Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01832

 

2023.10.04 210/МА2023/01832

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02820 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“С” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохиролд 32,254,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гүнжиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баян богд плаза” үйлчилгээний төвийн “Хаадын өргөө” ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар сарын 10,000,000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээсэлсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар гэрээний сунгалтыг хийсэн.

1.2. Гэвч хариуцагч 2 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүмүүст үйлчилсэн зэрэг олон удаагийн зөрчил гаргасан учраас Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/269 дугаар тушаалаар манай компанид олгосон байсан 04/0058 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг түрээсийн гэрээг цуцалсны дараа олж мэдсэн.

1.3. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад “өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа тул тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй” гэж захирагчийн ажлын албанаас хариу өгсөн. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон, гэрчилгээний үнэд 2,254,000 төгрөгийг төлсөн.

Гэрээний хугацаа дууссан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлагдсаны улмаас манай компани ресторанаа ажиллуулах, түрээслэх боломжоо алдаж, энэ хугацааны түрээсийн төлбөрөөр хохирсон.

1.4. Хариуцагчийн зүгээс манай компанид гэрээ цуцлагдах үед хохиролд тооцон нэг сарын түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлснийг хасаж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлт гаргаснаас хойш Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл 3 сарын түрээсийн төлбөр болох 30,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.

1.5. Иймд түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 30,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ 2,254,000 төгрөг, нийт 32,254,000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, “Баян богд плаза” үйлчилгээний төвийн “Хаадын өргөө” ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг сарын 10,000,000 төгрөгөөр түрээсэлсэн болохоос нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан 04/0058 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түрээслээгүй. Мөн тус тусгай зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/269 дугаар тушаалаар цуцалсан байх ба манай байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсэлсэн.

2.2. Манай зүгээс гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг цаг тухай бүрт нь төлж, гэрээнд заасны дагуу тус объектыг зориулалтын дагуу ашиглан, түрээслүүлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүйн дээр тус гэрээг цуцлахдаа 10,000,000 төгрөг өгсөн.

2.3. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус.

2.4. Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 04/0058 дугаар тусгай зөвшөөрлийг манай байгууллагад түрээсэлсэн гэх утгыг нэхэмжлэлдээ дурдах боловч Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын 6 дугаар бүлэгт дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, 6.1.5-т “Зөвшөөрөл олгосноос хойш байршлаа өөрчилсөн буюу тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн” гэж заасан, мөн тус журмын 7.4-т зааснаар тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад худалдах, түрээслүүлэх, гэрчилгээг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулахыг хориглодог байна.

2.5. Иймд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “А “ХХК-ийн гаргасан 32,254,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь заалтыг баримтлан хариуцагч “С” ХХК-д холбогдох 32,354,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тусгай зөвшөөрөл цуцлагдсаныг 11 дүгээр сард мэдээд М.Баясааг дуудаж ирээд 11 дүгээр сарын 06-ны өдөр албан бичиг өгсөн. “Тэнгэр увидас”-тай гэрээ хийгээд сарын дотор гардаг гэнэ гэсэн. Би танд 10 дугаар сарын 06-наас 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 10,000,000 төгрөг өгье, та албан бичгээ өгчих гэж хэлсэн. 11 дүгээр сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл гарчихна гэхээр “Тэнгэр увидас” ХХК-тай гэрээ хийгээд, М.Баясаагаас 10,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 23-ны өдөр хийж өгөөд тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зураад дууссан” гэх тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл хүчингүй болсонтой холбоотой хариуцагчаас 10,000,000 төгрөгийг хохиролд тооцож авч, тооцоог 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийж дуусгасан.

Хохирлын хэмжээг талууд 10,000,000 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч хохирол төлөх үүргээ гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч дахин хохирол шаардсан нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Анхан шатны хэрэгт авагдсан рестораны тавилга, эд зүйлсийг хүлээлгэн өгч, буцаан хүлээн авсан актыг тооцоо нийлсэн акт гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй ба энэхүү баримт нь төлбөрийн тооцоо дууссан эсэхээс үл хамаарч, рестораны байрыг биетээр нь хүлээн авах, хүлээлгэн өгөх үед үйлддэг баримт бөгөөд хариуцагчийн гараар бичсэн “бүх тооцоо дуусгав” гэсэн бичвэрээр тэрхүү баримтын агуулгыг өөрчлөн тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.

4.3. Түүнчлэн анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч энэ тохиолдолд мөн хуулийн 318.5-т “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах”, 289 дүгээр зүйлийн 289.1.4-т “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” гэж заасан үүргээ түрээслэгч буюу хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон.

Тусгай зөвшөөрлийг хууль, журам зөрчсөний улмаас цуцлагдахад хүргэж, түрээсийн зүйлийг өмнө байснаас илүү муутгасан бөгөөд нэхэмжлэгч 4 сарын хугацааны түрээсийн төлбөрөөр хохирсон байхад 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх төлбөр төлснийг бүх хохирлыг барагдуулсан гэж дүгнэж байгаа нь анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэстэй.

Мөн хариуцагчийн зүгээс хохирлын асуудлыг хариуцахгүй байх үндэслэлийг Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт “Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй” гэж заасан байх ба хариуцагчийн хувьд гэрээнд заасан нөхцөл журмыг зөрчсөн болох нь баримтаар тодорхой нотлогдож байгаа тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй.

Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шинээр тусгай зөвшөөрөл гарахад хуульд зааснаар 1 сарын хугацаа шаардагдах тул энэ хугацааны төлбөр 10,000,000 төгрөгийг хохиролд тооцож төлсөн ба түүнээс хойших хугацааны буюу 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хохирол 30,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү үйл явдлыг буруу үнэлж дүгнэн, анх тусгай зөвшөөрөл 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цуцлагдсанаас хойш хорио цээрийн дэглэм цуцлагдах хүртэл буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх бүх хугацааг урьдчилан тооцоод хохирол барагдуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.4. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох Хаадын өргөө ресторан, караоке бүхий 610 м.кв талбай, доторх тавилга хэрэгсэл болон бусад эд зүйлсийг түрээслэх үнэ нь 10,000,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгчийн хувьд түрээсэлсэн эсхүл өөрөө үйл ажиллагаа явуулахаас үл хамааран сард олох ёстой орлогын доод хэмжээ 10,000,000 төгрөг болох нь ойлгомжтой байхад анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэн энэ хэмжээний орлого олох ёстой байсан гэж үзэх боломжгүй мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.

4.5. Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.7 дахь хэсэгт тус тус заасныг хэрэглээгүй нь хуульд нийцэхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “С” ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдаж, хохирол учирсан үйл баримт бүрэн нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 32,254,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, түрээслүүлэгч “А” ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбогд плаза үйлчилгээний төвийн Хаадын өргөө ресторан, караокег үйлчилгээний зориулалтаар 12 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч “С” ХХК 1 сарын түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож, гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна. Түрээсийн зүйл болох 610 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр И.Алтанцэцэг, А.Гүнжиймаа, А.Гандиймаа нар 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдэж, гэрчилгээ авсан байжээ. 

 

4. “А” ХХК болон “С” ХХК түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул мөн зүйлийн  318.4 дэх хэсэгт зааснаар уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Түрээсийн гэрээний зохицуулалтад хэлбэрийн шаардлага хангаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байхаар нарийвчлан зохицуулсан тохиолдолд Иргэний хуулийн нийтлэг зохицуулалтад хамаарах хэлцэл хүчин төгөлдөр бус байх мөн хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглэх шаардлагагүй юм. 

 

5. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд түрээсийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулж хохирол шаардах эрхгүй юм.

Түүнээс гадна уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар И.Алтанцэцэг, А.Гүнжиймаа, А.Гандиймаа нар байх бөгөөд тэдгээрийн өмнөөс олох ёстой байсан орлого шаардах эрхтэй нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч талаас гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж дүгнэнэ.

 

6. Хариуцагч нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, ресторан, караоке зэрэг үйлчилгээний зориулалтаар ашигласан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Энэхүү үйл ажиллагааг явуулахад тусгай зөвшөөрөл шаардах тул тусгай зөвшөөрөл гэрээний зүйл биш байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

Хариуцагч нь бусдын эд хөрөнгийг ашиглах явцад зөрчил гаргасан нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Зөрчлийн хэрэг бүртгэлтийн тасагт 2020 оны 03 дугаар сарын 20, 24, 05 дугаар сарын 19, 08 дугаар сарын 03-ны өдөр “Хаадын өргөө караоке, паб ажлаад байна”, “Хаадын өргөөний шил хаалга эвдсэн”, “Хаадын өргөө намайг цохичихлоо”, “Хаадын өргөө баар ажиллаад байна” гэх дуудлага тэмдэглэгдсэн,

Мөн Цагдаагийн хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн гаргасан “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаадын өргөө ресторан, караокед үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл болон түүний шийдвэрлэлтийн дэлгэрэнгүй судалгаагаар 11 зөрчилд 10 удаа торгуулийн арга хэмжээ авагдсан байдлаар тогтоогдож байна.

Улмаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 27м/1205, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 26л/1091 тоот албан бичгийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газарт явуулсан байх ба уг албан бичигт “Хаадын өргөө” караоке, ресторан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616, А/841 дугаартай захирамжийг зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцогдсон боловч зөрчил таслан зогсоогдохгүй байх тул архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагад уламжлахыг тус тус хүсчээ.

Улмаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27в/1247 тоот албан бичгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд явуулсан байх ба уг албан бичигт холбогдох байгууллагаас авсан арга хэмжээг зөрчиж цагийн хязгаарыг зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулж, Зөрчлийн туахй хуульд зааснаар хариуцлага тооцогдсон согтууруулах ундаагаар үйлчилдэг 10 аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хүргүүлсэн хавсралтын 10-д “А” ХХК-ийн Хаадын өргөө ресторан гэж тэмдэгдэгдсэн байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1396 тоот албан бичгийг хүлээн авсан “С” ХХК 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20/11 тоот албан бичгээр хариу хүргүүлэхдээ Хаадын өргөө рестораныг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг талаар тэмдэглэжээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/269 дугаар тушаалаар “А” ХХК-ийн 04/0058 тоот “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосон байна.

Хариуцагч “С” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэд “Манай компани ... Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбогд плаза байранд байрлах “А” ХХК-ийн “Хаадын өргөө” ресторан түрээслэн ажиллуулдаг. 2021 оны 07 сард зөрчил гаргаж торгуулийн арга хэмжээ авахуулсан. Ахин зөрчил гаргахгүй ажиллах болохоо амлаж байна. Иймд тусгай зөвшөөрлийг цуцлалгүй өнгөрөөж өгнө үү” гэжээ.

Дээрхи үйл баримтуудаас дүгнэвэл хариуцагч “С” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан байх тул уг тусгай зөвшөөрлийг ашиглаагүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болжээ. 

 

7. Нэхэмжлэгч нь уг тусгай зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дахин авсан байх бөгөөд ийнхүү авахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2,250,000 төгрөг, гэрчилгээний үнэд 4,000 төгрөгийг төлсөн байна.

 

8. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь тусгай зөвшөөрлийг буцааж өгөх боломжгүй болсон тул мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2,254,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02820 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь  хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч “С” ХХК-аас 2,254,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 51,014 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

     ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА