Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/02497

 

 

 

 

 

2022 11 04

181/ШШ2022/02497

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  НШШГГ -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хатан-Ундрах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Жанрайс трейдинг ХХК-д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1497 дугаартай шийдвэр гарсан байдаг.

Тус шүүхийн шийдвэрээр 162,233,093.83 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Бид тухайн төлбөрийг Ковид 19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан төлж амжаагүй, санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон байгаа бөгөөд миний нөхөр Д.Төмөрхүү болон Б.А миний өмчлөлийн төлбөрт хураагдсан Ү-2204032637 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 56 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 173 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц, мөн зоорийн давхрын мөн тоот хаягтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт НШШГГ /НШШГГ/-аас үнэлгээ хийсэн бөгөөд бидний өмчлөлийн 6 өрөө орон сууц, авто зогсоолын хамт 350,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-151/11113 албан бичгээр НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Т.Баттүшиг мэдэгдсэн.

Тус орон сууц болон авто зогсоолыг зах зээлийн үнээс багаар үнэлж, худалдан борлуулах гэж байгаа байдал нь надад дэндүү хохиролтой байгаа тул гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, тухайн орон сууц болон авто зогсоолд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй үнэлгээний тайлангаа гаргасан болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байдаг. Үүнд миний өмч цаашлаад амьдрал яригдаж байгаа тул гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу НШШГГ-ын Файн эстимэйт ХХК-иар хийлгүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус үнэлгээ нь бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй, хэт бага үнээр үнэлсэн, миний эрх ашгийг хохироож байна.

Иймд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-151/11113 дугаартай мэдэгдлээр танилцуулсан бодит бусаар зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1497 дугаар шийдвэрээр Жанрайс трейдинг ХХК-иас 162,233,093.83 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Жанрайс трейдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл гардуулахад биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Y-2204032639 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 56 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 173 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоож, үнэлгээний тайланг талуудад танилцуулан тайлангийн хуулбар болон үнэлгээний мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь орон сууцны м.кв-ыг 2,000,000 төгрөг гэдэг боловч шинжээч үүнээс илүү үнээр үнэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан байна. гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хатан-Ундрах нь хариуцагчийн татгалзлыг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдаж, үнэлгээ тогтоолгосон барьцаа хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч талаас зах зээлийн үнэлгээнээс хэт дээгүүр үнэлгээ өгсөн тул Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу үнэлгээ хийгдсэн. Энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

4.1. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32022/00049 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбар, 181/ГХ2022/00008 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2021/01497 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-151/11113, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-180/13023 дугаартай мэдэгдлүүд, Файн эстимэйт ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7/26 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 4-38, 43-44/ зэргийг гаргаж өгсөн.

 

4.2. Хариуцагчаас нотлох баримтаар: Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн 22280157 дугаартай материалаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2021/01497 дугаартай шийдвэр, тус шүүхийн 181/ГХ2022/00008 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 22280157 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлүүд, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 22280157/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Ү-2204032637 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 22280157/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Б.А , Д.Төмөрхүү нарын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гаргасан хүсэлтүүд, үнийн санал, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5/146 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Файн эстимэйт ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрийн тэмдэглэлүүд, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-151/11113 дугаартай мэдэгдэл /хх 72-126/ зэргийг хуулбарлан гаргаж өгсөн.

 

4.3. Гуравдагч этгээдээс нотлох баримтаар: өөрийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2021/01497 дугаартай шийдвэр, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32022/00049 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбар, 181/ГХ2022/00008 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын хуулбар /хх 59-68/ зэргийг гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч НШШГГ т холбогдуулан Файн эстимэйт ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн бөгөөд гуравдагч этгээд хариуцагчийн татгалзлыг дэмжсэн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.1. Жанрайс трэйдинг ХХК-иас 161,129,097.83 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1,103,996 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2021/01497 дугаар шийдвэрт 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 181/ГХ2022/00008 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж байна. /хх 4-13, 63-68, 73-78/

 

6.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.А , Д.Төмөрхүү нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032637 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 56 дугаар байрны 09 тоотын 173 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц, зоорийн давхрын 09 тоотын 18 м.кв талбай бүхий автозогсоолыг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 22280157/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 22280157/08 дугаар тогтоолоор хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5/146 дугаар тогтоолоор Н.Цолмонгэрэлийг шинжээчээр томилж үнэлүүлсэн байна. /хх 15-38, 79-123/

6.3. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 350,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд НШШГГ нь уг үнэлгээний тайланг төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал болох өмчлөгч Б.А , Д.Төмөрхүү нарт 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр танилцуулж, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-151/11113 дугаар үнэлгээний мэдэгдлийг, тайлангийн хамтаар гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх 14, 124-126/

 

7.1. Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан, шинжээч томилсон ажиллагаанд хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй байх тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчээс эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд энэхүү гомдлоо 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

7.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Иймээс хуульд заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

8.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно. гэж заасан.

 

Шинжээч хөрөнгийн үнэлгээг гаргахдаа жишиг үнийн аргыг ашиглаж, тухайн үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээг 350,000,000 төгрөгөөр тодорхойлжээ.

Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлохдоо шинжээч хуульд заасан журмын дагуу тухайн хөрөнгийн шинж, онцлог байдал зэргийг харгалзан үзэж дүгнэлтээ гаргасан байх тул нэхэмжлэгчийн ... зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинжээчээс хуульд заасны дагуу шинжээчээр оролцоход татгалзах болон оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх, шинжээчийн мэргэжил, ур чадвар зэргийг тодруулж, мөн өдрөө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4 дэх хэсэгт заасан эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тайлбарлаж өгсөн байх ба уг ажиллагааны талаар тэмдэглэл хэрэгт баримтаар авагдсан байна. /хх 97-98/

 

8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон дүгнэлтийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлохыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй болно.

 

Иймд Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул Б.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2204032637 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 56 дугаар байрны 09 тоотын 173 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц, зоорийн давхрын 09 тоотын 18 м.кв талбай бүхий автозогсоолыг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН