Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00285

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00285

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03448 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй

“Банк” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

Төлбөрт 24,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзай /*****/ 1-р хэсэг гудамж, ** тоот хаягт байрлах 000 м.кв талбайтай хувийн сууцыг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар  харилцан тохиролцож, худалдан авсан.

Худалдан авагч гэрээний төлбөрт 420,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд 580,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

1.2. Нэхэмжлэгчийн “Ж” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад гэдэг газар уул уурхайн чиглэлээр Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий нийтийг болон Монгол Улсыг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нүүрсний тээвэр бүрэн зогсож, бизнесийн болон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй доголдож, хөрөнгө оруулагч хамтран бизнес эрхлэгч нар санхүүгийн хямралд бүрэн орсон учраас гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

1.3. Дээрх бодит хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж үлдэгдэл төлбөр болох 580,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард 50,000,000 төгрөг, 12 дугаар сард 100,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 100,000,000 төгрөг, 02 дугаар сард 100,000,000 төгрөг, 03 дугаар сард 150,000,000 төгрөг, 04 дүгээр сард 80,000,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байгаа тухайгаа “Банк” ХХК-нд хандаж гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай мэдэгдэлд түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөгийг төлсөн төлбөрөөс суутгаж, хувийн орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр суллаж,  хүлээлгэж өгөх тухай хууль бус шаардлага тавьж худалдан авагчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7.4 дэх заалтын “...хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй” гэснийг хууль бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож хасахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч А-а нь “Банк” ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзай /*****/ 1-р хэсэг гудамж, ** тоот хаягт байрлах 000 м.кв талбайтай хувийн орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрийг дараах байдлаар төлөхөөр гэрээнд тусгасан.

Гэрээ байгуулагдмагц 14 хоногийн дотор 70,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор 100,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 80,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 750,000,000 төгрөгийг тус тус 4 хуваан төлөхөөр талууд харилцан тохирсон.

2.2. Гэвч нэхэмжлэгч буюу худалдан авагч А-а нь уг төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4-т заасны дагуу нийт 7 сар хагасын төлбөр болох 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсний үндсэнд төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. “Банк” ХХК болон А-а нар нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ****** улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай /*****/ 1-р хэсэг гудамж, ** тоот хаяг байршилтай, 000 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал нь энэхүү гэрээгээр тохирсон төлбөрийг худалдагч талд төлөх үүрэг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 160,000,000 төгрөг, нийт 420,000,000 төгрөг төлсөн.

3.2. Худалдагч талаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 580,000,000 төгрөгийг төлөх боломжит хугацааг худалдан авагчид олгосон хэдий ч бүрэн төлөгдөөгүй тул “Банк” ХХК-аас 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 18 дугаар албан бичгээр “...Цаашид бид төлбөр төлөх хугацааг сунгахгүй ба Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7.1-д заасны дагуу гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна... Иймд Банкны өмчлөлийн Санзай *****/1 хэсэг гудамж ** тоот хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны дотор суллан эд хөрөнгийн хохиролгүй байдлаар Банканд хүлээлгэн өгнө үү" гэж мэдэгдсэн.

3.3. Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлд гэрээг цуцлах тухай зохицуулсан бөгөөд 7.1-д “Худалдан авагч тал нь энэхүү гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд Худалдагч талын санаачилгаар гэрээг цуцална”, 7.4-т ”Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд энэхүү гэрээний 7.1-д заасны дагуу Худалдагч талаас гэрээг цуцалсан эсхүл Худалдан авагч талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд Худалдан авагч нь 7.2-т заасан алдангийн хамт үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг Худалдагч талд төлөх, хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд Үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иймд, талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр болох 24,000,000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай /*****/ 1-р хэсэг гудамж, ** тоот хаяг байршилтай, 000 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Худалдан авагч А-а нь зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 420,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд “Банк” ХХК-д төлж барагдуулсан. А-а нь “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад гэдэг газар уул уурхайн чиглэлээр Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий нийт болон Монгол Улсыг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нүүрсний тээвэр бүрэн зогсож, бизнесийн болон төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй доголдож, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч нар нь Монгол Улсаас тодорхойгүй хугацаагаар БНХАУ-руу буцаж, орлогын эх үүсвэргүй болсон.

4.2. Худалдан авагчийн зүгээс дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрийг төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тухайгаа дурдаж худалдагч тал болох “Банк” ХХК-д үлдэгдэл төлбөр болох 580,000,000 төгрөгийг төлөх хугацааг сунгах хүсэлтийг гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр хариу ирүүлснийг хүлээн авч, мэдэгдлийг эс зөвшөөрч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар түрээсийн гэрээ нь хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй байна. 

А-а нь гэрээний үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авч холбогдох цахилгаан болон СӨХ, бусад ашиглалтын зардлыг төлж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хариуцаж амьдарч байгаа болно.

4.4. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч “Банк” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн болон гэрээг цуцалж, хувийн орон сууцнаас албадан чөлөөлүүлснээр “Банк” ХХК-ийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн дүн нь Иргэний хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтын ...хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэснийг хууль бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож хасахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Банк” ХХК, А-а нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэгч А-аас 24,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Банк” ХХК-д олгож, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай /*****/ 1-р хэсэг гудамж, ** тоот хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А-аас 418,350 төгрөг гаргуулж хариуцагч “Банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хэт нэг талын байр суурийг хамгаалж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, процессын ноцтой алдаа гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6.1. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагч “Банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцох эсэх талаар бичгээр тодорхой хүсэлт гаргаагүй, итгэмжлэл олгосон хариуцагч “Банк” ХХК-ийн тодорхой эрх бүхий албан тушаалтан нарын зөвшөөрөлгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хууль зүйн үндэслэл бүхий хүсэлтийг шүүх хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6.2. Мөн анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримт болох Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг үнэлж дүгнэхгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.

Учир нь нэхэмжлэгч А-а нь хариуцагч “Банк” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзай /*****/ 1-р хэсэг гудамж, 33 тоот хаягт байрлах 000 м.кв талбайтай хувийн орон сууц /*******, *******/-ыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сайн дурын үндсэн дээр 1,000,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож, тодорхой хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар зээлээр худалдан авч, 420,000,000 төгрөгийг “Банк” ХХК-д төлсөн.

А-а нь “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад гэдэг газар уул уурхайн чиглэлээр Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий нийт болон Монгол Улсыг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нүүрсний тээвэр бүрэн зогсож, бизнесийн болон төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй доголдож, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч нар нь Монгол Улсаас тодорхойгүй хугацаагаар БНХАУ-руу буцаж, орлогын эх үүсвэргүй болсон.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар түрээсийн гэрээ нь хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдан авагч А-а нь гэрээний дагуу үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авч холбогдох цахилгаан болон СӨХ, бусад ашиглалтын зардлыг төлж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хариуцаж амьдарч байгаа болно.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж гомдолд дурджээ. Хариуцагч байгууллагаас 3 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон. Эдгээр төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193, 194 дүгээр зүйлд заасан хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч талаас гаргасан тайлбар зэрэгт үндэслэн анхан шатны шүүх шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

7.2. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцааг дүгнээгүй гэх гомдол үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, баримтуудаас үзэхэд түрээсийн харилцаа үүсээгүй байна. Хэдийгээр гэрээний 7.4 дэх хэсэгт түрээс гэж бичигдсэн байгаа хэдий ч нэхэмжлэгч талаас төлсөн төлбөр гэсэн утгатай. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах, худалдан авах гэрээний хүсэл зориг байсан учраас түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй байна гэж дүгнэсэн.

7.3. Банкны зүгээс ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэмэлт хугацаа тогтоогоогүй тухай тайлбар гаргасан. Банкнаас нэхэмжлэгч талд 1 жил 1 сар гаруйн нэмэлт хугацаа тогтоож, гэрээ хэрэгжих нөхцөлөөр хангасан. Банкнаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр мэдэгдэл хүргүүлж, тус хугацаагаар гэрээгээ цуцалж, учирсан хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А-а нь хариуцагч “Банк” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний төлбөрт 24,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. А-а болон “Банк” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч “Банк” ХХК өөрийн өмчлөлийн ****** улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзай /*****/ 1-р хэсэг гудамж, *** тоот, 000 м.кв талбай бүхий хувийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч А-а 1,000,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Гэрээний зүйлийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн болон төлбөрт 420,000,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Гэрээний үнийг 4 хувааж төлөхөөр талууд тохиролцсон байх ба гэрээний үнэд хүү төлөх талаар тохиролцоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.  

 

4. Талууд гэрээний 2.2-т гэрээний үнэ болох 1,000,000,000 төгрөгийг төлөх хуваарийг тогтоохдоо худалдан авагч нь гэрээ байгуулагдмагц 14 хоногийн дотор 70,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 80,000,000 төгрөг, үлдэгдэл 750,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус төлөх үүргийг хүлээсэн байна. 

 

5.1. Худалдан авагч гэрээний 2.2-т заасан төлбөрийг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн буюу Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан худалдагч тал худалдан авагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоож өгсөн талаар талууд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр тайлбарлажээ. Худалдагч талын тогтоож өгсөн хугацаа болох 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдан авагч гэрээний үнэд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөг, тогтоосон хугацаанаас хойш 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 160,000,000 төгрөг буюу нийт 420,000,000 төгрөгийг төлж, үлдэх 580,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

5.2. Талууд өөрөөр гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхээр харилцан шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй байна.

 

5.3. Түүнээс гадна нэхэмжлэгч нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тохиолдолд худалдагч талаас тогтоосон хугацаа болох 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон нь түүний буруугаас болоогүй гэж дүгнэх боломжгүй юм. Ковид-19 цар тахлын улмаас бий болсон нөхцөл байдал нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөн байдлыг анхан шатны шүүх дүгнээгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

5.4. Худалдагч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан нь хуульд нийцжээ. Улмаар худалдагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн  205.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчид шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй. Гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчид үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн тул буцаан шаардах эрхэд эзэмшлийг шилжүүлэх асуудал хамаарна. Хариуцагч нь энэ шаардах эрхээ өмчийн эрх зүйн шаардлагаар тодорхойлсныг анхан шатны шүүх  зөвтгөлгүй шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой гэж дүгнэж шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулна.

 

5.5. Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн алинаасаа авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх анхаараагүйгээс худалдах, худалдан авах гэрээний үнэд төлөгдсөн 420,000,000 төгрөгийг худалдагч талаас гаргуулж худалдан авагчид буцааж өгөөгүй нь алдаатай болжээ. Иймд давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжтой гэж дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

6. Талууд гэрээний 7.4-т “...хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй” гэж тохиролцжээ. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний зохицуулалтад хамаарч байна. Талууд нэг баримт үйлдэж хэд хэдэн гэрээний талаар тохиролцож болно. Иймд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар уг тохиролцоо хүчин төгөлдөр бус байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага биш үндэслэлд хамаарах тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал хариуцагч талд түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг төлсөн нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас уг 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Худалдагч тал гэрээнээс татгалзсан тохиолдолд уг 15,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцох боломжгүй болно.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4-т заасан түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой хэсэг хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч тал нэхэмжлэгчээс  12 сарын түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөгийг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

8.1 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ шүүх хуралдаанд оролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргаагүйгээс бусад тохиолдолд хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхээ өөрөө хэрэгжүүлнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ шүүх хуралдаанд оролцоогүй гэх байдал нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хамаарахгүй юм. 

 

8.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “Банк” ХХК дээр бүртгэлтэй байх бөгөөд энэ баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул давж заалдах шатны шүүхээс дүгнэж анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой.    

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03448 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч “Банк” ХХК-аас 435,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ад олгож, нэхэмжлэгч А-ын эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай /*****/ 1-р дүгээр хэсэг гудамж, ** тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж хариуцагч “Банк” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлж, нэхэмжлэгч А-аас түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Банк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “нэхэмжлэгч А-аас 418,350 төгрөг гаргуулж хариуцагч “Банк” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч “Банк” ХХК-аас 279,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА