Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2022/02973

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ц

Хариуцагч: Т.Г нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 84,569,668 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:     

Манай “Р Ф” ББСБ нь иргэн Ц.Ц, Т.Г нартай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 12/07 тоот “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” “Фидуцийн” гэрээ”-г тус тус байгуулан 70,000,000 /Далан сая / төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгож, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Чингэлтэй дүүргийн 18-р хороо тахилтын 3 дугаар гудамжны 153 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 136 м.кв талбайтай, Ү-2202008034 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /байшин/, Чингэлтэй дүүргийн 18-р хороо тахилтын 3 дугаар гудамжны 247 тоот хаягт байршилтай, 699 м.кв талбайтай, гэрчилгээний Г-2202018586 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн 7606 УНК улсын дугаартай VOLVO FН12 маркийн зүтгүүрийн зориулттай автомашиныг барьцаалж баталгаажуулсан.

Гэвч зээл олгосноос хойш зээлдэгч нь өнөөг хүртэл зээлийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг байнга хэтрүүлж дутуу буюу зөвхөн зээлийг хүүг /маш бага хэмжээгээр/ төлдөг ба зээлийн төлбөрт нийт 6,998,000 төгрөгийн төлөлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь дээрх 12/07 тоот Зээлийн гэрээний 4.1 дэх хэсэгт заасан зээлийн төлбөрийг хуваарьт заасан хэмжээгээр хугацаанд нь үл маргах журмаар төлөх гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Энэ тухай зээлдэгч буюу хариуцагчид удаа дараа мэдэгдэж сануулахад янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар өдийг хүрсэн бөгөөд хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй явсаар ирсэн байна.

Дээрх 12/07 тоот Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцвол, зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 69,898,000 төгрөг, хүүгийн төлбөр 10,030,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,408,553 төгрөг буюу нийт 81,336,616 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан.

Иймд талуудын хооронд байгуулсан 12/07 тоот Зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.1, 6.1.4, 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт нийт 81,336,616 төгрөгийг гаргуулах, зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд Барьцааны гэрээнд заасан хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 18-р хороо тахилтын 3 дугаар гудамжны 153 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 136 м.кв талбайтай, Ү-2202008034 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө/байшин/, Чингэлтэй дүүргийн 18-р хороо тахилтын 3 дугаар гудамжны 247 тоот хаягт байршилтай, гэрчилгээний Г-2202018586 дугаартай 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Бид нэхэмжлэлийн шаардлагын дүнг 2022.09.30-ны өдрөөр хүү 2,784,519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 476,149 төгрөг, нийт 3,260,668 төгрөгөөр нэмэгдүүлж 84,597,284 төгрөг нэхэмжилсэн. Зээлдэгчид 2021.12.08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021.12.09-ний өдөр 40,000,000 төгрөг олгосон боловч 2021.12.08-ны өдрөөр 70,000,000 төгрөг олгосон байдлаар тооцоолол хийгдсэн байсан тул 1 өдрийн хүүний төлбөрийн зөрүү болох 27,616 төгрөгийг хасч тооцон одоо 84,569,668 төгрөгийг нэхэмжилж байна. 84,712,752 төгрөгийн тооцооллоос 1 өдрийн хүүний төлбөрийн зөрүү болох 27,616 төгрөг, мөн зөрүүтэй /алдаатай тооцсон/ төлбөр болох 115,468 төгрөг, нийт 143,084 төгрөгийг хасч тооцсон гэв.

            2.Хариуцагч тал хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Зээл авсан нь үнэн. Дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Хариуцагч Ц.Цийн харилцах дансанд 2021.12.08-нд 30 сая төгрөг, 2021.12.09-нд 40 сая төгрөг орсон. Зээлийн хүүг бодохдоо 1 хоногийн дараа өгсөн 40 сая төгрөгийг шууд 70 сая төгрөг өгсөнөөр бодож хүү тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч “Р Ф” ББСБ нь хариуцагч Ц.Цтой байгуулсан гэрээгээ цуцалсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэх заалтын дагуу үндсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүүг яаж бодсон ойлгомжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол зөрүүтэй, ойлгомжгүй, 4 төрлийн хүү байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүг яаж тооцон гаргаж ирээд байгаа  нь ойлгомжгүй байна. Сар сард нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Гэрээний хавсралт эргэн төлөлтийн график байхгүй бөгөөд хамгийн сүүлд төлсөн 600,000 төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй байна. Гэрээгээ цуцалсан бол нэмэгдүүлсэн шаардлага нэхэмжлэх эрхгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй гэв.

3.Нэхэмжлэгч талаас өгсөн баримт: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.12.07-ны өдрийн 12/07 дугаар зээлийн гэрээ, 2021.12.07-ны өдрийн 12/07 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2021.12.09-ний өдрийн 12/07 дугаар зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, эд хөрөнгийн жагсаалт ба үнэлгээ, Р Ф ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 000558909 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000113049 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 7206 УНК улсын дугаартай VOLVO FH12 автомашины гэрчилгээ, зээл хүүгийн тооцоолол, 2021.12.08, 2021.12.09-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зээл хүсэгчийн өргөдөл, итгэмжлэл, цахим хуудасд байршуулсан машины зар гэх 1 хуудас баримт, цахимаар харилцсан гэх 3 хуудас баримт.   

4.Хариуцагч талаас өгсөн баримт: Итгэмжлэл, хариу тайлбар, төлсөн төлбөрийн жагсаалт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд.

            Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Р Ф ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ц, Т.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 84,569,668 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.Талуудын хооронд 2021.12.07-ны өдөр 12/07 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нар нь гэрээнд заагдсан хугацаа, хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7-8/

Талууд мөн 2021.12.07-ны өдрийн 12/07 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Т.Ггийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18-р хороо тахилтын 3 дугаар гудамжны 153 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 136 м.кв талбайтай, Ү-2202008034 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 19-р хороо тахилтын 3 дугаар гудамжны 247 тоот хаягт байршилтай, 699 м.кв талбайтай, Г-2202018586 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж /хх-9-11/,

2021.12.09-ний өдрийн 12/07 дугаар зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 7606 УНК улсын дугаартай VOLVO FН12 маркийн зүтгүүрийн зориулттай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ. /хх-12-13/

4.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээний харилцаа, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан Иргэний хуулийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсгээ зурсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг төлөх талаар зээлдэгчид мэдэгдэж хугацаа олгосон байх бөгөөд зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор, хугацаанд нь төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч зээлийн төлбөр буюу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй.

6.Нэхэмжлэгч нь хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр 69,898,000 төгрөг, хүү 12,816,366 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,998,386 төгрөг, нийт 87,712,752 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарснаас тооцооны зөрүү болох 143,084 төгрөгийг хасч тооцон 84,569,668 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Зээлдэгч нь зээлийн төлбөрт нийт 6,998,000 төгрөг төлсөн байх бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 102,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 6,195,588.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 700,411.15 төгрөгийг суутган тооцсон нь зээл, хүүний тооцооллын хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т Нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч гэрээнд заасан хугацаандаа авсан зээлээ төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцох бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцож суутгахаар заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцээгүй.

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 3.1.2-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаархи “...хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно” гэсэн заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, зөрчсөн байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар гэрээний тус нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

Иймд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул нэмэгдүүлсэн хүүд шаардсан 1,998,386 төгрөг, хариуцагчийн төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүд тооцон суутгасан 700,411 төгрөгийг зээлийн төлбөрт төлснөөр тооцон нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,698,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7.Хариуцагч тал “зээлийн тооцоолол яаж хийгдсэн нь ойлгомжгүй, зөрүүтэй, хүү гэхэд л 4 төрлийн хүү гаргасан байдаг” гэх боловч нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол нь гэрээнд заагдсан хугацаа, хүүний хувь хэмжээгээр тооцсон, тооцоолол буруу гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар заасан.  

Хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

9.Дээр дурдсан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч нараас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 12/07 тоот зээлийн гэрээний үүрэгт 81,870,871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р Ф ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,698,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагчаас 637,504 төгрөгийг /567,304+70,200/ гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д  заасныг баримтлан хариуцагч Ц.Ц, Т.Г нараас 81,870,871 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,698,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ц, Т.Г нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Т.Ггийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18-р хороо тахилтын 3 дугаар гудамжны 153 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 136 м.кв талбайтай, Ү-2202008034 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 19-р хороо тахилтын 3 дугаар гудамжны 247 тоот хаягт байршилтай, 699 м.кв талбайтай, Г-2202018586 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 701,955 төгрөгийг /564,634+70,200+67,121/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц, Т.Г нараас 637,504 төгрөгийг /567,304+70,200/ гаргуулж нэхэмжлэгч Р Ф ББСБ ХХК-д олгосугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                                    У.С