Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02584

 

 

 

 

 

 

 

 

 

2022      11        14                                                   181/ШШ2022/02584

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: АД ХХК

амь насны даатгалын нөхөн төлбөр болох 30,434,234 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч АДХК-д холбогдуулан амь насны нөхөн төлбөр болох 30,434,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.Г нь өөрийн эхнэр Р.Сод-Эрдэнийн хамт Худалдаа хөгжлийн банктай 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр №3Г-RCC2013112902-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг байгуулж, уг зээлээр Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 8 хороо, 3 хороолол, Ц.Намсрайн гудамж, 45а байрны 210 тоот 69 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан.

Уг орон сууц нь 2013 оны 12 дугаар сарын 19 өдрийн №БГ-R дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банкинд барьцаалагдсан байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас хуульд заасны дагуу АДХХК-тай орон сууцны болон Зээлдэгчийн амь насны даатгалыг байгуулсан байна. Гэвч худалдаа хегжлийн банкны зүгээс тухайн гэрээнүүдийг хамтран зээлдэгч болох М.Год танилцуулж, гарын үсэг зуруулахгүйгээр өөрсдөө сунгалт хийх маягаар өдийг хүрсэн байна.

Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээтэй холбоотой бүх зүйлийг М.Гын эхнэр үндсэн зээлдэгч Р.С хариуцаж байсан Р.С нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ослоор нас барсан бөгөөд М.Гын зүгээс энэ тухай тэр даруй Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдсэн байтал Худалдаа хөгжлийн банкны зээлийн эдийн засагчийн зүгээс түүнд Зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн тухай хэлж М.Гыг даатгалын байгууллагад хандан нөхөн төлбөр авах боломжтой талаар мэдэгдээгүй байна. Харин М.Г нь өөрийн ажилладаг Улаанбаатар төмөр зам Орос-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ипотекийн зээлтэй ажилчиддаа үзүүлдэг хөнгөлөлтөд хамрагдах үүднээс Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой материалыг хувилж авах гэж 2022 оны 01 дүгээр сарын 11 өдөр худалдаа хөгжлийн банкны 220 дугаар салбар дээр очиж зээлийн материалтайгаа танилцахдаа өөрсдийнх нь Худалдаа хегжлийн банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 19 өдөр №3Г-RCC2013112902-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ 2013 оны 12 дугаар сарын 19 өдрийн №БГ- RCC2013112902-1-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг үндэслэн Р.С, М.Г нарын худалдан авсан Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 8 хороо, 3 хороолол, Ц.Намсрайн гудамж, 45а байрны 210 тоот 69 м.кв талбай бүхий орон сууц дээр зээлдэгчийн амь насны даатгал гэж хийгдсэн болохыг олж мэдэж, даатгалын гэрээнийхээ даатгуулагч нарт олгогдох ёстой байсан хувийг гардан авсан.

Уг даатгалын гэрээ нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүчинтэй байх бөгөөд гэрээний 6.1.1 дэх хэсэгт заасны дагуу М.Г нь зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн талаар мэдсэнээс хойш 5 хоногийн дотор буюу 2022 оны 01 сарын 14 өдөр АДХХК болон Худалдаа хөгжлийн банкинд даатгалын тохиолдол үүссэн талаар мэдэгдсэн Мөн Даатгалын гэрээний 6.2 дахь хэсэгт даатгалын тохиолдол болсноос хойш хуанлийн 150 хоног дотор даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг даатгагчид хулээлгэн өгнө гэж заасны дагуу М.Г хамтран зээлдэгчийн хувьд үндсэн зээлдэгч өөрийн эхнэр Р.С нас барсаны улмаас олгогдох нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтийг бусад шаардагдах материалын хамт бүрдүүлэн 2022 оны 01 сарын 25 өдөр АД ХХК-д өөрийн биеэр хүргэн өгч, мөн тус өдрөө Худалдаа хөгжлийн банкаар Дамжуулан АД ХХК-д хүргүүлсэн М.Гын хүсэлтэд АД ХХК-ийн зүгээс огт хариу өгөөгүй бөгөөд харин 2022 оны 03 сарын 25 өдөр М.Гын хусэлтэд татгалзсан хариуг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн талаар Худалдаа хөгжлийн банкнаас М.Год мэдэгдэж, хариу албан бичгийг хуулбарлан өгсөн.

 Тухайн хариу албан бичгийг гардан аваад М.Г нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэж, уг шийдвэрээ 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 9/2229 дугаартай албан бичгээр АД ХК-д мэдэгдсэн.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос уг албан бичгийн хувийг М.Год хүргүүлсэн бөгөөд М.Гын зүгээс дээрх албан бичгийг хүлээн аваад 2022 оны 06 сарын 10-ны өдөр АД ХХК-д хандан талуудын хооронд байгуулсан амь насны даатгалын гэрээнд заасны дагуу, мөн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүндэтгэн өөрийн эхнэр Р.С нас барсаны улмаас олгогдох ёстой Амь насны даатгалын нөхөн төлбөрийг олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.            Гэвч АД ХХК-ийн зүгээс 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 1/22/332 дугаартай албан бичгээр М.Гын хүсэлтэд татгалзсан хариуг өгчээ. М.Г Р.С нарын худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр №3Г-RCC2013112902-1 дугаартай орон сууцны зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар 60,868,469 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд М.Г нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 сарын 22 өдрийн Зээлдэгчийн амь насны Даатгалын гэрээний дагуу тухайн зээлийн үлдэгдэлээс үндсэн зээлдэгч Р.Сд ноогдох хувь буюу 30,434,234 төгрөгийн нөхөн төлбөрийг АД ХХК-аас гаргуулан зээлийн үлдэгдэлээс хасуулах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Иймд Р.С, М.Г нарын АД ХХК-тай байгуулсан 2019 оны 03 сарын 22-ны өдрийн Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний дагуу үндсэн зээлдэгч Р.Сод-Эрдэнийн нас барсны улмаас олгогдох ёстой нөхөн төлбөр болох 30,434,234 төгрөгийг АД ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч АДХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанид 2022 оны 01 сарын 25-ны өдөр даатгуулагч Р.С нь 2020 оны 05 сарын 02-ны өдөр авто ослоор нас барсан тул нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл, баримтууд ирүүлснийг хулээн авч хянаад нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. Учир нь даатгуулагчтай 2020 оны 05 сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 сарын 03-ны хооронд 2005200210 тоот гэрээ байгуулсан гэх боловч даатгуулагч 2020 оны 05 сарын 2-ны өдөр буюу даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө авто ослоор амь эрсдэж, 2020 оны 05 сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдсан байх үндэслэлгүй байна.

 Ипотекийн даатгалын гэрээт баталгааны хугацаа 1 жилийн хугацаатай байдаг бөгөөд даатгалын хураамжаа даатгагчийн дансанд шилжүүлснээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болдог.

Даатгуулагч нь 2019 оны 03 сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл даатгалд хамрагдсан байсан ба түүнээс хойш даатгалаа хийлгэлгүй явсаар 2020 оны 05 сарын 04-ний өдөр даатгалын хураамж 83,494 төгрөгийг төлсөн нь даатгалын гэрээнд заасан хугацаанд хохирол учраагүй буюу даатгалын гэрээний 8 дахь хэсэгт /Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл/-ийн 8.1.8-т "Даатгахаас өмнө учирсан бэртэл гэмтлийн үр дагавар” гэж заасанд хамаарч байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

 

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк ХХК-иас харилцагч М.Год өгсөн хүсэлтийн хариу албан бичигт "даатгалын тохиолдол бий болох үед таны даатгалын гэрээт баталгааны хүчинтэй хугацаа дууссан байсан.." гэж дурдсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-RCC2013112902-1 дугаартай орон сууц зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлдэгч Р.С, М.Г нарын иргэний үнэмлэхний хуулбар,  Р.Сод-Эрдэнийн нас барсны гэрчилгээний хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээний хуулбар, 11-69964 дугаартай барьцаалбар, АДХК-тай байгуулсан амь насны болон эд хөрөнгийн даатгалын гэрээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Худалдаа хөгжлийн банканд хандсан өргөдөл, мөн өдрийн АДХК-д хандсан хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр АДХК-д хандсан хүсэлт, мөн өдрийн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонд хандан гаргасан хүсэлт, түүний хариу албан бичгийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банканд гаргасан хүсэлт, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АДХК-ийн нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичгийн хуулбар,  2022 оны 04 сарын 15-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 сарын 25-ны өдрийн хариу албан бичгийн хуулбар,  2022 оны 06 сарын 10-ны өдрийн АД ХХК-д гаргасан хүсэлт, АД ХХК-ийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн Иргэн М.Год хүргүүлсэн тайлбар, Зээлийн дансны хуулга, орлогын баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлээгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч АДХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 30,434,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  1. Нэхэмжлэгч М.Г нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 9/2229 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна. /хх31-32/
  2. Нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч, даатгуулагч Р.С нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ослоор нас барсан нь даатгалын гэрээнд заасан хугацаанд хохирол учраагүй буюу даатгуулагч нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл даатгалд хамрагдсан байсан, түүнээс хойш даатгалаа хийлгэлгүй явсаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хураамжаа төлсөн нь даатгахаас өмнө учирсан бэртэл, гэмтлийн үр дагавар гэж үзэж, нөхөн төлбөр олгохоос татгалзан маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

  1. Зээлдэгч М.Г, Р.С нар нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 75,100,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ-RCC2013112902-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3-р хороолол, Ц.Намсрай гудамж 45А байрны 210 тоот, 69 м.кв орон сууцыг барьцаалжээ. /хх-5-8/
  2. Зээлдэгч М.Г, Р.С нар нь АДХК-тай “Ипотекийн даатгалын гэрээ”-г 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, орон сууц болон зээлдэгчийн амь нас, эд хөрөнгө даатгалын зүйл байхаар тусгаж, даатгалын хураамжид 173,190 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хх-21/

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

  1. Зээлдэгч буюу даатгуулагч Р.С нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эмнэлэгт ослоор нас барсан болох нь эмнэлгийн 0000248849 дугаартай нас барсны гэрчилгээ болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-1,10, 22, 23, 25, 27, 28, 30, 51/
  2. Нэхэмжлэгч М.Г нь даатгалын гэрээний тал бөгөөд нас барагч Р.Сод-Эрдэнийн нөхөр мөн өвлөгч болох нь хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна. /хх-11/
  3. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, хуулийн 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор хуульд тодорхойлсон.
  4. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолоор баталсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдлийг даатгана: 2.2.1-т “Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол /цаашид “гэнэтийн осол” гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж зохицуулсан.
  5. Нэхэмжлэгч М.Г болон Р.С нартай байгуулсан ипотекийн даатгалын гэрээний 2.1.2-т “Даатгуулагчийн амь нас /даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах/ гэж заасан байх бөгөөд гэрээнд заасан тохиолдол үүссэн буюу Р.С нь гэнэтийн ослоор нас барсан талаар талууд маргаагүй.
  6. Хариуцагч талын маргаж байгаа үндэслэл болох даатгалын гэрээнд заасан хугацаанд хохирол учраагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь даатгуулагч М.Г болон Р.С нартай байгуулсан ипотекийн даатгалын гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байхаар талууд тохирсон байх бөгөөд энэ гэрээний хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр  Р.С ослоор нас барсан. Мөн хариуцагч хариу тайлбартаа “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл даатгалд хамрагдсан байсан ба түүнээс хойш даатгалаа хийлгэлгүй явсаар 2020 оны 05 дугаар сарын 4-ний өдөр даатгалын хураамж 83,494 төгрөгийг төлсөн нь...” гэж бичсэнээр даатгуулагч нар нь даатгалын гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж, даатгалын хураамжийг гэрээний хугацаандаа төлж байсныг нотолж байна. Гэрээнд хураамжийг төлөх хугацааг талууд тохиролцож тусгаагүй. Нэхэмжлэгч даатгалын байгууллагаас шаардсан тухай бүрт хураамжийг төлдөг байсан гэж тайлбарласанг хариуцагч няцаасан тайлбар гаргаагүй.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж заасны дагуу АДХК-иас хураамж төлөхийг хэлж шаардсанаар даатгуулагч нар нь хураамжаа төлсөн байна. Иймээс даатгуулагч М.Г, Р.С нар нь даатгалын хураамж төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

  1. Дээрх үндэслэлүүдээр гэрээнд заасан хугацаанд осол гарч, даатгуулагчийн амь нас буюу даатгалын зүйлд эрсдэл учирсан гэж үзэх үндэслэлтэй тул даатгалын гэрээнд заасан хугацаанд хохирол гараагүй гэх үндэслэлээр хариуцагч АДХК-ийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс хариуцагч АДХК-иас даатгалын нөхөн төлбөрт 30,434,234 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 310,122 төгрөгийг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1- зааснаар хариуцагч АДХК-иас 30,434,234 /Гучин сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Год олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,122 /Гурван зуун арван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АДХК-иас 310,122 /Гурван зуун арван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Год олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.ЦЭЛМЭГ