Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00401

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00401

 

 

********ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04412 дугаар шийдвэртэй,

********ийн нэхэмжлэлтэй, *********т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги 63,690,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлөхөөр хариуцагч тохирсон. Энэ гэрээний дагуу төлөх мөнгийг хариуцагчийн охин Г.Сугарсүрэн зээлж авсан ба үүнийг хариуцагч төлөхөөр үүрэг хүлээсэн.

1.2. Дээрх мөнгөний 20,000,000 төгрөгийг Г.Сугарсүрэн нь 2021 оны 10 дугаар сараас эхлэн бага, багаар зээлж авсан бөгөөд зээлээ огт төлөөгүй. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г.Сугарсүрэн нь байр барьцаалж зээл авъя гэсний дагуу түүний Б.Бат-Өршөөл гэх хүнээс авсан зээл, зээлийн хүү, алданги 16,000,000 төгрөгийг төлж, байрыг барьцаанаас чөлөөлсөн. Үүн дээр нэмээд 14,000,000 төгрөг зээлэхээр болж, ээж *********ийн дансанд шилжүүлсэн.

1.3. Г.Сугарсүрэнгийн 50,000,000 төгрөгийн зээлийг ээж ********* нь төлөхөөр тохирч зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу огт төлбөр төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээл 50,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг, алданги 4,690,000 төгрөг, нийт 63,690,000 төгрөгийг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тухайн мөнгийг хүлээн авч, ашиглаагүй, уг мөнгийг охин Г.Сугарсүрэн авсан.

2.2. Г.Сугарсүрэнгийн аав Н.Ганхуягийн байрыг барьцаалах итгэмжлэл надад байсан бөгөөд уг байрыг 15,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, Г.Сугарсүрэн зээл авсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр над дээр Г.Сугарсүрэн ирээд ******** дарамтлаад, би шоронд орох гээд байна, аавын байрыг барьцаалъя гэхэд нь би зөвшөөрөөгүй боловч Г.Сугарсүрэн, ******** нар намайг хүчээр авч яван нотариат орсон ба Г.Сугарсүрэнгийн зээлд 16,000,000 төгрөг төлж, байрыг барьцаанаас чөлөөлсөн. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би найзтайгаа архи уугаад согтуу байсан, хэдий хэмжээний зээл авсан, ямар гэрээнд гарын үсэг зурж байгааг мэдээгүй.

2.3. Тухайн өдөр миний дансанд 14,000,000 төгрөгийг ******** шилжүүлсэн, үүнээс 1,000,000 төгрөгийг ******** буцаан шилжүүлж авсан, үлдсэнийг Г.Сугарсүрэнд шилжүүлсэн. Өмнө нь ********оос хэдэн төгрөг зээлснийг мэдэхгүй, энэ мөнгийг авч ашиглаагүй тул төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шархүүгийн Ганчимэгээс 54,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүрэлтулгын Лхагвадоржид олгож, нэхэмжлэлээс 8,730,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 23 дугаар байрны 230 тоотод байршилтай 30м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2201004222 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,636 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *********ээс улсын тэмдэгтийн хураамжид 502,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********ид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж чадаагүй, хариуцагчийн тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээний 3.6-д сар бүр хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөгийг тухайн сарын 04-ний дотор зээлдэгч ********ийн ХААН банкин дахь дансанд шилжүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж хүү төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй байхад зээлийн хүүг буруу тооцоолсон.

Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 8,730,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

н.Жаргалангаас өөрийнхөө барьцаат зээлийн төлбөрт төлсөн төлбөр болох 1,950,000 төгрөгийг хариуцагч *********ийн гүйцэтгэх үүргээс хасаж тооцсон. Энэ нь хариуцагч *********ээс үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлсөн төлбөр биш юм. Анхан шатны шүүхээс үндсэн зээлийн хүүд хэдэн төгрөг гаргуулахаар тооцсон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн "Тогтоох хэсгийн 1-д Хариуцагч *********ээс 54,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 8,730,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Зээлийн хүүг буруу тооцоолсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:


Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

 

1.Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *********т холбогдуулан

1.а. Зээл 50,000,000 төгрөг,

1.б. Хүү 9,000,000 төгрөг,

1.в. Алданги 4,690,000 төгрөг, нийт 63,690,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ********* нь Г.Сугарсүрэнгийн зээлсэн 50,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй, ашиглаагүй. Тус асуудал нь Г.Сугарсүрэн, ******** нарын хоорондын мөнгөний тооцоотой холбоотой, надад хамаагүй. Гэрээ хийсэн өдөр би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир ямар гэрээнд гарын үсэг зурснаа мэдэхгүй гэж маргажээ.

 

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

2.а.Тухайлбал, хэргийн оролцогч, зохигч биш этгээдийн зээлийн харилцаатай холбоотой маргааныг дүгнэж шийдвэрлэсэн нь буруу юм.

Өөрөөр хэлбэл, Г.Сугарсүрэнг гуравдагч этгээдээр оролцох эсэх асуудлыг тодруулаагүй атлаа Г.Сугарсүрэнгийн зээлийн харилцаатай холбоотой асуудлыг дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.б.Мөн анхан шатны шүүх барьцаа хөрөнгө болох Н.Ганхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 23 байр 230 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004222 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгийн өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй буюу өмчлөгчийг оролцуулалгүйгээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

3. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД