Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02076

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02716 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д- ХХК-д холбогдох,

Гэрээ цуцлагдсантай холбогдон шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон учирсан хохирол нөхөн төлүүлэхээр нийт 18,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга:Д- ХХК-тай 2021 оны 12 дугаар сард ном худалддаг автомат машины төлбөр тооцооны системийг Qpay системтэй холбуулахаар тохиролцсон. Тус компанийн захирал Р.Э- уг ажлыг 7-10 хоног дотор гүйцэтгэж хүлээлгэн өгнө гэсэн боловч машиныг задлан ажиллагаагүй болгосон. Серверийн асуудалтай байгаа, манай компани санхүүгийн асуудал байгаа учир урьдчилгаа 500,000 төгрөгийг өгчихвөл 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ажилд оруулж өгнө гэсэн. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 24-нд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 5 дугаар сард очиж уулзахад API хэрэгтэй гэсэн учир би мэйлээр явуулсан. Төлбөр 1,500,000 төгрөгийг ажлаа хийсний дараа авна гэж ойлгосон. Р.Э-ын хариуцлагагүй байдлын улмаас миний автомат машин ажиллагаагүй болж надад дараах хохирол учирсан. Үүнд: Драгон худалдааны төвд сар бүр 250,000 төгрөг төлдөг, одоогоор 1,750,000 төгрөгийн түрээс хий төлсөн. Сар бүрийн борлуулалтын орлого 1 сая төгрөг, 7 сарын хугацаанд 7,000,000 орчим төгрөгийн борлуулалтын орлогоо алдсан. Тус автомат машины лед дэлгэц дээр явагддаг танилцуулга, реклам боломжоо алдсан бөгөөд мөнгөн дүнгээр 7 сарын хугацаанд нийт 2,100,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Тус автомат машиныг 2020 онд 7,500,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд уг машин одоогоор дахин ажиллах эсэх нь тодорхойгүй байна. Иймд учирсан хохиролд нийт 18,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, түүний агуулга: Ц.Б-тэй 2021 оны 12 дугаар сард ном зарах автомат машины төлбөрийн хэрэгслийг QR болон банкны ПОС машин уншдаг болгож, программыг нь өөрсдийн зохиосон программ хангамж, компьютер нэмж байршуулан солихоор үнээ 1,500,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед бид очиж Хятад Улсад үйлдвэрлэсэн автомат машины эд анги сольж тохируулан ажиллагаанд бэлдээд, компьютер, банкны ПОС, модем зэрэг материаллаг зүйл авах тал дээр Ц.Б-т хэрэгтэй эд зүйлс болох компьютер болон ямар операторын модем тавих, мөн аль банкны ПОС машин тавих хүсэлтэй байна, холбогдох материалаа авч өгснөөр үйл ажиллагаа явагдах боломжтойг хэлсэн.

Ц.Б- 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирж ажлын нийт үнийн дүнг нь 1,000,000 төгрөг болгож хямдруулан урьдчилгаа төлбөр 500,000 төгрөг төлж, Ц.Б- нь модем болон банкны ПОС машин авахаар, ажлыг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар болсон. Уулзалтын дараа 05 дугаар сарын 24-нд урьдчилгаа мөнгө 500,000 төгрөг шилжүүлж тэр өдөр нь бид компьютер 450,000 төгрөгөөр худалдан авч программаа суулгаад бэлдээд орхисноос хойш нэхэмжлэгч тал дахиж холбогдоогүй. Ямар банкны ПОС машин тавих болон ямар модем холбож ажиллуулах нь тодорхойгүй, хэлэлцэн тохирсон үүргээ огт биелүүлээгүй.

Бидний зүгээс шалтгаалах бүх ажлаа дуусгаад хүлээж байсан. Бидэнтэй холбоо бариагүй, номын автомат машиныг ажиллагаанд оруулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийг бидэнд хүлээлгэн өгөөгүй. Программыг нь авчраад энгийн компьютер суулгах байсан учир машиныг нь задалсан. Шаардагдах материалыг нь аваад өгөхөд 7 хоногийн дотор ажиллагаанд орно. Интернэтгүй учир ажиллахгүй, төхөөрөмжөө аваад ирэх юм бол ажиллана. 2022 оны 05 дугаар сарын 23-ны Мэдэгдэл гэх баримтад шаардлагатай зүйлээ өгөөд ажлаа дуусгая гэж хэлээд гарын үсэг зурсан гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.3-т заасныг баримтланД- ХХК-д холбогдох 18,850,000 төгрөг гаргуулах тухай Ц.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материал /интернэт модем, банкны пос машин, холбуулах төлбөрийн данс/ зэргийг гаргаж өгөөгүй улмаас тус ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Гэрээний дагуу ажил эхлэх үед хариуцагч нь манай талаас ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг гаргаж өгөхийг хүсэж шаардаж байгаагүй. Манайхаас үүнийг шаардаж байсан гэсэн ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Түүнчлэн,Д- ХХК-ийн ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай гэх материалууд нь ажил гүйцэтгэхэд биш ажил гүйцэтгэсний дараа шаардагдах материалууд юм. Хэвийн ажиллаж байсан автомат машины эд ангийг нь салгаж аваад ажиллагаагүй болгосны улмаас сар бүр түрээсийн төлбөр хий төлж байсан тул ажлын явцыг байнга шаардаж байсан.

Анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 23-ндД- ХХК-ийн захирал Р.Э-ын гарын үсгээ зурсан мэдэгдэл гэх баримтыг үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 12 дугаар сараас хойш 2022 оны 05 дугаар сар хүртэл манай ажил дээр огт ирээгүй. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр урьдчилгаа 500,000 төгрөг өгч, 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусгана гэж тохиролцсон. Нэхэмжлэгч намайг бичиг хийж өгсөн гэж байгаа боловч өөрөө бичиг бэлдээд ирсэн байсан. Дансны мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр явуулсан. Гаднаас ирээд бичлэг хийгээд байхаар нь бичлэг хийж байхаар эхлээд ажлаа дуусгая гэж хэлсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Д- ХХК-д холбогдуулан гэрээ цуцлагдсантай холбогдон шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон учирсан хохирол нөхөн төлүүлэхээр нийт 18,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3.Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4.Талууд гэрээгээр тохиролцсон ажил, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн талаар зөрүүтэй тайлбар гарган, маргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч тал ном худалдаалдаг автомат төлбөрийг Qpay системтэй холбуулахаар Д- ХХК-тай тохиролцон ажил гүйцэтгүүлэхээр болсон, хариуцагч нь автомат машиныг задалж өнгөрсөн 7 сарын хугацаанд ажиллагаагүй болгосон гэж, хариуцагч нь ...ном автоматаар зарах машины төлбөрийг QR болон ПОС уншдаг болгож, программыг өөрсдийн зохиосон программ хангамж , компьютер нэмж байршуулан солихоор болж бид очиж автомат машины эд ангийг сольж бэлдсэн, Ц.Б- нь ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал болох интернэт модем, банкны пос машин, холбуулах төлбөрийн данс зэрэг шаардлагатай зүйлсийг өгөөгүйгээс бид ажлыг бүрэн гүйцэтгэж чадаагүй, ... одоо автомат машиныг засч дууссан, ажиллах боломжтой... гэж тус тус тайлбарлаж байна. /хх 1, 18-19/

Дээрх тайлбараас үзвэл зохигчдын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, одоо автомат машиныг ашиглах боломжтой эсэх, мөн нэхэмжлэгчээс хариуцагч талд шилжүүлсэн 500,000 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцогдох эсэх зэрэг үйл баримтыг тогтоосны эцэст гэрээ цуцлагдсантай холбогдон төлсөн ажлын хөлсийг буцаан шаардах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх маргааныг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

5.Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД