Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1162

 

          

О.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00804 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч О.О-ийн нэхэмжлэлтэй, СБД-ийн ИТХ-д холбогдох

 

СБД-ийн ИТХ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, О.О-ийг урьд эрхэлж байсан СБД-ийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.О-, түүний өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч О.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  О.О- нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс СБД-ийн ИТХ-ын ажлын албаны 19 дүгээр хорооны Иргэний танхимын зохион байгуулагчаар ажилд ороод Хөдөлмөрийн гэрээ байгуулан төрийн үйлчилгээний албанд 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/00 дугаар захирамжаар ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа цаг ашиглалтыг нарийн чанд баримталж ажилладаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн СБД-ийн ИТХ-ын даргын Б/00 дугаар захирамжаар ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийн хоцрогдолтой, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан хэмээн ажлаас үндэслэлгүй хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна. Иймээс О.О- намайг урьд эрхэлж байсан СБД-ийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн 19 дүгээр хорооны ирэгний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны санаачлагаар нэхэмжлэгч О.О-ийг эрх зүйн дагуу ажлаас халахдаа албан бичгээр ирсэн СБД-ийн 19-р хорооны засаг даргын албан бичгийг үндэслэн захиргааны урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахдаа захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох, бодит байдлыг тогтоох үйл ажиллагааг хийх явцад нэхэмжлэгч О.О- нь мэдэгдэх, сонсох зарчим явагдсанаас хойш ямар нэгэн гомдол, хариу тайлбар өгөөгүй болно. Харин засаг даргын тамгын газрын IT-ийн инженерээс О.О-ийн ажлын цагийн бүртгэл мэдээг шалгах явцад хуруу уншигч машинд огт хийгээгүй болон уншуулсан тохиолдолд 2018 оны явцад хоцрогдол нь гарч ирсэн. Мөн төрийн албаны хуулийн дагуу туслах улс төрийн албан хаагчийг дараагийн дарга буюу Э.Г нь цаашид ажиллах улс төрийн туслах ажилтнаа шийдвэрлэх боломжтой. Захирамжийг мэдэгдэх, сонсгох зарчим явагдсанаас хойш хуулийн хугацаанд гаргасан болно гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч О.О-ийг СБД-ийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар тай тэнцэх олговорт 2.609.280 төгрөгийн  хариуцагч СБД-ийн ИТХ-аас гаргуулж, нэхэмжлэгч О.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч СБД-ийн ИТХ-д даалгаж, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар СБД-ийн ИТХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 56.698 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүйгээр иргэн 0.О-ийг ажлаас халсан гэж үзсэн нь тухайн хуулийн заалтыг баримтлаагүй, шүүх хуралдаанд гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж үзэлгүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан байна гэж үзэж гомдол гаргасан болно. Мөн тухайн маргаанд нотлох баримт гаргасан боловч хуулийн тодорхой бус заалтуудыг удирдлага болгосон нь тухайн шийдвэрт илт харагдаж байна. Нэхэмжлэгч нь удаа дараа ажлын байраа орхин үүргээ гүйцэтгээгүй байхад хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Цагийн бүртгэл болон бусад нотлох баримтыг үнэлж үзэлгүйгээр шийдвэр гаргасан тул гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч О.О-  нь хариуцагч СБД-ийн ИТХ-д холбогдуулан СБД-ийн ИТХ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, О.О-ийг урьд эрхэлж байсан СБД-ийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн СБД-ийн ИТХ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/82 тоот захирамжаар СБД-ийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн 19 дүгээр хорооны хариуцсан иргэний танхимын зохион байгуулагч О.О-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийн хоцрогдолтой, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталжээ. /хх-ийн 10/

 

Нэхэмжлэгч О.О- нь СБД-ийн ИТХ-ын Ажлын албатай 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”  нэртэй гэрээ байгуулсан байх боловч хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон  гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т заасан байнгын ажлын байранд  хөдөлмөрийн эрх зүйн  харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Дээрх гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсан ба гэрээг цаашид сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй, ажилтан ажлаа гүйцэтгэж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг сунгагдсанд тооцох үндэслэлтэй, энэ талаар талууд мөн маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.О-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй байх тул тушаал хууль бус гэж үзнэ.

 

Тушаалд “ хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажлын цагийн хоцрогдолтой, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан” гэж заасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан"  гэснээс үзэхэд  ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “О.О- нь ажил тасалсан, ажлаас байнга хоцордог” гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг ажлаас чөлөөлөхөөс өмнө  О.О-ийн гаргасан гэх зөрчлийг хэрхэн тогтоосон, ажил тасалсан, ажлаас байнга хоцордог гэх зөрчлийн баримтыг ажилтанд танилцуулсан, тайлбар гаргах боломжоор хангасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна ажилтны гаргасан гэх зөрчил нь хэзээ гаргасан, хэдий хугацаанд үргэлжилсэн, СБД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хөдөлмөрийн дотоод журмын 3.11.4-т зааснаар ажлын гурваас дээш өдөр ажил тасалсан зөрчил гаргасан болох нь бүрэн тогтоогдоогүй байна.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх О.О-ийн ажлын цагийн бүртгэлд үзлэг хийсэн байх бөгөөд уг үзлэгийн тэмдэглэлээр ажлаас хоцорсон гэх зөрчлийг шүүхээс нөхөн тогтоохгүй юм.

 Иймд анхан шатны шүүхээс “...хариуцагч нь ажилтныг дүүрэгт шууд дуудан ажиллуулдаг, цагийн бүртгэлийн машин ажиллаагүй тохиолдолд гар бүртгэл ашигладаг байсан гэх тайлбарыг няцаагаагүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3-т зааснаар ажил тасалсан 1 минут тутамд 50 төгрөг суутгаагүй цалинг бүтэн олгож байсан...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн О.О- нь “өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан” гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Ажилтан О.О-д удирдлагаас ямар үүрэг даалгавар өгсөн, түүнийг нь хэрхэн биелүүлээгүй болохыг нотолсон өөр баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ш.Батдоржийн гаргасан О.О-ийн ажил байдлын тухай тайлбарт дурдсан үйл баримтыг нотолсон өөр баримт байхгүй, уг тайлбарыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй,  тайлбартай холбогдуулан зөрчлийг хэлэлцсэн гэх нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй  байна.

 

Иймд О.О-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00804 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ