Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 148/шш2022/00808

 

 

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2022/00808

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Г.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 101-204 тоотод оршин суух, Харчин овогт *******ын ******* /РД:ТК94032011/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан Эрэг 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 059 тоотод оршин суух, Зэлтэрийн зам ХХК-ийн захирал ажилтай, Цэгмид овогт Даржаагийн ******* /РД:ТЗ-67051811/ холбогдох,

Д.*******ыг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* /онлайнаар/, хариуцагч Зэлтэрийн зам ХХК-ийн захирал Д.*******, иргэдийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний ээж Д.******* 2019 оны 04 сарын 30-ны 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цайдамын хөндий гэх газарт төв асфальтан замд Зэлтэрийн зам ХХК-ийн 0079 СЭҮ улсын дугаартай KIAgranbird маркийн машинд дайруулан амь насаа алдсан хэрэг гарсан юм. Уг машины жолооч М.*******ын гэм буруутай нь тогтоогдож зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдсан бөгөөд бид түүнд гомдоод байх зүйлгүй. Хэргийг шийдвэрлэх явцад уг машины жинхэнэ өмчлөгч болох Зэлтэрийн зам ХХК-ийг хариуцагчаар татсан бөгөөд тухайн үед гэм хорын нэхэмжлэлийн зарим материалаа бүрдүүлээгүйгээс хэлэлцэхгүй орхин иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхисон. Миний ээжийн маань асрамжид тахир дутуу, хэвтрийн байдалтай байдаг аав маань мөн 9 настай дүү Д.******* нар маань байдаг юм. Аав маань энэ асуудлаас хойш улам бие нь муудаж, эрүүл мэнд нь доройтон бага насны хүүхдээ харж хандаж чадахгүй болсон билээ. Иймд бид 2012 оны 03 сарын 19-нд төрсөн дүү *******ын *******ыг 18 нас хүртэл Зэлтэрийн зам ХХК- аас тэтгэлэг гаргуулж өгөхийг хүсч байна. Ээж маань байнгын ажлын байргүй байсан ч гэсэн хувиараа энд тэнд ажиллаж, бусдын байрны засвар, ногоо хураалт зэрэг ажлуудыг хийж амьдралаа авч явдаг байсан юм. Иймд дүүг минь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Зэлтэрийн зам ХХК-ний жолооч ******* замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын амь насыг хохироосон хэрэг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэр тогтоол гарч шийдэгдсэн. Хариуцагч талд тухайн үед давж заалдсан асуудал байхгүй, оршуулгын зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Талийгаачийн ард тал харвасан нөхөр, 10 настай Д.******* нар Д.******* гэж талийгаачийн хүүгийн асрамжид үлдсэн. Д.******* нь шийтгэх тогтоол гарснаас хойш миний дүү Д.******* нь тэжээн тэтгүүлэх эрхээ алдаж байна, ээж минь байсан бол тодорхой хэмжээгээр асарч тэтгээд явах байсан тул иргэний хариуцагчаас татагдсан Зэлтэрийн зам ХХК-аас Д.*******ыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг дээр би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2, 3 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцагч өнөөдөр хэлэхдээ би Д.*******тай ярьсан гомдол саналгүй гэсэн гэж байна. Энэ бол эрүүгийн хэрэг дээр гомдол саналгүй гэсэн асуудал. Өнөөдөр бол бага насны хүүхдийн тэтгэлгийн асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсний дагуу энэ компаниас нэхэж байна. Д.******* нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж 2019 оноос 174,000 төгрөг авч байгаа. 2022 оноос эхэлж тэжээгчээ алдсаны тэтгэвэр 288,000 төгрөг болж нэмэгдсэн. Үүний хэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, мөн амьжиргааны баталгаажих доод түвшин нэмэгдсэн. Д.******* 10 нас хүрч байгаа, 18 нас хүртэл Д_*******ыг тус компаниас тэжээн тэтгүүлж, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг Д.******* гаргаж би дэмжиж байна. хохирогчийн ажил хөдөлмөр эрхэлж байсан тухай нотлох баримт өгөөгүй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан. Хохирогчийн буруу байгаагүй гэж хэлээгүй согтож явсан нь буруутай ч гэсэн жолоочийн буруугаас болж осол гарсан нь тогтоогдсон. Хохирогчийн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхойлж байна гэж ойлгож болно гэх.

Хариуцагч Зэлтэрийн зам ХХК-ийн захирал Д.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Тухайн үед Д.******* гомдол саналгүй гэсэн учир би давж заалдаагүй. Би төлөхгүй яагаад гэвэл талийгаач өөрөө ч бас буруутай. Би үнэхээр буруутай бол би төлөхгүй гэх шаардлага надад байхгүй. Манай жолоочийн буруу биш. Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгож байгаа, гэм буруугаа би хүлээн зөвшөөрөөгүй. Нэг нутгийн хүмүүс гээд давж заалдах гомдол гаргаад хэрэггүй гэж бодсон, манай буруу байхгүй би төлөх ёсгүй. Буруугүй гэсэн баримт камерын бичлэгт байгаа. Нас барсан хохирогчийн согтолт 2,3 хувьтай биеэ хянах чадваргүй байсан гэх.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Талийгаач Д.*******ийн хүүхэд Д.*******ыг тэжээн тэтгүүлэх үүргийг Зэлтэрийн зам ХХК-г хариуцахгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Талийгаач Д.******* нь биеэ авч явах чадваргүй, хот суурин газар биш хөдөө хээрийн замд өөрийн амь нас... бусдад хохирол үзүүлсэн гэж үзэж байна... гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхтулгын шүүхэд гаргасан ...2012 оны 03 сарын 19-нд төрсөн дүү Д.*******ыг 18 нас хүртэл нь хариуцагч Зэлтэрийн зам ХХК-р тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар, хавтаст хэргийн 1-10, 20-23, 25-29, 33-36, 41-51 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шийтгэх тогтоол, тэжээгч нас барсны асаргааны тэтгэврийн дэвтрийн хуулбар, Д.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, эцэг Ш.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, Зэлтэрийн зам компанийн захирлын №14 тоот тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгийн хуулбарууд зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар нотлогдож байхаас гадна тухайн тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж хүний амь хохироосон гэх жолооч М.******* нь дээрх компанид хөдөлмөрийн гэрээгээр, тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл / автобус / - ийг жолоодож ажил үүрэг гүйцэтгэж байсан болон түүний гэм буруутайг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байх тул түүний хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан хуулийн этгээд буюу ажил олгогч Зэлтэрийн зам компани дээрх нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Харин хариуцагч нь дээрх гэм хорын төлбөрийг талийгаач өөрөө ч бас буруутай. Би үнэхээр буруутай бол би төлөхгүй гэх шаардлага надад байхгүй. Манай жолоочийн буруу биш. Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгож байгаа, гэм буруугаа би хүлээн зөвшөөрөөгүй, төлөхгүй хэмээн маргаж буй боловч шүүхэд энэ байдлаа тэрээр баримтаар няцааж нотлоогүйгээс гадна, тус компанийн жолооч М.*******ын гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол хэргийн 3 7 дахь талд авагдсан байна.

Хууль зүйн үндэслэл; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж,

499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ,

508 дугаар зүйлийн 508.2-д Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж,

508.3-д Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж,

508.4.1 бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэж тус тус зааснаар гэмт хэргийн улмаас гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан бага насны буюу 2012 оны 03 сарын 19-нд төрсөн хүү Д.*******ыг 16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас/ -тай болтол нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны /халамжийн тэтгэвэр/ тэтгэвэр болох 288,000 төгрөгийг /хавтаст хэргийн 140 дүгээр тал/ хассан зөрүү болох 132,000 төгрөгийг хариуцагчаас сар бүр гаргуулж олговол зохино.

Харин хавтаст хэрэгт зохигч, түүний төлөөлөгч нараас нас барагчийг тодорхой цалин хөлс, орлоготой байсан эсэхийг нотолсон баримт гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хэргийн 123 дахь талд авагдсан нас барагч нь тухайн үед хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх багийн засаг даргын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлд эх Д.*******ийн хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, байрны засвар, ногоо хураах зэрэг ажлыг хийж байсан гэж дурдсаныг үндэслэн түүнийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү орлоготой байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Иймд насанд хүрээгүй Д.*******ыг дээрх байдлаар тэжээн тэтгүүлэх, гэм хорын төлбөрийг хариуцагч Зэлтэрийн зам ХХК-с тооцон гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс ... Талийгаач Д.*******ийн хүүхэд Д.*******ыг тэжээн тэтгүүлэх үүргийг Зэлтэрийн зам ХХК-г хариуцахгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зүйл заалт болон хэрэгт авагдсан үйл баримтад нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар ... нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож (132,000х12=1,584,000 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 40,294 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Зэлтэрийн зам ХХК /захирал Д.*******/ -аас сар бүр 132,000 төгрөгийг бага насны Д.******* /асран хамгаалагч Ш.*******/ -ыг 16 нас (суралцаж буй бол 18 нас) -тай болтол нь гэм хорын төлбөрт гаргуулан олгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар ... нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож (132,000х12=1,584,000 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 40,294 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л. ЭНХТАЙВАН

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ

 

Г.БАТЗАЯА