Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/00042

 

 

 

 

 

2022 12 23

181/ШШ2023/00042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Ба -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Бб,

 

Хариуцагч: А.С нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт 47,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Хариуцагч Б.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

(Хариуцагч Х.Бб товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр эзгүйд нь хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Ба нь хариуцагч Х.Бб, Б.С э нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт 47,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Х.Ба өөрийн төрсөн ах болох Х.Бб, түүний эхнэр Б.С э нарыг гэр бүл зохион тусдаа амьдрал эхлүүлж байгаад нь баяр хүргэж, орон сууц авахад нь хандив болгон 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 7,300,000 төгрөгийг өөрийн Худалдаа, хөгжлийн банкны 453160675 тоот данснаас тус тус шилжүүлж хариу төлбөргүй бэлэглэсэн. Энэхүү бэлэглэлийн 30,000,000 төгрөг нь Бэлэглэлийн гэрээтэй бөгөөд бусад нь бүгд амаар хэлж ярьж тохирсон үйлдэл юм. Миний энэ байр авахад нь зориулж мөнгө бэлэглэж байгааг бэр эгч Б.С э маш сайн мэдэж байсан бөгөөд одоо тус байранд маань тэрээр амьдарч байгаа.

Гэвч миний ах Х.Бб, түүний эхнэр Б.С э нар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 679 дүгээр магадлалаар гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд би дээрх бэлэглэсэн мөнгөө тэднийг гэрлэлтээ бүрэн бүтэн авч яваасай, хүүхдээ битгий өнчрүүлээсэй гэж бодож өгсөн боловч тэд миний итгэлийг алдаж гэрлэлтээ цуцлуусан нь намайг ноцтой гомдоож байна. Мөн би бэр эгч Б.С эд бас ихээр гомдсон бөгөөд бэр эгч маань өөр хүнтэй харилцаа үүсгэснээс үүдэлтэйгээр миний ах тэр хоёр салж байгаа нь надад маш их хүнд туссан. Би өөрөө газар дээрх ганц ахтай хүн тул ахыгаа сайхан амьдраасай, гэр бүл нь бат найдвартай байгаасай, дутагдах гачигдах зүйлгүй тэр хоёрыг амьдраасай гэж бодсоны үндсэн дээр дээрх мөнгийг тэдэнд өгсөн. Гэтэл тэд миний итгэлийг уландаа гишгэж, салсаныг би 2022 оны 5 дугаар сард мэдсэн. Ингээд мэдсэн даруйдаа тэднээс бэлэглэлийг хүчингүйд тооцож байгааг хэлж энэхүү бэлэглэсэн мөнгийг нэхэмжилсэн боловч одоог хүртэл надад буцаан өгөхгүй байна. Одоо тэд энэхүү байрыг дээр дурдсан шүүхийн шийдвэрээр хувааж байгаа юм байна. Тиймээс би ч бас өөрийн тэдэнд бэлэглэсэн гэрээ хэлцлээ хүчингүйд тооцож, үр дагаварт нь тэднээс тус мөнгийг гаргуулах зөв гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэгийн гэрээг хүчингүй болгосны үр дагаварт Х.Бб болон түүний эхнэр байсан Б.С э нараас 47,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.Бб ямар нэгэн авлига авсан, түүнийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Энэ талаарх тайлбар хэрэгт огт хамаагүй. Тухайн мөнгийг Х.Ба гаас Х.Бб авсан талаарх нотлох баримт байгаа. Х.Бб, Б.С э нарын гэр бүлийн маргаан гарахаас өмнө болсон асуудал. Түүнээс биш одоо гэнэт бэлэглэлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Х.Бб байр авах зорилгоор Х.Ба гаас энэ бэлгийг хүлээн авсан. Гэрээний асуудлаар тухайн үед Х.Бб, Б.С э нараас ямар нэгэн маргаан гаргаагүй байсан. Б.С э өнөөдөр тэрхүү байрыг бидний дундын хөрөнгө гэж мэдүүлж байна. 30,000,000 төгрөг болон 17,300,000 төгрөгийг аваагүйтэй Б.С э маргадаггүй. Энэ бэлэглэлийн гэрээг хийхэд эдгээр үр дагаврыг мэддэг байсан. Энэ гэрээг үгүйсгэх учраа олохгүй байна гэж үзэж байна. 47,300,000 төгрөг бол байр худалдан авахад урьдчилгаа төлбөрт төлөгдсөн мөнгө. Үүнийг Х.Бб болон хамтран зээлдэгч Б.С э нар хүлээн зөвшөөрсөн. 17,300,000 төгрөгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцогдоно. Б.С э байрыг авах болохоороо бидний дундын эд хөрөнгө гэж нэхэмжлэл гаргачхаад одоо мөнгө төлөх болохоор надад энэ гэрээ огт хамаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Х.Ба , Х.Бб нар 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь ипотекийн зээл хийхийн тулд Х.Ббийн мөнгө гэдгийг нотлох зорилготой. Түүнээс биш маргаан гаргах гэж энэхүү гэрээг байгуулаагүй. Иргэний эрх зүйн харилцаанд хэлцлийг хэн нэгэн этгээдээр дамжуулан хүлээн зөвшөөрөх гэж байдаг. Б.С ийн үйлдэл энэхүү ойлголтод хамаарч байна. ... гэв.

2. Хариуцагч Х.Бб нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Х.Ба гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 45-28 тоот байр Хан-Уул дүүргийн шүүхээр Б.С ийн нэр дээр гарсан. Иймд 50 хувь 23,650,000 төгрөгийн төлбөрийг тус байрыг зарж олгож өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч Б.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

а. Б.С э нь Х.Ба тай ямар ч бэлэглэлийн гэрээний харилцаанд ороогүй, гарын үсэг зураагүй учир энэ бэлэглэлийн гэрээ нь түүнд огт хамаагүй. Мөн Б.С э нь энэ бэлэглэлийн гэрээгээр өгсөн гэх 30,000,000 төгрөг Х.Ббийн төрийн жинхэнэ албан хаагч байх үедээ хүнээс авлигын журмаар авсан мөнгө бөгөөд тэрээр өөрийн нэр дээр бүртгүүлж болохгүй байна гэж Приус-30 маркийн машинтай болсон тухайгаа ярьж байсан. Үүний дараа уг Приус-30 маркийн машинаа дүү Х.Ба гийн нэр дээр бүртгүүлсэн гэж хэлсэн. Харин орон сууцтай болох гээд мөнгөний хэрэг гарч эхлэх үед Х.Бб нь нөгөө машинаа зараад, мөнгийг нь дүүгээсээ бэлгэнд авсан мэт баримт бүрдүүлж, гэрээ хийсэн гэж ярьж байсан гэдэг. Учир нь, Х.Бб нь төрийн жинхэнэ албан хаагчийн ХОМ буюу хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ уг машин болон түүнийг зарж олсон мөнгөө өөрийн эзэмшлийн хөрөнгө гэдгийг мэдүүлбэл асуудалд орж шалгагдах учир энэ мөнгийг ийм аргаар өөртөө авсан тайлбарлаж байсныг би санаж байна. Иймд Х.Ба гийн нэхээд буй 30,000,000 төгрөг нь өөрийнх нь мөнгө биш, бэлэгний мөнгө ч биш ахынхаа төрийн албаны хөрөнгийг мэдүүлгээс нуун далдалж, түүний нэр дээр шилжүүлж зарсан Приус 30 маркийн машины мөнгө. Энэ мөнгө надад огт хамаагүй бөгөөд би Х.Ба , Х.Бб нарын энэ хууль бус хуйвалдаанд ямар ч хамаагүй, тэдэнд өргүй учир би хариуцахгүй. гэдэг.

б. Х.Ба нь гэрээгүй бэлэглэсэн 17,300,000 төгрөг гэж бичжээ. Төрсөн ах дүү нар хоорондоо хэзээ ямар зорилгоор юуны мөнгө дансаар шилжүүлсэн талаар Б.С э мэдэхгүй, мэдэх ч боломжгүй, мэдэх ч шаардлагагүй. Гэтэл ах дүүсийн юуны зориулалтаар шилжүүлсэн нь тодорхойгүй ойлгомжгүй мөнгө шилжүүлсэн үйл баримтаар Б.С ийг буцаан төлөх ёстой гэж шаардаж буй нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Ах дүүсийн мөнгөний асуудалд Б.С э ямар ч хариуцлага хүлээх үндэсгүй. Б.С э нь надад Х.Ба нэг ч удаа нүүр тулж, биечлэн уулзаж, ерөөл өргөж бэлэг өгч байгаагүй. Би Х.Ба гэж хүнээс нэг ч удаа бэлэг хүлээн аваагүй учраас одоо хэзээний ямар бэлэг нэхээд байгааг ойлгохгүй байна. Ах дүүсийн хооронд урьд өмнөх өр төлбөрийн асуудал байгаа бол тэд хоорондоо шийдэх байх би мэдэхгүй. Би Х.Ба гийн өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй, түүний яриад байгаа бэлэг сэлт гэх мөнгийг анх удаа сонсож байх тул нэхсэн мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэдэг.

в. Х.Ба нь Х.Бб, Б.С э нарыг шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, өөрийг нь ноцтой гомдоосон, дундаасаа авсан орон сууцыг хуваасан гэх утгатай зүйлс бичжээ. Х.Бб, Б.С э нар 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлсэн. Энэ хэрэг хянан шийдвэрлэгдэх 2 жилийн хугацаанд гэр бүлийн эд хөрөнгийн маргааны асуудалд Х.Ббийн зүгээс ямар ч бэлэглэлийн гэрээ, бэлэгний мөнгө, хуваарьт хөрөнгийн асуудлыг хөндөөгүй. Баримтаар нотолж тогтоолгосон зүйл байхгүй. Харин тэдний дундаас бий болсон хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж шүүхээс дүгнэж, хүүхдүүдийн амьдрах орчин, өсөж торних таатай нөхцөл, хүүхдийн эрх ашиг гэр бүлийн гишүүдийн дийлэнх олонхийн амьдрах орчныг хууль зүйн хувьд бүрдүүлэх зорилгоор харгалзан үзэж, орон сууцыг охин Т.Саруул, хүү Б.Билгүүн болон Б.С э нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Б.С э нь Х.Ббийг шүүхийн шийдвэрээр орон сууцыг охин, хүү, бид гуравт шийдвэрлүүлсэнд одоог хүртэл надад өс санаж, байнгын утсаар дарамталж доромжилдог. Энэ нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нь Х.Бб бидэнд орон сууцны өмчлөлийг хуулийн дагуу шилжүүлсэндээ өсөрхөж, ямар нэг мөнгөн хөрөнгө салгаж авах гэсэн зорилгоор шүүхэд дүү Х.Ба гаар нэхэмжлэл гаргуулж, надаас мөнгө нэхэж байна гэж ойлгож байна. гэдэг.

Иймд Х.Ба гийн Б.С ээс нэхэмжилж буй 23,650,000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4.1. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Х.Ббтэй 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээний хуулбар, Худалдаа, хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 453160675 дугаар дансны /2015.10.01-2018.01.17 хүртэлх/ хуулга /хх 6-8/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4.2. Хариуцагч Б.С ээс нотлох баримтаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 183/ШШ2021/01885 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00679 дүгээр магадлалын хуулбар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, дүнжингарав гудамж, 45 дугаар байр 28 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206044126 дугаарт бүртгэлтэй, 71.82 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.Бб, Б.С э нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийсэн Төлбөр төлөх хэлцлийн хуулбар, Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс татсан Х.Бб, Б.С э нарын хаягийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Пүрэвжав, Б.С э нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хийсэн хэлцлийн хуулбар, Х.Ббийн бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан тухай Б.С ийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гараар бичсэн тэмдэглэлийн хуулбар, Худалдаа, хөгжлийн банкны 2022 оны 7 дугаар сарын 6, 14, 17, 22, мөн оны 8 дугаар сарын 3-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх 26-42/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Х.Ббээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй ба хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Ба нь хариуцагч Х.Бб, Б.С э нарт холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосны үр дагаварт, тэднээс 47,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагадаа ...төрсөн ах Х.Бб, түүний эхнэр Б.С э нарын гэр бүлийн амьдрал бат найдвартай байгаасай, дутагдах гачигдах зүйлгүй амьдраасай хэмээн бодож, орон сууц авахад нь зориулж мөнгө бэлэглэсэн атал тэд миний итгэлийг алдаж гэрлэлтээ цуцлуулж намайг ноцтой гомдоосон... гэх үндэслэлийг заажээ.

2. Хариуцагч Х.Бб нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан бол хариуцагч Б.С э нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, ...би Х.Ба тай ямар ч бэлэглэлийн гэрээний харилцаанд ороогүй, бэлэглэлийн гэрээгээр өгсөн гэх 30,000,000 төгрөгийн хувьд түүний ах Х.Ббийн төрийн жинхэнэ албан хаагч байх үедээ хүнээс авлигын журмаар авсан хөрөнгө, харин бэлэглэлийн гэрээгүй өгсөн гэх 17,300,000 төгрөгийг мэдэхгүй, ах дүүсийн мөнгөний асуудалд би ямар ч хариуцлага хүлээх ёсгүй, Х.Бб нь орон сууцны өмчлөлийг хуулийн дагуу шилжүүлсэндээ өсөрхөж, надаас ямар нэгэн мөнгөн хөрөнгө салгах зорилготой байна. гэх үндэслэлээр татгалзжээ.

Хариуцагч Х.Бб шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсгээ зурсан /хх 52/, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг түүний эзгүйд хянан хэлэлцсэн болно.

3. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Бб нь нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт 23,650,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, дараах үндэслэлээр хариуцагч Б.С эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг ирүүлсэн байх ба уг гэрээгээр ...бэлэглэгч Х.Ба нь бэлэг хүлээн авагч миний төрсөн ах болох Х.Ббт орон сууц авахад нь хандив болгож 30,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байрны урьдчилгаанд хариу төлбөргүй бэлэглэж байна. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болж болно. гэсэн нөхцлийг зааж, тохиролцжээ. /хх 6/

Түүнчлэн Худалдаа, хөгжлийн банк дахь Х.Ба гийн эзэмшлийн 453160675 дугаар дансны хуулгад 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 7,300,000 төгрөгийг Бат-Амгалан-с ХУД 11 хороо, 45-28 тоот байрны урьдчилгаа 91020201: 050000-Хаан төв банк (5007065748-Борчулуун) гэх утгаар, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 10,000,000 төгрөгийг Хашбат Бат-Амгалан-с ХУД-н 11-р хороо, 45-28 тоот байрны урьдчилгаа: 050000-Хаан төв банк (5007065748-Борчулуун) гэх утгаар, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 30,000,000 төгрөгийг Бат-Амгалан-с машины мөнгө бэлэглэв гэх утгаар тус тус шилжүүлсэн талаарх бичилтүүд хийгджээ. /хх 7-8/

Талууд дээрх үйл баримтын талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба нэхэмжлэгч Х.Ба , хариуцагч Х.Бб нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. гэж, мөн зүйлийн 276.2 дахь хэсэгт Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заажээ.

Хариуцагч Х.Бб, Б.С э нар нь 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2 хүүхдийн эцэг, эх болцгоон хамтран амьдарч байхдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, дүнжингарав гудамж, 45 дугаар байр 28 тоот хаягт байршилтай, 71.82 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж, худалдаж авсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Харин гэрлэгчид нь 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 183/ШШ2021/01885 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00679 дүгээр магадлалаар гэрлэлтээ цуцлуулж, дээрх орон сууцны өмчлөх, ашиглах, эзэмших, ашиглах эрхийг Б.С э болон хүү Б.Билгүүн, охин Т.Саруул нарт үлдээж, орон сууцнаас Х.Ббт ногдох хэсэг болох 18,603,561 төгрөгийг Б.С ээс гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 26-32/

Эдгээрээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгийг оролцуулж авсан хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваарилсан байх ба хариуцагч нараас уг мөнгийг шаардах үндэслэл бий.

5. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагч нараас 47,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардлагаа гаргасан.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгох эрхтэй. Харин ямар тохиолдолд ноцтой гэж үзэх нь тухайн тохиолдлоос хамаарах бөгөөд гомдооно гэдэг ойлголт нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлөхийг ойлгоно.

Манай тохиолдолд бэлэглэлийн гэрээнд Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болж болохоор заасан боловч үүнд ямар тохиолдолдлыг хамааруулсан нь тодорхойгүй, түүнчлэн бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, гэрлэгчид нь 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулснаас үзвэл нэхэмжлэгчийн ах, эгч хоёрыгоо салсныг 2022 оны 5 дугаар сард мэдсэн гэх тайлбар үндэслэл муутай байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт хариуцагч Б.С ээс 23,650,000 төгрөгийг гаргуулах тухай Х.Ба гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ба гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ббээс улсын тэмдэгтийн хураамжид 276,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ба д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-т тус тус заасныг баримтлан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт хариуцагч Б.С ээс 23,650,000 төгрөгийг гаргуулах тухай Х.Ба гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Бб нь нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт 23,650,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ба гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ббээс улсын тэмдэгтийн хураамжид 276,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ба д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН