Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2022/01799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Усны гудамж, 2б байрны 8 тоотод оршин суух, Л овогт Л-гийн У /РД:УХ66071004/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдагийн гудамж, 22-201 тоотод байрлах Н л” ХХК /РД:5469287/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М,

Нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч П.А нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд өөрөө болон өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.У нь  Н л” ХХК-д холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Л.У миний бие 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч “Н л” ХХК-тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээг эрх шилжүүлэгч Л.У болон эрх хүлээн авагч “Н л” ХХК-ийг төлөөлөн тус компанийн захирал Б.Г нар харилцан байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

Энэхүү гэрээний үндсэн нөхцөл нь эрх шилжүүлэгч талын хувиар нэхэмжлэгч Л.У миний бие өөрийн эзэмшилд байсан газар эзэмших эрхийн 0006077558 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 186642311314987 дугаартай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 762мкв хэмжээ бүхий газрын газар эзэмших эрхийг эрх хүлээн авагч тал буюу “Н л” ХХК-д үнэ төлбөртэйгээр шилжүүлэн өгч, гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг хүлээн авах нөхцөлтэй гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж гэрээний зүйл болох газар эзэмших эрхээ хариуцагч “Н л” ХХК-д шилжүүлэн өгсөн бөгөөд тухайлбал газар эзэмших эрхийг “Н л” ХХК-д шилжүүлэн өгөхийг хүссэн хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргаж өгснөөр Нийслэлийн Засаг даргын захирамч гарч газар эзэмших эрхийн гэрчилгээ “Н л” ХХК-ийн нэр дээр гарсан. Гэтэл хариуцагч “Н л” ХХК гэрээгээр хүлээсэн эрх хүлээн авагчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй урьдчилгаа төлбөрийн 8,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийн 40,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдохгүй тодорхой хугацаа орсон бөгөөд учир нь шилжүүлж буй газрын залгаа газар эзэмшдэг “Д” СӨХ-өөс газрын маргаан үүсгэн удаа дараа Нийслэлийн Засаг даргад гомдол хүсэлт гаргасан байдаг. Гэвч Нийслэлийн Газрын алба нь кадастрын бүртгэл газрын хувийн хэргийг нягтлан шалгаж эцсийн дүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон явдал нь эрх шилжүүлэгч тал буюу нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Эрх хүлээн авагч “Н л” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөрөөс 115,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 29,000,000 төгрөгийн гурилыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөд хэрэв авсан гурилаа хямдруулж зарахаар төлөвлөж байгаа бол 7,500,000 төгрөгийг гурилын дүнд бодож 6,000,000 төгрөг нэмж өгье гэх саналыг тавьсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс гурилыг нь хүлээж авсан. Ингээд нийт эрх шилжүүлэгч талд төлсөн төлбөр нь 152.000.000 төгрөг болсон бөгөөд үүнээс өөр ямар нэгэн төлбөр төлөөгүй.

Өгсөн орон сууц, гурилын үнэ нь зах зээлийн гэх бодит үнэлгээнд нийцэхгүй бодитой бус үнэлгээ болж байсан ч нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохиролцсон нөхцөлөө хүлээн зөвшөөрч үнэлгээ дээр ямар нэгэн гомдол, санал гаргаагүй бөгөөд үлдэгдэл төлбөр 48,000,000 төгрөгөө төлж дуусгахыг л хариуцагч “Н Л" ХХК-иас шаардсаар ирсэн. Гэвч “Н Л’’ ХХК нь эрх шилжүүлэгчийн дээрх шаардлага, хүсэлтийг хүлээн авахгүй сүүлдээ ямар нэгэн тайлбар, хариу өгөхгүй, утсаа авахгүй, ажил дээрээ байхгүй алга болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 12 дугаар сард үлдэгдэл төлбөрөө шаардаж хариуцагч “Н ЛХХК-тай уулзсан бөгөөд тухайн үед хариуцагч “Н Л" ХХК-ийн захирал Б.Г нь “... Газрын зориулалтын өөрчлүүлэх гээд чадахгүй байна... гол нь “Дагина” СӨХ барилга барихыг зөвшөөрөхгүй байна... танай талаас “Дагина” СӨХ-той уулзаж ойлголцолд хүрээд өгөөч ...” гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай анх эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа газрын зориулалтыг өөрчлүүлэх талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс ч газрын зориулалтыг өөрчлөх талаар тодорхой санал гаргаагүй атлаа гэрээ байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээний эрх үүрэгтэй ямар ч хамааралгүй, газрын зориулалт өөрчлөх гэсэн шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзаж байгаад харамсаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий асуудлын талаар “Н ЛХХК-ийн хариуцагчаар татаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсгийг үндэслэж 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 8446 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдвал зохих “Н ЛХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулж хаяг байршлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийн дагуу иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2157 дугаартай шийдвэрээр “Н ЛХХК болон тус компанийн захирал Б.Г нарыг эрэн сурвалжлахаар тогтсон. Шүүхийн 2157 дугаартай шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс зохион байгуулж хариуцагч “Н ЛХХК болон тус компанийн захирал Б.Г нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Маргад” хотхон 7 тоотод оршиж байгаа талаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 87 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн тул хариуцагчийн хаягийг тус байдлаар тогтоож Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байсан болно. Цаашлаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 101/Ш32020/10745 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн боловч хариуцагч “Н Л" ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу “Хэрэг шилжүүлэх тухай“ 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32020/12620 дугаартай захирамжаар хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүх буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр явагдсан шүүх хуралдаанд хариуцагч “Н ЛХХК-ийн өмгөөлөгч П.А-гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсгийг үндэслэж гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч “Хүсэлт шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн 181/Ш32020/12229 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Учир нь хариуцагч “Н ЛХХК-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан хууль зөрчиж, газар эзэмших эрхийг давхцуулсан үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, давхцалыг арилгах арга хэмжээ авч шийдвэрлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш32020/0728 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдсон байдаг. Гэвч 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн 181/Ш32020/12229 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0586, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2021/0107 дугаартай шийдвэрүүдээр “Н ЛХХК-ийн гаргасан удаа дараагийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан хэлэлцэж тус бүртээ нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх үйл баримтаар Л.У миний нэхэмжлэлтэй гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэрэг маргааныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэл арилсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд талуудын дунд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Н ЛХХК-иас 48.000.000 гаргуулж нэхэмжлэгч Л.У олгуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Л.У-аас 2015 оны 06 дугаар саырн 30-ны өдрийн гэрээний үүрэг шаардаж, “Н л” ХХК-иас 48,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж, үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т заасан үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж, харин “Н л” ХХК нь газрын эрхээ шилжүүлэн авсан мөртлөө үлдэгдэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр татгалзаж байгаа бөгөөд үндэслэл тус бүрийн үйл баримтыг шүүх хуралдаанд болон бичгийн тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгт тусгагдсан.

Татгалзалын үндэслэлийн хувьд юуны өмнө худалдагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т заасан үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тодруулбал, эрхийн болон биет байдлын доголдолгүй, худалдан авсан зорилгоор ашиглах боломжтой газрын эрхийг худалдах үүрэгтэй байсан.

Уг газрыг маргаантай байсан нөхцөл байдлыг буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шийдвэр бүхий үйл явдал, маргаантай нөхцөл байдлыг мэдэгдээгүй, хэрэв ийм маргаантай, ашиглуулахгүй гэсэн нөхцөл байдал байгааг худалдан авагч тал мэдсэн бол худалдан авахгүй байсан.

Уг газар дээр барилга барихад ямар нэг асуудалгүй гэсэн тайлбар мэдээлэлд үндэслэн их хэмжээний өндөр үнээр тохирсон бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө газрын төлбөр, дуудлага худалдааны анхны үнэ зэргийг төлж чадаагүй асуудал л байгаа гээд холбогдох бүх төлбөрийг төлүүлсэн.

Газрын эрх нь маргаантай, мэргэжлийн байгууллагын шаардлага, иргэд болон СӨХ-ийн шаардлага гомдолтой байсан бөгөөд энэ талаарх гомдлыг 2018 онд хэлээд энэ асуудлаа шийдвэрлэх, маргаанаа арилгах, ашиглах боломжгүй юм байна гэсэн эрхийн доголдолтой байгааг мэдээд шаардаж байсан.

Манай ажлын хаягыг мэдэх, өөрийн байнгын ажлын байртай, өдөр тутам ажил үүргээ гүйцэтгээд байдаг бодит нөхцөл байхад Б.Г нь утсаа авахгүй, ажил дээрээ байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй гэх мэт агуулгаар эрэн сурвалжлуулсан байдаг. Энэ нь биечлэн ажил дээр ирж уулзан 48,000,000 төгрөг шаардах бодит боломжгүйг харуулдаг.

Газрын эрхийн бичиг баримтыг Газрын албаны энэ газрын асуудлыг хариуцсан ажилтан нь өгөхгүй, устгасан, нуусан гэх мэт байдлаар цагдаагийн байгууллагаар шалгуулсны эцэст 2021 оны 8 дугаар сард газрын эрхийн бичиг баримтыг эх хувиар нь хүлээн авсан.

2021 оны 12 сард гэрчилгээний эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан боловч газрыг ашиглах боломжгүй, холбогдох хууль зөрчигдөж байгаа үндэслэлээр барилга барих боломжгүй гээд гэрчилгээний хугацаа дууссаныг сунгахаас татгалзсан.

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Э-2202004021 дугаартай гэрчилгээ болон 01125-2020/02204 дугаартай гэрээний хугацаа дууссан, хууль ёсны газрын эрх хүчингүй байдалд байгаа.

Холбогдох хууль зөрчиж байгаа гэсэн өнөөдөр маргаантай байгаа нөхцөл байдал нь биет байдлын доголдолтой гэх нөхцөл байдалтай байгаа. Захиргааны хэргийн шүүхэд биет байдлын доголдолтой байгаа эсэх нь хянагдаж байгаа. Нийслэлийн Засаг даргын уг газрыг ашиглуулах боломжгүй, шугам сүлжээний давхцалтай гэсэн үндэслэлээр газрын эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан нөхцөл байдлыг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргасан.

Ийнхүү захиргааны хэрэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах шаардлага гаргасан этгээдийн хувьд энэхүү захиргааны хэрэг шийдвэрлэгдсэний дараа газрыг худалдах гэрээ нь хууль бус байсан эсэх талаар нэхэмжлэлээ гаргах, боломжгүй газрыг худалдсанаас үүссэн хохирлын асуудлаар нэхэмжлэл шаардлага гаргах болж байгаа.

2017 онд хийгдсэн “Талууд зөвшилцлийг баталгаажуулах тухай” Л.У-ын гарын үсэг эх хувиар баримтад “талууд үүргээ биелүүлсэн” нөхцөл байдлыг, төлбөрт төлөгдөх хөрөнгө өөрчлөгдөж солигдсон байдлыг, Л.У өөрөө гараар бичиж гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Л.С хөндлөнгийн гэрч гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад холбогдох мэдүүлэг өгүүлсэн боловч Л.С-гийн хувьд энэхүү гэрээ болон нэхэмжлэлийн шаардлагын хувьд ашиг сонирхол бүхий этгээд гэж үзэхээр байгаа бөгөөд бодит байдлаар зөрүүтэй тайлбар гаргадаг. Мөн хариуцагчийн дээрх тайлбар буюу худалдан авсан газрыг авсан зорилгоороо барилга барих боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа байдалд тайлбарт холбогдуулан Газрын эрхийг шилжүүлсэн “Н л” ХХК нь өөрөө газрын төлбөрөө төлөхгүй, зориулалтын дагуу ашиглахгүй удсан, өөрөө үүргээ биелүүлээгүйгээс газрын эрхээ алдсан гэж, барилга барих боломжгүй болох, газрыг ашиглаж чадахгүй байх нь манайд хамаагүй гэж, Л. С нь энэ газрыг би бүх юмыг нь мэдэж худалдсан, ямар ч асуудалгүй гэдэгт бүрэн итгээд шилжүүлсэн гэж, мөн Л.У-ын гарын үсэгтэй гар бичмэл тохиролцоо хийгдэж байсан, шүүхэд гаргасан шаардаж байгаа үнийн дүнг би тооцож гаргасан, яг яаж бодсоноо задалж тайлбарлахаа санахгүй байна” гэх мэт тайлбараар үгүйсгэдэг.

Иймд дээрх тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй тул “Н лХХК-иас 48,000,000 гаргуулахаар шаардаж байгаа нь шударга бус, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т заасантай нийцэхгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2016.06.30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016.07.01-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ, Газар эзэмших эрхийн гэрчилгээ №000607755, 2016.07.01-ний өдрийн Нийслэлийн Өмийн харилцааны Газрын албанд гаргасан өргөдөл, Үйлчилгээний бүртгэлийн хуудас, 2016.11.09-ний өдрийн Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Кадастрын зураг, 2017.01.18-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмших эрхийн гэрчилгээ №000318445, “Н л” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Сүхбаатар дүүргийн 10-р хорооны тодорхойлолт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.05-ны өдрийн 128/ШШ2021/0107 дугаар шийдвэр, 2020.05.21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбар, 2016.02.23-ны өдрийн Төлбөрийн гэрээ,

 

Хариуцагчаас Хот байгуулалт, хөгжлийн газрын 03/2130 тоот албан бичиг, Төв түгээх төвийн 156 тоот албан бичиг, 2016.08.10, 2016.08.05, 2016.07.26-ны өдрийн Зарлагын баримт, Б.Г-ын 404010715 тоот дансны хуулга, 2021.12.03-ны өдрийн 21/012 тоот албан бичиг, 2015.06.25-ны өдрийн “Т” ХХК-ийн 03 тоот албан бичгийг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.С-г, хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.М-г асууж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2022.09.23-ны өдрийн 181/ШШ2020/12229 дүгээр шүүгчийн захирамжтай хэргийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагчаас 48,000,000 төгрөг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь биет байдлын болон эрхийн доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй газар худалдсан. Үүнийг мэдсэн бол худалдан авахгүй байсан, үнийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 762м2 талбайтай, нэгж талбарын 18642311314987  дугаар бүхий Спорт сургалтын төвийн зориулалттай газрын эзэмших эрхийг 200,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр харилцан тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/26 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар газар эзэмших эрх хариуцагч “Н л” ХХК-д шилжиж, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Газрын алба, газар эзэмшигч “Н л” ХХК нарын хооронд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ 5 жилийн хугацаатайгаар хариуцагч “Н л” ХХК-д олгогджээ.

 

5. Зохигчдын хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрх шилжсэн, хариуцагчаас 48,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй, харин шилжүүлсэн газар биет байдлын болон эрхийн доголдолтой эсэх, нэхэмжлэгч энэ талаарх үнэ зөв, бүрэн мэдээллийг өгөх үүргээ биелүүлсэн эсэх талаар талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

6. Гэрээний агуулгыг тодорхойлж үзвэл нэг талаас гэрээнд заасан газар эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэн авагч тал үнэ төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох “хөрөнгө” гэдэгт Иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар “эрх” багтах бөгөөд эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаарх хуулийн заалтууд нэгэн адил хамаарна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “ Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Л.У нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 762м2 талбай бүхий Спорт сургалтын төвийн зориулалттай газрын эзэмших эрхийг эрх хүлээн авагчид шилжүүлэх, хариуцагч “Н л” ХХК-иас эрх шилжүүлэгчид 200,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээж, 115,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцож орон сууц, 45,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцож гурил шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж гарснаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон,

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээний 3.1-д “газар эзэмших эрхийг эрх шилжүүлэгч тал эрх шилжүүлэн авагч талд өөрийн хүсэлтээр, харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж байгаа болно”, 3.3-т “Эрх шилжүүлэгч нь хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмшиж байсан болно”, 3.4-д “Газар эзэмших эрхийг шилжүүлэн авагч нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх, эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ”, 3.5-д “Эрх шилжүүлэн авагч нь газрын эзэмших эрхийн талаар болон газрын төлбөр төлсөн эсэх талаарх мэдээллийг эрх бүхий этгээдээс урьдчилан авсан байх үүрэгтэй”, 3.6-д “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно” гэжээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/26 дугаар захирамжаар газар эзэмших эрх хариуцагч “Н л” ХХК-д шилжиж, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хариуцагч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.

 

Иймд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч гэрээний үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

 

7. Хариуцагчаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр газрын эрх цуцлагдсан, газар “Дагина” сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын газартай урд хэсгээр давхацсан, ашиглах боломжгүй газар шилжүүлсэн гэж марган, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 03/2130 тоот албан бичиг, “ОСНААУГ” Төв түгээх төвийн 2022 оны 156 тоот албан бичиг, “Торчлайт” ХХК-ийн 2015 оны 03 тоот албан бичгээр татгалзлаа үндэслэсэн бөгөөд эд хөрөнгө биет байдлын болон эрхийн доголдолтой гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

7.1 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02-03/2080 тоот “... Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар Л.У-д 762м2 газрын эрх шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ эзэмшил газрын эргэлтийн цэгийг үндэслэлгүйгээр хойд тийш шилжүүлсэн нь “Дагина” сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын газартай урд хэсгээр давхардсан байна. Иймд дээрх зөрчлөө арилгаж ... арга хэмжээ авч манай байгууллагад мэдэгдэнэ үү” гэсэн албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж, энэхүү албан бичиг нь захиргааны шийдвэр биш талаар хариуцагч “Ньюстандарт ложистикс” ХХК-д 2019 оны 02-01/4682 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

 

Хариуцагчаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Газрын тухай хууль тогтоомж зөрчиж, газар эзэмших эрхийг давхцуулсан үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, давхцлыг арилгах арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, давхцлыг арилгах арга хэмжээ авч шийдвэрлэхийг даалгахыг хүссэн” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2021/0107 дугаар шийдвэрээр маргаан бүхий газар нь бусдын газартай давхцалгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээний 3.4-д “Газар эзэмших эрхийг шилжүүлэн авагч нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх, эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ”, 3.5-д “Эрх шилжүүлэн авагч нь газрын эзэмших эрхийн талаар болон газрын төлбөр төлсөн эсэх талаарх мэдээллийг эрх бүхий этгээдээс урьдчилан авсан байх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа холбогдох мэдээллийг эрх бүхий этгээдээс авах боломжтой, мөн гэрч Г.Мөнхнасангийн “... СӨХ-ны маргаан байдаг талаар хэлж байсан,  түүнээс өөр ямар ч асуудалгүй гэж ойлгосон” гэх мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч тухайн газартай холбогдох мэдээллийг бүрэн өгсөн гэж үзэхээр байна.

 

7.2 Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 03/2130 тоот албан бичигт дурдсан 1500600586 дугаартай нэгж талбар бүхий газар болон “ОСНААУГ” Төв түгээх төвийн 2022 оны 156 тоот албан бичиг нь нэхэмжлэлийн шаардлагатай буюу маргаан бүхий газартай хамааралгүй байна.

 

7.3 “Т” ХХК-ийн 2015 оны 03 тоот албан бичигт “Л.У-аас шилжүүлэн авч байгаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 2/0097 нэгж талбарын дугаар бүхий 0319867 тоот гэрчилгээтэй 762 м2 газрын эзэмших эрхийг үйлчилгээний орон сууцны зориулалттай болгон өөрчилж өгнө үү, энэхүү газар нь одоогийн байгаа спорт сургалтын төвийн зориулалтаар ашиглах боломжгүй нь судалгаагаар тогтоогдсон юм” гэсэн байх боловч энэхүү бичиг маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэл болж чадахгүй.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар маргаан бүхий газар нь биет байдлын болон эрхийн зөрчилтэй болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н л” ХХК-иас 48,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.У-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 397,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ