Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00175

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/02497 дугаар шийдвэртэй Б.А-ийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 дугаартай шийдвэрээр 162,233,093,83 төгрөгийг Х- ХХК-д олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төлж амжаагүй, санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон бөгөөд миний нөхөр Д.Т болон миний өмчлөлийн төлбөрт хураагдсан 00000000000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол,0 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 173 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц, мөн зоорийн давхрын мөн тоот хаягтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт Н-с үнэлгээ хийсэн бөгөөд бидний өмчлөлийн 6 өрөө орон сууц, авто зогсоолын хамт 350,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-151/11113 албан бичгээр мэдэгдсэн. Тус орон сууц болон авто зогсоолыг зах зээлийн үнээс багаар үнэлж, худалдан борлуулах гэж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу Н-с Ф- ХХК-иар хийлгүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус үнэлгээ нь бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй, хэт бага үнээр үнэлсэн. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Ж-н ХХК-иас 162,233,093.83 төгрөгийг гаргуулж Х- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж-н ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл гардуулахад биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, авто зогсоолын хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоож, үнэлгээний тайланг талуудад танилцуулан тайлангийн хуулбар болон үнэлгээний мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь орон сууцны 1 м.кв 2,000,000 төгрөгөөр тооцсон боловч шинжээч уг үнээс илүү өндөр үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдаж, үнэлгээ тогтоолгосон барьцаа хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч талаас зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлгээ өгсөн тул Х- ХХК-ийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу үнэлгээ хийгдсэн. Тус үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн 00000000000угаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 0 дугаар байрны 0 тоотын 173 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц, зоорийн давхрын 0 тоотын 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг үнэлсэн. Ф- ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Н-с Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заалтыг үндэслэн шинжээч томилж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 0 дугаар байрны 0 тоот 173 м.кв талбай 6 өрөө орон сууц, зоорийн давхарын 9 тоот 18 м.кв талбайтай авто зогсоолыг 350.000.000 /гурван зуун тавин сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-дахь хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргасан. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь хотын А зэрэглэлд байршилтай зах зээлийн эрэлт ихтэй бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан орон сууц байхад олон жилийн өмнө худалдаж авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй. Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.А нь Н-т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00000 дугаар шийдвэрээр Ж-н ХХК-аас 161,129,097.83 төгрөг гаргуулж Х-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б.А, Д.Т нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Ж-н ХХК шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Х-ХХК-ийн хүсэлтээр Н төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 173 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц болон мөн хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв авто зогсоолыг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.

Төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Х-ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Н- нь Ф- ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Ф- ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ бодит бус, зах зээлийн үнэд нийцээгүй, хэт бага үнээр үнэлсэн гэх боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж зааснаар мэтгэлцэх зарчмыг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийжээ. Иймд энэ талаархи гомдол үндэслэлгүй болно.

4.2. Нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэргийг шийдвэрлэх хүртэлх 5 сарын хугацаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгч аваагүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул шүүх өмгөөлөгч авах эрхийг олгоогүйгээс хууль эрх зүйн туслалцаа авч чадаагүй гэх гомдол үндэслэлгүй болно.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/02497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.БЯМБАСҮРЭН