Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02585

 

 

 

 

 

2022 11 14

181/ШШ2022/02585

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц.Ч -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  НШШГГ т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Ч , түүний өмгөөлөгч: Э.Ж, Б.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч НШШГГ т холбогдуулан тус газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалтай холбоотой Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба энэхүү хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 614 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" маргаан хэмээн үзэж эцэслэн шийдвэрлэсэн.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний бие 2007 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар НШШГГ т шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Би энэхүү тушаалыг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.Ч г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны 5 сар 9 хоногийн цалин 4,011,824 төгрөгийг гаргуулан олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр намайг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Миний бие 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүйтэй холбоотой /эрүүл мэндийн болон нийгмийн даатгал шимтгэл/ шимтгэл бичилтүүдийг хийлгэхээр гомдол гаргахад тус гомдлын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Р.Энхтайван 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар миний ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхээр болсон боловч өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийгээгүй болно.

Дээрх үйл баримттай холбоотой миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нарт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, бусад холбогдох бүх удирдлагуудад удаа дараа хандаж байсан хэдий боловч тухай бүр шийдвэрлэж өгнө гэдэг ба өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгсөн зүйл байхгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав нарт дахин хүсэлт гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8532 тоот албан бичгээр шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа С.Батбямбад хандсан талаар 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1/9586 тоот албан бичгээр хариу өгсөн байдаг.

Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа С.Батбямбад 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хандахад 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 06/1308 дугаар албан бичгээр төрийн буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөрийн сангаас гаргах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхөд шүүхийн шийдвэр шаардлагатай тул холбогдох хууль журмын дагуу хүсэлт гаргана уу гэсэн хариу өгсөн байдаг.

НШШГГ нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин олгох тухай шийдвэрлэж өгнө гэж тушаал гаргасан боловч эцэслэн шийдвэрлэж өгөхгүй олон жил сунжирч байгаад маш их гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулахыг даалгаж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаал нь үндэслэлгүй гарсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, уг тушаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн заасан 6.3.1, 126 дугаар зүйлийн 126.1.2-т тус тус заасныг үндэслэсэн гэх боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, гүйцэтгэх хуудас олгогдоогүй байдаг. Мөн тушаалын 1 дэх заалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2019/3208 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэж биелүүлэхийг нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Гэтэл 2019 оны энэхүү шүүгчийн захирамжид дурдсан 4,011,824 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлчихсөн. Иймээс уг тушаал хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/756 дугаар Тушаал хүчингүй болгож, албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар Ц.Ч д нөхөн олговор олгох тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралт бүхий Баянгол дүүргийн 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч гийн шүүхийн төлбөрийг 2020 онд төлөх хуваарь, шийдвэр гүйцэтгэгч Цамба Чинтуяа цалингийн картын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1/9586 тоот өргөдлийн хариу албан бичгийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8532 тоот Мөнгөн хөрөнгө шийдвэрлүүлэх тухай албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 06/1308 тоот өргөдлийн хариу албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5903 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 614 дүгээр Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай тогтоолын хуулбар, уг тогтоолыг оролцогчдод гардуулсан талаарх баримт №14-ийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00204 дүгээр захирамжийн хуулбар /хх 5-32, 46-47/ зэргийг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас нотлох баримтаар: 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №00000330 төлбөрийн хүсэлт, цалин олгох хүснэгтийн хуулбар /хх 44-45/ зэргийг гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч НШШГГ т холбогдуулан тус газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардагыг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29ий өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэр /хх 6-15/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоол /хх 16-19/-оор Ц.Ч г шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халж, цэргийн дэслэгч цолыг хураасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгож, Ц.Ч г Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны 5 сар 9 хоногийн цалин 4,011,824 төгрөгийг гаргуулан олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгажээ.

 

Дээрх шийдвэрээр Ц.Ч д 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин /цолны нэмэгдэл/-д 4,011,824 төгрөгийг олгохоор заасны дагуу уг цалинг тооцож түүнд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон /хх 44-45/ байна.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/756 дугаар тушаал /хх 20/ гаргаж, Ц.Ч г 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 2 дугаар тасгийн 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгохоор заасан.

 

Ц.Ч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 9 дүгээр сараас ажилдаа эгүүлэн томилогдсон 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,422,542 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дараа тэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэлд дурдсан асуудлыг шийдвэрлэж өгсөн хэмээн нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус шүүх 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00204 дугаар шүүгчийн захирамж /хх 46-47/-аар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар Ц.Ч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй боловч одоо НШШГГ т холбогдуулан тус газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг харьяаллын дагуу /хх 27-31/ гаргасан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан болно.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаал, хавсралт /хх 21-23/-ын 1 дэх заалтад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2019/3208 шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүргийн 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Ч д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгосугай. 2 дахь заалтад, Дэслэгч Ц.Ч д олгох 8,389,640 /найман сая, гурван зуун наян есөн мянга, зургаан зуун дөчин/ төгрөгийг хуваарийн дагуу зохих зардлаас гаргахыг ахлах нягтлан бодогч /ахмад Ж.Цэрэнмаа/-д зөвшөөрсүгэй. гэж тус тус заасан ба уг төлбөрөөс 3,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, үлдэх 5,389,639.6 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр тус тус төлөх хуваарийг баталжээ.

 

Гэвч дээрх төлбөр өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Ц.Ч д төлөгдөөгүй гэх бөгөөд тэрээр өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар НШШГГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, холбогдох удирдлагуудад удаа дараа /хх 24-25/ хандаж байсан хэдий ч шийдэж өгөөгүй, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 06/1308 дугаар албан бичиг /хх 26/-ээр ...өргөдөлд заасан хугацааны цалинг төрийн буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөрийн сангаас гаргах, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөд шүүхийн шийдвэр шаардлагатай тул холбогдох хууль журмын дагуу хүсэлт гаргана уу. гэх хариуг өгсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаал нь үндэслэлгүй гарсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хүчин төгөлдөр бус... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй болно[1].

Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаан байх тул шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд энэхүү гомдлоо гаргасан гэж үзвэл шаардлага хуулийн үндэслэлтэй эсэхийг хянах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Ч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалын биелэлттэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаа өнгөрсөн хойно буюу 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Ийнхүү нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хянах нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болох үр дагавартай тул шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгахыг хүссэн Ц.Ч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаартай тушаалыг биелүүлэхийг даалгахыг хүссэн Ц.Ч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.БИЛГҮҮН

 

 

 

 


[1] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй., мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. гэж тус тус заасан.