Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2022/03000

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Н-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч К.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хүүхэд, хүүхдийн мэдрэлийн үзлэг, оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Б ЭХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг дангаар эзэмшиж байсан. Улмаар 2017 онд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 50 мянгатын гудамж, 23 дугаар байр, 38 тоот хаягт оршин суух Дархан овгийн Энх-Амгалангийн Нэргүй гэх хүнтэй харилцан тохиролцож Б ЭХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувь буюу нэг бүр нь 3850 төгрөгийн үнэтэй 50 ширхэг нийт 1.925.000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг бэлэглэж, талууд компанийг 50:50 хувиар эзэмшиж, хамтран ажиллахаар болсон.

Гэтэл компанийн хувьцааг бэлэглэлээр хүлээн авагч Э.Н нь П.О миний компанийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж, компани байрлаж байгаа байранд нэвтрүүлэхгүй байх, албан өрөөнд орж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан бланс, холбогдох материалыг нууж, миний нэрээр худал тайлан мэдээ гаргаж, дуудлагаар хүн үзэх гэх мэтээр үйл ажиллагааны үндсэн чиглэлд үл нийцэх үйлчилгээ явуулах байдлаар удаа дараа гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж байна.

Энэ байдал нь П.О миний хувьд үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшдэг компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах, хэвийн байдлаар үйл ажиллагааг нь эрхлэн явуулахад оролцох, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, ноцтой гомдоосон.

Миний бие нас өндөр болж, тухайн үед нөхөр нас барсан тул компанийн хувьцааг шилжүүлэх болсон байдаг. Энэ нь протоколд тэмдэглэгдсэн. Хүүхдийн мэдрэлийн чиглэлээр суралцаж төгссөн учраас Нэргүйг сонгон авсан. Гэтэл Ууганбаяр гэх нөхрийгөө компанийн үйл ажиллагаанд татан оролцуулж, Нэргүй компанийн үйл ажиллагааг доголдуулж, мэдрэлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулаагүй.

Компанийн хувьцааг намайг хууран мэхлэх замаар, миний сэтгэл санааны хямралтай байдлыг ашиглаж шударга бус, хууль бус арга хэрэглэж авсан гэж үзэж байна. Би компанийхаа 50 хувийг өгөхдөө түүний хэлсэн ярьсанд итгэж байсан. 19001903 дугаарын лавлах утсаа нөхрийн Итгэлт элч ХХК-ийн нэр дээр байдаг гэж, гэрээр дуудлага авч хүүхэд үзэхийг зөвшөөрсөн зэргээр худлаа ярьсан. Мөн дадлага туршлагагүй, төгсөөд удаагүй, хүүхдийн мэргэжлийн бус Д.Амаржаргал гэх эмчийг гэрийн дуудлагад явуулж байсан зэргээр компанийн дүрэм болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгуулахдаа “Хүүхдийн өвчний оношлогоо, эмчилгээ гэж авсан нь миний эмнэлгийг өргөтгөх бус, үйл ажиллагааны хүрээг хумьсан, миний ажиллах эрхийг хязгаарласан зөвшөөрөл авсан байсан.

Бэлэглэлийн гэрээний 3.2-т Бэлэг хүлээн авагч нь шилжүүлэн авсан хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээх гэж заасан бөгөөд Э.Н нь миний эрхийг эдлүүлээгүй, харин өөрийнхөө эрхийг хэтрүүлж, үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний бусад заалтуудыг ноцтой зөрчсөн.

Мэргэжлийн бус хүн дуудлагад явуулах, тусгай зөвшөөрөлд нийцээгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар удаа дараа зөвлөж хэлдэг байсан ч хүлээж аваагүй бөгөөд компанийн үйл ажиллагаанд оролцуулаагүй.

Татвар болон нийгмийн даатгалд өр төлбөртэй эсэхийг шалгуулахад миний нэрээр татварын тайлан гаргаж тушаасан байдаг. Энэ талаараа надад огт хэлж байгаагүй бөгөөд шалгалтын үр дүнд зөрчил илрүүлж акт тавигдсан. Мөн эрх мэдлээ давуулан, албан тушаалаа ашиглаж Отгонбаярын нэрээр хуурамч тушаал гаргаж ажилгүйдлийн тэтгэмж авсан байсан нь илэрсэн. Хэрэгт хавсарган өгсөн шинжээчийн дүгнэлтээр тушаалд бичсэн гарын үсэг нь Отгонбаярын гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Мөн Б Ээмнэлгийн нэр хүндийг ашиглаж Бүүвэй мед эмнэлгийг шинээр байгуулж тусгай зөвшөөрөл авчихаад, Б Ээмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргасан байсныг мэдлээ. Энэ талаар П.Отай огт зөвшилцөөгүй.

Миний бие 2020 оны 1 сард Америкийн нэгдсэн улс руу яваад ирсэн. Иртэл эмнэлгийн хаалга цоожтой, би орьё гээд залгатал утсаа аваагүй. Тэгээд нөхөр нь ирээд намайг загнаж дарамталсан, миний эд зүйлийг авч ашиглаж байсан хэр нь авъя гэхэд өгөхгүй байх зэргээр надад зүй бус хандсан. Энэ үйл явдлаас үүдэн намайг гомдоож байгааг мэдсэн. Энэ бүгд бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл мөн бөгөөд хууль бус үйл ажиллагаанууд юм.

Хариуцагчид холбогдуулж Татвар, нийгмийн даатгал, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлага, өр төлбөргүй байдлаар хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад энэ шаардлагаасаа татгалзсан.

Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар болон талуудын хооронд 2017.08.07-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, ийнхүү гэрээг хүчингүй болгосонтой холбоотойгоор дээрх компанийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг П.О миний нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

            2.Хариуцагч тал хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Оын шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие өөрөө хүүхдийн эмч мэргэжилтэй, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс гэр бүлээрээ эрүүл мэндийн лавлах 1900-1903 дугаарыг ажиллуулж, энэхүү утсаар хүүхдийн эрүүл мэндийн талаарх зөвлөгөө мэдээллийг өгч, шаардлагатай тохиолдолд гэрээр үзлэг хийдэг байсан ба энэхүү ажлаа өргөжүүлэх, хүүхдийн хувийн эмнэлэг нээх зорилгоор баримт материалаа бүрдүүлж байх явцдаа Б Э ХХК-ийн захирал П.О эмчийн тавьсан 2017.07.26-ны өдөр фейсбүүкийн Монголын эрүүл мэндийн салбарынханы нэгдсэн групп пэйж хуудсанд тавьсан “Хүүхдийн хувийн эмнэлэг байгуулах хүсэлтэй эмч байна уу байвал чатаар холбогдоорой” гэсэн зарыг олж үзээд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр миний бие нөхөр Б.Ууганбаярын хамт Posh Waxing Salon-ны байранд П.О эмчтэй очиж уулзсан болно.

Улмаар П.О эмчтэй уулзахад би энэ компанийг 2006 онд үүсгэн байгуулсан. Одоо энэ компаний тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа цаг үед миний нас өндөр болж байгаа, бас ар гэрийн гачигдалтай, өөрийн бие муу байгаа, мөн энэ ажлыг залгамжлаад явах үр хүүхдүүд надад байхгүй тул эхлүүлсэн ажлаа ингээд бүү дуусаасай, энэ компанийг маань цааш нь үргэлжлүүлээд, тусгай зөвшөөрлийг нь сунгуулаад аваад явах хүн байвал өгчих юмсан гэсэн хүслээр зар тавьсан юм аа. Зарын дагуу хоёр, гурван ч хүн ирж уулзсан. Таалагдах хүн байсангүй ээ. Харин та 2 маань их буянтай ажил эхлүүлсэн явж байгаа юм байна. Хүүхдийн эмнэлэг байгуулахаар нэгэнт шийдээд хөөцөлдөөд явж байгаа юм бол миний компанийг аваад үйл ажиллагаагаа өргөжүүлээд яваа. Би та хоёрыг цаашид амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэж байгаа учраас компаниа 100% үнэ төлбөргүй бэлэглэмээр байна гэж байсан.

Ийнхүү ярилцсаны эцэст ирээдүйд эмч болгох хүсэлтэй Б.Сгэх зээ хүүтэйг нь мэдээд манай нөхөр Б.Убид таны эхлүүлсэн зүйлийг зүгээр авахыг хүсэхгүй байгаа тул худалдаж авмаар байна. Эсвэл ирээдүйд зээ хүү Б.С-ийгтань эмч болох үед 50 хувийн хувьцааг нь шилжүүлж өгөх саналтай байна гэсний дагуу харилцан тохиролцоод хамтарч ажиллахаар болсон ба ингэхдээ Б Э ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг сунгуулж, эмнэлгийн зориулалтын байртай болох, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, нэр хүндийг өсгөх зорилгыг өмнөө тавьж Б Э ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн.

Анх тус компани нь П.О эмчийн нэр дээр 100 хувь бүртгэлтэй ч мэдрэлийн эмчийн үзлэгээс өөр ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, тогтвор суурьшилтай ажиллах байр, тоног төхөөрөмж байхгүй байсан ба бид 2 харилцан ярилцаад компанийг өргөтгөх, компаний нэрээр өөр өөрийн үйл ажиллагааг тус бүртээ явуулахаар тохирсон. Ингэхдээ П.О эмчийн хүсэлтээр түүний саналаар Б Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал, тамга тэмдэг, эрхийг надад шилжүүлж үйл ажиллагааг нь хариуцан авч явахыг зөвшөөрсөн.

Энэ үед миний хувьд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлж байсан, Б Э ХХК-ийн хувьд тогтвор суурьшилтай ажиллах ажлын байр, тоног төхөөрөмж байхгүй, компанийн үйл ажиллагааг өргөтгөх эдийн засгийн чадамжгүй байсан тул манай нөхөр Б.Ууганбаярын эзэмшлийн И ЭХХК-ийн нэр дээр БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хорооллын 75 дугаар байрны 1-р орц 2 давхарт 85.58 м.кв талбайтай байрыг түрээслэн авч, эмнэлгийн зориулалтаар засаж тохижуулан И ЭХХК-ийн эзэмшлийн тусгай дугаар, эмнэлгийн тоног төхөөрөмж, машин техникийг ашиглаж, Б Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Хүүхдийн өвчний оношлогоо, эмчилгээ чиглэлээр сунгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Энэ хугацаанд Б Э ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулан компанийн нэрээр үзүүлсэн үйлчлүүлэгч нарыг бүртгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн олсон орлогыг компанийн данс тооцоонд бүртгэн, холбогдох тайланг зохих журмын дагуу гаргаж, татвар хураамжийг цаг тухайд төлөөд явж байсан. Харин П.О эмч бид хоёр Б Э ХХК-ийн нэрээр тус тусдаа мэргэшсэн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж, олсон орлогоо тус бүртээ авахаар тохирсон ба П.О эмчийн хувьд хүүхдийн мэдрэл чиглэлээр эмчилгээ үйлчилгээг бие даан явуулж, олсон орлогоо хувьдаа авдаг, компанид ямар нэг орлого тушаадаггүй, түрээс болон хэрэглээний зардал төлдөггүй байсан юм.

Миний хувьд П.О эмчийн ажилд хөндлөнгөөс оролцоод үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан удаа байхгүй, хувьцаа эзэмшигчийн эрх нь нээлттэй, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг мэддэг байсан ба хүссэн үедээ ажилдаа ирж очиж, ажлаа ямар нэг саадгүй хийж, ашиг орлого олж байсан нь компанийн өдөр тутмын үзлэгийн бүртгэлээс тодорхой харагдана. Би П.О эмчийг гомдоогоогүй, эрхийг нь хязгаарлаагүй, харин ч ажиллах нөхцөл бололцоогоор нь бүрэн хангаж, үнэгүй байранд суулгаж, эд материалаар хангаж, олсон орлогоос нь булаацалдаж байгаагүй төдийгүй нэг удаа ч түрээсийн төлбөр, хэрэглээний зардал, нэхэж, авч байгаагүй болно.

Бидний байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа байрны түрээс, ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчнийг миний нөхрийн И ЭХХК бүхэлд нь гаргаж, мөн Б Э эмнэлгийн бүхий л зар сурталчилгаа, дуудлага үйлчилгээг хариуцан И ЭХХК-ийн 1900-1903 тусгай дугаарын утсаар авч ирсэн бөгөөд эдгээр бүх үйл ажиллагааг явуулахад гарсан зардлыг И ЭХХК дангаараа хариуцаж байсан болно. Түүнээс биш П.О эмч бид хоёрын олсон орлогоор байр түрээслэж, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл, машин техник худалдан аваагүй, түрээсийн төлбөрт өгч байгаагүй учир П.О эмчийн нэрээр хуурамч тайлан гаргаж байгаагүй болно.

Мөн миний хувьд П.О эмчийг гомдоох нь бүү хэл нэг ч удаа маргалдаж, зөрчилдөж байгаагүй болно. Харин П.О эмч 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө 88079040 дугаарын утаснаасаа миний 99100791 дугаарын утас руу компанийн бичиг баримт надад хэрэгтэй байна гэсэн мессежийг илгээсэн байсныг миний бие 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр компанийн бичиг баримт, болон холбогдох тайлангуудыг хэвлэж өгсөн. Улмаар 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэнэт нүүх болсон тухай захиа бичиж үлдээгээд явсан байсан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр нүүсэн байсан. Гэтэл энэ хугацаандаа манайд ажиллаж байсан Г.Сэржхорлоо гэдэг эмчтэй хуйвалдан компанийн баримт бичгүүдийг хулгайлж, хуулбарлан авч, улмаар уг баримтуудаа ашиглан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Грэйс төвийн 306 тоотод Б Э ХХК-ийн эмнэлгийн нэрийг ашиглан хүүхэд, хүүхдийн мэдрэл, сэргээн засах эмчилгээ хийж, зөвлөгөө өгөх, дуудлагаар үзэх зэрэг үйл ажиллагааг дур мэдэн ямар ч зөвшөөрөлгүй явуулж, байгааг би үйлчлүүлэгч нараасаа болон Фэйсбүүк дээрх мэдээллээс олж мэдсэн ба түүний энэхүү үйлдэл нь өөрөө бидний хоорондын тохиролцооноос гадна, холбогдох хууль дүрмийг зөрчсөн үйлдэл болж байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байдаг. Өөрөөр хэлбэл гомдоосон гээд байгаа үйлдлүүд нь компанийн үйл ажиллагаатай холбоотой. Түүнээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байдаггүй. Компанийн үйл ажиллагаанд оролцох, түүнтэй холбоотой санал хүсэлт гомдлоо гаргах эрх нэхэмжлэгчид нээлттэй байгаа. Гэтэл өөрийг нь гомдоосон гээд байгаа боловч хариуцагч Нэргүйгийн зүгээс гомдоосон үйлдэл хийсэн гэх баримт байхгүй. Хэн гомдоосон гэхээр нөхөр нь гомдоосон гэх утгатай тайлбар хэлдэг. Гэтэл бэлэг хүлээн авагч бол Ууганбаяр биш Нэргүй юм. Нэргүй бэлэглэгчийг гомдоосон ямар ноцтой үйлдэл хийсэн, хэзээ хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Гомдоосон гээд байгаа үйл баримтуудын хэзээ гэдэг хугацаа нь тодорхой бус.

Эрх шилжүүлэх гэрээнд компанийн удирдлагын эрхийг шилжүүлэхээр тодорхой заасан байдаг. Гэтэл ажилчин авахдаа, гэрээ байгуулахдаа, компанийн удирдах үйл ажиллагаа явуулахдаа намайг оролцуулаагүй гэж байгаа нь ойлгомжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ЭХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ЭХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Б ЭХХК-ийн дүрэм, П.Оын эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, дэд докторын диплом, эмчийн зэргийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, 2017.08.07-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2017.08.07-ны өдрийн Б ЭХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, Н.Насанжаргал, П.О нарын гэрлэлтийн гэрчилгээ, Н.Насанжаргалын нас барсны гэрчилгээ, Уугантуяа эмчийн хүүхэд үзэж буй гэх зураг, 2017.09.14-ний хурлын тэмдэглэл, Г.Сэржхорлоогийн тодорхойлолт, утасны дуудлагын лавлагаа, зургууд,  БЗД-ийн прокурорын газрын мэдэгдэх хуудас, татварын хяналт шалгалт хийх томилолт, БЗД-н Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.09.18-ны бичиг, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2020.09.15-ны өдрийн бичиг, БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020.10.05-ны өдрийн бичиг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 202.10.08-ны өдрийн бичиг, Н.Цээпилын тодорхойлолт, дэвтрийн хуулбарын хамт, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2020.12.17-ны 05/2665 тоот бичиг, П.Оын диплом, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021.09.02-ны 1/337 тоот бичиг, Б ЭХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.09.28-ны өдрийн албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.09.21-ний 2682 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б ЭХХК-ийн 2022.03.18-ны өдрийн 01 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2022.05.30-ны 02-03/2195 тоот албан бичиг, сиди 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг,

4.Хариуцагч талаас: Хариу тайлбар, Б.Штодорхойлолт, Э.Нн диплом, эмчлэх үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээ, хамтран ажиллах гэрээ, БЗД-н Прокурорын газрын 2021.01.07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, БЗД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.15-ны өдрийн 2021/ЗШ/184 дугаар шийтгэвэр, зургууд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.11-ний 272 дугаар магадлал, сиди 1 ширхэг, эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэр 5 ширхэг,  

5.Шүүхээс талуудын хүсэлтээр Б ЭХХК-ийн татварын тайлан, Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлсэн тайлан, фэйсбүүк мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэл, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 2020.08.20-ны өдрийн 29/8877 тоот албан бичиг, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020.08.24-ны 02/1437 тоот албан бичиг, хавсралт, Б ЭХХК-ийн нийгмийн даатгалын тайлан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 200200500 зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, хавсралт, БЗД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.11.23-ны бичиг, 2020.12.25-ны өдрийн бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.08-ны өдрийн 0120 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2021.08.31-ний өдрийн 01/2365 тоот, 2021.09.02-ны өдрийн 01/2376 тоот бичиг, хавсралт, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021.09.08-ны өдрийн 917 тоот бичиг, хавсралт, Б ЭХХК-ийн санхүүгийн тайлан зэрэг баримтыг бүрдүүлсэн.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Э.Нд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.  

2.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

3.Нэхэмжлэгч П.О нь 2017.08.07-ны өдөр хариуцагч Э.Нтэй Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ байгуулж, Б ЭХХК-ийн нэг бүр нь 3,850 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг, нийт 3,850,000 төгрөгийн үнэ бүхий хувьцаанаас 50 хувь буюу 1,925,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Э.Нд бэлэглэж, мөн өдөр Б ЭХХК-ийн эрх шилжүүлэх гэрээгээр Э.Нд Б ЭХХК-ийн удирдлагын эрхийг шилжүүлжээ. /Хх-13-14/

4.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д зааснаар Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлагыг хангасан, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

5.Нэхэмжлэгч нь дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ бэлэг хүлээн авагч Э.Н нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж тодорхойлсон бөгөөд үүнд:

  • Ажлын байранд нэвтрүүлэхгүй, түлхүүр өгөхгүй, албан өрөөндөө орж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон, утсаар залгаж, мессеж бичихэд хариу өгөөгүй, хариуцагчийн нөхөр Ууганбаярын зүгээс зүй бус харьсан,
  • Олон дамжиж ордог, салхивч цонхгүй мухрын өрөөнд суулгаж ажлын нөхцөлийг дордуулсан,
  • Компанийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж, хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон,
  • Хамтран ажиллах гэрээ байгуулах, эмч ажилд авах зэрэг бусад компанийн үйл ажиллагааг явуулахдаа оролцуулаагүй, надтай тохиролцоогүй,
  • Компанийг өргөжүүлээгүй, бэлэглэлийн гэрээний 3.1-ийг зөрчсөн,
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулаагүй, ажлаа тайлагнаагүй,
  • Миний нэрээр татварын тайлан мэдээ болон бусад худал тайлан мэдээ гаргаж, намайг өр төлбөрт унагаах үйлдэл хийсэн,
  • Компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан баланс, холбогдох материалыг нуусан,
  • Тусгай зөвшөөрөлгүй дуудлагаар өвчтөн үзэх үйлчилгээ явуулах, тусгай дугаарын утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэрэг компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд нийцээгүй, тусгай зөвшөөрлөөр олгогдоогүй үйл ажиллагаа явуулсан,
  • Хүүхдийн мэргэжлийн бус, эмчлэх эрхгүй эмч нарыг ажиллуулж, хүүхдэд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулсан,
  • Итгэлийг алдаж, миний нэр хүндэд халдаж гутаах үйл ажиллагаа явуулсан, миний нэр хүндийг болон хүүхдийг мөнгө олох арга хэрэгсэл болгон ашигласан,
  • Компанийн хувьцааг хууран мэхлэх замаар хууль бус арга хэрэглэж авсан,
  • Албан тушаалаа ашиглаж, гарын үсэг хуурамчаар зурж, хууль бус тушаал гаргаж ажилгүйдлийн тэтгэмж авсан,
  • Б Ээмнэлгийн нэр хүндийг ашиглаж Бүүвэй мед эмнэлгийг шинээр байгуулсан, Б Ээмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хандсан зэрэг үндэслэлүүдийг дурдсан байна.

6.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч П.О 2020 оны 1 сард Америкийн нэгдсэн улс руу явж ирээд ажлын байрандаа орох гэтэл түгжээтэй, түлхүүр байхгүйгээс орж чадаагүй, хариуцагч руу утсаар залгаж, мессеж бичсэн боловч хариу өгөөгүй, Э.Нн нөхөр Ууганбаярын зүгээс дарамталсан, зүй бус харьцсан тул энэ үеэс намайг гомдоож байгааг мэдсэн гэжээ.

Бэлэглэгч гомдсон гэх байдал нь түүний үнэлэмжээр буюу субьектив хандлагаар тодорхойлогдох хэдий ч бэлэг хүлээн авагчийн зүгээс хийсэн үйлдэл нь ноцтой эсэх, бэлэглэгчид чиглэсэн эсэх, хэрхэн нөлөөлсөн болохыг тодорхойлох нь зүйтэй.  

7.Дараах үйл баримтууд нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй.

  • Нэхэмжлэгч П.О нь 2020 оны 01 сарын 11, 12-ны өдөр утсаар залгаж, мессеж бичихэд Э.Нн зүгээс хариу өгөөгүй гэх /хх1-102-111/,
  • Дуудлагаар үзлэг хийх тусгай зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулсан /хх4-27-39, 97-102/,
  • 19001903 лавлах утас ажиллуулж, дуудлага авч зөвлөгөө өгсөн,
  • Хувьцаа эзэмшигчдын хурлыг хийгээгүй,
  • П.Оын нэрээр татварын тайлан илгээж байсан,
  • Татварын нөхөн ногдуулалтын акт тогтоогдсон /хх4-45-49/,
  • Хүүхдийн мэргэжлийн бус эмч ажиллуулсан гэх /хх3-105-106/,
  • Э.Н нь ажилгүйдлийн тэтгэмж авсан талаар /хх4-75-90/,
  •  2018.09.19-ний өдрийн 12 дугаартай Б ЭХХК-ийн Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаалд зурагдсан гарын үсэг нь П.Оын гарын үсгийн загвартай тохироогүй гэх /хх4-114-117/
  • Бүүвэй мед эмнэлэг тусгай зөвшөөрөлтэй болох талаар /хх5-65/,
  • Б Ээмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хүсэлт гаргасан гэх /хх5-63/.

Дээрх үйл баримтуудын хувьд бэлэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөж дордуулсан, тухайн үйлдлийн улмаас бэлэглэгчид хохиролтой нөхцөл байдал үүссэн зэрэг түүнийг гомдоосон ноцтой үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.  

8.2020 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдөр утсаар залгаж, мессеж бичихэд Э.Нн зүгээс хариу өгөөгүй нь бэлэглэгчид хандсан сөрөг хандлагыг илэрхийлж болох боловч үүнийг “ноцтой үйлдэл” гэх ойлголтод хамаарах боломжгүй гэж үзэв.

9.2017.09.14-ний өдрийн Б ЭХХК-ийн хурлаар компанийн цаашдын зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар санал солилцсон байх бөгөөд хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч П.Оын зүгээс “...цаашид одоо ажиллаж байгаа эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, өргөжүүлэх, залуу боловсон хүчнийг дэмжих үүднээс Б Ээмнэлгийн даргын албыг Э.Н эмчид шилжүүлэн өгөх, өөрөө тус эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллах хүсэлтэй байна... Цаашид Б Ээмнэлэг нь хүүхэд, нярай хүүхэд, хүүхдийн мэдрэлийн эмчийн, сэргээн засах бариа заслын тусламж үйлчилгээг гэрээр, /дуудлагаар/ амбулаториор үзүүлэх, мөн утсаар, сошиалаар зөвлөх үйлчилгээг улсын хэмжээнд хийх болно...” зэргээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлж байсан нь 2017.09.14-ний өдрийн хурлын тэмдэглэлээр /1хх199-201/, Э.Нд удирдлагын эрхийг шилжүүлсэн нь эрх шилжүүлэх гэрээ, Компанийн дүрэм, хурлын тэмдэглэл баримтаар тус тус тогтоогдож байна.

Бэлэглэлийн гэрээний 3.1-д зааснаар болон талуудын тайлбараар талууд компанийн үйл ажиллагааг өргөтгөх, хамтран үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байх бөгөөд ингэхдээ ямар байдлаар өргөтгөх талаар дээрх хурлын тэмдэглэлээс бусдаар тусгайлан тохирсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Нийслэлийн эрүүл мэндийн газраас Б ЭХХК-д Хүүхдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр  тусгай зөвшөөрөл 2017.12.13-ны өдөр олгогдсон байна. /хх1-7/ Түүнчлэн Компанийн дүрэмд “гадаад худалдаа; үсчин, гоо сайхан; хүүхэд, хүүхдийн мэдрэлийн үзлэг, оношлогоо, эмчилгээ” гэж үйл ажиллагааны чиглэлийг нэрлэн заасан.

Дээрх баримтуудаас дүгнэхэд, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, зөвхөн хүүхдийн мэдрэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой байсан, эмнэлгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцуулаагүй зэрэг компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор гомдоосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

10.Бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш Б ЭХХК нь Итгэлт элч ХХК-тай хамтран тус компанийн байранд үйл ажиллагаа явуулж, 1900-1903 тусгай дугаарын утас ажиллуулах, гэрийн дуудлагаар үзлэг хийх, орон тоогоо нэмэгдүүлэн хүүхдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан татварын тайлангийн баримтууд /хх1-83-93/, эрүүл мэндийн газраас ирүүлсэн албан бичиг /хх1-95/, хамтран ажиллах гэрээ /хх2-135-137/, санхүүгийн тайлан /хх4-148-205/, үзлэгийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байна. Үүнээс дүгнэхэд, компанийн үйл ажиллагаа өргөтгөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс компанийг өргөжүүлсэн гэж үзэхгүй гэх боловч энэ тайлбараа нотолсон баримтыг гаргаагүй. Түүнчлэн, компанийн эрх шилжүүлэхээс өмнөх болон дараах байдлыг хэрхэн харьцуулж үзсэний үндсэн дээр өргөжөөгүй гэж үзэж байгаа нь, компанийн үйл ажиллагаа өргөжөөгүйг ямар үндэслэлээр бэлэг хүлээн авагчийн хийсэн ноцтой үйлдэл гэж үзэж буй нь тодорхойгүй байна.

11.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, компанийн болон бусад холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийгээгүй зэрэг нэхэмжлэгчийн дурдаж буй үндэслэлүүд компанийн удирдлага, үйл ажиллагаа, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхтэй холбоотой байна.

 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтуудын хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй.

Харин, хариуцагч Э.Н нь эдгээр үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэсэн болон буруу, алдаатай хийсэн, компанийн удирдлагын үүргээ болон эрүүл мэндийн мэргэжлийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй буюу талуудын компанийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн маргаан нь нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Б Экомпанийн үйл ажиллагаатай холбоотой татварын акт тавигдсан, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг зөрчлийн шинжтэй үйлдлийн талаар холбогдох баримтууд хэрэгт авагдсан хэдий ч үүнээс үүдэлтэй нэхэмжлэгчид хохиролтой нөхцөл байдал үүссэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн зэргээр сөргөөр нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй.

12.Түүнчлэн, хүүхдийн мэргэжлийн бус эмч ажиллуулсан, хууль бус тушаал гарган ажилгүйдлийн тэтгэмж авсан, Бүүвэй мед эмнэлгийг шинээр байгуулсан, Б Ээмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хандсан зэрэг үйл баримтыг шаардлагын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн дурдаж буй эдгээр үндэслэлүүд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэл гаргаснаас хойш бий болсон буюу мэдэгдсэн үйл баримтууд байх бөгөөд 2020.02.28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй юм.

13.Компанийг өргөжүүлээгүй, ажлын байранд нэвтрүүлээгүй, түлхүүр өгөөгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон, ажиллах нөхцөлийг дордуулсан, компанийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан, оролцуулаагүй, худал мэдээ тайлан гаргасан, компанийн материалыг нуусан, олон сая төгрөгийн өр төлбөрт унагах үйлдэл хийсэн, нэр хүндийг гутааж мөнгө олох хэрэгсэл болгосон, хувьцааг хууль бусаар авсан зэрэг үйл баримтуудын хувьд хангалттай баримтаар нотлогдоогүй болно.

Э.Нн нөхөр Ууганбаярын зүгээс зүй бус хандлага гаргасан гэх үйлдлийг бэлэг хүлээн авагч Э.Нд хамаатуулан, бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл мөн эсэхийг дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

14.Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч Э.Н нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч П.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь компанийн удирдлага, үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн маргааны талаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,150 төгрөгийг /70,200+70,200+45,750/ улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

15.Нэхэмжлэгч нь татвар, нийгмийн даатгал, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлага, өр төлбөргүй байдлаар хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагаасаа татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай П.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,150 төгрөгийг /70,200+70,200+45,750/ улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                                    У.С