Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01300

 

Ф Х  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00511 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 921 дүгээр магадлалтай,

Ф Х  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж.Ж, Л.Д  нарт холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 96.022.107 төгрөг, зардал 13.000 төгрөг, нийт 96.035.107 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч Х, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ф Х  ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн Ж.Ж, Л.Д  нар нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11/05 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 60.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд Ж.Ж, Л.Д  нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 1А байрны 48 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203000164 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан ба хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа байнга зөрчиж, зээл хүүний төлбөрөө хугацаа хэтрүүлсэн. Иймд Ж.Ж, Л.Д  нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөг, зээлийн хүү 30.112.189 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.909.918 төгрөг, нотариатын зардалд төлсөн 13.000 төгрөг, нийт 96.035.107 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ий шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 60.000.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж 36.022.107 төгрөг нэхэмжилж байгаа нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэж байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 75 хувиар багасгаж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00511 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан Ж.Ж, Л.Д  нараас 96.035.107 төгрөгийг гаргуулж Ф Х  ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ж.Ж, Л.Д  нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000164 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 1А байр, 48 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708.330 төгрөгөөс 708.326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 4 төгрөгийг, хариуцагч нараас 708.326 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 921 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00511 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 638.850 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагчийн өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаан хойшлогдож, хууль зүйн туслалцаа авах боломжоор нь хангасан гэх боловч яг үндсэн шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмаар анхан шатны шүүх хангаагүй. Уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал ч мөн хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Монгол улсын үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй оролцох үндсэн зарчмуудыг алдагдуулж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хуулиа зөрчсөн шийдвэр болсон. Бид хэдийгээр “Ф Х  ББСБ”-аас зээл авч, гэрээний үүргээ бүрэн биөлүүлээгүй ч, хэт өндөр хүүг төлөх, хүүгийн хэмжээг багасгуулах хуулийн гарц, гаргалгааг олохын тулд өмгөөлөгч авч, эрхээ хамгаалуулахыг хүссэн. Өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй учраас аргагүй байдалд орж, үнэн учраа хэлэхэд шүүх түүнийг хүлээж авалгүй, эрх зүйн туслалцаа авах эрхээр маань хангахгүй байгаа нь хуулиас давсан шийдвэр гарч, шүүхийн шийдвэр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцлийг хангаж чадсангүй.

Хуульд заасан эрхийн дагуу хэрэг маргаанд хариуцагчийн хуваарь оролцож байгаагийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч шүүгч мөн хуулийн 92 дугаар зүлийн 92.4-т заасныг зөрчиж, шүүгч сандал дээрээ сууж байгаад зөвлөлдөхгүйгээр татгалзлыг хүлээн авах боломжгүй, татгалзах үндэслэлгүй гэж үзлээ гэж суурин дээрээ шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүлийн 92.6-д заасныг илтэд зөрчиж, хэргийг хэлэлцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хууль бус хурлыг хийсэн гэж үзэж байна. Гэтэл дээрх процессийн зөрчлийг давж заалдах шатны шүүх иргэн харалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүлийн 92.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж байгаа нь өөрөө мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж эрхээ хамгаалуулах хүсэлтэй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим зэргийг баримтлалгүй, хэт нэг талыг барьж хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчим, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангалгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгч дээрх байдлаар хууль зөрчиж шийдвэр гаргасан бөгөөд гаргасан шийдвэрт ч үндэслэлгүй дүгнэлтүүдийг өгч хэргийг шийдвэрлэсэн, үүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна. Шийдвэр, магадлалд Ф Х  ББСБ болон иргэн Ж.Ж, Л.Д  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хуульд нийцсэн, хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 24.637.400 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй гэж тайлбарладаг. Гэтэл хариуцагч нарын төлсөн төлбөрийг үндсэн зээл, зээлиин хүүгээс хасч тооцоогүй байхад түүнийг үнэлж, дүгнэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зээлийн гэрээг байгуулсан тохиолдолд зөвхөн зээлийн гэрээний хугацаанд хүү тооцон төлдөг хууль, шүүхийн практик байсаар байтал, тогтоосон хугацаанаас өөр хугацаанд хүү тооцож, нэмэгдүулсэн хүү бодоод байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т нийцэхгүй, шүүх хариуцагчийн эрх ашгийг зөрчиж шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж, эрх зүйн туслалцаа авч, шударга шүүхээр шүүлгэх, мэтгэлцэх боломжоор хангаж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

Ф Х  ББСБ ХХК нь Ж.Ж, Л.Д  нараас зээлийн гэрээний үүрэгт 96.022.107 төгрөг, зардал 13.000 төгрөг, нийт 96.035.107 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ф Х  ББСБ ХХК, хариуцагч Ж.Ж, Л.Д  нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 60.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд сарын 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1а байрны 48 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулсан байна.

Зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр ба хариуцагч нар зээлийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ зөрчсөн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралт 1-т хүүг сар бүр төлөх, зээлээс төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч нарын гүйцэтгэсэн үүргийг зээлийн хүүгээс суутгасан нь гэрээний тохиролцоонд үндэслэгджээ. Иймд  энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хугацаанд явагдсан, хариуцагч нар нь энэ хугацаанд мэтгэлцэх бүрэн боломжтой байсан бөгөөд “өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй, татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдолд давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийсэн нь хуульд нийцжээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00511 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 921 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 638.100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ