Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00542

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00542

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00042 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:В-, А- нарт холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт 47,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагч А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь төрсөн ах болохВ-, түүний эхнэр А- нарыг гэр бүл зохион тусдаа амьдрал эхлүүлж байгаад нь баяр хүргэж, орон сууц авахад нь хандив болгон 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 7,300,000 төгрөгийг өөрийн данснаас тус тус шилжүүлж хариу төлбөргүй бэлэглэсэн. Орон сууц авахад зориулж мөнгө бэлэглэсэн гэдгийг А- мэдэж байсан бөгөөд одоо тус байранд амьдарч байгаа.

В-, А- нар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 679 дүгээр магадлалаар гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд Б- нь тэднийг гэрлэлтээ бүрэн бүтэн авч яваасай, хүүхдээ битгий өнчрүүлээсэй гэж бодож мөнгө бэлэглэсэн. Гэтэл тэд итгэл алдаж, А- нь өөр хүнтэй харилцаа үүсгэсний улмаас гэрлэлтээ цуцлуулсан гэдгийг 2022 оны 05 дугаар сард мэдсэн даруйдаа тэднээс бэлэглэлийг хүчингүйд тооцож байгааг хэлж энэхүү бэлэглэсэн мөнгийг нэхэмжилсэн боловч одоог хүртэл буцаан өгөхгүй байна. Дээрх шүүхийн шийдвэрээр тэдний худалдан авсан орон сууцыг хувааж шийдвэрлэсэн.

Иймд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосны үр дагавартВ-, А- нараас 47,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү.

 

2. ХариуцагчВ-ийн татгалзал, тайлбарын агуулга: Б-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

 

3. Хариуцагч А-ийн татгалзал, тайлбарын агуулга: А- нь Б-тай ямар ч бэлэглэлийн гэрээний харилцаанд ороогүй, гарын үсэг зураагүй учир энэ бэлэглэлийн гэрээ нь түүнд огт хамаагүй. Б-гийн нэхэж буй 30,000,000 төгрөг нь өөрийнх нь мөнгө биш, бэлэгний мөнгө ч биш ахынхаа төрийн албаны хөрөнгийг мэдүүлгээс нуун далдалж, түүний нэр дээр шилжүүлж зарсан Приус 30 маркийн машины мөнгө. Б-,В- нарын хууль бусаар олсон мөнгө нь А.Эрдэнэсувдад хамааралгүй.

Б- нь гэрээгүй бэлэглэсэн 17,300,000 төгрөгийн нэхэмжлэлд дурдсан. Төрсөн ах дүү нар хоорондоо хэзээ ямар зорилгоор юуны мөнгө дансаар шилжүүлсэн нь тодорхойгүй бөгөөд уг мөнгийг шаардаж буй нь үндэслэлгүй байна. Ах дүүсийн мөнгөний асуудалд А- ямар ч хариуцлага хүлээх үндэсгүй.

В-, А- нар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох болон эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлсэн. Энэ хэрэг хянан шийдвэрлэгдэх 2 жилийн хугацаандВ-ийн зүгээс ямар ч бэлэглэлийн гэрээ, бэлэгний мөнгө, хуваарьт хөрөнгийн асуудлыг хөндөөгүй. Шүүх тэдний дундаас бий болсон хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэж, гэр бүлийн гишүүдийн дийлэнх олонхийн амьдрах орчныг хууль зүйн хувьд бүрдүүлэх зорилгоор харгалзан үзэж, орон сууцыг охин З-, хүү Ж- болон А- нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн ба шийдвэр хүчин төгөлдөр болсон.В- бидэнд орон сууцны өмчлөлийг хуулийн дагуу шилжүүлсэндээ өсөрхөж, ямар нэг мөнгөн хөрөнгө салгаж авах гэсэн зорилгоор шүүхэд дүү Б-гаар нэхэмжлэл гаргуулсан.

Иймд Б-гийн нэхэмжилж буй 23,650,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-т тус тус заасныг баримтлан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт хариуцагч А-эс 23,650,000 төгрөгийг гаргуулах тухай Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчВ- нь нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт 23,650,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчВ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 276,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгийг оролцуулж авсан хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваарилсан байх ба хариуцагч нараас уг мөнгийг шаардах үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн боловч бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж хариуцагч А-эс 23,650,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн ахВ-, түүний эхнэр А- нарыг гэр бүл зохион тусдаа амьдрал эхлүүлж байгаад нь баяр хүргэж бэлэглэсэн мөнгөө тэднийг гэрлэлтээ бүрэн бүтэн авч яваасай, хүүхдээ битгий өнчрүүлээсэй, дутах зүйлгүй орох оронтой байгаасай гэж бодож өгсөн боловч бэр эгч А- нь өөр хүнтэй харилцаа үүсгэсний улмаас тэр хоёр салсан, үүнийгээ хариуцагч А- үгүйсгээгүй, үүнд маргаагүй. Тухайн үед нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээгээр авсан мөнгийгВ-, А- нар хамтдаа зарцуулж, байрны урьдчилгаа төлбөр төлсөн бөгөөд одоо А- тухайн эд хөрөнгийг бүгдийг нь авсан атлаа бэлэглэсэн мөнгөнөөс өөрт ногдох хэсгийг хариуцахгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч А- болон бэлэглэгч Б- нарын хооронд бэлэглэх гэрээ байгуулагдаагүй боловч тухайн бэлэглэлийн гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээ ноцтой гомдоосон үйлдлийг нотлох баримтаар нотолж, түүн дээр хариуцагч А- нь маргаагүй байхад шүүхээс зөвхөн бэлэглэлийн харилцаанд ач холбогдол өгч энэхүү хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. А- нь нэхэмжлэгчийн ахдаа гэр бүл зохиож байгаад нь бэлэглэсэн мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй байна. Хариуцагч А-ийн эр нөхрөө араар нь тавьсан үйлдэл нь аливаа хүний гэр бүлийнхээ өмнө хуулиар хүлээсэн наад захын үүргээ зөрчсөн үйлдэл бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг гэрээнээсээ татгалзах үндэслэл болсон. А- болон Батбилэг нарыг нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б-тай хариуцагч А- нь бэлэглэлийн гэрээ байгуулаагүй. Тухайн бэлэглэлийн гэрээний дагуу А- бэлгийг хүлээж авсан, үр дагаврыг ойлгосон, мэдсэн, гарын үсэг зурсан, зөвшөөрсөн ямар нэгэн үйлдэл хийсэн талаар баримт байхгүй тул бэлэглэлийн гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй. Гэрлэлт цуцлуулах маргаан нь гэр бүлийн гадуурх харилцаанаас үүссэн үндэслэлээр цуцлагдаагүй. Нэхэмжлэгч тал шаардах эрхээ өөрсдөө тодорхойлох үүрэгтэй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагчВ-, А- нарт холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт 47,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчВ- зөвшөөрч, хариуцагч А- эс зөвшөөрч маргажээ.

 

3. ХариуцагчВ- нь 23,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх түүнийг зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч А-д холбогдох 23,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хуулийн хэм хэмжээтэй харьцуулахдаа агуулгын хувьд алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

4.1. Б-,В- нар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бэлэглэгч Б- нь бэлэг хүлээн авагчВ-т 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт хандив болгож 30,000,000 төгрөгийг бэлэглэхээр тохиролцсон,

мөн Б-гаасВ-т 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 7,300,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус ХУД-н 11-р хороо, 45-** тоот байрны урьдчилгаа гэх утгаар, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөгийг Бат-Амгалангаас машины мөнгө бэлэглэв гэх утгаар тус тус шилжүүлсэн,

хариуцагчВ-, А- нар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2 хүүхдийн эцэг, эх болцгоон хамтран амьдарч байхдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, дүнжингарав гудамж, 45 дугаар байр ** тоот хаягт байршилтай, 71.82 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдаж авсан,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01885 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00679 дүгээр магадлалаарВ- болон А- нарын гэрлэлтийг цуцалж, дээрх орон сууцыг А-, Ж-, З- нарын өмчлөлд үлдээж, орон сууцнаасВ-т ногдох хэсэг болох 18,603,561 төгрөгийг А-эс гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.2. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний зохицуулалтаар бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлдэг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б-, хариуцагчВ- нарын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгийг оролцуулж авсан хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваарилсан, хариуцагч нараас уг мөнгийг шаардах үндэслэл бий гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар бэлэглэлийн гэрээний харилцаа зөвхөн Б-,В- нарын хооронд үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь А-д мөнгөн хөрөнгө бэлэглэсэн үйл баримт тогтоогдоогүй. МөнВ- бэлэглэлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгөө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө рүү шилжүүлсэн нь нэхэмжлэгчид бэлэглэлийн гэрээний үр дагаврыгВ-ийн гэр бүлийн гишүүдээс шаардах эрхийг үүсгэхгүй.

Иймд Б-, А- нар нь бэлэглэлийн гэрээ байгуулаагүй учир А-эс 23,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Нэгэнт Б-, А- нар нь бэлэглэлийн гэрээ байгуулаагүй тул бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй, уг үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.3. Нэхэмжлэгч нь өөрийн шаардах эрхийн үндэслэлийг бэлэглэлийн гэрээний харилцаанд үндэслэн тодорхойлсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-эс бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт 23,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд А-ийг бэлэглэсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ