Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00388

 

МАГАДЛАЛ

2023.02.15 № 210/МА2023/00388

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02584 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох,

Амь насны даатгалын нөхөн төлбөр болох 30,434,234 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. Р.Сод-Эрдэнэ, ******* нарын Ард даатгал ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний дагуу зээлдэгч Р.Сод-Эрдэнийн нас барсны улмаас олгогдох ёстой нөхөн төлбөр 30,434,234 төгрөгийг Ард даатгал ХХК-аас гаргуулна.

******* нь эхнэр Р.Сод-Эрдэнийн хамт Худалдаа хөгжлийн банктай 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр №3Г-RCC2013112902-1 дугаартай орон сууцны зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн мөнгөн хөрөнгөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052022 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 8 хороо, 3 хороолол, Ц.Намсрайн гудамж, 45а байрны 210 тоот 69 м.кв талбай бүхий сууцыг худалдан авсан.

Уг сууц нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №БГ-RCC2013112902-1-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банкинд барьцаалагдсан байгаа.

Худалдаа хөгжлийн банкнаас хуульд заасны дагуу *******-тай орон сууцны болон зээлдэгчийн амь насны даатгалыг байгуулсан. Гэвч Худалдаа хөгжлийн банкны зүгээс тухайн гэрээнүүдийг хамтран зээлдэгч болох *******од танилцуулж, гарын үсэг зуруулахгүйгээр өөрсдөө сунгалт хийх маягаар өдийг хүрсэн байна.

Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээтэй холбоотой бүх зүйлийг *******ын эхнэр үндсэн зээлдэгч Р.Сод-Эрдэнэ хариуцаж байсан. Р.Сод-Эрдэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ослоор нас барсан.

*******ын зүгээс энэ тухай тэр даруй Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдсэн байтал банкны зээлийн эдийн засагч түүнд зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн тухай, даатгалын байгууллагад хандан нөхөн төлбөр авах боломжтой талаар мэдэгдээгүй байна. Харин ******* нь өөрийн ажилладаг Улаанбаатар төмөр зам Орос-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ипотекийн зээлтэй ажилчдадаа үзүүлдэг хөнгөлөлтөд хамрагдахаар Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой материалыг хувилж авах гэж 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус банкны 220 дугаар салбарт очихдоо тус банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 19 өдөр №3Г-RCC2013112902-1 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 19 өдрийн №БГ- RCC2013112902-1-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг үндэслэн Р.Сод-Эрдэнэ, ******* нарын худалдан авсан 210 тоот сууц дээр зээлдэгчийн амь насны даатгал гэж хийгдсэн болохыг олж мэдсэн.

Даатгалын гэрээнийхээ даатгуулагч нарт олгогдох ёстой байсан хувийг гардан авсан.

Уг даатгалын гэрээ нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүчинтэй байх бөгөөд гэрээний 6.1.1 дэх хэсэгт заасны дагуу ******* нь зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн талаар мэдсэнээс хойш 5 хоногийн дотор буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ард даатгал ХХК болон Худалдаа хөгжлийн банкинд даатгалын тохиолдол үүссэн талаар мэдэгдсэн.

Мөн Даатгалын гэрээний 6.2 дахь хэсэгт даатгалын тохиолдол болсноос хойш хуанлийн 150 хоног дотор даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг даатгагчид хүлээлгэн өгнө гэж заасны дагуу ******* хамтран зээлдэгчийн хувьд үндсэн зээлдэгч өөрийн эхнэр Р.Сод-Эрдэнэ нас барсны улмаас олгогдох нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтийг бусад шаардагдах материалын хамт бүрдүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр Ард даатгал ХХК-д өөрийн биеэр хүргэн өгсөн.

Мөн тус өдрөө Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Ард даатгал ХХК-д хүргүүлсэн *******ын хүсэлтэд Ард даатгал ХХК-ийн зүгээс огт хариу өгөөгүй бөгөөд харин 2022 оны 03 дугаар сарын 25 өдөр *******ын хүсэлтэд татгалзсан хариуг банкинд хүргүүлсэн талаар Худалдаа хөгжлийн банкнаас *******од мэдэгдэж, хариу албан бичгийг хуулбарлан өгсөн.

Тухайн хариу албан бичгийг гардан аваад ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэж, уг шийдвэрээ 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 9/2229 дугаартай албан бичгээр *******-д мэдэгдсэн.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос уг албан бичгийн хувийг *******од хүргүүлсэн бөгөөд *******ын зүгээс дээрх албан бичгийг хүлээн аваад 2022 оны 06 сарын 10-ны өдөр Ард даатгал ХХК-д хандан талуудын хооронд байгуулсан амь насны даатгалын гэрээнд заасны дагуу, мөн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэгт үндэслэж, эхнэр Р.Сод-Эрдэнэ нас барсны улмаас олгогдох ёстой амь насны даатгалын нөхөн төлбөрийг олгох хүсэлтийг гаргасан. Гэвч Ард даатгал ХХК-ийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/22/332 дугаартай албан бичгээр татгалзсан хариуг өгчээ. ******* Р.Сод-Эрдэнэ нарын Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр №3Г-RCC2013112902-1 дугаартай орон сууцны зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар 60,868,469 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

******* нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний дагуу тухайн зээлийн үлдэгдлээс үндсэн зээлдэгч Р.Сод-Эрдэнэд ногдох хувь буюу 30,434,234 төгрөгийн нөхөн төлбөрийг Ард даатгал ХХК-аас гаргуулан зээлийн үлдэгдлээс хасуулах бүрэн эрхтэй.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компанид 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр даатгуулагч Р.Сод-Эрдэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авто ослоор нас барсан тул нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл, баримтууд ирүүлснийг хүлээн авч хянаад нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Учир нь даатгуулагчтай 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 2005200210 тоот гэрээ байгуулсан гэх боловч даатгуулагч 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө авто ослоор амь эрсдэж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдсан байх үндэслэлгүй байна.

Ипотекийн даатгалын гэрээт баталгааны хугацаа 1 жилийн хугацаатай байдаг бөгөөд даатгалын хураамжаа даатгагчийн дансанд шилжүүлснээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болдог.

Даатгуулагч нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл даатгалд хамрагдсан байсан ба түүнээс хойш даатгалаа хийлгэлгүй явсаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр даатгалын хураамж 83,494 төгрөгийг төлсөн нь даатгалын гэрээнд заасан хугацаанд хохирол учраагүй буюу даатгалын гэрээний 8 дахь хэсэгт /Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл/-ийн 8.1.8-т "Даатгахаас өмнө учирсан бэртэл гэмтлийн үр дагавар гэж заасанд хамаарч байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк ХХК-аас харилцагч *******од өгсөн хүсэлтийн хариу албан бичигт "даатгалын тохиолдол бий болох үед таны даатгалын гэрээт баталгааны хүчинтэй хугацаа дууссан байсан.." гэж дурдсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1- зааснаар хариуцагч *******-аас 30,434,234 /Гучин сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,122 /Гурван зуун арван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 310,122 /Гурван зуун арван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаан товлогдсон. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1. эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, 25.1.2.хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, гэж заасныг зөрчиж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарахаас өмнө 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч талд хэргийн материал нэг удаа танилцуулж, үүнээс хойш буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг танилцаагүй

Үүнээс улбаалан хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход сөргөөр нөлөөлж, хариуцагч талын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, мөн хэргийн материал огт танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч талын нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах, мэтгэлцэх эрхийг хязгаарласан.

4.2. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэс тогтоогдохгүй байна" гэж үндэслэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, бүрэн гүйцэт үнэлээгүй байна гэж үзэхээр байна.

 

Учир нь хэргийн 21 дүгээр талд авагдсан даатгалын гэрээнд даатгуулагчийг төлөөлж үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарын хэн аль нь гарын үсэг зураагүй байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна: 43.2. Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж тус тус шаардлагыг хангаагүй байдаг. Мөн хэргийн 28 дугаар талд авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК-аас *******од Хүсэлтийн хариу өгсөн тухай 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/1574 тоот албан бичигт "Даатгуулагч даатгалын хураамжийг даатгагчид төлснөөр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болдог ба зээл авснаас хойш та дараах хугацаанд даатгалын хураамжийг төлж даатгалд хамтрагдсан байна. Үүнд: /2019.03.22-2020.03.20 2020.05.04-2021.05.03./ Даатгалын тохиолдол болох үед таны даатгалын гэрээт баталгааны хүчинтэй хугацаа дууссан /2020.05.02/ байсан ба энэ нь нөхөн төлбөр олгогдохгүй үндэслэл болох хэдий ч ирсэн хүсэлтийг тань харгалзан үзэж банкны зүгээс даатгалын нөхөн төлбөрийн материалыг *******-д хүргүүлэхэд татгалзах зүйлгүй байна" гэж маш тодорхой ойлгомжтой байдлаар даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дууссаны дараа тохиолдол бий болсон байна гэдгийг дурдсан байхад тус баримтыг үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй

Даатгуулагч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш дахин даатгалын гэрээ байгуулаагүй, гэрээний хугацааг сунгаагүй байдаг ба түүнийг нас барснаас хойш 2 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр даатгалын хураамж гэж төлсөн нь даатгалын гэрээ байгуулагдсан байх боломжгүй юм.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам гэж үндэслэсэн байх боловч Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам нь сүүлийн байдлаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан байдаг бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

Мөн шүүхийн шийдвэрийн 10 дахь хэсэгт "... Нэхэмжлэгч даатгалын байгууллагаас шаардсан тухай бүрд хураамжийг төлдөг байсан гэж тайлбарласанг хариуцагч няцаасан тайлбар гаргаагүй. *******-аас хураамж төлөхийг хэлж шаардсанаар даатгуулагч нар нь хураамжаа төлсөн байна" гэж дүгнэсэн байх ба нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтад хариу тайлбар, татгалзал гаргах хариуцагчийн эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн атал няцаасан тайлбар гараагүй хэмээн үндэслэсэн нь учир дутагдалтай

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас татгалзал, тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан амь насны даатгалын нөхөн төлбөрт 30,434,234 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******* нь даатгуулагчтай 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 2005200210 тоот гэрээ байгуулсан гэх боловч даатгуулагч нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө авто ослоор амь эрсэдсэн, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдсан байх үндэслэлгүй, гэрээг бичгээр байгуулаагүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч ******* нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 9/2229 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна. /хх31-32/

2.б. Зээлдэгч *******, Р.Сод-Эрдэнэ нар нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай ЗГ-RCC2013112902-01 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 75,100,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ-RCC2013112902-1-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3-р хороолол, Ц.Намсрай гудамж 45А байрны 210 тоот, 69 м.кв орон сууцыг барьцаалжээ. /хх-5-8/

2.в. Зээлдэгч *******, Р.Сод-Эрдэнэ нар нь *******-тай Ипотекийн даатгалын гэрээг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, орон сууц болон зээлдэгчийн амь нас, эд хөрөнгө даатгалын зүйл байхаар тусгаж, даатгалын хураамжид 173,190 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хх-21/

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдсэн талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2.г. Зээлдэгч буюу даатгуулагч Р.Сод-Эрдэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эмнэлэгт ослоор нас барсан болох нь 0000248849 дугаартай нас барсны гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-1,10, 22, 23, 25, 27, 28, 30, 51/

Нэхэмжлэгч ******* нь нас барагч Р.Сод-Эрдэнийн нөхөр, хууль ёсны өвлөгч болох нь хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон.

2.д. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, мөн хуулийн 4.1.6 дах хэсэгт даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор тодорхойлсон.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана: 2.2.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол /цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж зохицуулсан.

*******, Р.Сод-Эрдэнэ нартай байгуулсан Ипотекийн даатгалын гэрээний 2.1.2-т даатгуулагчийн амь нас /даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах/ гэж заасан байх бөгөөд гэрээнд заасан тохиолдол үүссэн буюу Р.Сод-Эрдэнэ нь гэнэтийн ослоор нас барсан талаар талууд маргаагүй.

Гэрээнд заасан хугацаанд осол гарч, даатгуулагчийн амь нас буюу даатгалын зүйлд эрсдэл учирсан тул даатгалын нөхөн төлбөрт 30,434,234 төгрөгийг гаргуулсныг буруутгахгүй.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Хариуцагч талаас даатгалын гэрээнд даатгуулагч гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа боловч тухайн гэрээнд даатгагч болон зуучлагч гарын үсэг зурж, даатгалын гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч даатгуулагч тал хураамжийг төлж байсан үйл баримт тогтоогдсон тул хэрэгт авагдсан ипотекийн даатгалын гэрээнд гэрээнд даатгуулагч гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тухайн гэрээ хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй тул *******-аас хураамж төлөхийг шаардсанаар даатгуулагч тал хураамжаа төлсөн, даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

3.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлын тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэрлэжээ.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх зохигчдод шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох хугацааг хангалттай олгосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 91 хоногийн хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд энэ хугацаанд хэргийн материалтай танилцах, татгалзлын үндэслэлээ нотлох хариуцагчийн эрхийг анхан шатны шүүх хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаан явагдсан байх бөгөөд хуралдааны товыг 1 сар 2 хоногийн өмнө мэдэгджээ. Ийнхүү тов мэдэгдсэн үеэс шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан байх тул хэргийн материал огт танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Иймд талуудын бичгээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн, хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02584 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД