргээн, шинээр авах эрхийг хуулиар бидэнд олгосны дагуу холбогдох төлбөр, торгуулийн арга хэмжээгээ барагдуулсны үндсэн дээр бидний зүгээс 2021.11.09-ний өдөр дахин тусгай зөвшөөрлөө авахаар хүсэлт өгсөн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015.12.11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам зэрэгт зааснаар энэ төрлийн тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг 21 хоногийн дотор, сунгах асуудлыг 3 хоногийн дотор тус тус шийдвэрлэж хариу өгөхөөр заасан боловч одоог хүртэл тусгай зөвшөөрлийг маань сэргээж олгохгүй байгаа ба хорио цээрийн дэглэм сулрах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас бидэнд мэдэгдсэн бөгөөд үүнээс үүдэн манай компанид маш их хохирол учирч, компанийн үйл ажиллагаагаа буюу ресторанаа ажиллуулж чадахгүй өдийг хүрлээ. Хэдийгээр тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ёстой хэдий ч түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас тусгай зөвшөөрөл маань цуцлагдаагүй байсан бол өнөөдрийн ийм байдал үүсэхгүй байсан ба гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2021.10.01-ний өдрөөс өргөдлийг шийдвэрлэх хүртэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан өдөр буюу 2022.02.14-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлыг түрээслэгч буюу хариуцагч С ХХК хариуцах ёстой гэж үзэж ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2022.02.14-ний өдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлагдсаны улмаас манай компани ресторанаа түрээслэх боломжоо алдаж, энэ хугацааны түрээсийн төлбөрөөр хохирсон гэж үзэж байгаа ба шинээр тусгай зөвшөөрөл авахад гэрчилгээний үнэд 2,254,000 төгрөгийг төлдөг болно. Хариуцагчийн зүгээс манай компанид гэрээ цуцлагдах үед хохиролд тооцон нэг сарын түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлсөн ба түүнийг нь хохирлоосоо хасч, мөн 2021.11.09-ний өдөр тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад өгснөөс эхлэн тооцож, Монгол Улсын Засгийн газрын 2022.02.14-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл бүтэн 3 сарын түрээсийн төлбөр болох 30,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа болно. Иймд 2019.10.03-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 30,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ 2,254,000 төгрөг, нийт 32,254,000 төгрөгийг С ХХК-иас гаргуулна гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: Нэгд, нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь гэрээ болон хуульд нийцэхгүй ба Иргэний хуулийн 318 дугаар зүйл 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна тус хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн тул гэрээ хүчин төгөлдөр бус, хоёрт, 00/0000 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг манай байгууллагад түрээслэсэн гэх утгыг нэхэмжлэлдээ дурдах боловч Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын 6 дугаар бүлэгт дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, 6.1.5-т Зөвшөөрөл олгосноос хойш байршлаа өөрчилсөн буюу тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн, мөн тус журмын 7 дугаар бүлэгт Худалдах, үйлчлэхэд хориглох тухай 7.4-т тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад худалдах, түрээслүүлэх, гэрчилгээг хувилж олшруулах өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулахыг хориглодог байна. Иймд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А ХХК-ийн гаргасан 32,254,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.10.03-ны өдрийн Түрээсийн гэрээ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны 2022.09.05-ны өдрийн 05/1311 тоот албан бичиг, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020.01.21-ний өдрийн А/14 тоот тушаал, тушаалын 4 дүгээр хавсралт, С ХХК-иас 2021.09.30-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд гаргасан өргөдөл, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021.10.06-ны А/269 тоот тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон тухай тушаал, хавсралт, 2022.08.26-ны өдөр А ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ төлсөн банкны баримт, М.Б-гийн Хаан банкны 10,000,000 төгрөг төлсөн талаарх дансны хуулга, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас зөрчлийн талаарх материал, тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой материал зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. А ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр С ХХК-тай Чингэлтэй дүүргийн .............ийн Х ресторан, караокег үйлчилгээний зориулалтаар 12 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг байхаар тохиролцож, түрээсийн гэрээ байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 12 сараар сунгасан байна.

6. Талууд түрээсийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг 1 удаа сунгасан, 1 сарын түрээсийн төлбөрийн хэмжээ 10,000,000 төгрөг байсан, гэрээний хугацаа дуусч, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгч буюу хариуцагч нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс үүдэн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, түүнээс учирсан хохирлыг төлөх ёстой гэж, хариуцагч нь гэрээ дууссанаас хойш тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хохирол төлсөн, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус бөгөөд тусгай зөвшөөрлийг бусад дамжуулахыг хориглодог, манайх тусгай зөвшөөрөл түрээслээгүй тул хариуцахгүй гэж маргаж байна.

7. Шүүхээс А ХХК, С ХХК нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

8. Зохигчид түрээсийн гэрээг бичгээр үйлдсэн, тухайн хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний зүйл нь ресторан, караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний талбай түрээслэх гэрээ байх тул улсын бүртгэлд заавал бүртгүүлэх шаардлага хамаарахгүй, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түрээслэсэн гэж үзэхгүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

9. Түрээсийн гэрээний хугацаанд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 9 удаагийн цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн гэх зөрчил гаргаж, тухай бүрд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан С ХХК, захирал М.Б-д торгох арга хэмжээ авчээ.

10. Түүнчлэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас цаг хэтрүүлэн ажиллаж, байнгын зөрчил гаргасан Х ресторан, караокены Спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг цуцлах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны сонсох ажиллагааны тэмдэглэлээр тусгай зөвшөөрөл цуцлах талаар хэлэлцсэн, улмаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

11. Хариуцагч С ХХК нь хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарч байгааг мэдэж байсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тусгай зөвшөөрөл цуцлахгүй байх талаар гаргасан хүсэлт, торгох хариуцлага хүлээж байсан баримтаар тогтоогдож байх тул тусгай зөвшөөрөл гэрээ дууссаны дараа цуцлагдсан тул хариуцагчид хамаарахгүй гэх татгалзал үгүйсгэгдэж байна.

12. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч А ХХК нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шинээр олгохгүй хугацаа алдсан тул нэмж 3 сарын түрээсийн төлбөрийг олох байсан орлого, тусгай зөвшөөрөл шинээр авахад төлсөн 2,254,000 төгрөгийг гарсан зардал гэж үзэн хохиролд тооцон шаарджээ.

13. Гэхдээ хариуцагч С ХХК нь гэрээ дууссанаас хойш тусгай зөвшөөрөл цуцлагдсан тул 10,000,000 төгрөгийг өөрөө сайн дураар хохиролд тооцож төлсөн биш, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 сарын төлбөрийг хохиролд тооцож, төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

14. Иймд хохирол нөхөн төлөх талаар тохиролцсон, уг төлбөрийг хариуцагч төлсөн байх тул хариуцвал зохих хохирлын хэмжээ талуудад мэдэгдээгүй байсны үндсэн дээр нэмэгдсэн гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч нь өөр түрээслэгчид тус түрээсийн талбайг 1 сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэх гэж байсан ч тусгай зөвшөөрлөөс болж цуцлагдсан талаар баримтаар нотлоогүй тул олох байсан орлогод 30,000,000 төгрөгийг нэмж гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

15. Бодитоор гарсан зардлын тухайд тусгай зөвшөөрөл нь 2 жилийн хугацаатай олгогддог бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дуусч, үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөө сунгуулах шаардлагатай байна. Иймд тусгай зөвшөөрөл сунгуулахад гарах 900,000 төгрөгийн зардал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр нэхэмжлэгчээс зайлшгүй гарах зардал тул хасч тооцох үндэслэлтэй байна.

Хэрэв хариуцагч нь түрээсийн гэрээний хугацаанд зөрчил гаргаагүй бол тусгай зөвшөөрлөө сунгуулаад явах боломжтой байсан тул шинээр авахад төлсөн 2,254,000 төгрөгөөс сунгалт хийхэд төлөх 900,000 төгрөгийг хасвал 1,354,000 төгрөгийн илүү зардал нэхэмжлэгчээс гарсан гэж үзнэ.

16. Иймд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т заасны дагуу 1,354,000 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,900,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 36,614 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь заалтыг баримтлан хариуцагч С ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,900,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36,614 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ