Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02020

 

 

 

 

 

 

2022 11 21 210/МА2022/02020

 

Г.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/02126 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Аын нэхэмжлэлтэй хариуцагч Т.С.Т ХХК-д холбогдуулан үйлдвэрийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Г.А нь нөхөр Ц.Д болон 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Ц.Д нь Т.С.Т ХХК-д тээврийн жолоочийн ажил үүргээ гүйцэтгэж яваад 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр осолд орж, амь насаа алдсан. Т.С.Т ХХК талийгаач өөрийн буруутай үйлдлээс болж замын хажуугийн нүх рүү орон осолдож нас барсан, үйлдвэрлэлийн осол биш болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр хуульд заасны дагуу нөхөн төлбөр тооцож олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэвч Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1 дэх заалтыг баримтлан уг ослыг үйлдвэрлэлийн осол мөн гэх дүгнэлт гаргасан. Гэтэл Т.С.Т ХХК нь өнөөдрийг хүртэл Ц.Дын амь нас хохирсны нөхөн төлбөрийг өгөөгүй хууль зөрчсөөр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг үндэслэн хариуцагчаас нөхөн төлбөр 206,388,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Т.С.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дүгээр тушаалаар иргэн Ц.Дыг тээврийн жолоочийн ажилд томилсон. Тэрээр ажилд томилогдоод 7 хонох гэж байхад осолд орж нас барсан бөгөөд компаниас түүнд цалин хөлс олгож эхлээгүй байсан. Иймээс нэхэмжлэгч нь 36 сарын цалин гэж 206,388,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэг сард хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг ямар тооцоолол, нотлох баримтаар тооцсон нь ойлгомжгүй. Ц.Д нь 2020 оны 01-08 дугаар саруудад Хан богд хурд транс ХХК-д ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн түүний эхнэр Г.Аын Хаан банкин дахь эзэмшлийн дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн гэх данс нь Т.С.Т ХХК болон захирал Хан Лихуагийнх биш болох нь тэдгээрийн Хаан банкин дахь эзэмшлийн дансны тодорхойлолтоор тогтоогддог. Тус компаниас Ц.Дтай байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээний 1.6-д хийснээр цалинг тооцож олгохоор тохиролцсон ба 2.3-д ажил олгогч ажилтанд гэрээний 1.6-д заасны дагуу нэг рэйс тутамд тухайн зах зээлийн ханшаар тооцож цалин хөлс олгоно гэж заасан байсан.

2.б. Ц.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр "Т.С.Т ХХК-ийн өмчлөлийн 5618 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Гашуун сухайт хилийн боомтоор гарах хаалганы орчим өмнөө явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх зорилгоор урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын хажуугийн нүх рүү орон осолдож нас барсан бөгөөд энэ нь түүний буруутай үйл ажиллагаанаас болсныг эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд түүний ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлбөрийг тооцож олгох боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасныг баримтлан хариуцагч Т.С.Т ХХК-аас 15,120,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч Д.Есүгэн, Д.Адъяа нарын хууль ёсны төлөөлөгч Г.Аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 191,268,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.С.Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 233,550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэлээгүй. Учир нь Ц.Дыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалин хөлстэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин хөлсөөр тооцох зохицуулалт байхгүй.

4.б. Шүүх талийгаачийг цалин тооцож олгох хугацаа болоогүй байхад амь насаа алдсан тул дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлох боломжгүй болголоо гэж үзсэн нь алдаатай. Цалингаа авалгүй амь насаа алдахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингаа аваад амь насаа алдахад 36 ба түүнээс дээш сарын цалин авна гэж Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлаж байгаатай адил.

4.в. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 49.3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн жолооч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих боломжгүй. Учир нь талийгаачийг ажилд томилох тушаал гарахаас өмнө хариуцагчийн өмчлөлийн *** УНО тээврийн хэрэгслээр нийт 9 удаа тээвэрлэлт хийсэн бөгөөд 8 сарын хөдөлмөрийн хөлсөнд 6,178,220 төгрөг авч байсан. Энэ тухай баримт хавтаст хэргийн *** дугаар хуудсанд авагдсаныг анхан шатны шүүх үнэлээгүй. Хариуцагч компанид ажилладаг бусад тээврийн жолоочийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг тодорхойлж тухайн хэмжээгээр нөхөн төлбөрийг бүрэн тооцох боломжтой байсан.

4.г. Хариуцагч талийгаачийг ажилд томилохдоо 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдийг зөрчсөн тушаал гарсан. Иймд тушаал хууль зөрчсөнөөс үүдэн хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох боломжгүй байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга: Шүүх нэхэмжлэгчийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж хэргийг зөв шийдвэрлэсэн. Бид үйлдвэрлэлийн осол биш, зам тээврийн осол байсан гэж маргасан. Гэхдээ хүний амь нас хохирсон учраас Т.С.Т ХХК давж заалдах гомдол гаргахгүй, шүүхийн шийдвэрлэсэн 15,120,000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Иймд манай талаас давж заалдах гомдол гаргаагүй. Дээрх мөнгийг төлөхийг хариуцагч компани төлөхөд бэлэн байгаа болохыг хэлэх нь зүйтэй. Бусад жолооч нарын авч байгаа цалин хөлсний хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэмжээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Талийгаачийн өмнөх компанийн асуудал Т.С.Т ХХК-д хамааралгүй гэж дүгнэсэн. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 36 сараар тооцож 15,120,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Т.С.Т ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийн хамтран амьдрагч болох Ц.Д нь Т.С.Т ХХК-д тээврийн жолоочийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр осолд орж нас барсан байх ба уг ослыг Т.С.Т ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад үйлдвэрлэлийн осол биш гэж дүгнэсэн боловч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16/6/093/120 дугаар дүгнэлт гаргаж, үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоожээ. (хэргийн 7, 162 дахь тал)

 

4. Хариуцагч Т.С.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 дүгээр тушаал, хөдөлмөрийн гэрээг үндэслэн Ц.Дыг тээврийн жолоочоор ажиллуулсан байх бөгөөд Ц.Д 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нүүрс тээвэрлэн Монгол Улсын хилээр гарч, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр буцаж орсон талаарх Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, хот хоорондын болон хотын доторх ачаа тээврийн замын хуудас хэрэгт авагдсан байна. (хэргийн 16-17, 35, 36-37, 38 дахь тал)

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн) 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т ажил олгогч нь үйлдвэрлэлийн осолд өртсөн шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан.

 

6. Анхан шатны шүүх талийгаач Ц.Дд цалин хөлс тооцож олгох хугацаа болоогүй байхад нас барсан учир түүний дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлох боломжгүй гэж дүгнэж, 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас нөхөн төлбөрт 15,120,000 (420,000*36) төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Тодруулбал, Ц.Дын хөдөлмөрийн гэрээний 1.6-д цалинг хийснээр тооцох, 2.3-т нэг рэйс тутамд тухайн зах зээлийн ханшаар тооцож цалин хөлс олгохоор тус тус заасан байх бөгөөд хариуцагч талаас талийгаачийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр рэйс хийсэн, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дараагийн рэйс хийх үедээ осолдсон гэж тайлбарласныг шүүх анхаараагүй байна.

 

7. Үүнээс гадна нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5016067268 тоот дансанд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд хийгдсэн 8 удаагийн орлогын гүйлгээний утгад 5618 гэж талийгаачийн ажил үүргээ гүйцэтгэж байсан тээврийн хэрэгслийн дугаарыг тусгасан байх ба эдгээр төлбөрийг шилжүүлсэн дансны эзэмшигч хэн болох, уг төлбөрүүд талийгаачийн цалин хөлсөнд хамаарах эсэх нь тодорхой бус, уг нөхцөл байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна. (хэргийн 45-54 дэх тал)

 

8. Иймээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл тодорхой бус, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/02126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА