Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02137

 

 

 

............- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/02973 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ............- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ......, .....- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 84,569,668 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ............- ХХК нь ......, .....- нартай 2021 оны 12 сарын 07-ны өдөр 12/07 дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 70,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгож, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийн баталгаа болгон Чингэлтэй дүүргийг 18 дугаар хороо тахилтын 3 дугаар гудамжны .........- тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 136 м.кв талбайтай, ...........- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Чингилтэй дүүргийн 18 дугаар хороо тахилын 3 дугаар гудамжны .......... тоот хаягт байршилтай 699 м.кв талбайтай, гэрчилгээний ............- дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн .......- УНК улсын дугаартай VOLVO FH12 маркийн зүтгүүрийн зориулалттай автомашиныг барьцаалж баталгаажуулсан. Гэвч зээл олгосон хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлт хуваарьт заасан хугацааг байнга хэтрүүлж дутуу буюу зөвхөн зээлийн хүүг маш бага хэмжээгээр төлдөг ба үндсэн зээлийн төлбөрт 102,000 төгрөг, хүүгийн төлбөрт 5,737,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 597,460 төгрөг, нийт 6,436,606 төгрөг төлсөн. 12/07 дугаар зээлийн гэрээний 5.2.2-т заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцвол, зээлдэгч нь үндсэн зээл 69,898,000 төгрөг, зээлийн хүү 12,786,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,884,702 төгрөг, нийт 84,569,668 төгрөг гаргуулна.

1.2. Барьцааны гэрээнд заасан хөрөнгө болох Чингилтэй дүүргийн 18 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжны .........- тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 136 м.кв талбайтай, Ү-............- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягийн .......... тоотод байршилтай, гэрчилгээний............- дугаартай 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

............- ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 84,569,668 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......, .....- нараас 81,870,871 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,698,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......, .....- нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Т.Гэрэлтуяагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо тахилтын 3 дугаар гудамжны .........- тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 136 м.кв талбайтай, Ү-............- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тахилтын 3 дугаар гудамжны .......... тоот хаягт байршилтай, 699 м.кв талбайтай,............- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 701,955 төгрөгийг (564,634+70,200+67,121) улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......, .....- нараас 637,504 төгрөгийг (567,304+70,200) гаргуулж нэхэмжлэгч PУС финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч зээлийн гэрээг ирүүлсэн боловч эргэн төлөлтийн хуваарийг хэрэгт хавсаргаагүй учир сар бүр хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээг цуцлахыг зөвшөөрсөн тул 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн хүү шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 2,786,303 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 4 хувь үйлдсэн. Гэрээг байгуулах явцад нэхэмжлэгч гэрээний салшгүй хэсэг болох хавсралтыг авсан. Хавсралтад заасан хуваарийн дагуу үл маргах журмаар төлөх үүрэгтэй. Зээлийг цуцалснаас хойш буюу хүүг шаардах эрхгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь манай байгууллага шүүхээр гэрээг цуцлуулах шаардлагыг гаргасан. Гэрээг цуцалсны дараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг гаргасан. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.2-т заасныг хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд мөн адил 20 хувь байна. Манай байгууллагын зүгээс 20 хувийг тооцохдоо тухайн сард төлөгдөөгүй, төлөх ёстой мөнгөн дүнгээс тооцсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ............- ХХК нь хариуцагч ......, .....- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 69,898,000 төгрөг, хүү 12,816,366 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,998,386 төгрөг, нийт 84,569,668 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

............- ХХК болон ......, .....- нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 12/07 дугаар зээлийн гэрээ байгуулж зээлдэгч нь 70,000,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэгч нар 70,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд сарын 2,8 хувийн хүүгийн хамт хэсэгчлэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. (хх-9-10)

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ... хариуцагч нар зээлийн гэрээний 4.1-т заасан зээлийн төлбөрийг хуваарьт заасан төлөх үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж зээлийн төлбөрийг гаргуулна... гэж тайлбарласан. Иймд зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сард хэдэн төгрөг төлөхөөр тохиролцсон, хэзээнээс эхэлж гэрээний үүргийг зөрчсөн талаар дүгнэлт, тооцоолол хийх шаардлагатай. Гэвч зээлийн гэрээний хавсралт эргэн төлөх хуваарь хэрэгт авагдаагүй байгаагаас шүүх зээлийн гэрээний үүргийн талаар тооцоолол хийх боломжгүй байна.

 

2. Нэхэмжлэгч ............- ХХК зээлийн гэрээний үүрэгт 84,569,668 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад шүүх барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны .........- тоот хаягт байршилтай хувийн сууц, мөн хаягийн 3 дугаар гудамжны .......... тоот хаягт байршилтай,............- дугаартай 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй атлаа дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн буруу болжээ. Учир нь: иргэний хэрэг үүсгээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/02973 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 59,531 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ