Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/00143

 

 

 

 

 

 

                                2023       01          02

                   101/ШШ2023/00143

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, шүүгч Б.Ц, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ч. О /рд:/,

Нэхэмжлэгч:  Т.Б /рд:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Н” ХХК /рд:/,

Хариуцагч: А.З /рд:/ нарт холбогдох,

“Н” ХХК-д холбогдуулан гэрээ байгуулах урьдчилгаа төлбөрийн хохирол гэх 87,500,000 төгрөг, гэрээ байгуулснаас учирсан хохирол гэх 16,000,000 төгрөг, хариуцагч А.Зт холбогдуулан түүний түрээсийн гэрээний төлбөрт олгосон гэх 2,500,000 төгрөг, нийт 106,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгч Т.Бы төлөөлөгч Ж.А, А.Э, хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч Б.А, хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч А.Зын төлөөлөгч Х.Ч, хариуцагч А.Зын өмгөөлөгч П.Е, иргэдийн төлөөлөгч Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгч Т.Бы төлөөлөгч А.Э, Ж.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-аас гэрээ байгуулах урьдчилгаа төлбөрийн хохиролд 87.500.000 төгрөг, гэрээ байгуулснаас үүссэн хохирол 16.000.000 төгрөг гаргуулах, А.Зын өмнөөс Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт 08 тоот цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөгийг гаргуулах.

1.         Н ХХК-аас гэрээ байгуулах урьдчилгаа төлбөрийн хохиролд 87,500,000 төгрөг, гэрээ байгуулснаас үүссэн хохирол 16.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1.1       Н ХХК-ийн Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 08 тоот цайны газрыг түрээслэхээр болоход Н ХХК-аас Хаан банкны ,, тоот дансанд 10.000.000 төгрөгийг урьдчилгаа гэж, Хаан банкны ,,, тоот дансанд 77.500.000 төгрөг, өмнөх түрээслэгчийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2.500.000 төгрөг нийт 90.000.000 төгрөг төлбөл гэрээ байгуулна гэсний дагуу Н ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өгсөн данснуудад мөнгийг төлсний дараа 2020.06.03-ны өдөр Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах 08 тоот гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсны           дараа цайны газрыг тохижуулан засвар хийж, зөвхөн цайны газарт зориулсан ахуйн хэрэгцээнд хэрэглэдэггүй тоног төхөөрөмж худалдан авч цайны газрыг ажиллуулсан.

Гэтэл Н ХХК-ийн нягтлан бодогч нь бидний зөвшөөрөлгүй Н ХХК гэрээ байгуулах ёсгүй, Н ХХК-ийн Нарантуул худалдааны төвийн гэрээ хүчингүй учир цайны газрыг нэн даруй чөлөөлж өг гэж амаар болон үйлдлээр шахаж эцэстээ албан тоотоор байр чөлөөлөхийг шаардсан учир эрхээ хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх гэм хорын хохирол юм уу, гэрээний хохирол юм уу гэдгийг салгаж шаардлагаа тодруул гэсэн бөгөөд Иргэний хуулийг уншаад үзэхэд “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байх ба Н ХХК-ийн өгсөн 2 дансанд 87.500.000 төгрөгийг төлсөн, Н ХХК нь өөрийнхөө гэрээг өөрөө үгүйсгэсэн. Н ХХК нь түрээслэгчийг хөөж, ажиллуулах нөхцөлгүй болгож биднийг хохироосон.

Хохирогч иргэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулийг хэрэглэх шаардлагагүй, болсон үйл баримтыг буюу хэрхэн хохирсон талаар бичиж хохирол барагдуулах субъектийг хариуцагчаар зааж шаардлага гаргах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хуульд нийцүүлэн хуулийг хэрэглэн зүйл заалтынх нь дагуу шийдвэр гаргах үүрэг хүлээдэг гэж ойлгож байна. Гэтэл шүүх гэрээний хохирол юм уу гэм хорын хохирол юм уу, бичиж өг гэж бичүүлснээр манай маргаанд 498-р зүйлийг хэрэглэхгүй гэж байгааг ойлгохгүй байна.

2.         А.Зын өмнөөс Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

2.1       Н ХХК-ийн ерөнхий захирал Ш.О нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд 2017.07.26-ны өдрийн 08 тоот тушаалаар гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилж, тэрээр Н ХХК-ийн Нарантуул худалдааны төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон эрхийн хүрээнд 2020.06.03-ны өдөр Ч.Отай Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн 08 тоот гэрээг байгуулж. Н ХХК-ийн тамга тэмдэг дарж гэрээг баталгаажуулсантай маргах боломжгүй билээ.

Н ХХК-ийн Нарантуул худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мийн өгсөн дансанд А.Зын цайны газрын эрхийг шилжүүлэн авах төлбөрт 77,500,000 төгрөгийг түүний Хаан банкны ,,, дансанд шилжүүлж А.Зын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2.500.000 төгрөгийг А.Зт төлснөөр 2020.06.03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. А.Заас нэхэмжлэлийн шаардлагын оногдох хэсэг 2.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа ба түүний өмнөөс Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөгийг А.Зт төлсөн учир буцаан нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд Н ХХК-аас гэрээ байгуулах урьдчилгаа төлбөрийн хохиролд 87,500,000 төгрөг, гэрээ байгуулснаас үүссэн хохирол 16.000.000 төгрөг, А.Зын өмнөөс Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт 08 тоот цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөгийг А.Заас тус тус гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. /2-р хх226-227/

2020.6.3-ны өдрийн түрээсийн гэрээний хохиролд 106 саяыг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлага тодруулаад урьдчилгаа болон гэрээний хохирол нэхнэ. Мөн хамтран хариуцагч татаж шаардлага тодруулсан. Заас 2 500 000 төгрөг гаргуулж үлдэх хэсгийг нөгөө хариуцагчаас гаргуулна. Нарантуул дээр цайны газар зарна гэснээр очиж уулзсан. Хүмүүсээс асуухад цайны газрын эрх 100 саяар шилждэг гэсэн. Гүйцэтгэх захиралтай уулзахад ашигтай байрлалтай бөгөөд ашигтай гэж хэлээд гэрээ хийгээрэй гэсэн . Ингээд ХЗХ-д орон сууцаа барьцаалж 90 саяын зээл авсан. 10 саяыг захирал Мийн дансанд үлдэх хэсгийг Зын дансанд шилжүүлээд гэрээ байгуулсан. Гэрээнд гүйцэтгэх захирал болон нэхэмжлэгч О нар гарын үсэг зурсан. Цайны газрыг тохижуулсан. Тоног төхөөрөмж авсан. Үйл ажиллагаа явуулж байхад Нарантуул шахалт үзүүлсэн. Учир нь М гэрээ байгуулах эрхгүй гээд суллаж өгөхийг шаардсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн. Засвар хийсэн бөгөөд эрх шилжүүлэхээр мөнгө төлсөн байдаг. Нарантуулын захирал эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулсан гэж үзэж байна. Харин хэн гэрээ байгуулах нь тэдний дотоод асуудал юм. Нарантуул нь гэрээг цуцалж байгаа тул гэрээ байгуулсан хохирол 87 500 000 төгрөгийг Нарантуулаас гаргуулна. З нь 77.5 саяыг дансаар, 2 500 000 төгрөгийг бэлнээр авсан. Иймд Заас 2 500 000 төгрөг авна. Гэрээ байгуулаад засвар хийсэн 16 саяын баримтыг хэрэгт өгсөн. Хариуцагч нь татгалзлаа нотлох ёстой. Хэрэв гүйцэтгэх захирал эрхгүй бол энэ талаар хөдөлмөрийн гэрээгээрээ нотлох ёстой. Гэтэл ийм баримтгүй. Иймд гүйцэтгэх захирал эрхгүй гэдгээ нотлоогүй. Мийг 2017 онд гүйцэтгэх захирлаар томилсон. Өөртөө давуу байдал үүсгэсэн гэж байна. Хариуцагчийн тайлбар нотлох баримт болно. Хариуцагч З нь эхлээд тайлбар өгөхдөө мөнгийг Мд өгсөн гэдэг. Компанийн тухай хуулийн 84-д эрх бүхий албан тушаалтныг заасан. Гэрээ байгуулах эрхгүй гэдгээ мэдсэн бол өөрөө л гэрээ байгуулсан. Авлигын албан тушаалтан биш. З тайлбар өгөхдөө гэрээний дагуу ажиллаж байсан гэдэг. Гэрээгээ шилжүүлсэн үйл баримт байна. З эрх шилжүүлэхийг зөвшөөрөөд улмаар эрх шилжүүлэх төлбөр төлөх талаар М хэлж энэ дагуу шилжүүлсэн байдаг. Нарантуул дээр цайны газар ажиллуулахад зээлээ төлнө гэж бодоод л очсон. З ашиглах эрхээ л шилжүүлсэн. Түүнийг огт танихгүй. 2,500,000 төгрөгийг өмнө нь цуг явж байхыг нь харсан хүн буюу Зыг манай дүү гэж хэлж ирсэн өндөр шар хүнд өгсөн. Шүүгчийн захирамжаар үйл ажиллагаа явуулахад саад учруулахыг хориглосны дараа нэг удаа очсон боловч үйл ажиллагаа явуулах итгэм үнэмшил төрөөгүй. Анх гэрээг нэг жилээр байгуулсан боловч урт хугацаанд сунгагдана гэж ойлгож байсан. Учир нь шинэ өргөтгөл баригдахаар тэргүүн ээлжид талбай олгоно гэж М амаараа хэлж байсан юм. Түрээсийн төлбөрийг төлөхөд цаанаасаа Анар гэж хүний нэр гарч ирээд байдаг юм билээ. З нь уг цайны газрыг хариуцан ажиллуулж байсан, М тэгж хэлсэн тул өмнөх түрээслэгч нь гэж ойлгоод түүнд эрх худалдаж авах мөнгөө Мийн хэлснээр өгсөн дансанд нь шилжүүлсэн.

Бодит амьдрал дээр том захад түрээслэх эрх олж авахад 100 орчим сая төгрөг гардаг. Улмаар илүү төлбөр зохицуулдаг асуудал байдаг. Зын дансыг хэн өгсөн, хаана гэрээ хийсэн талаар яригддаг. Захирлын өрөөнд гэрээ хийсэн. Захирлын хэлснээр мөнгө шилжүүлсэн. Гэрээ байгуулагдаад төлбөрөө төлөхөд өөр хүний нэрээр төлбөр төлөгдсөн. Анар гэсэн хүний нэрээр төлөгдөөд байдаг. Үүнийг тамга барьдаг захирал л мэддэг. Хэргийн явцад Иргэний хуулийн 498, 229 -г хэрхэн хэрэглэх талаар маргаан яригддаг. Хуулийн тайлбар үзэхэд энэ 2-г хамт хэрэглэх боломжтой байна. Албан тушаалтан бусдад гэм хор учруулсан бол байгууллага нь хохирлыг арилгах ёстой. Гэрээнд зориулж урьдчилж болон гэрээний үед мөнгө өгсөн байдаг. Мөн гэрээг цуцалсны дараах асуудал яригддаг. Хэрэгт тайлбарууд байдаг. Нарантуулын захирал М тайлбар өгсөн байдаг. М хохирлыг арилгана гэдэг боловч мөнгөгүй хүнээс төлбөр авах асуудал байж болохгүй. Мөнгөтэй газраас нь авах ёстой. Мөн З мөнгөтэй эсэхийг мэдэхгүй. Энд хүн хохирсон байдаг. Богино хугацаанд гаргаж авах ганц арга нь Иргэний хуулийн 498-р л шийдэх асуудал юм. Байгууллага нь хохирлыг арилгачхаад дараа нь хэнээсээ нэхэх нь тусдаа асуудал. О нь Бы өмнөөс нэхэх эрхгүй гэж яригддаг ба энэ 2 нь гэр бүлийн хүмүүс юм. Зохицуулалт нь тодорхой зүйл дээр 2 жил болж байна. Хохирсон нь тодорхой байна. Хуулийг хэрэглэхэд шалтгаант холбоог хардаг. Мөнгө шилжүүлсний дараа гэрээ хийгддэг. Гэрээ захирлын өрөөнд хийгдсэн. Сонгон шалгаруулалт гэж өнөөдөр л ярьж байгаа бөгөөд энэ талаар баримтгүй. Дансыг захирал нь л өгсөн байдаг. Үүнийг үгүйсгэх үндэслэлгүй. Сонгон шалгаруулалт зарласан баримтгүй. М нь мөнгөө хуваагаагүйтэй л холбоотой юм. Мийг ажлаас халсан нь үүнтэй л холбоотой. Гэрээ байгуулсан гээд халсан нь Иргэний хуулийн 498-г хариуцагч өөрөө зөвшөөрч байна. Өдөрт 3-4 шаардаж байсан тул үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон. Бичиг өгдөггүй амаараа л шаардаад байдаг. Сарын дараа бичиг өгснөөр нэхэмжлэл гаргах боломжтой болсон юм. Хохирол нь Нарантуулаас л эхэлж үүссэн байна. Нарантуулаас хохирлоо М болон Заасаа л авах ёстой. Авлига гэж ярьж байна. Мийн албан тушаал нь нийтийн албан тушаал биш юм. Бид 5 жил ажиллуулбал эвлэрье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Энд өөр зүйл болоод байна. Нэг түрээслэгчийг холдуулаад нөгөөг оруулахдаа дундаас нь мөнгө аваад байна.

Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулсан. Түүнийг өөрсдөө томилсон эрх бүхий албан тушаалтан тул гэрээ байгуулах эрхтэй. Дотоод журмаараа гэрээ байгуулах асуудлыг шийдсэн гэж байна. Хуулиас давсан дотоод журам гэж байхгүй. Гэрээ байгуулсан этгээдийг хэлж байна. Гүйцэтгэх захирлын өрөөнд байгуулсан байдаг. Би гүйж очсон гээд байгаа нь зохимжгүй. Зт өгсөн 2 500 000 асуудлын хувьд түрээсийн төлбөр төлсөн баримт хэрэгт байдаг. Гэтэл үүнийг надаас авсан мөнгөөр л төлсөн. Мөнгийг надаас бэлнээр авсан. Мөнгийг эрх шилжүүлэх төлбөр гэж гүйлгээний утгыг бичсэн бөгөөд худалдаж авна гээгүй. Эрх бүхий этгээдтэй л гэрээ байгуулсан. М нь төлбөрийн талаар л ярьсан. Ингээд л би орон сууцаа барьцаалж зээл авч төлсөн. Одоо хүртэл төлж байна. Байрыг маань хураана гэж мэдэгдчихээд байна. Өөрсдийн хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Бие биеэ худлаа гүтгэхгүй байх хэрэгтэй. Намайг гэмт хэрэгтэн мэтээр ярьж байгаа нь ёс зүйгүй байна. Нарантуулаас гэрээ байгуулах эрхгүй гэсэн бичиг ирж байгаагүй. Гүйцэтгэх захирал гэрээ байгуулах эрхгүй гэх боломжгүй. Тийм дотоод журам байсан бол нийтэд ил тавих ёстой байсан гэв.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч Б.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд, өмгөөлөгч Э.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ч.О нь “Н” ХХК-нд холбогдуулан “...түрээсийн гэрээний хохиролд 106,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн гээд байгаа 87,500,000 төгрөгийг хариуцагч  “Н” ХХК аваагүй, нэхэмжлэгч ч энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой бичиж, банкны дансны хуулгаа хавсаргасан байна. Өөр этгээдэд шилжүүлсэн, өөрөө хэрэглэж, зарцуулсан мөнгөө “Н” ХХК-с байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь түрээсийн гэрээ байгуулах урьдчилгаа төлбөр гэх 87,500,000, гэрээ байгуулснаас үүссэн хохирол гэх 16,000,000 төгрөгийг “Н” ХХК бэлэн болон бэлэн бус ямар нэгэн хэлбэрээр аваагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ХААН банкны ,,, ,,, дугаар бүхий данснуудыг “Н” ХХК эзэмшдэггүй болно. Өөр этгээдэд шилжүүлсэн, өөрөө хэрэглэж, зарцуулсан мөнгөө “Н” ХХ-аас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

“Н” ХХК нь 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд юм. Хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулаад 30-д жил болж байна. 10 гаруй мянган үйлчлүүлэгчтэй. Үйл ажиллагаагаа шударгаар явуулах нь тодорхой юм. Тухайн үед захирал байсан Мтэй ямар нэг байдлаар хувийн харилцаа тогтоож авлига өгөх замаар цайны газар түрээслэх эрх авсан байдаг. Бид түрээслэгч солигдоход сонгон шалгаруулалт зарлаж сонгодог. Нэхэмжлэлд дурдсанаар эрхийг 100 саяар авдаг гэх боловч энэ нь өмчлөх эрх биш юм. Иймд Нарантуулаас нэхэж байгаа 87 500 000 төгрөгийн хувьд Зын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Мөн шилжүүлсэн дансыг хариуцагч Нарантуул эзэмшдэггүй. О гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хариуцагч Нарантуул нь мөнгө аваагүй. Зыг бид танихгүй. Манайд ажилладаггүй, түрээслэгч биш юм. Иргэд хоорондоо өгч авсан мөнгийг Нарантуулаас нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөө шилжүүлсэн мөнгөө Нарантуулаас нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. З гэдэг түрээслэгч байхгүй. 8 дугаартай цайны газрыг түрээсэлж байгаагүй. Танихгүй гэсэн боловч 2 500 000 төгрөг бэлнээр өгсөн гэдэг нь ойлгомжгүй байна. Үйл ажиллагаа явуулахад дарамталсан гэж байна. Ийм ёс зүйгүй байж болохгүй. Харин хоолны дээжийг өдөр болгон шалгах ёстой. Анхны мэдэгдэл өгөөд шүүхээс үйл ажиллагааг явуул гэж шаардлага өгсөн. Үүнээс хойш өөрсдөө л үйл ажиллагаа явуулаагүй. Цайны газрыг хүлээж аваагүй. Шавьж устгал хийе гэхээр онгойлгож өгдөггүй. Хохирсон бол үйл ажиллагаа явуулах боломжтой. Бид шүүгчийн захирамжийг биелүүлж байгаа юм. Хувь хүн хоорондоо өгч авсан мөнгөө Нарантуулаас нэхэж байна.

Түрээсийн гэрээний хохирол гэж нэхэж байна. Гэтэл сая гаргаж байгаа тайлбар нь цайны газар худалдан авах зорилготой байсан гэж байна. Гэтэл уулзаад ярьсан гэх нь эрх шилжүүлж авах гэж байна. Энэ нь залилуулсан байж болох юм. Ямар харилцаа үүссэн үү гэдэг асуудал юм. Хуульд зааснаар бүртгүүлээгүй бол хүчингүй юм. Хэргийн 21-д гэрээний 4-р нүүрэнд хэн гэрээ байгуулах, батлах талаар заасан байдаг. Гэтэл гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байдаг. Хэргийн 97-д байгаа гэрээний жагсаалт батлаад хэн гэрээ байгуулах талаар заасан байдаг. Үүнийг мэдэхгүй байсан гэх боловч нэхэмжлэлд бид мэдэж байсан гэдгээ дурдсан байдаг. Түрээсийн төлбөрийг Ананд нэрээр тушаасан гэх тайлбар нь ямар хамааралтай нь ойлгомжгүй. Тушаагч нь өөрөө хэний нэрээр тушаах нь боломжтой байсан. Иргэний хуулийн 498-г ярьж байна. Иймд 498.3-г ярих ёстой. Мийн үйлдэлтэй холбоотойгоор гэм бурууг тогтоосон зүйгүй тул 498-г яаж хэрэглэх нь ойлгомжгүй. Түрээслэгч солигдоход сонгон шалгаруулалт зарлагдаад сонгодог. Түрээслэх эрх олгогддог. Гэтэл гүйцэтгэх захиралтай уулзаад хамааралгүй этгээдэд мөнгө төлөөд захиралд авлига өгөх замаар гэрээ байгуулсан. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байвал 498.3 яригдана. Гэтэл О өөрөө уулзаад, өөрөө л мөнгө төлөөд байдаг. Мийг танихгүй гэж байна. М мөнгөгүй тул удаан төлнө. Иймд мөнгөө хурдан авмаар байна гэж байна. Гэтэл энэ нь хариуцагч Нарантуул хохирол төлөх асуудлыг хуулийн үндэслэлээр тайлбарлах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл М удаан төлөх тул Нарантуулаас гаргуулна гээд байна. Үүнээс үзэхэд Мээс мөнгөө авах ёстой гэдгээ мэдэж л байна. Дансыг Нарантуул өгсөн гэж байна. Хуулийн этгээд данс өгсөн бол бичгээр өгөх ёстой байх. Хуулийн этгээд хэлэх боломжгүй. Аргагүй шаардлага гарч Мтэй уулзсан бол тэр хүнтэйгээ л учраа олох ёстой. Эвлэрэл ярьдаг боловч хуульд зааснаар гэрээ байгуулаад ажиллах боломжтой байсан. Өөр ашиг сонирхол байна гэж байна. О сайн түрээслэгч гэсэн баримт алга. Гэрээнд хэлээд байгаа эрх шилжүүлэх мөнгө төлөх талаар алга. Хариуцлага хүлээнэ гэдэг нь хэн хэнд мөнгө өгөөд байгаа талаар л ярих ёстой. Аваагүй хүнээс мөнгө нэхэх үндэслэлгүй. Энд шалтгаант холбоо ярих ёстой. Хэн гэрээ байгуулах журмыг хэрэгт өгсөн. Хэргийн 97-д энэ талаар баримт байгаа юм. Зт тийм эрх байгаагүй. З зөвшөөрсөн өөрийнхөө эрхийг зарсан гэж байгаа нь ойлгомжгүй. Нотлох баримтаар мэтгэлцэх бөгөөд ёс зүйгээр нотлогдохгүй юм. Маргааны талаар Мээс асуух гээд 11 сар хүртэл мэдэгдэл өгөөгүй байсан. Мөн нэхэмжлэгчийн эд хөрөнгө уг цайны газар дотор түгжээтэй байгаа  тул сонгон шалгаруулалт зарлаж болохгүй байгаа гэв.

 

Хариуцагч А.З нь шүүхэд, түүний төлөөлөгч Х.Ч, өмгөөлөгч П.Е нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэгч Ч.Оын нэхэмжлэлийн шаардлагаас Амарсанаа овогтой З надад холбогдуулан гаргасан түрээсийн үлдэгдэл төлбөр 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Н ХХК-ий ерөнхий захирал Ш.О нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд 2017.07.26-ны өдрийн 08 тоот тушаалаар гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилж, тэрээр тус компанийн худалдааны төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон эрхийн хүрээнд 2020.06.03-ны өдөр Ч.Отай Нарантуул худалдааны төвийн өргөтгөл хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн 08 тоот гэрээг байгуулж, тус компанийн тамга тэмдэг дарж гэрээг баталгаажуулсантай маргах боломжгүй билээ. Н ХХК-ий Нарантуул худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мийн өгсөн дансанд А.Зын цайны газрын эрхийг шилжүүлэн авах төлбөрт 77 500 000 төгрөгийг түүний Хаан банкны ,,, дансанд шилжүүлж А.Зын түрээсийн үлдэгдэл 2 500 000 төгрөгийг А.Зт төлснөөр 2020.06.03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. А.Заас нэхэмжлэлийн шаардлагын оногдох хэсэг 2 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа ба түүний өмнөөс Нарантуул худалдааны төвийн өргөтгөл хэсэгт цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөгийг А.Зт төлсөн учир буцаан нэхэмжлэх эрхтэй болно. Иймд А.Зын өмнөөс Нарантуул худалдааны төвийн өргөтгөл хэсэгт 08 тоот цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөгийг А.Заас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Миний бие “Н” ХХК-ий өргөтгөлийн №08 тоот цайны газрыг түрээсэлж байсан бөгөөд Ч.Од шилжүүлж өгөхдөө тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мийн гуйснаар түрээсийн төлбөр болох 77 500 000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч буцаан Б.Мд шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэлд дурдсанаар миний бие түрээсийн гэрээний үлдэгдэл 2 500 000 төгрөгийг Ч.Оаас авсан зүйл огт байхгүй. Учир нь миний бие уг цайны газрыг түрээсэлж байх хугацаандаа түрээсийн төлбөрийг гэрээний хугацаанд бүрэн төлдөг байсан бөгөөд түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүйгээр Ч.Од тухайн үед нь шилжүүлж өгсөн. Гэтэл түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэх 2 500 000 төгрөгийг намайг өөрийнхөө түрээсийн төлбөрийн үлдэгдэлд авсан мэтээр нэхэмжлэлд тайлбарлаж надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь миний бие 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүгдийг нь төлж барагдуулсан учраас түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй болно. /Баримтыг хавсаргав/

Мөн түүнчлэн намайг түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж байгаа бол үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Ч.О биш харин “Н” ХХК надаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь миний бие Ч.Отай гэрээ байгуулан уг цайны газрыг ажиллуулж байгаагүй, “Нарантуул” ХХК-тай гэрээ байгуулан уг цайны газрыг ажиллуулж байсан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заасан байх бөгөөд А.З миний бие нэхэмжлэгч Ч.Оын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй огт хийгээгүй ба нэхэмжлэгчээс 2 500 000 төгрөгийг өөрт авч ашигласан, түрээсийн төлбөрийн үлдэгдлээ төлүүлсэн ямар нэгэн үйлдэл огтхон ч гаргаагүй байхад намайг хариуцагч гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй, өөрийгөө уг хэргийн хариуцагч биш гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул А.З надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус шүүхийн шүүгчийн 2022.11.23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 101/Ш32022/27684 дугаартай захирамжийг хүлээн авч танилцаад дор дурдсан тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Ч.О, Т.Б нарын нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцож буй А.З миний бие хууль, эрх зүйн тодорхой мэдлэггүйн улмаас 2022.10.26-ны өдөр тус шүүхэд: “77,500,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч буцаан Б.Мийн дансанд шилжүүлэн өгсөн” гэж буруу тайлбар гаргажээ.

Бодит байдал дээр А.З миний бие Б.Мийн дансанд ямар нэгэн төлбөр, мөнгө шилжүүлж байгаагүй юм. Иймд энэ тухай баримт гаргаж өгөх боломжгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Энэ байдлаа нотлох үүднээс Хаан банканд хүсэлт гаргасан боловч Хаан банкны 2022.12.06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 5070/806 дугаартай албан бичгээр “Банкны тухай хуулийн 7.2-т зааснаар харилцагчийн нууцад хамаарах баримт учраас хүсэлтэд дурдсан лавлагааг гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн болно. Хаан банкны 2022.12.06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 5070/806 дугаартай албан бичгийг хавсаргав.

Тус шүүхэд хянагдаж буй Ч.О, Т.Бы нэхэмжлэлтэй “Н" ХХК, А.З нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.         Хариуцагч А.Заас 2020.05.01-2020.12.31 өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг гаргуулах хүсэлтийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2022 оны 12 сарын 19-ны өдөр хариуцагч А.Зын ХААН БАНК-ны ,,, тоот дансны 2020.05.01-ний өдрөөс 2020.12.31-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлт гаргасан байна. Нэхэмжлэгч нар нь хариуцагч А.Зт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа “түрээсийн үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг гаргуулах"-аар гэж тодорхойлсон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А.Зт 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан байдаг. Гэтэл тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт болох А.Зын ХААН БАНК-ны ,,, тоот дансны 2020.05.01-ний өдрөөс 2020.12.31-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгыг гаргуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т "... хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн дансны хуулгыг гаргуулах хүсэлт нь А.Зт холбогдох 2,500,000 төгрөгийг хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байх тул тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ч.О, Т.Бы нэхэмжлэлтэй “Н” ХХК, А.З нарт холбогдох иргэний хэрэгт Хариуцагч А.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч А.Заас 2,500,000 төгрөг нэхэмжилсэн тухайд:

Нэхэмжлэгч нар нь хариуцагч А.Зт холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатаа “А.Зын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг А.Зт төлсөн, А.Зын өмнөөс Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт 08 тоот цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү." гэж хоёр эсрэг агуулга бүхий үндэслэл гаргаж нэхэмжилжээ.

Хариуцагч А.З нь нэхэмжлэгч нараас 2,500,000 төгрөг авч байсан үйл баримт огт байхгүй, мөн “Н” ХХК-д түрээсийн ямар нэгэн өр төлбөргүй байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь А.Зт 2,500,000 төгрөгийг түүнд бэлнээр өгсөн, эсвэл “Н” ХХК-д А.Зын өмнөөс 2,500,000 төгрөгийг төлсөн гэж зөрүүтэй, үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 38.1-т заасны дагуу өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж буй зүйлээ нотлох үүрэгтэй буюу 2,500,000 төгрөг төлсөн, үүнийгээ буцаан шаардах эрхтэй гэдгээ нотлох ёстой. Иймд хариуцагч А.Зт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэг нар нь Зт холбогдуулан 2 500 000 төгрөг төлсөн гэдэг. Хариуцагч үүнийг зөвшөөрөхгүй. Зын түрээсийн үлдэгдлийг өмнөөс нь төлсөн гэх боловч өөрт нь өгсөн гэж эсрэг тэсрэг зүйл бичсэн байдаг. Хариуцагч З нь 2 500 000 төгрөг бэлнээр авсан баримтгүй. Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Төлбөрийг хэрхэн төлсөн талаар нотлох ёстой. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээний хувьд М гэрээ байгуулах эрхтэй эсэх талаар тушаал гаргаж эрх олгоно гэж байгаа нь захирал эрхтэй гэдгийг нотолж байна. Иргэний хуулиар эрх шилжүүлэн худалдах боломжтой юм.

Нэхэмжлэгч О болон хариуцагч Нарантуул нарын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргаан байна. Хариуцагчаар З оролцуулж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрч байлгаад дараа нь хариуцагч болгосон. 2 500 000 төгрөг нэхсэн байна. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа Зын үлдэх төлбөрийг өмнөөс нь төлсөн гэдэг. Ийм байхын тулд эхлээд З гэрээтэй байх ёстой. Гэтэл Нарантуул нь түрээсийн гэрээ байхгүй гэдэг. Түрээсийн өр төлбөр байгаагүй юм. Иймд түрээсийн төлбөрийг нь өмнөөс нь төлсөн гэх тайлбар үндэслэлгүй. Дараа болохоор 2 500 000 төрөг бэлнээр өгсөн гэдэг. Гэтэл дансыг Нарантуулын захирал Мээс авсан, Зтай уулзаж байгаагүй гэх боловч бэлнээр өгсөн гэдэг нь өмнөх тайлбараа үгүйсгэж байна. Одоо болохоор нэг шар хүнд өгсөн гэж байна. Үүнээс үзэхэд 2 500 000 төгрөгийн үндэслэл тодорхойгүй нотлогдохгүй байна. Зын дансны хуулга ирсэн ба 77 500 000 төгрөг орсон байдаг. Анх тайлбар өгөхдөө үүнийг хэлсэн байдаг. Нарантуул дээр гэрээ байгуулахад мөнгө төлдөг гэдэг нь үнэн юм. Зын данс уруу мөнгө орсон учир нь түүний хамаатан Манлай гэх хүн ажиллуулдаг байсан. Манлай нь мөн адил түрээсийн гэрээ байгуулах эрх худалдаж авсан байдаг. Энэ үед З зуучлагчийн үүрэг л гүйцэтгэсэн байдаг. Манлай цайны газар ажиллуулахад хүнд байна гээд эрхээ зарах талаар Зт хандсан. Улмаар зар тавиад О ирж холбогдоод эрх зарахаар болсон. Энэ талаар маргаагүй. Энд З өөрөө эрхээ зарсан биш юм. Орж ирсэн өдрөө тэр мөнгө гараад явчихсан байдаг. Давах шатны шүүх гэрээ байгуулах эрх байсан эсэхийг тодруул гэдэг. Бид гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Учир нь гүйцэтгэх захирал байсан хүн байгуулсан. Дотоод журам нь гэрээг хүчин төгөлдөр биш гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн 5 сар үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Улмаар төлбөр төлсөн байдаг. Гэрээ байгуулах эрхгүй байсан бол яагаад үйл ажиллагаа явуулаад байсан бэ. Гэрээг цуцалснаар хохирсон гэдэг. Гэтэл нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулахыг хүсээгүй юу гэдэг асуудал байдаг. Хариуцагч Нарантуул талаас дарамт шахалт үзүүлээгүй гэдэг. Нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа нотолж чаддаггүй. Цар тахлаас болж Нарантуулын үйл ажиллагаа зогссон байдаг. Дансаар өгсөн 77.5 саяас гадна 2.5 төгрөг өгсөн гэж шаардаж байгааг анхаарах ёстой. Хариуцагч Нарантуул нь мөнгө өгсөн хүнээсээ мөнгө ав гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нар нь өгсөн мөнгөө авах бус хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргадаг. Гэрээ цуцалснаар эрх авсан мөнгөөрөө хохирсон гэдэг. Бид дансаар 77,500,000 төгрөгийг түрээслэх эрх худалдсан төлбөрт авсан бөгөөд 45,000,000 төгрөгийг жинхэнэ түрээслэгч Манлайд, бусдыг нь хэлсэн данс уруу нь шилжүүлсэн. М, З нар нь нэг нутгийн хүмүүс бөгөөд Манлай, З нар нь хамаатны хүмүүс юм. Түрээслэх эрх худалдахдаа Нарантуултай амаар тохиролцдог гэв.

 

Нэхэмжлэгч Ч.О, Т.Б нар нь шүүхэд: гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх6/, “Н” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ДБ-40 дүгээр албан тоот /1-р хх7/, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хохирол нэхэмжлэх тухай мэдэгдэл /1-р хх8/, засварын хийхээс өмнөх, засвар хийж байгаа болон дууссаны дараа, мөн худалдаж авсан гэх тоног төхөөрөмжийн гэх 59 ширхэг гэрэл зураг /1-р хх9-12, 153-177/, Хаан банк дахь Т.Бы дансны хуулга /1-р хх13-14, 147-152/, Голомт банкны орлогын мэдүүлэг /1-р хх15/, түрээсийн төлбөр төлсөн гэх баримтууд /1-р хх16-19/, Монгол шуудан компанийн төлбөр төлсөн баримт /1-р хх20/, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн гэрээ /1-р хх21-22/, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн эрх нээлгэх гэрээний хуулбар /1-р хх23-24/, зээлийн эрхийн барьцааны гэрээний хуулбар /1-р хх25-26/, “Сидан” ХЗХ-ны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 29/01 дүгээр тодорхойлолт /1-р хх135/, засварын ажлын тайлан /1-р хх136-138/, засвар хийсэн гэх иргэдийн тодорхойлолт 7 ширхэг /1-р хх139-145/, засвартай холбоотой гэх санхүүгийн анхан шатны баримтууд /1-р хх178-194/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/8482 дугаар албан тоот /2-р хх73/, “Голомт банк” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14/хх/03-2277 дугаар албан тоот /2-р хх187/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч “Н” ХХК нь шүүхэд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх57, 197/, ГБ/324 дугаар тодорхойлолт /1-р хх93/, “Н” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тушаалын хуулбар /1-р хх95/, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тушаалын хуулбар /1-р хх96/, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /1-р хх97-99/, Б.Мийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр гараар бичсэн баримт /2-р хх30/, “Н” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5070/806 дугаар албан тоот /3-р хх15/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: “Н” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх233-235/, хохирол үнэлгээний тайлан /2-р хх1-12/, “Хаан банк” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 50/11162 дугаар лавлагаа /2-р хх61/, “Н” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГБ/2230 дугаар мэдэгдлийг цахимаар /2-р хх139/, А.Зын оршин оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ХУР системээс /2-р хх153/, Хаан банк дахь А.Зын дансны хуулга /3-р хх25-28/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “Н” ХХК-с 94,360,274 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,139,726 төгрөг болон хариуцагч А.Зт холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.О, Т.Б нар нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гэрээ байгуулах урьдчилгаа төлбөрийн хохирол гэх 87,500,000 төгрөг, гэрээ байгуулснаас учирсан хохирол гэх 16,000,000 төгрөг, хариуцагч А.Зт холбогдуулан түүний түрээсийн гэрээний төлбөрт олгосон гэх 2,500,000 төгрөг, нийт 106,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Н” ХХК нь түрээсийн гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан, улмаар мөнгийг компани аваагүй, хувь хүн хоорондоо шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч А.З нь түрээсийн гэрээ байгуулах эрхээ худалдсан бөгөөд өмнөх түрээсийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн, мөнгө аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч Ч.О нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Н” ХХК-тай 08 дугаар “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн гэрээ байгуулсан байна. /1-р хх21-22/

 

Хариуцагчийн төлөөлөгч нь уг гэрээний зүйл болох цайны газарт барилгаас тусдаа салгаж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэгдээгүй гэж тайлбарласан тул энэхүү түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байжээ.

Ийнхүү гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

Нэхэмжлэгч нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд гэрээг Ч.О байгуулж, төлбөрийг Т.Б өөрийн дансаар төлсөн гэж тайлбарлаж буйг дурдах нь зүйтэй. /1-р хх6/

 

Харин хариуцагч “Н” ХХК нь уг гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж маргасан.

 

Гэрээнээс үзэхэд гэрээ байгуулсан хэсэгт гарын үсгийн тайлалгүй бөгөөд гүйцэтгэх захирал Б.М гэж баталсан байна.

 

Улмаар гэрээ байгуулагдах үед хариуцагч “Н” ХХК-ийн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал нь Б.М байсан болох нь “Н” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаалын хуулбараар тогтоогдсон. /1-р хх95, 96/

 

Гэвч хариуцагч “Н” ХХК нь маргаж буй түрээсийн гэрээ нь “Н” ХХК-ийн олон улсын худалдааны төвийг гүйцэтгэх захирал Б.Мийн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Нарантуул” олон улсын худалдааны төвийн түрээсийн гэрээний жагсаалтыг зөрчсөн гэж маргаж байна.

Энэхүү тушаалын хавсралтад зааснаар өргөтгөлийн хэсэгт худалдаа, үйлчилгээний объект, эсхүл цэг ажиллуулах түрээсийн гэрээг менежер, зохион байгуулагч нар хийнэ гэжээ.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т зааснаар хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа бол түүнийг гүйцэтгэх захирал гэнэ. Мөн зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй.

 

Цаашлаад, хариуцагч “Н” ХХК нь Б.Мийг түрээсийн гэрээ байгуулах эрхгүй буюу төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл хэн нэгэн эрх бүхий этгээд түүнийг бусадтай гэрээ байгуулах эрхийг хязгаарласан баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал нь гэрээний жагсаалт баталсан нь өөрийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Тодруулбал, дээрх жагсаалтаар гэрээ байгуулах үйл явцыг зохион байгуулах албан тушаалтнуудыг томилсон байна.

 

Эдгээр үйл баримтаас үзэхэд маргаж буй түрээсийн гэрээг хариуцагч “Н” ХХК-ийг төлөөлөн хуулиар олгогдсон эрх бүхий этгээд байгуулжээ.

Иймд энэхүү түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу 5 сар орчим үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөр төлж байсан талаар зохигч хэн аль нь маргаагүй бөгөөд хариуцагч “Н” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ДБ-40 дугаар албан тоотоор түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус тул цайны газрыг өөрийн мэдэлд авахыг мэдэгдсэн байна. /1-р хх7/

 

Улмаар нэхэмжлэгч Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулахад төлсөн төлбөр, засвар, тоног төхөөрөмжийн зардалд нийт 106,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагч “Н” ХХК-ийн гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Эдгээрээс дүгнэвэл маргаж буй түрээсийн гэрээний талууд хэн аль нь гэрээнээс татгалзах талаар маргаагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нар болон хариуцагч А.З нь цайны газрын түрээсийн гэрээ байгуулж, ашиглах эрхийг 87,500,000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан гэж тайлбарласан.

Харин маргаж буй гэрээнд энэ эрхийг худалдах талаар зохицуулаагүй бөгөөд хариуцагч “Н” ХХК нь түрээсийн гэрээ байгуулах эрхийг худалдахыг хориглоно гэж маргаж байна.

 

Цаашлаад нэхэмжлэгч нар болон хариуцагч А.Зын өмгөөлөгч нь түрээсийн гэрээ байгуулах эрх нь хариуцагч “Н” ХХК-д байдаг тул бид гуравласан уулзалтаар харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулах эрхийг худалдаж, худалдан авсан гэж тайлбарлаж байна.

Энэхүү тайлбар нь нэхэмжлэгч Т.Б нь Хаан банк дахь өөрийн данснаас түрээсийн гэрээ байгуулахын өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирал Б.Мийн ,,, тоот дансанд 10,000,000 төгрөг, хариуцагч А.Зын ,,, тоот дансанд мөн өдөр 70,000,000 төгрөг, 22-ны өдөр 7,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн дансны хуулга, “Хаан банк” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 50/11162 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /1-р хх13,14, 2-р хх61/

Улмаар ийнхүү эрх худалдах худалдан авах үйл явдлын дараа 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр маргаж буй түрээсийн гэрээ байгуулагджээ.

 

Эдгээр үйл баримтыг нэгтгэн харьцуулж үзвэл нэхэмжлэгч нар нь хариуцагч “Н” ХХК-ийн зөвшөөрснөөр хариуцагч А.Заас түрээсийн гэрээ байгуулах эрхийг худалдан авсан бөгөөд улмаар түрээсийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нар үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч тал нь гүйцэтгэх удирдлага Б.Мийн зөвшөөрөл, зааварчилгааны дагуу нийт 87,500,000 төгрөгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК нь энэхүү хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг үүсэх үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулснаар иргэний эрх зүйн харилцаа буюу үүрэг үүснэ.

 

Үүрэг нь гэрээний дагуу болон гэрээний бусаар үүсдэг. Гэм хорын хохирол нь гэрээний бус үүрэгт хамаарна. Гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй боловч нийгмийн аливаа өөр төрлийн харилцаанаас үүдэн хохирол учирч, түүнийг хариуцан арилгах үүрэг үүсэхийг ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгч нар нь хариуцагч А.Зтай түрээсийн гэрээ байгуулах эрхийг худалдах, худалдан авахаар, улмаар хариуцагч “Н” ХХК нь энэхүү худалдах худалдан авах гэрээ хэрэгжсэнээр нэхэмжлэгч нартай түрээсийн гэрээний харилцаанд орохыг зөвшөөрч, тохиролцон гэрээ байгуулсан байна. Тодруулбал, хариуцагч “Н” ХХК нь эрх худалдах худалдан авахыг зөвшөөрсөн.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар шаардах эрх үүссэн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин дээр дурдсанаар гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг шаардах эрхтэй юм. Учир нь маргаж буй түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Тодруулбал, худалдах худалдан авах гэрээг дараагийн түрээсийн гэрээ байгуулах зорилгоор хоорондоо холбоо хамааралтайгаар байгуулсан байна.

 

Мөн хариуцагч А.Зын өмгөөлөгч нь ийнхүү түрээсийн гэрээ байгуулах эрхийг худалдсан нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д нийцнэ гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нар нь гэр бүлийн гишүүд тул Ч.Оын нэрээр хариуцагч “Н” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, улмаар хариуцагч “Н” ХХК нь гэрээнээс татгалзсан байна.

Иймд түрээсийн гэрээ байгуулах зорилгоор эрх худалдан авсан төлбөр нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд хамаарах тул хариуцагч “Н” ХХК-с 87,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нар нь засвар хийх, тоног төхөөрөмж худалдаж авахад нийт 16,000,000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарласан. Улмаар засвар хийсэн гэх хүмүүсийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байна. /1-р хх138-145/

Түрээсийн зүйлийг засан сайжруулсан зардлыг барилгын материал худалдаж авсан, тээвэрлэсэн болон цалин хөлс олгосон гэх зэрэг санхүүгийн анхан шатны баримтаар нотлох учиртай.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч нар нь тоног төхөөрөмж худалдан авахад 4,530,100 төгрөг, барилгын заслын ажилд 6,860,274 төгрөгийн зардал гаргасан байна.

Нэхэмжлэгч Ч.О нь энэхүү дүгнэлтийг зөвшөөрсөн бөгөөд маргахгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Т.Бы төлөөлөгчид болон хариуцагч нар нь энэхүү тайлбар болон шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6-д зааснаар түрээслэгч түрээсийн эд зүйлд засан сайжруулалт хийсэн бол салгаж болохгүй зүйлийн үнийг шаардах, салгаж болох зүйлийг салган авах эрхтэй.

 

Иймд хариуцагч “Н” ХХК-с засварын зардал 6,860,274 төгрөгийг гаргуулж, худалдан авсан тоног төхөөрөмж, гал тогооны бусад хэрэгслийг  салгаж болох тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,530,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч А.Зыг өмнөх түрээсийн гэрээний төлбөрт 2,500,000 төгрөгийн өр төлбөртэй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ч.О нь 2,500,000 төгрөгийг өмнө нь хариуцагч А.Зтай цуг явж байхыг нь харсан гэх “өндөр шар” гэж тодорхойлсон эрэгтэй хүнд өгсөн талаар тайлбарлаж, нэхэмжлэгч Т.Бы төлөөлөгч нар үүнийг үгүйсгээгүй.

Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 төгрөгийг хариуцагч А.Зт олгоогүй байх тул түүнийг бусдын зардлаар, өөрийн хөрөнгийг хэмнэх замаар үүргээс чөлөөлөгдөж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Иймд 2,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгч нь “Н” ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал гэх Мд өгсөн байгаа учир нэхэмжлэгч Оын нэхэмжлэлийг тус компани нь гаргах ёстой гэж харж байна. “Н” ХХК нь гүйцэтгэх захирал Мтэй хариуцлага тооцож, харин шүүхээрээ явдаг юм уу, цалин мөнгөнөөс нь суутгавал болохгүй байсан юм уу гэж бодож байна. Зт өгсөн гэх мөнгийг өөр хүнд өгсөн учраас тэрийг нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна гэх дүгнэлт гаргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дээрх тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэл, иргэдийн төлөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан үзээд хариуцагч “Н” ХХК-с 94,360,274 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,139,726 төгрөг болон хариуцагч А.Зт холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлэх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-с 94,360,274 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О, Т.Б нарт олгож, үлдэх 9,139,726 төгрөгт болон хариуцагч А.Зт холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 687,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-с 629,751.37 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Од олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД

 

                                     ШҮҮГЧИД                                          Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

                                                                                                Д.ЦЭРЭНДОЛГОР