Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00354

 

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00354

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/03150 дугаар шийдвэртэй,

 

А-гийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх, автомашины түрээсийн төлбөрт 2,429,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2022 оны 03 дугаар сараас мөн оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд олгосон цалин хөлс болох 14,345,887 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Б” ХХК-тай  Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, техникийн албаны дарга албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Ямар зөрчил гаргасан тухай мэдэгдээгүй, тайлбар авахгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А- ажиллах хугацаандаа аливаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд уг нөхцөл байдлыг хамтран ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

1.2. Ажил олгогч тээврийн хэрэгслээр хангах үүрэгтэй байсан ба А-д тусгайлан гаргаж өгөх тээврийн хэрэгсэлгүй тул түүний өөрийнх нь эзэмшлийн Тоёото Хайлюкс маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг техникийн албаны даргын ажлын хэрэгцээнд ашиглуулж, ажил олгогчоос Автомашин түрээсийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд байгуулж, түрээс төлөхөөр тохиролцсон. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон  тооцооны актаар тогтоогдсон 2,429,480 төгрөгийг олгоогүй тул гаргуулж өгнө үү.

1.3. Компани хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан гэж 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг нөхөж гаргасан байна. Учир нь нэхэмжлэгч тойрох хуудсаа зуруулж байхад түүнд тушаалыг танилцуулаагүй бөгөөд энэ тушаал гараагүй байсан. Тойрох хуудас дээр хамгийн сүүлд гүйцэтгэх захирал Б.Түвшиндаваа 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гарын үсгээ зурсан.

Тус компанийн ерөнхий захирал В-тэй удаа дараа уулзаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг илэрхийлэхэд “тийм зүйл байхгүй, чамтай шүүх дээр уулзъя” гэсэн. Мөн халж буй шалтгааныг тодруулахад тэрээр хариулж чадаагүй.

Тушаалуудыг нөхөж гарган дугааруудыг зохиомлоор бичсэн байна. Л-, С-, ахлах нягтлан бодогч П- нар нь “М” ХХК-ийн ажилтан бөгөөд эдгээр хүмүүсийн нэрийг тушаалд оруулсан, Л-ад “Б” ХХК-ийн захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь тушаалыг нөхөж албаар гаргасан нь нотлогдож байна.

Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө шинээр орох хүнээ сайтар бэлдэхийн тулд 2 сарын өмнө гарах тухай дурдаж бичсэн. Энэхүү өргөдлийг гүйцэтгэх захирал танилцаад дуугүй өнгөрсөн. Хэрвээ надтай хуулийн заалтын дагуу уулзсан бол гэрээ цуцлах тухай хугацааг тохиролцох байсан.

1.4. Иймд А-г “Б” ХХК-ийн техникийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 6 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,294,469 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлж, автомашины түрээсийн төлбөрт 2,429,480 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч А- нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн “Б” ХХК-ийн техникийн албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан.

Иймд түүний бичгээр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалаар А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан бөгөөд улмаар ажилтны албан үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэж байсан техник төхөөрөмж, багаж хэрэгсэл, хариуцсан эд хөрөнгө зэргийг ажил хүлээлцэх хуудсын дагуу хүлээн авч, тойрох хуудсаар тооцоо хийж баталгаажуулан ажил хүлээлцсэн.

2.2. Гэвч компанийн хуулийн зөвлөх Л- нь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж А-д Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалыг танилцуулах үүргээ биелүүлэлгүй “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-А-22/25а дугаар тушаалаар хүчингүй болгосон 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай тушаалыг А-д танилцуулсан болохыг шүүхээс нэхэмжлэлийг гардаж авснаар олж мэдсэн.

Л- нь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, буруу тушаал танилцуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор Л-ад Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

2.3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хүчингүй болсон бөгөөд эрх зүйн хувьд үйлчлэлгүй юм. Өөрөөр хэлбэл, А-г 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаартай тушаалаар ажлаас халаагүй. Харин А-гийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалаар дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаал гарсны дараа 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “М” ХХК-ийн хууль, эрх зүйн хэлтсийн захирал Р- нь өөрийн цахим шуудангийн хаягаас “...хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах санал гаргасан бол уг саналын дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд гаргасан шийдвэрүүдээ өөрчлөх эсэхийг хэлэлцэнэ үү” гэсэн цахим шууданг илгээсэн. Ийнхүү шийдвэрийн талаар хэлэлцэж А-гийн гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гээд тушаалыг хүчингүй болгосон. Ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр А-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй учраас уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Гүйцэтгэх захирал өөрийн тушаалыг хүчингүй болгох эрхтэй.

2.4. Автомашины түрээсийн төлбөрт 2,429,480 төгрөг гаргуулах шаардлага нь хөдөлмөрийн эрхийн маргаан буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх гэж үзэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. А- нь компанийн техник тоног төхөөрөмж, чанарын үзүүлэлт, компанийн гадаад, дотоод худалдааны гэрээ, хэлцэл, түншүүдээс нийлүүлэхээр тохиролцсон техник тоног төхөөрөмж, технологийн үзүүлэлт, үнэ, тариф зэрэг компанийн нууцад хамаарах үйл ажиллагааг хариуцан ажилладаг техникийн албаны даргын албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан.

Гэтэл А- нь “Б” ХХК-д техникийн албаны даргын албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг “О” ХХК-д техникийн албаны захирлын албан тушаалд давхар ажил, хөдөлмөр эрхэлж байсан болохыг “О” ХХК-аас А-д олгосон цалин, хөлс болон А-гийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтоос олж мэдсэн.

3.2. Хэрэв тухайн үед А-г “О” ХХК-д ажилладаг болохыг олж мэдсэн бол компанийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацааны цалинг олгохгүй байсан. Гэтэл А- нь бүтэн цагийн үндсэн ажилтан хэрнээ компаниас зөвшөөрөл авалгүйгээр 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд “О” ХХК-д давхар ажил, хөдөлмөр эрхэлсэн бөгөөд энэ хугацаанд компанид ажиллаагүй.

“Б” ХХК нь А-д итгэж, дэмжсээр ирсэн ба 2021 онд 12,000,000 төгрөгийн урамшуулал хүртэл олгож байсан. Гэтэл ажил олгогчоо хуурч, давхар ажил хөдөлмөр эрхэлж, түүгээр ч зогсохгүй ажилд эргүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардлага гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд А-гээс 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд олгосон цалин хөлс болох 14,345,887 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

А- нь заасан хугацаанд “Б” ХХК-д ажил үүргээ бүрэн, хэвийн хийж гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхий цалинг байгууллагад буцаан төлөх үндэсгүй байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 126 дугаар зүйлийн 126.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 2,429,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагыг болон цалин хөлс 14,345,887 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 53,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. А- нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК-ийн техникийн албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан боловч “Б” ХХК нь түүний хүсэлт гаргаснаас хойш байнгын ажлын байрны дарамтад байлгасаар 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар “Сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр халсан захирлын тушаалыг түүнд гардуулсан. Хариуцагч нь хариу тайлбартаа “Маналсүрэнд гардуулсан тушаал бол ажилтны алдаа учир хүчингүй, харин бид түүний халснаас хойш дахин шинэ тушаал гаргасан хэмээн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаал ирүүлснийг А- ажил олгогчоос албан ёсоор танилцаж гардаж аваагүй, шүүхэд ирүүлсэн баримтуудаас үзэж танилцсан.

Ажил олгогч нь өөрийн дур зоргоор авирлаж, буруу тушаал гаргасныг шүүхээс хянаж эхэлмэгц ажилтанд өмнө нь танилцуулж гардуулаагүй шинэ тушаалыг өөрийн давуу эрхээ эдлэн, нөхөн гаргаж, шүүхэд ирүүлсэн хууль бус үйлдлийг шүүхээс зөвтгөн дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, байгууллага дотооддоо давуу эрхээ эдлэн хууль бус үйлдэл хийхийг зөвтгөж шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр үндэсгүй байна. Ажил олгогч нь шүүхийн өмнө цалин хөлсний өр төлбөрт орох эрсдэлээс сэргийлж, шүүхээс нэхэмжлэл гардаж авмагцаа шинэ тушаал нөхөн үйлдсэнийг ямар хуулийн заалтаар зөвтгөсөн нь ойлгомжгүй. Ажил олгогч шүүхийн шатанд бус шүүхэд хандахаас өмнө 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Т-40-Б-22/115 дугаар тушаалыг өөрийн санаачилгаар цуцлан, А-д шинээр үйлдсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалыг албан ёсоор танилцуулж, гардуулсан бол нэхэмжлэгч нь шүүхэд хандах шаардлагагүй байсан. Шүүхийн шатанд нөхөн гаргаж өгсөн нь үүнийг ажилтныг албан ёсоор халж, гардуулсан тушаал гэж үзэхгүй.

Эдгээр үйл баримт нь А-гийн ажлаас халагдах тойрох хуудасны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн огноотой холбогдох тушаалтнуудын гарын үсгээр нотлогддог. Мөн байгууллагын тушаалын бүртгэлийн дэвтэрт 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Т-40-Б-22/115 дугаар тушаалыг бүртгэсэн бүртгэл нь хэвийн бичилттэй хадгалагдаж үлдсэн бол шүүхэд баримт гаргаж өгөхдөө хүснэгтийн доод буланд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалыг маш жижиг цифрээр нөхөн бичилт хийсэн баримтуудаар тогтоогдоно.

Мөн “Б” ХХК-ийн захирлын Т-40-А- 22/25а дугаартай, өмнөх тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг нэхэмжлэгч нь ажил олгогчоос албан ёсоор танилцаагүй, хэргээс уншсан бөгөөд ажил олгогчийн шүүхэд ирүүлсэн 2022 оны 07 дугар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаартай тушаалыг танилцуулсан баримтад А- нь тушаалтай танилцсан талаар гарын үсэг зурж, тэмдэглэл үйлдээгүй зэрэг баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115- 01 дугаартай тушаалыг ажил олгогч ажилтан болон шүүхийг хууран мэхэлж, нөхөн үйлдсэн нь нотлогддог.

6.2. А- нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо өөрийн гаргасан хүсэлтийг бус харин 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Т-40-Б-22/115 дугаар тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.9.1, 10.6.9.13 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 8.4.6.12, 8.4.6.13 дахь заалтуудад заасан зөрчлийг хэзээ, хэрхэн, яаж зөрчсөн талаар шүүхээр дүгнүүлж, хянуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хянасангүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч А-гийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагыг хангаж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлсөнд 14,345,887 гаргуулж өгнө үү.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь А-гийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар “ноцтой зөрчил гаргасан” гэдэг үндэслэлээр цуцалсан дээр маргаагүй. Харин уг тушаалыг маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болгож, А-гийн мөн оны 06 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А- 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүсэлтээ гаргаад 06 дугаар сарын 24-ний өдөр ажлын байраа орхиж явсан. Иймд түүнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн.

7.2. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалын тухайд манай хуулийн зөвлөх алдаатай тушаал гаргаад үүнийгээ гүйцэтгэх захирлаар батлуулсан байсан. Үүнийг манай хуулийн хэлтсийн захирлын “энэ тушаал хүчингүй болох тушаал байна. Өөрийнх нь гаргасан хүсэлтийнх нь дагуу ажлаас нь чөлөөл” гэсэн имэйлийн дагуу маргааш нь тухайн тушаалыг хүчингүй болгож, өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх, автомашины түрээсийн төлбөрт 2,429,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сараас мөн оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд олгосон цалин хөлс болох 14,345,887 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Ажил олгогч “Б” ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/149 дугаар тушаалаар ажилтан А-г техникийн албаны дарга албан тушаалд томилон, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй.

 

4. Хариуцагч “Б” ХХК-ийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Т-40-Б-22/115 дугаар тушаалаар А- нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.9.1, 10.6.9.13, Хөдөлмөрийн гэрээний 8.4.6.12, 8.4.6.13-т тусгагдсан ноцтой зөрчлийг гаргасан тул 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Дээрх тушаалыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-А-22/25а дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар хүчингүй болгож, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т-40-Б-22/115-01 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар А- нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул уг хүсэлтийн дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

 

5. А- нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг цахимаар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажил олгогчид хүргүүлсэн байх ба ажил олгогчоос гаргасан тушаал нь ажилтны илэрхийлсэн хүсэлтийн агуулгаас зөрөөгүй, ажилтны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 2,429,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/03150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.ДАВААДОРЖ                                            

         ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН                                                                                          

Э.ЗОЛЗАЯА