Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/04412

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/04412

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо тоотод оршин суух О овогт Х.Л /РД:/

           

Хариуцагч Баянгол дүүрэг 7 дугаар хороо ... тоотод оршин суух Б овогт Ш.Г /РД: /

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги 63,690,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Х.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагч Ш.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, гэрч Ц.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Л нь хариуцагч Ш.Г-д холбогдуулан 63,690,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлөхөөр хариуцагч тохирсон. Энэ гэрээний дагуу төлөх мөнгийг хариуцагчийн охин Г.С зээлж авсан ба үүнийг хариуцагч төлөхөөр үүрэг хүлээсэн.

 

1.2. Дээрх мөнгөний 20,000,000 төгрөгийг Г.С нь 2021 оны 10 дугаараас сараас эхлэн бага, багаар зээлж авсан бөгөөд зээлээ огт төлөөгүй. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Г.С нь байр барьцаалж зээл авъя гэсний дагуу түүний Б.Б гэх хүнээс авсан зээл, зээлийн хүү, алданги 16,000,000 төгрөгийг төлж, байрыг барьцаанаас чөлөөлсөн. Үүн дээр нэмээд 14,000,000 төгрөг зээлэхээр болж, ээж Ш.Г-ийн дансанд шилжүүлсэн.

 

1.3. Г.С-ийн 50,000,000 төгрөгийн зээлийг ээж Ш.Г нь төлөхөөр тохирч зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу огт төлбөр төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээл 50,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг, алданги 4,690,000 төгрөг нийт 63,690,000 төгрөгийг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тухайн мөнгийг хүлээн авч, ашиглаагүй, уг мөнгийг охин Г.С авсан.  

 

2.2. Г.С-ийн аав Н.Г-ийн байрыг барьцаалах итгэмжлэл надад байсан бөгөөд уг байрыг 15,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, Г.С зээл авсан байсан. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр над дээр Г.С ирээд “Х.Л дарамтлаад, би шоронд орох гээд байна, аавын байрыг барьцаалъя” гэхэд нь би зөвшөөрөөгүй боловч Г.С, Х.Л нар намайг хүчээр авч яван нотариат орсон ба Г.С-ийн зээлд 16,000,000 төгрөг төлж, байрыг барьцаанаас чөлөөлсөн. Ингээд 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би найзтайгаа архи уугаад согтуу байсан, хэдий хэмжээний зээл авсан, ямар гэрээнд гарын үсэг зурж байгааг мэдээгүй.

 

2.3. Тухайн өдөр миний дансанд 14,000,000 төгрөгийг Х.Л шилжүүлсэн, үүнээс 1,000,000 төгрөгийг Х.Л буцаан шилжүүлж авсан, үлдсэнийг Г.С-д шилжүүлсэн. Өмнө нь Х.Л-ээс хэдэн төгрөг зээлснийг мэдэхгүй, энэ мөнгийг авч ашиглаагүй тул төлөх үндэслэлгүй гэжээ.    

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэх хуудас, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Н.Г-аас Ш.Г-д олгосон итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Г--ийн бичсэн гэх гар бичмэл, Хаан банкны депозит дансны хуулгууд, “*” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 4-7, 9, 27-48, 94-96 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 20-21 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгч талаас хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Ө.М-аас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 159, 161-164 дугаар тал/

 

6. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Ц.Э, Г.С нараас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл  /ХХ-ийн 83-87, 167-171 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний мөнгийг хариуцагчийн охин Г.С авсан. Энэ мөнгийг ээж Ш.Г төлөхөөр өөрөө зөвшөөрч гэрээ байгуулсан. Хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг, алданги 4,690,000 төгрөг нийт 63,690,000 төгрөгийг шаардаж байна. Уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.    

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Г.С-ийн зээлсэн 50,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй, ашиглаагүй. Энэ бол Г.С, Х.Л нарын хоорондын мөнгөний тооцоотой холбоотой, надад хамаагүй. Гэрээ хийсэн өдөр би согтуу байсан учраас ямар гэрээнд гарын үсэг зурснаа мэдэхгүй, энэ мөнгийг охин Г.С хариуцах ёстой гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Талууд 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “зээлийн гэрээ” нэртэй гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр Ш.Г нь Х.Л-оос 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, зээлийн хүү 2,000,000 төгрөгийг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцжээ. Тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Н.Г-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо ... тоотод байршилтай 30м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар тохирч, 2022 оны 1 дүгээр сарын 04ий өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /ХХ-ийн 6, 32-34 дүгээр тал/

 

Дээрх орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх итгэмжлэлийг өмчлөгч Н.Г-аас Ш.Г-т олгосон байна. /ХХ-ийн 35 дугаар тал/

 

Гэрч Г.С-ийн мэдүүлэгт “аавынхаа байрыг барьцаанд тавих талаар асуухад аав зөвшөөрөөгүй, Х.Л-ийн өрийг барагдуулах ёстой гэж бодоод ээжийн ажил дээр очсон. Ээж согтуу байхад нь аав зөвшөөрсөн гэж худлаа ярьж байрыг барьцаанд тавьсан. Энэ байр 15,000,000 төгрөгийн барьцаанд байсан, тэрийг Х.Л чөлөөлсөн, би Х.Л-д 21,000,000 төгрөгийн өр байсан. Тэр өрийг барагдуулаад зөрүү 14,000,000 төгрөгийг би ээжийн данснаас өөр рүүгээ шилжүүлж авсан. Чөлөөлсөн, авсан, би өөрөө авч үлдсэн мөнгө гээд нийт 50,000,000 төгрөг байгаа. 16,000,000 төгрөг нь байр чөлөөлсөн мөнгө, миний өөрийн өр 21,000,000 төгрөг, үлдсэн 14,000,000 төгрөгийг дансаар авсан” гэжээ. /ХХ-ийн 86 дугаар тал/

 

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн данснаас Г.С-ийн дансанд 18,910,000 төгрөг шилжүүлсэн байна. Уг мөнгөн хөрөнгийг Г.С буцаан өгөх үүрэг хүлээж нэхэмжлэгчээс хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний дансны хуулга, гэрч Г.С-ийн мэдүүлгээр тогтоогдов. /ХХ-ийн 41-47 дугаар тал/

 

Мөн Г.С нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-ээс 15,000,000 төгрөгийг хүүтэй төлөх үүрэг хүлээн авсан, уг гэрээний үндсэн төлбөрт 15,000,000 төгрөг, хүү 800,000 төгрөг, алданги 200,000 төгрөг нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Л нь 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Г.С-ийн өмнөөс Б.Б-д төлж, Б.Б-ийн өмнө Г.С-ийн хүлээсэн үүрэг дуусгавар болсон болох нь зохигчийн тайлбар, гэрч Г.С-ийн мэдүүлэг, Х.Л-ийн дансны хуулга, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 30, 38, 86 дугаар тал/

 

2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Г.С нь Х.Л-оос 14,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Г-ийн дансаар шилжүүлэн авсан үйл баримт талуудын тайлбар, тэдний дансны хуулга, гэрч Г.С-ийн мэдүүлгээр тогтоогдсон. /ХХ-ийн 20, 38, 86 дугаар тал/

 

Дээрх нотлох баримтуудаар Г.С нь Х.Л-д 48,910,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба үүнээс хариуцагч нь 30,000,000 төгрөгтэй холбоотой буюу 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр болсон үйл баримтад маргаагүй боловч тухайн мөнгийг хүлээн аваагүй, ашиглаагүй, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө Г.С-г хэдий хэмжээний мөнгө авсныг мэдэхгүй, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед согтуу байсны улмаас ямар гэрээнд гарын үсэг зурснаа мэдээгүй гэсэн агуулгаар маргасан. Харин нэхэмжлэгч нь Г.С-д дансаар 20,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг боловч хэрэгт авагдсан дансны хуулгаар 18,910,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Г.С-гийн нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэх үүргийг 48,910,000 төгрөг гэж тодорхойлов. Зөрүү 1,090,000 төгрөг нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцогдоно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс дүгнэвэл Х.Л, Г.С нарын хооронд хийгдсэн гэрээний гол нөхцөл, хүлээсэн үүрэг нь зээлийн гэрээний агуулгад нийцэж байна. Иймд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Х.Л, Г.С нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээ байгуулагдсанаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүрэг үүсэх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг шилжүүлснээр буцаан шаардах эрх үүснэ.

 

Нэхэмжлэгч Х.Л нь Г.С-ийн хүсэлтээр 18,910,000 төгрөгийг өөрт нь, 16,000,000 төгрөгийг Б.Б-д, 14,000,000 төгрөгийг Ш.Г-т шилжүүлж, зээлдэгч Г.С болон түүний нэр заасан этгээдүүдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн байна. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар Х.Л-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Г.С нь зээлж авсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

Аливаа гэрээний үүргийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх, эсвэл мөн хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд өөртөө шилжүүлэн авах замаар гүйцэтгэж болно. Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өөрчлөгддөггүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохыг зохицуулсан. Харин Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өрийг шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгэгч нь өөрчлөгддөг байна. Энэ тохиолдолд гуравдагч этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчтэй тохиролцож үүрэг гүйцэтгэгчийн өрийг шилжүүлэн авч болох бөгөөд өмнөх үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардлагагүй юм.

 

Иймд 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “зээлийн гэрээ”-нд Ш.Г нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагчийг гэрээнд заасан хүсэл зоригоо баталгаажуулсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа согтуу байсны улмаас хэдий хэмжээний мөнгө зээлсэн /Г.С-г хэдэн төгрөг зээлсэнийг мэдээгүй/ гэрээнд гарын үсэг зурснаа мэдээгүй гэх боловч энэ нь гэрч Г.С, Ц.Э нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна. Гэрч нарын мэдүүлэгт авагдсан мэдээлэл нь бусад нотолгооны хэрэгслээр эргэлзээгүйгээр тогтоогдсоноор үнэн зөв гэж үзэх үндэслэл болно. Хэрэгт гэрч нарын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй тул тэдний мэдүүлгээр хариуцагчийг согтуу байсан нь тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2, 46 дугаар зүйлийн 46.1.7 дахь хэсэгт зааснаар нотариатч нь хуулиар заавал нотариатчаар гэрчлүүлэхээс бусад гэрээг /зээлийн гэрээ/ үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчлэх үйлдэл хийх ба энэ нь тухайн гэрээг үл маргах шинжтэй болгох зорилготой гэрээний талуудын хүсэл зориг байдаг. Ийнхүү хариуцагч нь нотариатчийн үйлчилгээ авч, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь тухайн гэрээг байгуулах хүсэл зориг илэрхийлсэн, гэрээний агуулгыг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулахаа өөрөө шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Г.С-ийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг өөртөө шилжүүлэн авсан байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

 

Дээрх үүргийг 6 сарын хугацаанд гүйцэтгэх, тухайн хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасантай нийцнэ. Иймд хариуцагч зээлийн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн хүүг сар бүр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй үүрэг зөрчсөн, уг үүргээ биелүүлэхийг шаардаж байсан үндэслэлээр гэрээг хугацааны өмнө цуцлаж, гүйцэтгээгүй үүргийг шаардсан байна.  Хариуцагч нь Г.С-ийн нөхөр Э.Ж зээлийн нэг сарын хүү 2,000,000 төгрөгийг төлсөн гэсэн байх ба үүнээс өөр зээлийн төлбөр төлөлттэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргаагүй. Нэхэмжлэгч нь Э.Ж-аас 1,950,000 төгрөг хүлээн авсан, энэ нь Э.Ж автомашин барьцаалж, нэхэмжлэгчийн үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг гэх “*” ХХК-иас авсан 3,450,000 төгрөгийн зээлийн төлөлт гэжээ. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан “*” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ гэсэн баримт, мөн нэхэмжлэгчийн данснаас Э.Ж-ийн дансанд 3,450,000 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримт нь Э.Ж-аас хүлээн авсан 1,950,000 төгрөгийг “*” ХХК-д төлөх төлбөр болохыг, уг төлбөрийг хүлээн авах эрх бүхий этгээд нь Х.Л /хууль болон гэрээнд заасан эрх бүхий этгээд/ мөн гэдгийг нотлохгүй. Иймд 2022 оны 2 дугаар сарын 25, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн хүлээн авсан 1,950,000 төгрөгийг хариуцагчийн гүйцэтгэх үүргээс хасч тооцох үндэслэлтэй байна. Иймд үүнээс өөр хүүгийн төлбөр хариуцагчийг төлөөгүй гэж үзэв.  

 

Талууд зээлийн гэрээгээр хүү төлөхөөр тохирсон тул энэ нь зээлдэгчийн үндсэн үүрэг бөгөөд хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй нь гэрээний үүргийн зөрчилд хамаарна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.1-д “Зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхийг зээлдүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно” гэж заасантай нийцнэ. Иймд нэхэмжлэгч нь хугацааны өмнө гэрээг цуцлах эрхтэй тул энэ хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн 14,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг буцаан авсан байх бөгөөд үүнийг Г.С-ийн өмнөх зээлийн хүүд тооцсон гэжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Нэхэмжлэгч нь Г.С-тэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул түүнээс хүү авах эрхгүй бөгөөд хариуцагчаас буцаан авсан 1,000,000 төгрөгийг хариуцагчийн үүргээс хасч тооцов. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 54,960,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.    

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлсон. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх ба үүрэг гүйцэтгэх үндсэн хугацаа дуусаагүй буюу гэрээг хугацааны өмнө цуцласан тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй. Иймд хүүгийн төлбөрөөс тооцсон алданги болох 4,690,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.  

 

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Гээс 54,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Л-д олгож, нэхэмжлэлээс 8,730,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо  .... тоотод байршилтай 30м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,636 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 502,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Л-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА