Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/02126

 

 

 

 

 

2022 09 28

181/ШШ2022/02126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Т ХХКхолбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Г.А нь нөхөр Ц.Д болон 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Миний нөхөр Ц.Д нь "Т " ХХК-д тээврийн жолоочийн албан тушаалыг хашдаг байсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орж харамсалтайгаар амь насаа алдаж, манай гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол тохиолдлоо.

Миний бие 3 хүүхдийн хамт бэлэвсэрч үлдсэн учир нөхрийнхөө ажиллаж байсан газар болох "Т " ХХК-аас үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан нөхөн төлбөрийг авахаар хүсэхэд тус ХХК-аас 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 21/09 дугаартай албан бичгээр: Танай нөхөр Ц.Д нь өөрийн буруутай үйлдлээс болж замын хажуугийн нүх рүү орон осолдож нас барсан. Энэ нь үйлдвэрлэлийн осол биш болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд танай гэр бүлд хуульд заасны дагуу нөхөн төлбөр тооцож олгох боломжгүй тул шүүхэд хандана уу. гэсэн хариуг өгсөн. Гэвч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас "Т " ХХК-д хандан Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 дэх /Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтыг баримталж Ц.Д ын уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн байна гэх дүгнэлт гаргасан байна. Гэтэл "Т " ХХК нь өнөөдрийг хүртэл талийгаач нөхрийн минь амь нас хохирсны нөхөн төлбөрийг өгөөгүй Монгол Улсын хууль, дүрмийг зөрчсөөр байна.

Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа." гэж заасныг үндэслэн манай гэр бүлд хариуцагчаас нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...талийгаач Ц.Д нь Т ХХК-д нас барах хүртлээ 1 сар хагасын хугацаанд ажилласан. Ийнхүү ажиллахдаа тус компанийн эзэмшлийн 56-18 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр нийт 9 удаа хилээр хилээр орж, гарч байсан талаарх лавлагааг авсан байгаа. Нөхөн төлбөрийн тооцооллыг гаргахдаа Т ХХК-ийн захирал Хан Лихуагийн Хаан банк дахь эзэмшлийн данснаас талийгаачийн эхнэр Г.А ын Хаан банк дахь эзэмшлийн данс руу олгосон цалингийн дунджаар гаргасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд гэх хүн хөнгөн гоомой зүйл хийж олон асуудлыг дарсан бөгөөд нэхэмжлэгч Г.А ын өгч байсан баримтуудыг аваад алга болчихсон. Т.Гүн-Ирвэд нь өөрийн гаргасан нөхөн төлбөрийн тооцоогоо тайлбарлаж өгөөгүй... гэв.

 

2. Хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

- Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дугаар тушаалаар иргэн Цогоогийн Даваанямыг тээврийн жолоочийн ажилд томилсон тушаал гарсан бөгөөд тушаалын 2 дугаар заалтаар түүний цалинг рэйсийн тоогоор /хийснээр/ тооцож олгохоор тохиролцсон. Ц.Д нь манай компанид ажилд томилогдоод 7 хонох гэж байсан бөгөөд компаниас түүнд цалин хөлс огт олгож эхлээгүй байсан юм. Гэтэл нэхэмжлэгч нь 36 сарын цалин гэж 206,388,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 1 сард хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг ямар тооцооллоор, ямар нотлох баримтаар хэрхэн ийнхүү тооцох болсон талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй байх тул үүнийг нэхэмжлэгчээс зайлшгүй тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Ц.Д нь 2020 оны 1-8 дугаар сард Хан Богд Хурд Транс ХХК-д ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн түүний эхнэр Г.А ын Хаан банк дахь эзэмшлийн дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн гэх данс нь Т ХХК болон захирал Хан Лихуагийнх биш болох нь тэдгээрийн Хаан банк дахь эзэмшлийн дансны тодорхойлолтоор тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Т ХХК-ийн зүгээс Ц.Д д цалин хөлс олгож байгаагүй.

- Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно." гэж заасан. Тус компани нь Ц.Д тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр "Хөдөлмөрийн гэрээ"-г байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний 1.6-д зааснаар "хийснээр" цалинг тооцож олгохоор талууд тохиролцсон ба 2.3-д "Ажил олгогч ажилтанд гэрээний 1.6-д заасны дагуу нэг рэйс тутамд тухайн зах зээлийн ханшаар тооцож цалин хөлс олгоно." гэж заасан байсан.

- Ц.Д нь ажилд томилогдсоныхоо дараа 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр "Т " ХХК-ийн өмчлөлийн 56-18 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Гашуун сухайт хилийн боомтоор гарах хаалганы орчим өмнөө явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх зорилгоор урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын хажуугийн нүх рүү орон осолдож нас барсан бөгөөд энэ нь түүний буруутай үйл ажиллагаанаас болсон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд түүний ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлбөрийг тооцож олгох боломжгүй байна. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2020/03482 дугаар шийдвэрийн хуулбар, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16/06/093/120 дугаартай Үйлдвэрийн ослын тухай дүгнэлтийн хуулбар, Т ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт-ийн хуулбар, Т ХХК-иас иргэн Г.А ад ирүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хариу мэдэгдлийн хуулбар, Т ХХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дугаар Ц.Д ыг ажилд томилох тухай тушаал /хувилсан/, мөн өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хувилсан/, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдэгдэх хуудас /хувилсан/, осолдсон тээврийн хэрэгслийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2-5а/07 дугаар тодорхойлолт, түүний хавсралт бүхий лавлагаа хариу, Монгол банкны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн гэх хаалтын ханш, иргэн Г.А ын Хаан банк дахь эзэмшлийн 5016067268 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Т ХХК-иас Г.А ад шилжүүлж байсан гэх цалингийн хураангүй хүснэгт, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Т ХХК-д хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/5142 дугаар Тэтгэмж олгуулах тухай албан бичиг /хувилсан/, 2008 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д.Есүгэн, 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Д.Адъяа нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, эрүүл бойжиж буй талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, Ц.Д ын нас барсны гэрчилгээний хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5-18, 45-56, 156-164/ зэргийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Т ХХК-ийн улсын бүртгэлийн 9019080108 дугаар бүхий гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, Т ХХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дугаар Ц.Д ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, мөн өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, тус ХХК-ийн эзэмшлийн 56-18 УНО улсын дугаартай, Nord benz загварын тээврийн хэрэгслийн хот хоорондын болон хотын доторх ачаа тээврийн замын хуудасны хуулбар, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдэгдэх хуудасны хуулбар, иргэн Г.А аас Т ХХК-д 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бичгээ гаргасан хүсэлт /хувилсан/, Т ХХК-ийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/81 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, түүний эх хувь, Т ХХК болон захирал Хан Лихуа нарын Хаан банк дахь эзэмшлийн дансны тодорхойлолт, Т ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 8, 9 дүгээр саруудын тайлан, тус ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг программаас хэвлэсэн хувилбар /хх-ийн 31-40, 166-178/ зэргийг гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Зам, тээврийн хөгжлийн яамнаас Т ХХК-д хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/5142 дугаар Тэтгэмж олгуулах тухай албан бичгийн хуулбар /хх-ийн 97-98/ зэргийг,

 

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Арилжааны банк /Голомт банк, Хаан банк, Чингис хаан банк, Ариг банк, Төрийн банк, Богд банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Тээвэр хөгжлийн банк, Капитрон банк/-уудад Ц.Д нь данс эзэмшдэг талаарх лавлагаа, түүний эзэмшлийн дансны 2020 оны 7 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга, мөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагааны хуулбар, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дугаартай дүгнэлтийн хуулбар /хх-ийн 83-95, 98-109, 112-117/ зэргийг бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Есүгэн, Д.Адъяа нарын хууль ёсны төлөөлөгч Г.А ын нэхэмжлэлийн шаардлагаас 15,120,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсэг буюу 191,268,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- хариуцагч Т ХХК нь миний нөхөр Ц.Д ыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тээврийн жолоочоор авч ажиллуулж байсан бөгөөд Ц.Д нь тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ буюу ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдож нас барсан тул ажилтны 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр болох 206,388,000 төгрөгийг гаргуулахаар ар гэрийн зүгээс шаардсан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

- жолооч Ц.Д нь Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл нь осолдож, улмаар өөрөө нас барсан явдал нь үйлдвэрлэлийн осол биш тул түүний ар гэрт нөхөн төлбөр олгох үндэслэлгүй, нөхөн төлбөрт шаардсан 206,388,000 төгрөгийг ямар тооцооллоор гаргасан нь ойлгомжгүй байна гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Т ХХК-д 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тээврийн жолоочоор томилогдон ажиллаж байсан талийгаач Ц.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 09 цагийн үед тус ХХК-ийн эзэмшлийн 56-18 УНО улсын дугаартай, Nord benz маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гашуунсухайт хилийн боомтын шалган нэвтрүүлэх хаалганы хажуу нүх рүү осолдож нас барсан болох нь Т ХХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дүгээр тушаалын хуулбар, мөн өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, тус ХХК-ийн эзэмшлийн 56-18 УНО улсын дугаартай, Nord benz загварын тээврийн хэрэгслийн хот хоорондын болон хотын доторх ачаа тээврийн замын хуудасны хуулбар, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16/06/093/120 дугаартай Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийн хуулбар, Т ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт-ийн хуулбар, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдэгдэх хуудасны хуулбар, осолдсон тээврийн хэрэгслийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагааны хуулбар, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дугаартай дүгнэлтийн хуулбар, талийгаач Ц.Д ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 7-8, 35-39, 105-108, 113-117, 162/, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Талийгаач Ц.Д ын нас барсан шалтгааныг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1-т ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амь насаа алдсан бол акт тогтооно гэж заасан зохицуулалтад хамаарч байгаа үндэслэлээр үйлдвэрлэлийн осол байсан гэж дүгнэсэн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16/06/093/120 дугаартай дүгнэлт хүчин төгөлдөр, хариуцагч нь уг дүгнэлтийг эс зөвшөөрч, хуульд заасан хугацааны дотор, эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй тул шүүх Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг хариуцагч талын одоо гаргаж буй тайлбараар үгүйсгэх, эсхүл дүгнэлтийг үндэслэлтэй байсан эсэхийг одоо шинжээч томилох замаар шалган тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд талийгаач Ц.Д нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас амь насаа алдсан үйл баримтыг тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.

 

5. Талуудын маргаантай энэ харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн холбогдох зохицуулалт хамаарах тул шүүхээс энэхүү маргааныг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй. /цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэнэ/

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан тул хариуцагч Т ХХК-д нөхөн төлбөр олгох үүрэг үүссэн гэж үзнэ.

6. Нэхэмжлэгч Г.А ын хувьд талийгаач Ц.Д тай хамтын амьдралтай байсан, мөн талийгаачийн төрсөн хүүхдүүд болох 2008 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Даваанямын Есүгэн, 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Даваанямын Адъяа нарын төрсөн эх мөн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2020/03482 дугаар шийдвэрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-6, 156, 159/ зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр талийгаачтай нэг ам бүлд хамтран амьдарч байсан, талийгаачийн насанд хүрээгүй төрсөн хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч болохынхоо хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан ар гэр гэх ойлголтод хамаарч, нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээд мөн гэж үзнэ.

 

7. Талууд Т ХХК болон талийгаач Ц.Д нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн эсэх, талийгаач Ц.Д нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осолдож нас барсан эсэх, талийгаачийн хамтран амьдрагч Г.А нь нөхөн төлбөрийг шаардах эрхтэй эсэх асуудлаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Харин Т ХХК-иас талийгаач Ц.Д д цалин хөлс олгож байсан эсэх, талийгаач Ц.Д ны ар гэрт нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх болон нөхөн төлбөрийн хэмжээ, тооцооллын талаар маргаж мэтгэлцсэн.

Т ХХК нь Ц.Д тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 1.6-д цалин хөлс олгох хэлбэрийг хийснээр" тооцохоор, 2.3-д энэхүү гэрээний 1.6-д заасны дагуу нэг рэйс тутамд тухайн зах зээлийн ханшаар тооцож цалин хөлс олгохоор тус тус заасан байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно." гэж заасанд нийцжээ.

Жолооч Ц.Д нь Т ХХК-тай ийнхүү хөдөлмөрийн харилцаа үүсгэснээс хойш нас барах хүртэлх хугацаанд Гашуунсухайт хилийн боомтоор 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарч, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр орсон буюу 1 удаа /рэйс хийж/ ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2-5а/07 дугаар тодорхойлолт, түүний хавсралт бүхий лавлагааны хариу /хх-ийн 16-17/ зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нөхөн төлбөрт шаардсан 206,388,000 төгрөгийн тооцооллоо ...Ц.Д нь Т ХХК-д 1 сар хагасын хугацаанд ажилласан. Ийнхүү ажиллахдаа тус компанийн эзэмшлийн 56-18 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр /хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө 8 удаа, байгуулсны дараа 1 удаа/ нийт 9 удаа хилээр орж, гарч /рэйс хийж/ байсан. Нөхөн төлбөрийн тооцооллыг гаргахдаа Т ХХК-ийн захирал Хан Лихуагийн Хаан банк дахь эзэмшлийн данснаас талийгаачийн эхнэр Г.А ын Хаан банк дахь эзэмшлийн данс руу олгосон цалингийн дунджаар гаргасан... хэмээн тайлбарлах боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримттай холбоотойгоор ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд гэх хүн хөнгөн гоомой зүйл хийж олон асуудлыг дарсан бөгөөд нэхэмжлэгч Г.А ын өгч байсан баримтуудыг аваад алга болчихсон. Т.Гүн-Ирвэд нь өөрийн гаргасан нөхөн төлбөрийн тооцоогоо тайлбарлаж өгөөгүй... гэх тайлбарыг гаргасан ч энэ нь түүнийг өөрийн шаардлагаа баримтаар нотлох үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Г.А ын Хаан банк дахь эзэмшлийн дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн гэх данс нь Т ХХК болон захирал Хан Лихуагийнх биш. Т ХХК-ийн зүгээс Ц.Д д цалин хөлс олгож байгаагүй... гэх тайлбар нь түүний шүүхэд гаргаж өгсөн Т ХХК болон захирал Хан Лихуа нарын Хаан банк дахь эзэмшлийн дансны тодорхойлолт, Т ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 8, 9 дүгээр саруудын тайлан, тус ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг программаас хэвлэсэн хувилбар /хх-ийн 171-178/ зэргээр тогтоогдож байна.

Талийгаач Ц.Д нь цалин хөлс тооцож олгох хугацаа болоогүй байхад үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан үйл баримт нь дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, үүнд талууд маргах үндэс болсон байх боловч хариуцагч компанийг Хөдөлмөрийн тухай хуулийн 60, 61, 97 дугаар зүйлүүдэд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул шүүх маргааныг дараах байдлаар шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно. гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно. гэж тус тус заасан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 5 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420,000 төгрөг байхаар шинэчилсэн тогтоосон байна.

Иймд тодорхой боловсрол, тухайлсан мэргэжил шаардагдахгүйгээр ажил гүйцэтгэлд өгч байгаа цалин хөлсний хамгийн доод хэмжээ нь 2020 онд 420,000 төгрөг байсан тул шүүх талийгаач Ц.Д ыг хамгийн багадаа мөн төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Энэ үүднээсээ түүний ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар олгох нөхөн төлбөрийн хэмжээг 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1]-гээр тооцож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээ /420,000х36=15,120,000/-ний буюу 15,120,000 төгрөгөөр тогтоох нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцнэ гэж үзлээ.

Иймд хариуцагч Т ХХК-иас нөхөн төлбөрт 15,120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч Д.Есүгэн, Д.Адъяа нарын хууль ёсны төлөөлөгч Г.А ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 191,268,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 233,550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 15,120,000 /арван таван сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч Д.Есүгэн, Д.Адъяа нарын хууль ёсны төлөөлөгч Г.А ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 191,268,000 /нэг зуун ерэн нэгэн сая хоёр зуун жаран найман мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 233,550 /хоёр зуун гучин гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН

 

 

 


[1] "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420,000 төгрөг байхаар шинэчилсэн. https://mlsp.gov.mn/content/detail/1121