Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/03448

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г Б ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтын “...хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй” гэснийг хууль бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож хасахыг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр болох 24,000,000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай 1 дүгээр хэсэг гудамж, 33 тоот хаягт байршилтай 264.1 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай Г.Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч И.Бнь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:  

Миний бие 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнге худалдах, худалдан авах гэрээ байгуулж, СБД-ийн 15-р хороо Санзай /14140/ 1-р хэсэг гудамж 33 тоот хаягт байрлах 264.1 м.кв талбайтай хувийн сууцыг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар хоёр тал сайн дурын үндсэн дэзр харилцан тохиролцож гэрээ байгуулж худалдан авсан билээ. Худалдан авагч миний бие гэрээний дагуу төлбөрөөс 420,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 580,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Миний хариуцаж бизнесийн үйл ажиллагаа явуулж буй ‘‘Жэй Эс Би” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад гэдэг газар уул уурхайн чиглэлээр Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг билээ.

Дэлхий нийтийг болон Монгол Улсыг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нүүрсний тээвэр бүрэн зогсож, бизнесийн болон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй доголдож, хөрөнгө оруулагч хамтран бизнес эрхлэгч нар санхүүгийн хямралд бүрэн орсон учраас гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Миний бие дээрх бодит хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж үлдэгдэл төлбөр болох 580,000,000 төгрөгийг 2021 оны 11-р сард 50,000,000 төгрөг, 12-р сард 100,000,000 төгрөг, 2022 оны 01-р сард 100,000,000 төгрөг, 02-р сард 100,000,000 төгрөг, 03-р сард 150,000,000 төгрөг 04-р сард 80,000,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байгаа тухайгаа Г.Б ХХК-нд хандаж гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №18 дугаартай мэдэгдэлд түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөгийг төлсөн төлбөрөөс суутгаж, хувийн орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр суллаж, Голомт банканд хүлээлгэж өгөх тухай хууль бус шаардлага тавьж худалдан авагч миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад маш их гомдолтой байна. Дээрх орон сууцны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг тушаасан.

Иймд, талуудын хооронд байгуулсан 2020.02.17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтын “...хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй” гэснийг хууль бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож хасахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

            2.Хариуцагч тал хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч И.Бнь Г.Б ХХК-тай байгуулсан 2020.02.17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзай /14140/ 1-р хэсэг гудамж, 33 тоот хаягт байрлах 264.1 м.кв талбайтай хувийн орон сууц үл хөдлөх хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрийг дараах байдлаар төлөхөөр гэрээнд тусгасан.

Гэрээ байгуулагдмагц 14 хоногийн дотор 70,000,000 төгрөг төлөх, 2020.03.29-ний өдрийн дотор 100,000,000 төгрөг төлөх, 2020.04.29-ний өдрийн дотор 80,000,000 төгрөг төлөх, 2020.09.30-ны өдрийн дотор үлдэгдэл 750,000,000 төгрөг төлөх буюу 4 хуваан төлөхөөр талууд харилцан тохирсон.

Гэвч нэхэмжлэгч буюу худалдан авагч И.Бнь уг төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4-т заасны дагуу нийт 7 сар хагасын төлбөр болох 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсний үндсэнд төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г БХХК болон И.Бнар нь 2020 оны 02 сарын 17-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ү-2203023627 улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай /14140/ 1-р хэсэг гудамж, 33 тоот хаяг байршилтай, 264.1 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал нь энэхүү гэрээгээр тохирсон төлбөрийг худалдагч талд төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Худалдан авагч талын төлбөр төлөх хуваарийг: Гэрээ байгуулагдмагц 14 хоногийн дотор 70,000,000 төгрөгийг, 2020 оны 03 сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөгийг, 2020 оны 04 сарын 29-ний өдөр 80,000,000 төгрөгийг, үлдэгдэл 750,000,000 төгрөгийг 2020 оны 09 сарын 30-ны дотор төлөхөөр тохиролцсон боловч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй бөгөөд 2020 оны 12 сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөг, 2021 оны 02 сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 30-ны өдөр 160,000,000 төгрөг, нийт 420,000,000 төгрөг төлсөн.

Худалдагч талаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 580,000,000 төгрөгийг төлөх боломжит хугацааг худалдан авагчид олгосон хэдий ч бүрэн төлөгдөөгүй тул Г Б2021 оны 10 сарын 05-ны өдөр 18 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж, И.Бхүлээн авсан байдаг. Тус албан бичигт “...Цаашид бид төлбөр төлөх хугацааг сунгахгүй ба Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7.1-д заасны дагуу гэрээг цуцлаж байгааг үүгээр мэдэгдэж байна... Иймд Голомт банкны өмчлөлийн Санзай 14140/1 хэсэг гудамж 33 тоот хөрөнгийг 2021 оны 10 сарын 10-ны дотор суллан эд хөрөнгийн хохиролгүй байдлаар Голомт банканд хүлээлгэн өгнө үү." гэж мэдэгдсэн.

Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлд гэрээг цуцлах тухай зохицуулсан бөгөөд 7.1 дэх хэсэг “Худалдан авагч тал нь энэхүү гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд Худалдагч талын санаачилгаар гэрээг цуцална.”, 7.4 дэх хэсэг “Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд энэхүү гэрээний 7.1-д заасны дагуу Худалдагч талаас гэрээг цуцалсан эсхүл Худалдан авагч талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд Худалдан авагч нь 7.2-т заасан алдангийн хамт үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг Худалдагч талд төлөх, хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд Үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй.” тус тус заажээ.

Иймд, талуудын хооронд 2020 оны 02 сарын 17-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 2020 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр болох 24,000,000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай /14140/ 1-р хэсэг гудамж, 33 тоот хаяг байршилтай, 264.1 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:  

Худалдан авагч И.Бнь зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 420,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд Г БХХК-нд төлж барагдуулсан. И.Бнь “Жэй Эс Би” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад гэдэг газар уул уурхайн чиглэлээр Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий нийт болон Монгол Улсыг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нүүрсний тээвэр бүрэн зогсож, бизнесийн болон төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй доголдож, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч нар нь МУ-аас тодорхойгүй хугацаагаар БНХАУ-руу буцаж, орлогын эх үүсвэргүй болсон.

Худалдан авагчийн зүгээс дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрийг төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тухайгаа дурьдаж худалдагч тал болох Г БХХК-нд үлдэгдэл төлбөр болох 580,000,000 төгрөгийг төлөх хугацааг сунгах хүсэлтийг гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №18 дугаартай албан бичгээр хариу ирүүлснийг хүлээн авч, мэдэгдлийг эс зөвшөөрч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн №13 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар түрээсийн гэрээ нь хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

И.Бнь гэрээний дагуу /Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар/ үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авч холбогдох цахилгаан болон СӨХ, бусад ашиглалтын зардлыг төлж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хариуцаж амьдарч байгаа болно.

Сөрөг нэхэмжпэлийн хүрээнд хариуцагч Г БХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж зөрчигдсөн нь тодорхойгүй, /нэхэмжлэлийн шаардлага нь/ гэрээг цуцалж, хувийн орон сууцнаас албадан чөлөөлүүлснээр Г.Б ХХК-ийн эрх нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна. Мөн сөрөг нэхэмжпэлийн хүрээнд хариуцагчаас УТХ-д тушаасан мөнгөн дүн нь Иргэний хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.02.17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Голомт банканд хандсан хүсэлт, Г.Б ХХК-ийн 2021.10.05-ны өдрийн 18 тоот мэдэгдэл, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Монгол Улсын Засгийн газрын 2022.02.16-ны өдрийн 67, 2022.02.14-ний өдрийн 66, 2022.01.12-ны өдрийн 27, 2021.12.22-ны өдрийн 386, 2020.01.31-ний 39, 2020.02.19-ний 64, 2020.04.29-ний өдрийн 147, 2020.05.13-ны өдрийн 177, 2020.07.10-ны өдрийн 01, 2020.12.21-ний өдрийн 226 дугаар тогтоолууд зэрэг баримтыг,

Хариуцагч талаас: Эрх олгох тухай Г.Б ХХК-ийн захирлын тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, төлбөрийн баримтууд,

Шүүхээс талуудын хүсэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа  зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын үндэслэлээ “худалдах-худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 заалтын түрээсийн төлбөр төлөх тухай заалт нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус, ковид-19 цар тахлын нөлөөгөөр гэрээний төлбөрөө бүрэн төлж чадаагүй” гэж тодорхойлж маргасан.

3.Хариуцагч нь нэхэмжлэлд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд 7.4 заалт нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлан маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.02.17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Голомт банканд хандсан хүсэлт, Г.Б ХХК-ийн 2021.10.05-ны өдрийн 18 тоот мэдэгдэл, төлбөрийн баримтууд зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Г.Б ХХК, И.Бнар харилцан тохиролцож 2020 оны 02 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай /14140/ 1-р хэсэг гудамж, 33 тоот хаяг байршилтай, 264.1 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна. Тус гэрээгээр худалдан авагч И.Б2020 оны 09 сарын 30-ны өдрийн дотор хуваарийн дагуу төлбөрийг төлөх, худалдагч Г.Б ХХК нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, үнийг бүрэн төлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна. Гэрээ байгуулснаар И.Бхөрөнгийг эзэмшилдээ хүлээн авсан байна.

6.Худалдан авагч И.Бнь үл хөдлөх хөрөнгийн нийт үнийг 2020.09.30-ны өдрийн дотор төлж дуусгах байсан боловч энэ хугацаанд төлбөр төлөөгүй байх бөгөөд ийнхүү төлбөр төлөөгүй тул гэрээний 7.4-д заасны дагуу 2020.10.02-ны өдөр нийт 15,000,000 төгрөгийг Г.Б ХХК-д төлсөн байна. Улмаар нийт төлөх ёстой 1,000,000,000 төгрөгийн төлбөрөөс 2020.12.16-ны өдөр 60,000,000 төгрөг, 2021.02.03-ны өдөр 200,000,000 төгрөг, 2021.06.30-ны өдөр 160,000,000 төгрөг, нийт 420,000,000 төгрөгийн төлөлт хийжээ. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

7.Нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 580,000,000 төгрөгийг төлөх хугацаа сунгах хүсэлтийг хариуцагч талд гаргасан, Г.Б ХХК 2021.10.05-ны өдрийн 18 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” бичгээр хугацаа сунгахаас татгалзаж, гэрээг цуцалж байгааг болон хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

8.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн бөгөөд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

9.Гэрээний дагуу хариуцагч Г.Б ХХК нь хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч И.Бнь төлбөрийг хуваан төлөх үүрэг тус тус хүлээжээ.

10.Гэрээний 2.2-д зааснаар худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийн нийт үнийг гэрээ байгуулснаас 14 хоногийн дотор 70,000,000 төгрөг, 2020.03.29-ний өдөр 100,000,000 төгрөг, 2020.04.29-ний өдөр 80,000,000 төгрөг, үлдэгдэл 750,000,000 төгрөгийг 2020.09.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна. Энэ хугацаанд худалдан авагч буюу И.Бнь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, худалдан авсан хөрөнгийн үнийг зохих ёсоор, хугацаанд нь төлөөгүй, худалдагчийн зүгээс үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгосон боловч бүрэн төлөөгүй байна.  

11.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эртэй” гэж зааснаар хариуцагч нь шаардах эрхтэй байна.  

12.Гэрээний 7.4-д Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд энэхүү гэрээний 7.1-д заасны дагуу худалдагч талаас гэрээг цуцалсан эсхүл худалдан авагч талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь 7.2-т заасан алдангийн хамт үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг худалдагч талд төлөх, хэрвээ ямар нэг төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэж заажээ.

13.Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 заалтын “...хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй” гэсэн нь эд хөрөнгийг түрээслэх тухай заалт бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй буюу тул 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан.

14.Гэрээний агуулга, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь худалдан авагчид хувийн сууцыг шилжүүлэн өгсөн байх бөгөөд гэрээнд заасан маргаан бүхий дээрх зохицуулалт нь худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцалсан тохиолдолд хүлээх хариуцлага, тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ авч ашигласны хөлс төлөх үүргийг тогтоосон агуулгатай тул талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, тухайн заалтыг түрээсийн гэрээний зохицуулалт гэж үзэх үндэслэлгүй.

15.Нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаа талаар маргаагүй. Иймд гэрээнд заасны дагуу төлсөн 15,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд тооцож хасах үндэслэлгүй бөгөөд харин хариуцагч нь 24,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.

16.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх нэхэмжлэгч И.Баттулгад шилжээгүй, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хувийн сууны үнийг бүрэн төлөөгүй байх тул И.Баттулгын эзэмшил хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

17.Нэхэмжлэгч нь ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй гэж тайлбарласан. Ковид-19 цар тахал нь нийтэд илэрхий үйл баримт боловч энэ нь нэхэмжлэгчид хэрхэн нөлөөлж төлбөрийн чадваргүй болгосон талаарх байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн, хариуцагч Голомт банкны зүгээс нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг харгалзан хангалттай хугацаа олгосон гэх тайлбар үндэслэлтэй.

18.Дээрх үндэслэлээр талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэгч И.Баттулгаас 24,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Б ХХК-д олгож, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай /14140/ 1-р хэсэг гудамж, 33 тоот хаягт байршилтай 264.1 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.

19.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

20.Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,950 /47,000+232,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Баттулгаас 418,350 төгрөг гаргуулж хариуцагч Г.Б ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 115.2.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтын “...хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй” гэснийг хууль бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож хасахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч И.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.Б ХХК, И.Бнарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэгч И.Баттулгаас 24,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Б ХХК-д олгож, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай /14140/ 1-р хэсэг гудамж, 33 тоот хаягт байршилтай 264.1 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Баттулгаас 418,350 төгрөг гаргуулж хариуцагч Г.Б ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 У.С