Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2022/03150

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А К ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, автомашины түрээсийн төлбөрт 2,429,480 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Мгээс 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд олгосон цалин хөлс болох 14,345,887 төгрөг гаргуулах тухай А К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа:    

Б.М би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “А К” ХХК-тай хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид Техникийн албаны дарга албан тушаалд ажиллах болсон.

Гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа миний бие хариуцсан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл 2022 оны 07-р сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай Захирлын тушаалаар намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Миний бие ажиллах хугацаандаа аливаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд уг нөхцөл байдлыг хамтран ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Цаашлаад намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа атлаа ямар зөрчил гаргасан тухай мэдэгдээгүй, тайлбар авахгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсанд харамсаж байна.

Иймд дээр дурдсанчлан “А К” ХХК нь иргэн Б.М намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан байх тул намайг ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 6-р сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн нэхэмжлэгч нь А К ХХК-д техникийн албаны даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил олгогчоос албаны хэрэгцээнд албан үүрэг гүйцэтгэхдээ хэрэглэх зорилготой тээврийн хэрэгслээр хангадаг. Ажил олгогч нь Б.Мд тусгайлан гаргаж өгөх тээврийн хэрэгсэлгүй тул түүний өөрийнх нь эзэмшлийн Toyota Hilux 0 маркийн 44-88 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг техникийн албаны даргын ажлын хэрэгцээнд ашиглуулж, ажил олгогчоос Автомашин түрээсийн гэрээг 2022.01.03-ны өдрөөс 2022.12.31-нийг дуустал хугацаанд байгуулж, түрээс төлөх тохироо хийсэн. 2022.06.30-ны өдрөөр тасалбар болгон нягтлан бодогч Н-тай тооцоо дуусгасан боловч өнөөдрийг хүртэл А К ХХК-иас тооцооны актаар тогтоогдсон 2,429,480 төгрөгийг олгоогүй тул уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Компани хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан гэж 2022.07.05-ны тушаалыг нөхөж гаргасан байна. Учир нь намайг оффиссоор тооцоогоо хийж байхад тушаалыг танилцуулаагүй бөгөөд энэ тушаал гараагүй байсан. Тойрох хуудас дээр хамгийн сүүлд гүйцэтгэх захирал Б.Т 2022.07.18-ны өдөр гарын үсгээ зурсан.

Хуулийн зөвлөх Л.Гнь ажилтанд тушаалыг танилцуулаагүй гэж буруутгасан үйлдэл нь шүүхийг хуурч байна. Тус компанийн ерөнхий захирал Б.Г-тэй удаа дараа уулзаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг илэрхийлэхэд “тийм зүйл байхгүй, чамтай шүүх дээр уулзъя” гэсэн. Мөн халж буй шалтгааныг тодруулахад тэрээр хариулж чадаагүй.

Тушаалуудыг нөхөж гарган дугааруудыг зохиомлоор бичсэн байна. Л.Г, С.О, ахлах нягтлан бодогч П.Д нар нь М РХХК-ийн ажилтан  бөгөөд эдгээр хүмүүсийг тушаалд нэрийг нь оруулсан, Л.Галбадрахад А К ХХК-ийн захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан байгаа нь тушаалыг нөхөж албаар гаргасан нь нотлогдож байна.

Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө шинээр орох хүнээ сайтар бэлдэхийн тулд 2 сарын өмнө гарах тухай дурдаж бичсэн. Энэхүү өргөдлийг гүйцэтгэх захирал танилцаад дуугүй өнгөрсөн. Хэрвээ надтай хуулийн заалтын дагуу уулзсан бол гэрээ цуцлах тухай хугацааг тохиролцох байсан.

Иймд Б.Мг А К ХХК-ийн техникийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 6-р сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 17,294,469 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, автомашины түрээсийн төлбөрт 2,429,480 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

            2.Хариуцагч тал хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 01 сарын 09-ний өдрөөс эхлэн манай компанийн техникийн албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2022 оны 06 сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан. Иймд түүний бичгээр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу манай компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалаар Б.Мтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан бөгөөд улмаар ажилтны албан үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэж байсан техник төхөөрөмж, багаж хэрэгсэл, хариуцсан эд хөрөнгө зэргийг ажил хүлээлцэх хуудсын дагуу хүлээн авч, тойрох хуудсаар тооцоо хийж баталгаажуулан ажил хүлээлцсэн.

Гэвч манай компанийн хуулийн зөвлөх Л.Гнь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж Б.Мд “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалыг танилцуулах үүргээ биелүүлэлгүй “А К” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Т-40-А-22/25а дугаар тушаалаар хүчингүй болгосон 2022 оны 07 сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай тушаалыг Б.Мд танилцуулсан болохыг шүүхээс нэхэмжпэлийг гардаж авснаар олж мэдлээ.

Л.Гнь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, буруу тушаал танилцуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор Л.Г-д Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

Б.Мд танилцуулсан 2022 оны 07 сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын тухайд хуулийн зөвлөх Л.Гтушаалын төслийг алдаатай боловсруулж, улмаар Гүйцэтгэх захирлаар батлуулсан байсан тул 2022 оны 07 сарын 05-ны өдөр уг тушаалыг “А К” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын Т-40-А-22/25а дугаар тушаалаар хүчингүй болгож, улмаар Б.Мгийн гаргасан хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, уг тушаалыг Б.Мд танилцуулахыг хуулийн зөвлөх Б.Галбадрахад үүрэг болгосон юм.

Гэтэл хуулийн зөвлөх Б.Галбадрах нь Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалыг танилцуулах үүргээ биелүүлэлгүй, буруу тушаал танилцуулсны улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүслээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2022 оны 07 сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь хүчингүй болгосон бөгөөд эрх зүйн хувьд үйлчлэлгүй юм. Өөрөөр хэлбэл Б.Мг 2022 оны 07 сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай тушаалаар ажлаас халаагүй. Харин Б.Мгийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалаар дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2022.07.04-ний өдрийн тушаал гарсны дараа 2022.07.05-ны өдөр Максрөүд ХХК-ийн хууль, эрх зүйн хэлтсийн захирал Р.Очирбал нь өөрийн цахим шуудангийн хаягаас “...хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах санал гаргасан бол уг саналын дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд гаргасан шийдвэрүүдээ өөрчлөх эсэхийг хэлэлцэнэ үү” гэсэн цахим шууданг илгээж үүний дагуу шийдвэрийн талаар хэлэлцэж Б.М ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна, үүний дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гээд тушаалыг хүчингүй болгосон. Ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Б.Мгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа учраас уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Гүйцэтгэх захирал өөрийн тушаалыг хүчингүй болгох эрхтэй.

Автомашины түрээсийн төлбөрт 2,429,480 төгрөг гаргуулах шаардлага нь  хөдөлмөрийн эрхийн маргаан буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх гэж үзэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ:

Б.М нь манай компанид техникийн албаны даргын албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд М МХХК-д техникийн албаны захирлын албан тушаалд давхар ажил, хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд одоо ч тус компанид ажилласан хэвээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 57.1.2 дахь хэсэгт “үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна” гэж заасан.

Мөн “А К” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 сарын 18-ны өдрийн Т-40-А-21/20 тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.1.20-д “Ажилтан нь Компанийн бизнесийн үйл ажиллагаатай төстэй, эсхүл түүнтэй өрсөлдөхүйц ажил эрхэлдэг компанийн үйл ажиллагаанд гүйцэтгэх захирлын бичгээр өгсөн зөвшөөрөлгүй ямар нэгэн хэлбэрээр оролцох, өөрийн ажил үургийн хуваарьт заасан үүргийг өөр аж ахуй нэгжид давхардуулан гүйцэтгэх түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулах гэх мэт үйлдэл хийхгүй байх үүрэгтэй", 10.6.1, 10.6.2-т “Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтан, ажиллагсдыг хөдөлмөрийн сахилга бат зөрчсөнд тооцож зөрчлийн шинж байдал, компанид учруулсан хор уршиг, хохирлыг харгалзан зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна”, М ИХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 07-ны өдрийн Т-02-А-22/08 дугаартай тушаалаар батлагдсан М ИХХК-ийн нэгдэлд хамаарах охин, хараат болон бусад хамаарал бүхий компаниудын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахдаа баримтлах нийтлэг журмын 18.1.8-д “Ажилтан ажил олгогчдоо мэдэгдэлгүйгээр өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж тус тус заасан.

Түүнчлэн компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.7.4-т Компанийн технологи, бүтээгдэхүүний техникийн нөхцөл, заавар, шударга өрсөлдөөнт зах зээлд, давуу талаа хамгаалах зорилгоор компаниас нууцалсан нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, шаардлагатай техник тоног төхөөрөмж, чанарын үзүүлэлт зэрэг нь Компанийн маш нууцад хамаарахаар, 3.7.5-д компанийн гадаад, дотоод худалдааны гэрээ, хэлцэл, түншүүдээс нийлүүлэхээр тохиролцсон техник тоног төхөөрөмж, технологийн үзүүлэлт, үнэ, тариф зэрэг нь компанийн нууцад хамаарахаар тус тус заасан байдаг.

Б.М нь компанийн техник тоног төхөөрөмж, чанарын үзүүлэлт, компанийн гадаад, дотоод худалдааны гэрээ, хэлцэл, түншүүдээс нийлүүлэхээр тохиролцсон техник тоног төхөөрөмж, технологийн үзүүлэлт, үнэ, тариф зэрэг компанийн нууцад хамаарах үйл ажиллагааг хариуцан ажилладаг техникийн албаны даргын албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан.

М МХХК-ийн хувьд манай бизнесийн үйл ажиллагаатай төстэй, өрсөлдөхүйц үйл ажиллагаа буюу автомашины худалдаа, ачаа тээвэрлэлт, автомашины түрээс, засвар, зогсоолын, автомашины тос тосолгооны материал худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд манай компанийн техник худалдаж авахаар зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж байсан компани.

Гэтэл Б.М нь манай компанид техникийн албаны даргын албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг М МХХК-д техникийн албаны захирлын албан тушаалд давхар ажил, хөдөлмөр эрхэлж байсан болохыг “М М" ХХК-иас Б.Мд олгосон цалин, хөлс болон Б.Мгийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтоос олж мэдлээ.

Хэрэв тухайн үед Б.Мг М МХХК-д ажилладаг болохыг олж мэдсэн бол компанийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацааны цалинг олгохгүй байсан. Гэтэл Б.М нь бүтэн цагийн үндсэн ажилтан хирнээ компаниас зөвшөөрөл авалгүйгээр 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд “ММС Моторс" ХХК-д давхар ажил, хөдөлмөр эрхэлсэн бөгөөд энэ хугацаанд компанид ажиллаагүй.

Манай компани Б.Мд итгэж, дэмжсээр ирсэн ба 2021 онд 12,000,000 төгрөгийн урамшуулал хүртэл олгож байсан. Гэтэл ажил олгогчоо хуурч, давхар ажил хөдөлмөр эрхэлж, түүгээр ч зогсохгүй Ажилд эргүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардлага гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Иймд Б.Мгээс 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд олгосон цалин хөлс болох 14,345,887 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Б.М нь заасан хугацаанд А К ХХК-нд ажил үүргээ бүрэн, хэвийн хийж гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхий цалинг байгууллагад буцаан төлөх үндэсгүй байна гэв.

5.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, Б.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2022.07.25-ны өдрийн 182/ШЗ2022/0976 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.07.28-ны өдрийн 3/1874 дугаар албан бичиг, А К ХХК-ийн 2022.07.04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нэмэлт тайлбар, мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасан гомдол, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2022.09.16-ны 02-16/229 дугаар албан бичиг, дансны хуулга, өргөдөл, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, хариу тайлбар,

6.Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, А К ХХК-ийн 2022.07.05-ны өдрийн Т-40-А-22/5а дугаар тушаал, 2022.07.05-ны өдрийн Т-40-Б-22115-01 дугаар тушаал, тушаалын хавсралт, тойрох хуудас, хөрөнгийн ашиглалтын бүртгэл, 2022.09.02-ны өдрийн Т-40-Б-22/244 дугаар тушаал, зөрчлийн хуудас, тодорхойлолт, итгэмжлэл, нэмэлт тайлбар, 2022.05.02-ны Т-08-Б-22/65 дугаар тушаал, цагийн бүртгэл, өргөдөл, нууц хадгалах гэрээ, үр дүнгийн урамшуулал, хариу тайлбар,

7.Шүүхээс талуудын хүсэлтээр: нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үзлэг хийсэн тэмдэглэл, А К ХХК-ийн тушаалын дэвтрийн хуулбар, дотоод журам, 2019,01.09-ний өдрийн Б/419 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, ажлын байрны тодорхойлолт, автомашин түрээсийн гэрээ, замын тооцооны хуудас, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтыг бүрдүүлсэн.

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, автомашины түрээсийн төлбөрт 2,429,480 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,

Хариуцагч нь Б.Мгээс 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд олгосон цалин хөлс болох 14,345,887 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Аливаа зөрчил дутагдал гаргалгүй, хариуцсан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан,

Сахилгын ноцтой зөрчил гаргаагүй тул 2022.07.04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар тушаал нь үндэслэлгүй,

Ажлын байрны тодорхойлолт, ажил олгогчтой байгуулсан тохиролцооны дагуу автомашины түрээсийн төлбөр төлөх үндэстэй гэж.

4.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн,

Ажлаас чөлөөлөх тушаалыг буруу гаргасан ба тэрхүү тушаалаа хүчингүй болгож 2022.07.05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаар тушаалыг гаргасан,

2022.07.04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар тушаал хүчингүй, үйлчлэлгүй болсон, нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн,

Автомашины түрээсийн төлбөр гаргуулах шаардлага нь  хөдөлмөрийн эрхийн маргаан буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж тайлбарлав.

5.Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ “үндсэн ажилтнаар ажиллаж байх хугацаанд ажил олгогчийн зөвшөөрөлгүй, хөдөлмөрийн хууль, гэрээ зөрчиж давхар ажил эрхэлсэн тул тухайн хугацааны цалин хөлсийг буцаан гаргуулна” гэж тодорхойлсон.

6.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “Б.М нь ажил үүргээ бүрэн хэвийн хийж гүйцэтгэсэн тул цалинг буцаан төлөх үндэслэлгүй” гэж үгүйсгэсэн.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А К ХХК-ийн 2022.07.04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар тушаал, 2022.07.05-ны өдрийн Т-40-А-22/5а дугаар тушаал, 2022.07.05-ны өдрийн Т-40-Б-22115-01 дугаар тушаал, тушаалын хавсралт, 2019.01.09-ний өдрийн Б/419 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, тойрох хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үзлэг хийсэн тэмдэглэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, ажлын байрны тодорхойлолт, автомашин түрээсийн гэрээ, замын тооцооны хуудас, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.Нэхэмжлэгч Б.М нь А К ХХК-ийн захирлын 2019.01.09-ний өдрийн Б/419 дугаар тушаалаар Техникийн албаны дарга албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.

9.Б.М нь 2022.06.20-ны өдөр [email protected] цахим хаягаас Ажлаас чөлөөлөгдөх тухай гэх и-мэйл [email protected] цахим хаягт илгээсэн байна. Үүнд “...Миний бие 2022.08.20-р ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Орны ажилтан хайх, бэлтгэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй болов уу гэдэг үүднээс 2 сарын өмнө мэдээлэл хүргүүлж байна.” гээд 1 хуудас “А К ХХК-ийн захиргаанд өргөдөл гаргах нь” гэх баримтыг хавсарган хүргүүлсэн ба тус өргөдөлд “...ар гэрийн гачигдлаар цаашид ажиллах боломжгүй болсон тул 2022.08.20-р тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

10.А К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.07.04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж, уг тушаалд Б.М нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.9.1, 10.6.9.13 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 8.4.6.12, 8.4.6.13-т тусгагдсан ноцтой зөрчлийг гаргасан тул 2022.06.24-ний өдрөөр тасалбар болгон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар заасан байх бөгөөд уг тушаалыг Б.Мд танилцуулсан байна.

11.А К ХХК нь 2022 оны 07 сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Т-40-А-22/25а дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар хүчингүй болгож, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг гаргасан байна. Тухайн Т-40-Б-22/115-01 дугаар тушаалд Б.М нь 2022.06.20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул уг хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

12.Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Toyota Hilux 0 маркийн 44-88 УНЧ улсын дугаартай автомашиныг 2022.01.03-ны өдрөөс 2022.12.31-ний өдрийг дуустал хугацаанд албан ажлын хэрэгцээнд ашиглах, ажил олгогч байгууллага нь түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохирсон байх ба энэ тохиролцоог баталж “Автомашин түрээсийн гэрээ”-г байгуулсан байна. Нэхэмжлэгч нь ийнхүү өөрийн автомашиныг ажил үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэсний төлбөрийг А К ХХК нь олгож байсан бөгөөд 2022.01.01-ний өдрөөс 2022.06.30-ны өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байна.

13.Түүнчлэн, нэхэмжлэгч Б.М нь А К ХХК-нд ажиллаж байх хугацаанд 2022 оны 03 сараас ММС Моторс ХХК-нд ажиллаж цалин хөлс авсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогдсон.

14.Нэхэмжлэгч нь 2022.06.20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаар, А К ХХК-нд ажиллаж байх хугацаанд 2022 оны 03 сараас ММС Моторс ХХК-д ажилласан, нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашиныг албан ажилд ашиглахаар тохирсон зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

15.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.М нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл бичгээр гаргасан байх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлсэн гэж үзнэ.

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9.-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно” гэжээ. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг тохиролцоогүй тул ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа тухайн цаг хугацаанд дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

17.Түүнчлэн, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно.” гэж, 79.3.-д “Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно.” гэж заасан бөгөөд энэ нь хугацаа тохиролцох талаар ажил олгогчид үүрэг болгосон зохицуулалт биш юм. Тодруулбал, ажил олгогчийн хувьд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан хугацааны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргах үүрэг хүлээгээгүй.

18.Ажил олгогчийн зүгээс ноцтой зөрчил гаргасан гэж 2022.07.04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар тушаалыг гаргасан хэдий ч энэ нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэх үндэслэл болохгүй байна.

19.Хариуцагч тал нь буруу гаргасан гэх 2022.07.04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар тушаалыг гүйцэтгэх захирлын 2022.07.05-ны өдрийн Т-40-А-22/25а дугаар тушаалаар хүчингүй болгож, 2022.07.05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаар тушаалыг гаргасан гэж тайлбарласан.

20.Хариуцагч нь өөрийн гаргасан тушаалаа буруу гэж үзэн хүчингүй болгож, зөвтгөн гаргасныг буруутгах үндэслэлгүй. Ажил олгогч буруу тушаал гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, уг тушаалыг хүчингүй болгож зөвтгөсөн гэсэн тул шүүх тухайн 2022.07.04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар тушаалын үндэслэлтэй эсэхийг болон тушаалуудыг нөхөн гаргасан, дугаарлалт нь үнэн зөв эсэхийг дүгнэх нь ач холбогдолгүй гэж үзэв.

21.Иймд нэхэмжлэгч нь нэгэнт ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9.-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай шаардлага үндэслэлгүй байна.

22.Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д “Ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангаагүйгээс ажилтан хувийн багаж хэрэгсэл, эд зүйлээ ашигласан, эсхүл ажилтны багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр харилцан тохиролцсон бол ажил олгогч гарах зардлыг нөхөн төлнө” гэж зохицуулсан.

23.А К ХХК-ийн “Техникийн албаны дарга” ажлын байрны тодорхойлолтын 4-ийн 1-д Ажлын байрны хэрэгсэл гэсэн хэсэгт албан хэрэгцээнд автомашинаар хангахаар заажээ. Түүнчлэн, талууд 2022.01.03-ны өдөр Автомашины түрээсийн гэрээ гэх баримт бичиг үйлдэж Б.М нь өөрийн эзэмшлийн Toyota Hilux 0 маркийн 44-88 УНЧ улсын дугаартай автомашиныг компанийн техникийн албаны даргын ажлын хэрэгцээнд зориулан ашиглахаар, А К ХХК нь төлбөр төлөхөөр харилцан тохирсон байна.  Түүнчлэн тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтаар үлдэгдэл төлбөр 2,429,480 төгрөг болох нь тогтоогдсон. Иймд тус төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

24.Хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашиныг компанийн ажил үүргийн хувьд ашиглахаар тохирсон үйл баримтын талаар маргаагүй боловч “хөдөлмөрийн эрхийн маргаантай хамааралгүй” гэж тайлбарлан хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Гэвч талуудын хооронд хийгдсэн гэрээ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой үүссэн тохиролцоо байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

25.Нэхэмжлэгч Б.М нь 2022 оны 03 сараас 06 сар хүртэл хугацаанд А К ХХК-нд ажил үүргээ гүйцэтгээгүй гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хариуцагчийн зүгээс давхар ажил эрхэлсэн нь хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэх боловч энэ нь ажилтны ажилласан хугацааны цалин хөлсийг буцаан гаргуулах үндэслэл болохгүй гэж үзэв. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

26.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А К ХХК-иас 2,429,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, үндсэн нэхэмжлэлийн бусад шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

27.Хариуцагч А К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,679.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 115.2.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 126 дугаар зүйлийн 126.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч А К ХХК-иас 2,429,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагыг болон цалин хөлс 14,345,887 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,679.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ                                     У.С