Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01881

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01881

 

Л.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01799 дугаар шийдвэртэй,

 

Л.У-ын нэхэмжлэлтэй

“НЛ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 48,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч П.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Л.У- нь “НЛ” ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний үндсэн нөхцөл нь Л.У- нэгж талбарын ***** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 762 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг "НЛ" ХХК-д шилжүүлэх, төлбөрийг хүлээн авахаар тохиролцсон.

1.2. Л.У- гэрээний үүргээ биелүүлж гэрээний зүйл болох газар эзэмших эрхийг "НЛ" ХХК-д шилжүүлэн өгсөн, Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ "НЛ" ХХК-ийн нэр дээр гарсан.

1.3. Гэтэл “НЛ” ХХК гэрээгээр хүлээсэн эрх хүлээн авагчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 200,000,000 төгрөг төлөхөөс 48,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Л.С- өөрийн компанийн газар гэж анх худалдах санал гаргаж, 2014, 2015 онуудын төлбөр, алдангийг төлж чадахгүй байгаа нөхцөл байдлаас өөр асуудал байхгүй гэж ойлгуулж, “Т” ХХК-ийн газар худалдах гэрээ байгуулж байсан боловч сүүлдээ Л.У-ын газар болж таарсан. Газар эзэмших боломжгүй байдлыг мэдээд, ямар учиртай болохыг тодруулж, Л.У-д төлбөрийг төлчхөөд хохироод, газар асуудалтай байна, буцаая, мөнгөө авъя гэж уулзаж байсан.

2.2. Уг газрыг 2017 онд 200,000,000 төгрөгөөр худалдаж авсан, холбогдох бүх төлбөрийг бүгдийг төлүүлсэн, өнгөрсөн хугацааны газрын төлбөрийг төлсөн, төлбөрийн үүрэггүй байтал өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглах боломжгүй газар гээд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас газрыг эзэмшүүлээгүй, ашиглах боломжгүй байдалтай байна.

2.3. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ашиглах боломжгүй газар, СӨХ-ны газартай давхацсан, газрын эх хувь бичиг баримтыг хурааж аваад буцааж өгөхгүй, Чингэлтэй дүүргийн цагдаад болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эзэмшүүлэхээс татгалзаж байгааг дүгнүүлж шийдвэрлүүлсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Д” СӨХ нь эзэмших эрхийг хууль ёсны дагуу баталгаажуулсан гэж үзэх боломжгүй байгааг мэргэжлийн байгууллагын дүгнэлт баримтад үндэслэн дүгнэснээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын эрхийн гэрчилгээг 2021 оны 8 дугаар сард бичиж өгсөн боловч эзэмших эрхийн хугацаа 2021 оны 12 дугаар сард дууссан.

2.4. Газрын эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2021 оны 12 дугаар сард Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-08/2176 тоот албан бичгээр 761 м.кв газрын хэмжээг бүхэлд нь эзэмших боломжгүй, хэмжээг багасгах шаардлагатай гэж шийдвэрлэсэн байна.

2.5. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, уг газар дээр спорт сургалтын төв барих зориулалт төлөвлөгөөтэй худалдан авсан боловч зорилго хэрэгжих боломжгүй байдалтай байна.

Л.У-, Л.С- нар нь уг газрыг эзэмших боломжгүй бодит нөхцөл байдал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрхийг хүчингүй болгох 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02-03/2080 тоот шийдвэр зэргийг мэдэж, энэ нөхцөл байдлуудыг мэдээлэлгүйгээр газрыг худалдсан байдаг.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "НЛ" ХХК-аас 48,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.У-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 397,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх нэхэмжлэгчийн нотолвол зохих нөхцөл байдалд дүгнэлт хийж, маргааны үйл баримтын хүрээг тодорхойлохдоо нэг талыг барьж, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж, Иргэний хуулийн 243, 248, 260 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хуулийн 206, 251, 252, 255 дугаар зүйлд заасан гэрээний үүргийн зарчим, доголдлын талаарх холбогдох хуулийг хэрэглээгүй, хуульд заасан нөхцөл байдалд болон баримтад дүгнэлт хийгээгүй. Мөн хариуцагчаас шүүхэд гаргасан бичгийн тайлбар болон хэрэгт өгсөн бичгийн баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан.

4.2. Маргааны үйл баримтад шууд хамааралтай, ашиглах боломжгүй газрын эрхийг худалдсан, их хэмжээний мөнгө төлж барилга барих зорилго нь хэрэгжих боломжгүй доголдолтой нөхцөл байдлыг шүүх хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн. 2017 онд газрын эрхийг барилга барих боломжтой гэж гэрчээр оролцсон Л.С-гээс нөхцөл байдлыг, зөрчилтэй, маргаантай байдлыг нууж газрын эрхийг зөвхөн шилжүүлэх захирамж гаргуулж, гэрчилгээ гаргуулснаас хойш газрыг ашиглах эзэмших боломжгүй үндэслэлээр гэрчилгээ, гэрээг өгөхгүй өдий хүрсэн.

4.3. Худалдсан газрыг ашиглах, эзэмших боломжгүй, доголдолтой эсэх нь шүүхэд хянагдаж байгаа. Энэ үндэслэлээр хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар иргэний хэргийн нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах зайлшгүй нотлох үйл баримт нь захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа нөхцөл байдал бөгөөд захиргааны хэргийн шийдэл нь иргэний хэрэгт шууд нөлөөлөх учир хэргийг түдгэлзүүлж, маргааныг нэг мөр шүүхээр дүгнүүлэх боломжийг хүссэн боловч шүүх хүлээж аваагүй. Ийнхүү дээрх захиргааны хэрэгт уг газар ашиглах, эзэмших, барилга барих боломжгүй газар мөн эсэхийг шалган тогтоох нь иргэний хэрэгт хамааралгүй, нөлөөлөхгүй гэж шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэлд урьдчилан тогтоосон байдлаар дүгнэлт хийсэн.

4.4. Хариуцагчаас худалдагдсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан сөрөг шаардлага гаргаж байсан. Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0107 шийдвэрээр гуравдагч этгээд "Д" СӨХ-ны гэрчилгээний хугацаа дууссан, газрыг ашиглах хүсэлтээ гаргасан боловч кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй, хуулийн дагуу баталгаажуулаагүй байгаа учир тус СӨХ-ны газрын эрхийг хууль ёсны гэж үзэх боломжгүй учир давхцалтай гэж шүүх дүгнэхгүй гэсэн агуулгаар дүгнэсэн.

4.5. Хариуцагчийн хувьд газрын асуудлаар цагдаагийн байгууллага, шүүхэд хандаж шийдүүлсээр ирсэн боловч одоо энэ газрын эрх сунгагдахгүй бүр цуцлагдаж байна.

4.6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн 2008 оны зөвлөмжид зааснаар нотлох баримтыг бодитойгоор, тал бүрээс нь бүрэн харьцуулан, эргэлзээгүйгээр дүгнүүлж, маргааны үйл баримтын хүрээг бүхэлд нь буюу худалдагдсан эрх нь доголдолтой эсэхийг захиргааны хэргийн шүүх дүгнэж шийдвэрлэсний дараа хэргийг нэг мөр шүүхээр дүгнүүлэх, шийдвэрлүүлэх боломжийг олгож, хэрэгт авагдсан үнэлэгдээгүй баримтуудыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн талаар шүүгчийн захирамжийг үндэслэн хариуцагч тал тухайн хэрэг маргааныг өмнө нь шийдвэрлэгдэж байсан гэх үндэслэлээр хүсэлт хэлэлцүүлсэн. Шүүхээс тухайн захиргааны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнтэй холбогдуулан гаргасан тайлбарыг иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай харьцуулан дүгнэхэд тухайн маргаантай хамааралгүй асуудлаар иргэний хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч хүсэлтийг авч хэлэлцэхгүйгээр шууд иргэний хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарласан.

5.2. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор үлдэгдэл төлбөр шаардсан иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм.

5.3. Нэхэмжлэгч талаас авсан 152,000,000 төгрөгийг үгүйсгээгүй учраас тооцоололд алдаа гараагүй.

5.4. Газрын гэрчилгээ алга болсон талаарх үйл явдал нь энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Л.У- нь хариуцагч “НЛ” ХХК-д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан, эрх шилжүүлэгч Л.У- нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18642311314987 дугаартай, 762 м.кв талбайтай, Спорт сургалтын төвийн зориулалттай газар эзэмших эрхийг эрх хүлээн авагч ““НЛ” ХХК-д шилжүүлэх, эрх хүлээн авагч нь 200,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт тус тус заасан эрх худалдах, худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлжээ.  

 

4. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/26 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн газрын алба нь “НЛ” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар “НЛ” ХХК-д олгосон нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. Иймд “НЛ” ХХК-ийг гэрээний зүйлийг хүлээж авсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

“НЛ” ХХК гэрээнд заасан үнэ болох 200,000,000 төгрөгөөс 48,000,000 төгрөг төлөөгүй байх тул Л.У- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийн уг үлдэгдлийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

5. Газар эзэмших эрхийн доголдолтой холбогдуулж худалдан авагч болох “НЛ” ХХК нь хуульд заасан журмаар худалдагч тал болох Л.У-д холбогдуулж шаардлага гаргаагүй байна.

 

5.1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02-03/2080 тоот албан бичиг нь үр дагавар үүсгээгүй, захиргааны шийдвэр биш гэх агуулгаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2021/0107 дугаар шийдвэрээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох хууль зөрчиж, газар эзэмших эрхийг давхцуулсан үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, давхцалыг арилгах арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, давхцалыг арилгах арга хэмжээ авч шийдвэрлэхийг даалгуулах тухай “НЛ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Энэ шийдвэрээр “НЛ” ХХК-ийн эзэмшлийн газар нь “Д” СӨХ-ны эзэмшлийн газартай давхцаагүй, төрийн захиргааны байгууллагаас хариуцагчийн газар эзэмших эрхийг хязгаарлаагүй байна гэсэн үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

5.2. “Т” ХХК нь Нийслэлийн газрын албанд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан албан бичигт 762 м.кв талбай бүхий газрыг спорт сургалтын төвийн зориулалтаар ашиглах боломжгүй байгаа тул үйлчилгээтэй орон сууцны зориулалт болгон өөрчлүүлэхээр хүсэлт гаргаж байсныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл доголдолтой гэж дүгнэхгүй гэсэн анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5.3. “НЛ” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулж газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4528 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл “НЛ” ХХК нь Л.У-тай байгуулсан газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна гэж дүгнэхээргүй байна. Иймд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дээр дурдсан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх байсан гэх хариуцагч талын тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

6. Нийслэлийн газрын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “НЛ” ХХК-д 5 жилийн хугацаатай олгосон газар эзэмших эрх 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон, уг эрхийн хугацаа сунгагдаагүй тохиолдолд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/2130, “ОСНААУГ” Төв түгээх төвийн 2022 оны 156 тоот албан бичигт дурдсан үйл баримтууд ач холбогдолгүй байхаас гадна нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хамааралгүй гэсэн нь газрын нэгж талбар таарахгүй байгаатай холбоотой байна. Иймд холбогдох нотлох баримтуудыг зөв дүгнээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

7. Хариуцагч "НЛ" ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.У-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01799 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “НЛ” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА