Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00201

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00201

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02585 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, түүний өмгөөлөгч Э.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр энэхүү тушаалыг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 3 шатны шүүхээр хянагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны 5 сар 9 хоногийн цалин 4,011,824 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр намайг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилсон байдаг. Харин ажилгүй байсан 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны олговорын талаар гомдол гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Р.Энхтайван 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар миний ажилгүй байсан хугацааны цалин 8,389,640 төгрөгийг олгохоор болсон боловч өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг олгоогүй болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Л-, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д-, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа С.Батбямба нарт энэ талаар хандахад шүүхийн шийдвэр шаардлагатай тул холбогдох хууль журмын дагуу хүсэлт гаргана уу гэсэн хариу өгсөн.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулахыг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны цалин 8,389,640 төгрөгөө авах хүсэлтэй байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаал нь үндэслэлгүй гарсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, уг тушаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн заасан 6.3.1, 126 дугаар зүйлийн 126.1.2-т тус тус заасныг үндэслэсэн гэх боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, гүйцэтгэх хуудас олгогдоогүй байдаг. Мөн тушаалын 1 дэх заалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2019/3208 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэж биелүүлэхийг нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Гэтэл энэхүү шүүгчийн захирамжид дурдсан 4,011,824 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлчихсөн. Иймээс уг тушаал хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ тушаалыг хүчингүй болгосон асуудал байхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаартай тушаалыг биелүүлэхийг даалгахыг хүссэн А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он)-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан маргаантай холбоотой гомдол гаргаагүй буюу дээрх маргаантай холбоотой гомдол нь шийдвэрлэгдсэн болох нь баримтаар тогтоогдсон.

Шүүхийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан ...гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй хэмээн тайлбарлахдаа хууль хэрэглээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг заалт нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ямар нэгэн байдлаар маргаан гарсан эрх нь зөрчигдсөнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах хугацааг тодорхойлж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргаантай холбоотой асуудлыг өмнө нь хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн ба шийдвэрлэсэн тушаалаа биелүүлээгүй байгаатай холбоотой биелүүлэхийг даалгах юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны Б/13 дугаар тушаалын биелэлтийг хангуулахаар удирдлагадаа удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан ба нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд шийдвэрлэж өгөөгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний маргаантай холбоотой асуудлаа шийдвэрлүүлж холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх зөрчигдсөн эрхээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны Б/13 дугаар тушаалаар сэргээлэгсэн нөхцөл байдал тодорхой бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалын 1 дэх хэсэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 3208 дугаар 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 534 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг дурдсан. Тухайн шийдвэрээр гаргуулахаар тогтоосон төлбөрөөс 4,011,824 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэгчийн шаардаж байгаа 8,389,640 төгрөгтэй холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй, гүйцэтгэх хуудас бичигдээгүй тул энэ мөнгийг төлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А-г Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,011,824 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна /хх 6-19/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/756 тушаалаар дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, А-г 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 2 дугаар тасгийн 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилж, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,011,824 төгрөгийг олгосон /хх 44-45/.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүйгээс үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

4.1 Нэхэмжлэгч шүүхэд 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаан дахь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,422,542 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар түүнд 8,389,640 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

Уг тушаалтай холбогдуулан А- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан олговорт 8,422,542 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00204 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /хх 46-47/.

 

4.2 Өөрөөр хэлбэл, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч нь нэхэмжлэгчид олгохоор Б/13 тоот тушаалаар шийдвэрлэсэн, тушаал хүчинтэй байна.

 

4.3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8532 тоот албан бичгээр А-гийн өргөдлийг шийдвэрлэх зориулалт бүхий мөнгөн хөрөнгө байхгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/9586 тоот албан бичгээр мөнгөн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргад хандсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06/1308 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг төлөхөд шүүхийн шийдвэр шаардлагатай тул холбогдох хууль, журмын дагуу хүсэлт гаргах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Иймд уг Б/13 тоот тушаал биелэгдээгүй болох нь тогтоогджээ.

 

4.4 Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн 8,389,640 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй томьёолсон тохиолдолд хуульд нийцүүлэн түүний шаардах эрхийг тодорхойлох боломжтой тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/13 дугаар тушаалд заасан 8,389,640 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан гэж дүгнэлээ.

 

5. Иймд нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч шаардсан байх тул хариуцагчаас 8,389,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 8,389,640 төгрөгт төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол 149,184 төгрөг байхад тэрээр 70,200 төгрөг төлсөн тул төлөгдөөгүй 78,984 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

6. Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 8,389,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 78,984 төгрөгийг гаргуулан улсын орлогод, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 149,184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ