Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2022/02716

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д М ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 18,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Ц.Б нь Д М ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 18,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. 

Миний ном худалдаалдаг автомат машин зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг учир QPay системтэй холбуулах хэрэгцээ гарч 2021 оны 12 дугаар сард Д М ХХК-тай холбогдож автомат машиныхаа төлбөр тооцооны системийг шинэчлүүлэхээр тохиролцсон. Тус компанийн захирал Р.Э уг ажлыг 7-10 хоног дотор гүйцэтгэж надад хүлээлгэн өгнө гээд Д төв дээр ажиллаж байсан уг машиныг задлан ажиллагаагүй болгосон. Одоог хүртэл буюу 7 сарын хугацаанд гүйцэтгэж дуусаагүй. Түүнээс хойш удаа дараа холбогдох тутамд ямар нэгэн шалтгаан хэлж ажил болоогүй байна, дараа долоо хоногт уулзаад суулгаад өгье гэж хойшлуулж байсан. Надад ийм ийм зүйл хэрэгтэй гэж хэлээгүй, танай машиныг задалсан байгаа 7 хоногийн дараа ажиллагаанд орно гэж хэлж байсан. Мөн урьдчилгаа төлбөр өг гэж хэлж байгаагүй.

Тэр машиныг зөөх газар байхгүй учир Д дээрээ байгаад түрээсийн төлбөрийг төлсөөр байгаа. 2022 оны 5 сарын 17-нд ажил дээр нь очоод уулзахад ажилтан нь байсан. Ажилтантай нь ярилцах үедээ дуу хураагуур дээр тэмдэглэж авсан. Ажилтан нь тухайн үйл явцыг мэдээгүй мэтээр ярилцаж байсан. Э-тай ярих үеийн утсаар ярьсан дуудлагыг сонсож байсан. Сервэр нь ажиллахгүй байгаа учир эдний машиныг ажиллуулахгүй байгаа гэх утгатай зүйл хэлсэн. Манай машиныг хэзээ ажиллуулах талаар бичиг хийж өгнө үү гэхэд маргааш мэйл хаяг руу явуулья гээд явуулаагүй. Дараа нь дахиад очиход Э болон өмнө нь уулзсан ажилтан хамт байсан. 2022.05.23-ны өдөр уулзахад танай машин маргааш гэхэд ажилд орчихно гэж хэлсэн. Сервэрний асуудалтай байгаа, манай компани санхүүгийн асуудал байгаа учир урьдчилгаа 500,000 төгрөгийг өгчихвөл 2022.06.01-ний өдөр гэхэд ажилд оруулж өгнө гэсэн. Тэгээд би 2022.05.24-нд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 5 дугаар сард очиж уулзахад API хэрэгтэй гэсэн учир би мэйлээр явуулсан. Төлбөр 1,500,000 төгрөгийг ажлаа хийсний дараа авна гэж ойлгосон. Р.Эын хариуцлагагүй байдлын улмаас миний машин ажиллагаагүй болж надад дараах хохирол учирсан. Үүнд:

Д худалдааны төвд сар бүр 250,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг бөгөөд одоогоор 1,750,000 төгрөгийн түрээс хий төлсөн. Сар бүрийн борлуулалтын 1 сая орчим төгрөг буюу 7,000,000 орчим төгрөгийн борлуулалтын орлогоо алдсан. Тус машины лед дэлгэц дээр явагддаг танилцуулга, рекламны боломжоо алдсан бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7 сарын хугацаанд нийт 2,100,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. 2022.05.23-нд Р.Эын дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Тус автомат машиныг 2020 онд 7,500,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд уг машин одоогоор дахин ажиллах эсэх нь тодорхойгүй байна. Иймээс надад учирсан нийт 18,850,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

            2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: ...Анх 2021 оны 12 сард ном автоматаар зарах машины төлбөрийг QR болон банкны ПОС уншдаг болгож программыг нь өөрсдийн зохиосон программ хангамж, компьютер нэмж байршуулан солихоор үнээ 1,500,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед бид очиж хятад улсад үйлдвэрлэсэн автомат машины эд анги сольж тохируулан ажиллагаанд бэлдээд, компьютер, банкны ПОС, модем зэрэг материаллаг зүйл авах тал дээр Бт ийм зүйлүүд хэрэгтэй гээд компьютер болон ямар операторын модем тавих мөн аль банкны ПОС тавих хүсэлтэй байна, холбогдох материалаа авч өгсөнөөр үйл ажиллагаа явагдах боломжтойг хэлсэн.

Үүнээс хойш манайд шаардсан зүйлүүдээс нэгийг нь ч авч өгөөгүй бөгөөд 2022 оны 05 сарын 22-ны өдөр ирж уулзан бичиг үйлдэн дахин тохиролцон үнийн дүнг нь 1,000,000 төгрөг болгож хямдруулан урьдчилгаа төлбөр 500,000 төгрөг төлж, манайх компьютер худалдан авахаар, Б нь модем болон банкны ПОС авахаар, ажлыг 2022 оны 6 сарын 1-нд дуусгахаар болсон.

Уулзалтын дараа 5 сарын 24-нд урьдчилгаа мөнгө 500,000 төгрөг шилжүүлж тэр өдөр нь бид компьютер 450,000 төгрөгөөр худалдан авч программаа суулгаад бэлдээд орхисноос хойш нэхэмжлэгч тал дахиж холбогдоогүй бөгөөд ямар ПОС тавих болон ямар модем холбож ажиллуулах нь тодорхойгүй хэлэлцэн тохирсон үүргээ огт биелүүлээгүй. Банк болгоны ПОС холболт өөр, Модем болгоны компьютерт таниулах нь өөр өөр байдаг тул тэд нарыг нь ирэхээр суулгаж таниулж хүлээлгэн өгөхөөр өөрийн зүгээс шалтгаалах бүх ажлаа дуусгаад хүлээж байсан. Гэтэл нэг ч холбоо барихгүй номын автомат машиныг ажиллагаанд оруулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийг бидэнд хүлээлгэн өгөхгүй өдийг хүрээд байна.

Урьдчилгаа мөнгө аваад модем авчирч өгөх болов уу гэхэд өгөөгүй. 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд энэ ажлыг дуусгавар болгоё, шаардагдах материалаа авч ирээрэй гэхэд авчирч өгөөгүй 6 дугаар сарын 13-нд шүүхэд өгсөн байсан. Машин нь хятад программтай байсан учир өөрчлөх шаардлагатай болсон. Программыг нь авчраад энгийн компьютер суулгах байсан учир машиныг нь задалсан. Монгол төлбөрийн систем суулгаад эдний данс нь холбогдох байсан. Шаардагдах материалыг нь аваад өгөхөд 7 хоногийн дотор ажиллагаанд орно. Интернэтгүй учир ажиллахгүй, төхөөрөмжөө аваад ирэх юм бол ажиллана. Би энэ энэ зүйл хэрэгтэй, ямар банкны посс машин, ямар модем тавих вэ гэх талаар хэлсэн. Одоо хүртэл ямар модем болон ямар посс тавих талаар мэдээлэл өгөөгүй. Шаардагдах материалаа өгсөн бол энэ ажил дуусах байсан. Ажлаа дуусгая гэх бодол байхгүй байсан. Тийм бодолтой байсан бол шаардлагатай зүйлээ өгөөд шийдэх боломжтой. 2022.05.23-ны Мэдэгдэл гэх текстыг Ц.Б нь бэлэн шивээд авчирсан. Би уншаад шүүхээр явах нь яах вэ шаардлагатай зүйлээ өгөөд ажлаа дуусгая гэж хэлээд гарын үсэг зурсан гэв.

3. Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн баримт: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.05.23-ны өдрийн мэдэгдэл, 2021.04.05-ны өдрийн Худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ, Хаан банкны 2022.05.24-ны өдрийн шилжүүлгийн баримт, Д Х ХХК-ний 7, 8, 9 сарын нэхэмжлэл, М Д ХХК-ний 2020.06.25-ны өдрийн нэхэмжлэх, автомат машины зураг, Fwd: Qpay V2 тестийн холболтын мэдээлэл гэх цахим шуудан илгээсэн тухай баримт.

4. Хариуцагч талаас бүрдүүлсэн баримт: Итгэмжлэл, Р.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, Дээдээ машин компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Р.Эын Хаан банкны дансын хуулга.

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б нь Д М ХХК-д холбогдуулж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 18,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Д М ХХК нь тохиролцсон ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй, автомат машиныг ажиллагаагүй болгосноос хохирол учирсан гэх тайлбарыг, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал авч өгөөгүйгээс бид ажлыг гүйцэтгэж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцэв.

2. Шүүх дараах үйл баримтыг дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.1 Нэхэмжлэгч Ц.Б нь Д М ХХК-тай 2021 оны 12 дугаар сард өөрийн ном худалдаалдаг автомат машиныг төлбөрийн QPay системтэй холбуулах ажлыг гүйцэтгүүлэхээр хэлэлцэн тохирчээ. Тухайн хэлэлцэн тохирсон үйл баримтын талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэн аль нь гаргасан бөгөөд хариуцагч Д М ХХК нь ном худалдаалдаг автомат машиныг төлбөрийн QPay системтэй холбох ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч Ц.Б нь ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

2.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

Зохигчид гэрээг байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд гэрээний хугацааг 2022.05.23-ны өдөр сунгаж, ажлыг 2022.06.01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-5/

2.3 Хариуцагч нь тухайн автомат машиныг төлбөрийн системд холбоход нэхэмжлэгч өөрийн зүгээс шаардагдах интернэт модем, банкны пос машин, холбуулах төлбөрийн данс зэрэг шаардлагатай зүйлсээ гаргаж өгөөгүй, энэ тохиолдолд манай зүгээс машиныг ажиллагаанд оруулах боломжгүй гэж тайлбарласан.

Харин нэхэмжлэгч нь “надад ийм ийм зүйлс өгөөрэй гэж хэлээгүй, судлаж байгаарай л гэж хэлсэн” гэж маргаж байх боловч тухайн машин нь интернэт, модем, банкны төлбөрийн данс холбохгүйгээр Q Pay төлбөрийн системээр ажиллах боломжгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй.

Интернэт, модем, банкны төлбөрийн данс зэргийг нэхэмжлэгч л гаргаж өгч шийдэх ёстой, бидний зүгээс хийх ажил биш, учир нь интернэтгүйгээр ажиллахгүй, өөрийнх нь данс холбогдож байж төлбөр нь орно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Захиалагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх, 351.1.4-д зааснаар ... ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан үүргээ биелүүлсэн болохоо, шаардлагатай зүйлсийг гаргаж өгсөн гэдгээ, түүнчлэн хариуцагч хэрэгтэй зүйлсийг өг гэж надад хэлээгүй гэдэг тайлбараа баримтаар нотлоогүй.

2.4 Тухайн ажлыг 7-10 хоногт гүйцэтгэж хүлээлгэн өгнө гэсэн ч үүргээ биелүүлээгүй, олон удаа залгаж холбогдсон боловч элдэв шалтгаан хэлж хойшлуулсаар байсан гэх боловч нэхэмжлэгч нь 2021 оны 12 сараас хойш 2021.05.23 хүртэл гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан гэх байдал нотлогдоогүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Гэвч, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж, 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь захиалагч буюу нэхэмжлэгчийн үйл ажиллагаа, шийдвэрээс хамаарч ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн  225.4.3-д зааснаар “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай;” гэх нөхцөл бий болсон байх тул гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлээгүй.

3. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д М ХХК нь захиалагчийн биелүүлэх үүргээс шалтгаалж ажлыг хийж дуусгах боломжгүй болсон нь тогтоогдсон, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээг цуцлах нөхцөл бий болоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 сард хариуцагч компанийн ажилтантай нь ярилцсан гэх гар утсан дээрх бичлэгээ сонсгох талаар хүсэлт гаргасан боловч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө энэ талаар холбогдох хүсэлтээ гаргаагүй, түүнчлэн тухайн бичлэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт биш гэж үзэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.3-д заасныг баримтлан Д М ХХК-д холбогдох 18,850,000 төгрөг гаргуулах тухай Ц.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  У.С