Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00133

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00133

 

П.Рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03000 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: П.Р

Хариуцагч: Э.Өд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа, өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, өмгөөлөгч К.Бауиржан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Би хүүхэд, хүүхдийн мэдрэлийн үзлэг, оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг дангаар эзэмшиж байсан. Улмаар 2017 онд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 50 мянгатын гудамж, 23 дугаар байр, 38 тоот хаягт оршин суух Э.Өтэй харилцан тохиролцож ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувь буюу нэг бүр нь 3850 төгрөгийн үнэтэй 50 ширхэг нийт 1,925,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг бэлэглэж, талууд компанийг 50:50 хувиар эзэмшиж, хамтран ажиллахаар болсон.

1.2 Гэтэл компанийн хувьцааг бэлэглэлээр хүлээн авагч Э.Ө нь П.Р миний компанийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж, компани байрлаж байгаа байранд нэвтрүүлэхгүй байх, албан өрөөнд орж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан бланс, холбогдох материалыг нууж, миний нэрээр худал тайлан мэдээ гаргаж, дуудлагаар хүн үзэх гэх мэтээр үйл ажиллагааны үндсэн чиглэлд үл нийцэх үйлчилгээ явуулах байдлаар удаа дараа гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж байна.

1.3 Компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах, хэвийн байдлаар үйл ажиллагааг нь эрхлэн явуулахад оролцох, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг сэргээлгүүлэх боломжгүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж ноцтой гомдоосон. Компанийн хувьцааг намайг хууран мэхлэх замаар, миний сэтгэл санааны хямралтай байдлыг ашиглаж шударга бус, хууль бус арга хэрэглэж авсан. 19001903 дугаарын лавлах утсаа нөхрийн -ийн нэр дээр байдаг гэж, гэрээр дуудлага авч хүүхэд үзэхийг зөвшөөрсөн зэргээр худлаа ярьсан. Мөн дадлага туршлагагүй, төгсөөд удаагүй, хүүхдийн мэргэжлийн бус Д.Амаржаргал гэх эмчийг гэрийн дуудлагад явуулж байсан зэргээр компанийн дүрэм болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгуулахдаа Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ гэж авсан нь миний эмнэлгийг өргөтгөх бус, үйл ажиллагааны хүрээг хумьсан, миний ажиллах эрхийг хязгаарласан зөвшөөрөл авсан байсан.

1.4 Бэлэглэлийн гэрээний 3.2-т Бэлэг хүлээн авагч нь шилжүүлэн авсан хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээх гэж заасан бөгөөд Э.Ө нь миний эрхийг эдлүүлээгүй, гэрээний бусад заалтуудыг ноцтой зөрчсөн. Татвар болон нийгмийн даатгалд өр төлбөртэй эсэхийг шалгуулахад миний нэрээр татварын тайлан гаргаж тушаасан. Энэ талаараа надад огт хэлж байгаагүй бөгөөд шалгалтын үр дүнд зөрчил илрүүлж акт тавигдсан. Мөн эрх мэдлээ давуулан, албан тушаалаа ашиглаж Рын нэрээр хуурамч тушаал гаргаж ажилгүйдлийн тэтгэмж авсан байсан нь илэрсэн. Хэрэгт хавсарган өгсөн шинжээчийн дүгнэлтээр тушаалд бичсэн гарын үсэг нь Рын гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Мөн эмнэлгийн нэр хүндийг ашиглаж Бүүвэй мед эмнэлгийг шинээр байгуулж тусгай зөвшөөрөл авчхаад, эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргасан байсныг мэдсэн.

1.5 Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар болон талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-ний 3.4 дэх хэсэгт заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, ийнхүү гэрээг хүчингүй болгосонтой холбоотойгоор дээрх компанийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг П.Р миний нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс гэр бүлээрээ эрүүл мэндийн лавлах 1900-1903 дугаарыг ажиллуулж, шаардлагатай тохиолдолд гэрээр үзлэг хийдэг байсан. Уг ажлаа өргөжүүлэх, хүүхдийн хувийн эмнэлэг нээх зорилгоор баримт материалаа бүрдүүлж байх явцдаа ХХК-ийн захирал П.Р эмчийн тавьсан 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүкийн Монголын эрүүл мэндийн салбарынхан нэгдсэн групп пэйж хуудсанд тавьсан Хүүхдийн хувийн эмнэлэг байгуулах хүсэлтэй эмч байна уу байвал чатаар холбогдоорой гэсэн зарыг олж үзээд 2017 оны 07 дугаар сарын 31- ний өдөр нөхөр Б.Ууганбаярын хамт Posh Waxing Salon байранд П.Р эмчтэй очиж уулзсан.

2.2 Улмаар П.Р эмчтэй уулзахад би энэ компанийг 2006 онд үүсгэн байгуулсан. Одоо энэ компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа цаг үед миний нас өндөр болж байгаа, мөн энэ ажлыг залгамжлаад явах үр хүүхдүүд надад байхгүй тул эхлүүлсэн ажлаа ингээд бүү дуусаасай, энэ компанийг маань цааш нь үргэлжлүүлээд, тусгай зөвшөөрлийг нь сунгуулаад аваад явах хүн байвал өгнө гэсэн. Цаашид амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэж байгаа учраас компаниа 100% үнэ төлбөргүй бэлэглэмээр байна гэж байсан.

2.3 Ийнхүү ярилцсаны эцэст ирээдүйд эмч болгох хүсэлтэй Б.Сэцбилэг зээ хүүг нь эмч болох үед 50 хувийн хувьцааг нь шилжүүлж өгөх саналтай байна гэсний дагуу харилцан тохиролцоод хамтарч ажиллахаар болсон. Ингэхдээ ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг сунгуулж, эмнэлгийн зориулалтын байртай болох, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, нэр хүндийг өсгөх зорилгыг өмнөө тавьж ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн. Анх тус компани нь П.Р эмчийн нэр дээр 100 хувь бүртгэлтэй ч мэдрэлийн эмчийн үзлэгээс өөр ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, тогтвор суурьшилтай ажиллах байр, тоног төхөөрөмж байхгүй байсан ба бид 2 харилцан ярилцаад компанийг өргөтгөх, компанийн нэрээр өөр өөрийн үйл ажиллагааг тус бүртээ явуулахаар тохирсон. Ингэхдээ П.Р эмчийн хүсэлтээр түүний саналаар ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал, тамга тэмдэг, эрхийг надад шилжүүлж үйл ажиллагааг нь хариуцан авч явахыг зөвшөөрсөн. Нөхөр Б.Ууганбаярын эзэмшлийн -ийн нэр дээр БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хорооллын 75 дугаар байрны 1-р орц 2 давхарт 85.58 м.кв талбайтай байрыг түрээслэн авч, эмнэлгийн зориулалтаар засаж тохижуулан -ийн эзэмшлийн тусгай дугаар, эмнэлгийн тоног төхөөрөмж, машин техникийг ашиглаж, ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ чиглэлээр сунгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2.4 Энэ хугацаанд ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулан компанийн нэрээр үзүүлсэн үйлчлүүлэгч нарыг бүртгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн олсон орлогыг компанийн данс тооцоонд бүртгэн, холбогдох тайланг зохих журмын дагуу гаргаж, татвар хураамжийг цаг тухайд төлсөн. Харин П.Р эмч бид хоёр ХХК-ийн нэрээр тус тусдаа мэргэшсэн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж, олсон орлогоо тус бүртээ авахаар тохирсон ба П.Р эмчийн хувьд хүүхдийн мэдрэл чиглэлээр эмчилгээ үйлчилгээг бие даан явуулж, олсон орлогоо хувьдаа авдаг, компанид ямар нэг орлого тушаадаггүй, түрээс болон хэрэглээний зардал төлдөггүй байсан юм.

Миний хувьд П.Р эмчийн ажилд хөндлөнгөөс оролцоод үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан удаа байхгүй, хувьцаа эзэмшигчийн эрх нь нээлттэй, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг мэддэг байсан ба хүссэн үедээ ажилдаа ирж очиж, ажлаа ямар нэг саадгүй хийж, ашиг орлого олж байсан нь компанийн өдөр тутмын үзлэгийн бүртгэлээс тодорхой харагдана.

Бидний байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа байрны түрээс, ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчнийг миний нөхрийн бүхэлд нь гаргаж, мөн эмнэлгийн бүхий л зар сурталчилгаа, дуудлага үйлчилгээг хариуцан -ийн 1900-1903 тусгай дугаарын утсаар авч ирсэн бөгөөд эдгээр бүх үйл ажиллагааг явуулахад гарсан зардлыг дангаараа хариуцаж байсан болно. Эрх шилжүүлэх гэрээнд компанийн удирдлагын эрхийг шилжүүлэхээр тодорхой заасан байдаг. Гэтэл ажилчин авахдаа, гэрээ байгуулахдаа, компанийн удирдах үйл ажиллагаа явуулахдаа намайг оролцуулаагүй гэж байгаа нь ойлгомжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай П.Рын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,150 төгрөгийг /70,200+70,200+45,750/ улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ХХК-ийн 50 хувийг бэлэглэлээр хүлээн авагч Э.Ө нь бэлэглэгч П.Рын компанийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж, компани байрлаж байгаа байранд нэвтрүүлэхгүй байх, албан өрөөндөө орж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосны дээр хамт олны хурал дээр нөхөр Б.Ууганбаяр нь түүний нэр хүндийг гутаасан, гүтгэлгийн чанартай зүйл ярьж, цаашид уг байранд эмчийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед П.Р нь Э.Өтэй уулзах, компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд холбогдох баримт материалтайгаа танилцах, хувьцаа эзэмшигчдийн хурал хийх шаардлага тавьсныг Э.Ө хүлээж аваагүй, хариу өгөөгүй. Энэ хугацаанд П.Р нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо, Харилцаа холбооны зохицуулах газар, Сүхбаатар дүүргийн татварын алба, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад хандан ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гарган хариу авч, нэхэмжлэлийн үндэслэлээ батлах, нотлох бүхий л баримтуудыг хангалттай бүрдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Э.Ө бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй хэмээн П.Рын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.2 Э.Ө нь П.Рыг олон дамжиж ордог өрөөний мухрын өрөөнд суулган, дамждаг өрөөнүүдийн түлхүүрийг өгөөгүйгээс ажлын өрөөндөө орох, цаг авсан өвчтөнүүдээ цагт нь үзэх ямар ч боломжгүй болгосон, энэ талаар хэлж ярихад нь хүлээж авдаггүй, утсаа авдаггүй, мэргэжлийн бус нөхөр нь эмнэлгийн үйл ажиллагааг удирдаж, эмч нарын хурал зөвлөгөөн хийдэг, П.Рын хүүхэд үзэх, оношлохдоо хэрэглэж байсан эд зүйлийг хураан авч, хурал дээрээ тэр хүнд ширхэг ч эд зүйлийг өгч болохгүй, түүний эмнэлэг биш гэх мэт зүйл ярьж хэвийн ажиллах, хамтарч ажиллах ямар ч боломжгүй нөхцөл байдлыг үүсгэснээр Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэс тавигдсан. Хариуцагч тал бэлэг хүлээн авагч Э.Өд биш, түүний нөхөр Б.Ууганбаярт гомдсон байна гэх байдлаар маргадаг боловч Э.Ө нь ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэргэжлийн эмч атлаа эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагыг орхигдуулан нөхөртөө өгч, хувьцаа эзэмшигч П.Ртай харьцаагаа таслан, түүний байгуулсан эмнэлэг, компанийг мэргэжлийн бус хүнээр удирдуулан ашиг орлого олох хэрэгсэл болгосон нь Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх гол үндэслэл юм. Э.Ө нь энэ асуудлыг нөхрийнхөө компанитай хамтран ажиллах гэрээтэй байсан, эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг боловч гэрээ байгуулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцээгүй, П.Ртай зөвшилцөөгүй, түүнд мэдэгдээгүй, мэргэжлийн бус хүнээр эмнэлгийг удирдуулж, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулсан гэх асуудал яригдсан үед шүүхэд зориулж хуурамчаар нөхөж хийсэн гэрээг авчирч өгсөн.

4.3 Компанийн санхүү татварын болон үйл ажиллагааны тайлан баланс, холбогдох материалыг П.Раас нууж, татварын албанд түүний нэрээр худал тайлан гаргаж өгч байсан нь шалгалтаар илэрч, акт торгууль тавигдсаныг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа илэрсэн боловч Э.Өн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацаанд хамаарагдах асуудал бөгөөд П.Рын нэрээр худал тайлан гаргасан. Хүүхдийн мэдрэлийн үзлэг, оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах Тусгай зөвшөөрөл-ийг зөрчин гэрийн дуудлагаар өвчтөн үзэх, мэргэжлийн биш эмч дуудлагад явуулах зэргээр үйл ажиллагааны чиглэлд нийцэхгүй олон ажиллагаа явуулсан нь мөн тухайн цаг хугацаанд хамаарагдаж байгаа бөгөөд энэ талаар П.Рт огт мэдэгдээгүй, шийдвэрлээгүй асуудал байсан. П.Р нь өөрийн үүсгэн байгуулсан, 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг компанийнхаа үйл ажиллагаанд огт оролцож чадахаа больсон ба компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, шийдвэр гаргах, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөн ноцтой асуудал юм.

4.4 Э.Ө нь П.Рын нэрээр татварын албанд хуурамч тайлан мэдээ өгч байсан, эмнэлгийн Тусгай зөвшөөрөл-ийг сунгуулахдаа түүний зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн, ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөөгүй атлаа П.Рын гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч тушаал гарган, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан, энэ хэрэгтээ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу ял шийтгэгдсэн, хамгийн сүүлд Анагаах ухааны доктор, клиникийн профессор, хүүхдийн мэдрэлийн зөвлөх эмч П.Р болон түүний үүсгэн байгуулсан эмнэлгийн нэр хүндийг ашиглан Бүүвэй мед гэх эмнэлгийг шинээр байгуулан тусгай зөвшөөрөл авчхаад эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан зэрэг нь бэлэглэгч талыг ноцтой гомдоосон, компанийн нэр хүндийг унагасан асуудал бөгөөд Бэлэглэлийн гэрээ-ний 3.4 дүгээр зүйлд заасан гэрээг хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна.

4.5 Э.Ө нь түүний энэ санаа зорилгыг хэрэгжүүлэхгүй, бусдын байгуулсан, хийж бүтээсэн олон жилийн хөдөлмөр, нэр хүнд, эмчийн ур чадвар, хүнлэг сэтгэлийн үр дүнд бий болсон эмнэлгийг дур мэдэн өөрчилж, Компанийн дүрмийн 1.5.3 дахь заалтаас Хүүхдийн мэдрэл гэдэг үгийг авч хаяж, зөвхөн өөрт ашигтай байдлаар Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ гэж гэрчилгээ авсан, уг эмнэлгийн үндэс суурин дээр эмнэлгийн нэрийн талыг авч шинээр эмнэлэг байгуулаад бэлгэнд авсан эмнэлгийнхээ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт гаргаж байгаа зэргээс Э.Өн П.Рт хандаж байсан хандлага, харьцаа, сөрөг чанар тодорхой харагдаж байна. П.Р нь өөрийн ажлаа орхин гарч, Э.Өтэй уулзах, ярилцах, компанийн бичиг баримтаа үзэх, авах шаардлага тавьсан тэр цагаас эхлэн түүний өөрт нь гаргасан зан байдал, олон удаагийн шүүх хурал, олон олон сөрөг мэдээлэл, худал хуурамч баримт сэлт, гүтгэлэг, тохуурхал зэргээс сэтгэл санааны хямралд орох, биеийн эрүүл мэндийн байдал муудах зэрэг асар хүнд хохирол амссаар өдийг хүрсэн. Энэ бүх асуудал эхэлсэн тэр цаг үеэс Э.Өд маш их гомдсон, Э.Ө түүнийг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэлтэй юм.

4.6 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, П.Рын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Гомдолд дурдсан үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэнэ. Тухайлбал, Э.Ө нь П.Рыг дараах байдлаар гомдоосон гэж дурсан бөгөөд утсаар залгаад хариу өгдөггүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийе гэхэд хийдэггүй, компанийн байранд оруулдаггүй, гэрийн дуудлагаар эмчилгээ үзүүлж тусгай зөвшөөрөлд заагдаагүй чиглэлээр үйл ажиллагаа явуулсан, татварын талаар буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлүүдээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хэд хэдэн газарт хандсан. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Татварын газар, Нийгмийн даатгалын газар, цагдаагийн байгууллага гэх мэт газруудад Э.Өтэй холбоотой асуудлаар хандсан. Жишээлбэл, нэхэмжлэгчийн гомдолд Э.Ө нь татварын газар буруу тайлан мэдээг гаргаж өгсөн гэх боловч татварын газраас акт тавьсан бөгөөд ямар учраас акт тавьсан талаар баримтыг хэрэгт хавсаргасан. Үүнд Э.Ө болон Д.Р нар нь ХХК-ийн хувьцааг 2 хувааж хамтран эзэмших явцдаа тохиролцсон бөгөөд П.Р хүүхдийн эмч хийнэ гэж хэлсэн бөгөөд ямар нэгэн байдлаар компанийн тайлан балансад тусгахгүй гэж тохиролцсон энэ талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурдсан. ХХК нь үйл ажиллагаагаа явуулаад хүүхдээ үзээд тухайн орлогоо татварын газар тайлагнадаг. Татварын газраас П.Р эмчтэй холбоотой асуудлаар буюу татварын тайланд яагаад тусгадаггүй талаар акт тавьсан. Мөн ХХК тусгай зөвшөөрлөөс гадуур гэрийн дуудлагын үйлчилгээ үзүүлсэн талаар нэхэмжлэгч тал гомдолд дурдсан бөгөөд мэргэжлийн хяналтын газар хандахад энэ ажиллагаатай холбоотой акт, дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2 Өөрөөр хэлбэл, гэрийн дуудлагын үйлчилгээ нь хуулиар хориглосон ажиллагаа биш учраас ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардахгүй гэх агуулгаар нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд Улсын Дээд шүүхээс мэргэжлийн хяналтын газраас тавьсан актыг хүчингүй болгосон. Тухайлбал, тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр гэрийн дуудлагын үйл ажиллагаа явуулж болно гэж үзсэн. Мөн үйл ажиллагаагаа өргөтгөөгүй, ажлын байр нэмэгдүүлээгүй гэх боловч анх бэлэглэлийн гэрээг байгуулж 50 хувийн хувьцааг шилжүүлэхдээ ямар нэгэн нөхцөл, болзолгүйгээр шилжүүлсэн. Э.Өгийн хувьд компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд Итгэлт илч ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад тус компанийн байранд ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагааны хөрөнгө, орлогыг хуваасан. Итгэлт илч ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан тоног төхөөрөмжийг ашиглах, ажлын байрыг өргөтгөх, томсгох зорилготой байсан талаар нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5.3 П.Р эмч мэдрэлийн чиглэлээр хүүхдүүдээ үзэж, Э.Ө нь гэрийн дуудлагаар үйл ажиллагаа явуулахад орлогын хувьд харилцан адилгүй байсан учраас П.Р эмч тухайн орлогыг нь хуваалцах талаар асуудал үүсгэсэн. П.Р шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ХХК-д ажиллаж байсан эмчтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жижиг объект түрээслээд гэрийн дуудлага үйлчилгээ үзүүлэхээр зар тавьж үйл ажиллагаа явуулсан. Үүнд Э.Ө нь бэлэг хүлээн авагчийн хувьд П.Рыг ноцтой гомдоосон үйлдэл гаргаагүй. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Өгийн нөхөр н.Ууганбаяр намайг ноцтой гомдоосон гэж ярьсан. Гэтэл н.Ууганбаяр нь ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, хувьцаа эзэмшдэггүй бөгөөд П.Ртай эрх зүйн харилцаанд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүсийн хоорондын тохиромжгүй харилцаанаас үүдээд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлээ тайлбарладаг. Энэ талаар 1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар талд П.Р нь Н.Шүрэнчимэгтэй утсаар ярьсан ярианд үзлэг хийлгэсэн баримт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.Р нь хариуцагч Э.Өд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ компанийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж, компани байрлаж байгаа байранд нэвтрүүлэхгүй байх, албан өрөөнд орж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан баланс, холбогдох материалыг нууж, миний нэрээр худал тайлан мэдээ гаргаж, дуудлагаар хүн үзэх гэх мэтээр үйл ажиллагааны үндсэн чиглэлд үл нийцэх үйлчилгээ явуулах байдлаар удаа дараа гэрээгээр тохирсон үүргээ зөрчсөн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарласан. Хариуцагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон зүйл байхгүй, маргалдаж байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь бэлэглэлийн гэрээнээс татгалзах бус, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, үр дагаврыг арилгуулах агуулгатай байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

3. П.Р нь 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-ээр 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ТУЗ-ын шийдвэрийг үндэслэн бэлэглэгч П.Р нь бэлэг хүлээн авагч Э.Өд өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг үнэ төлбөргүй шилжүүлсэн. Мөн өдөр ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээгээр тус компанийн удирдлагын эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 13-14/

4. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ. Иймд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Бэлэг хүлээн авагчийн зүгээс бэлэглэгч рүү чиглэсэн буюу гомдоосон үйлдэл хийсэн, уг үйлдэл нь ноцтой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бүрдэнэ.

4.1. Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хэмжээний гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Ө нь П.Рыг олон дамжиж ордог өрөөний мухрын өрөөнд суулган, дамждаг өрөөнүүдийн түлхүүрийг өгөөгүйгээс ажлын өрөөндөө орох, цаг авсан өвчтөнүүдээ цагт нь үзэх ямар ч боломжгүй болгосон, мэргэжлийн бус нөхөр нь эмнэлгийн үйл ажиллагааг удирдаж, эмч нарын хурал зөвлөгөөн хийдэг, П.Рын хүүхэд үзэх, оношлохдоо хэрэглэж байсан эд зүйлийг хураан авч, хурал дээрээ тэр хүнд ширхэг ч эд зүйлийг өгч болохгүй, түүний эмнэлэг биш гэх мэт зүйл ярьж хэвийн ажиллах, хамтарч ажиллах ямар ч боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

4.2 Түүнчлэн, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Нөхөн ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай ХХК-д нөхөн ногдуулалтын акт тавигдсан байгааг нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон гэж үзэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй. /4хх 45-49/

4.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Э.Ө нь П.Рын нэрээр татварын албанд хуурамч тайлан мэдээ өгч байсан, эмнэлгийн Тусгай зөвшөөрөл-ийг сунгуулахдаа түүний зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн, ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөөгүй атлаа П.Рын гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч тушаал гарган, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлд ... ХХК-ийн эмнэлгийн даргын ажлыг Э.Өд шилжүүлэн өгөх, эмнэлгийг хүүхэд, нярай хүүхэд, хүүхдийн мэдрэлийн эмчийн, сэргээн засах бариа заслын тусламж үйлчилгээг гэрээр, амбулаториор үзүүлэх, мөн утсаар, сошиалаар зөвлөх үйлчилгээг хийх болно гэж тэмдэглэгдсэн байна.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

6. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноор үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсгийг баримтлаагүйг, мөн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй байгааг залруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03000 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Өд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай П.Рын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 115,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН