Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00077

 

 

 

 

 

 

                                2022       12          26

                   101/ШШ2023/00077

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Э. Д /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ц. Б /рд:/-д холбогдох,

Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын дүгээр байрны тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,,дугаарт бүртгэгдсэн, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, СӨХ-ны төлбөрт 408,000 төгрөг, орон сууцны ашиглалтын төлбөрт 88,295.30 төгрөг, цахилгааны төлбөрт 64,400 төгрөг, 2022 оны 2, 9, 10, 11 дүгээр саруудын төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 2,560,695.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.У, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч М.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн дүгээр хороо, 4 дүгээр байр, тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай. Байр чөлөөлүүлэхтэй холбоотой дараах ашиглалтын явцад үүсэн төлбөрүүдийг нэмж нэхэмжилж байна.

Үүнд

1.         Байрны ашиглалтын төлбөр сууц өмчлөгчдийн холбооны зардал /2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын дуусах хүртэл 408.000 /дөрвөн зуун найман мянган/ төгрөг,

2.         Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа, Хэрэглэгчдэд үйлчлэх 1 төвийн тодорхойлолтын дагуу 88,295.30 /наян найман мянга, хоёр зуун ерэн таван төгрөг гучин мөнгө/,

3.         “УБЦТС” ТӨХК 2022 оны 11 дүгээр сарын 07 ний өдрийн 64.400 /жаран дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийн цахилгааны төлбөр төлсөн баримтаар,

4.         2022 оны 02, 09,10,11 дүгээр саруудын байрны түрээсийн төлбөр болох 2.000.000 /хоёр сая төгрөг /,

5.         Нэхэмжлэлийн нийт үнэ:

2.560.695.30 /хоёр сая таван зуун жаран мянга зургаан зуун ерэн таван төгрөг, гучин мөнгө / гаргуулах тухай.

2017 оны 04 дүгээр сараас эхлэн Цогтбаатар овогтой Б БЗД ийн 19 дүгээр хороо , ,, тоотод байрлах 28 метр квадрат 2 өрөө орон сууцыг, нэг сарын түрээсийн төлбөр 500.000 /таван зуун мянган төгрөг/ өөр, өмчлөгч Э.Дийн төрсөн эгч Э.Бын нөхөр болох Д.М нь түрээслэгч Ц.Бтэй анх түрээслэх тухай тохирч, хадам аав Этай түрээслэгч Ц.Бийг уулзуулсан. 2017 онд Эыг эмнэлэгт хэвтсэн байх үед түрээслэгч Ц.Б нь Дийн аав Этай очиж уулзсанаар тус байрыг гэр бүлийн хамт түрээслэхээр тохирсон. Орон сууцны түлхүүрийг Эаас авснаар түрээсийн харилцаа үүссэн. Дээрх хугацаанд орон сууцны түрээсийн төлбөрийг сар бүр тогтмол өгч байсан тул ямар нэгэн байдлаар хэл ам үүсдэггүй байсан. Түрээслэгч Ц.Бийн ХААН БАНК №,, тоот данснаас сар бүрийн орон сууцны түрээсийн төлбөр 500.000 төгрөгийн төлбөрийг, Дийн аав Эын "ХААН БАНК”-ний №,,, тоот дансанд төлж, орон сууцыг түрээсэлсэн байна. Тэдний хооронд бичгээр орон сууц түрээсийн гэрээ хийгдээгүй, амаар харилцан тохиролцсон байна. Өмчлөгч Д нь 2012-2019 оны хооронд ОХУ-д оюутан байсан. Дийн аав Э нь хүүгийнхээ байрыг хоосон байлгаж байхаар түрээслэх нь дээр учир хүргэн Д.Маар орон сууц түрээслүүлэх тухай зарыг тавиулсан байдаг. Дийн аав Э түрээслэгч Ц.Б нарын хооронд орон сууц худалдан авах тухай гэрээ амаар, бичгээр огт хийгдээгүй. Түрээслэгч Б нь Д нарын хооронд гэрээ огт хийгдээгүй. Түрээслэгч тал орон сууцны үнэ, гэрээний төлбөр, орон сууц худалдан авах тухай урьдчилгаа төлбөр зэргийг огт өгөөгүй. Түрээслэгч Ц.Б нь түрээсийн орон сууцанд хэт удаан хугацаанд сууснаар хууль бусаар эзэмших оролдлого хийснээр өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Түрээслэгч Ц.Б орон сууц нийт түрээсэлсэн хугацааны түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч талд их мөнгө өгсөн байна. Одоо худалдан авна. Цалингийн зээл аваад өгий, анх танай байр хүн амьдрах аргагүй байр байсан, 60 сая төгрөгөөр худалдаж авна. Үлдэгдэл мөнгийг өгий гэх зэргээр шууд хандаж байгаа нь орон сууцны өмчлөгч Э.Дийн өмчлөх эрхэд халдаж байна. Д нь 2022 оны 09 дүгээр сард орон сууцыг суллах тухай түрээслэгч Ц.Бд хэлэхэд байрыг суллаж өгөөгүй. Б нь орон сууцыг авна гэсээр өнөөдрийг хүртэл орон сууцнаас түрээслэгч Ц.Бийг гаргаж чадахгүй байгаа тул, /Баянзүрх дүүргийн 19-р хороо, 4 дүгээр байрны 26 тоот ,,,, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай / шүүхэд хандах үндэслэлтэй байгаа тул иргэний хуулийн 106.1, 492 дугаар зүйлийг үндэслэн дараах дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

1. БЗД ийн дүгээр хороо , дүгээр байрны  тоот, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тоот ,,,,үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн эцсийн өмчлөгчийн лавлагаагаар иргэн Э.Дийн өмчлөлийн байрыг иргэн Ц.Бөөс албан журмаар чөлөөлүүлэх. Хариуцагч Ц. Бийн амьдарч байх хугацааны орон сууцны ашиглалтын зардалд гарсан нийт төлбөр болох

1.1.      Байрны ашиглалтын төлбөр сууц өмчлөгчдийн холбооны зардал 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын дуусах хүртэл 408.000 төгрөг.

1.2.      Орон сууц Нийтийн аж ахуйн Удирдах газрын харьяа, Хэрэглэгчдэд үйлчлэх 1 төвийн тодорхойлолтын дагуу 88,295,30 төгрөг.

1.3.      “УБЦТС” ТӨХК 2022 оны 11 дүгээр сарын 07 ний өдрийн 64.400 цахилгааны төлбөр төлсөн баримтаар .

1.4.      2022 оны 02,09,10,11 / дүгээр саруудын байрны түрээсийн төлбөр болох 2.000.000 /хоёр сая төгрөг /-ийг

Нэхэмжлэлийн нийт үнэ: 2.560.695.30 /хоёр сая.таван зуун жаран мянга, зургаан зуун ерэн таван төгрөг, гучин мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөх шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье. Мөн нэхэмжлэлийн шаардлагын дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагч талаас гаргуулж өгөхийг хүсье.

Миний байранд амьдарч байгаа хүн хууль бусаар байна. Суллаж өг гэхээр өвөл болсон хавар болтол яаж ч чадахгүй гэдэг. Би байраа зарах талаар ярьж байгаагүй бөгөөд уулзаж байгаа юм. Удаан хугацаанд түрээсэлснээрээ байрыг булаан авах гэж байна гэж ойлгож байна. 8 сараас хойш түрээс болон ашиглалтын зардал төлөөгүй. Байрыг сул байлгаж байхаар түрээсэлсэн. Хэн нэгэнд итгэмжлэх эрх огт өгөөгүй. Уг байр нь миний өмч юм. 2022 оны 2, 9, 11 сарын хөлсөлсөн 2 сая төгрөг, СӨХ-н 2020.1-2022.10 хүртэл 408 000 төгрөг, байрны мөнгө 2022.10 төлбөр 88 295.30 төгрөг, 2022.10-11.7 цахилгааны 64 400 төгрөг, нийт 2 560 695.30 төгрөг гаргуулна. Мөн байрыг байрыг албадан чөлөөлүүлнэ. Намайг байраа суллаж өг гэсний дараа 2 удаа цагдаа дээр дуудуулж мэдүүлэг авхуулсан.

Хариуцагч нь би огт уулзаагүй гэдэг. Тухайн үеийн үйл явдлыг нэхэмжлэгч мэдэхгүй. Тухайн үед Орос улсад амьдарч байсан. Аав нь хоосон байлгаж байхаар хөлслөхөөр болсон. Улмаар хүргэн нь хариуцагчийн аав, ээж нарыг авчирч уулзуулсан. Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь байранд хариуцагч амьдарч байгаа юм. Хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа уулзсанаа зөвшөөрсөн байдаг. Улмаар амьдарч байсан хүмүүсээс байрыг хүлээж авсан талаар бичсэн байдаг. Ингээд эд нарын хооронд гэрээ байгуулагдаагүй байдаг. Бид маргаан үүссэн тул цахилгаан түгээхтэй гэрээгээ цуцалсан. Одоо нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц байдаг. Эд нар Этай л харилцаа үүсгэсэн. Хэрэгт байгаа Эын дансны хуулганы 2017.10.10-ны шилжүүлсэн дээр гүйлгээний утга байхгүй. Мөн байрны төлөлт гэсэн байдаг. 2018 оны 8 сараас эхлээд байр худалдан авах төлбөр гэж хийж эхэлсэн байдаг юм. Эын дансны хуулгаар байрны урьдчилгаа хийгдээгүй гэв.

 

Хариуцагч Ц.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Ш.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа нар ямар ч үндэслэл, нотолгоогүйгээр байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Учир нь:

1. 2,560,695.30 төгрөгийг ямар учиртай, ямар үндэслэлтэй нэхэмжилж буйг би ер ойлгохгүй байна. Учир нь би Орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газар, УБЦТС ТӨХК-д ямар нэгэн өр төлбөргүй болно. Мөн байрны түрээсийн төлбөр гэж нэхэмжилж буй 2,000,000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй. Би энэ байрны түрээслэгч биш бөгөөд миний хадам аав Д.Батмөнх, хадам ээж Ж.И нар Э.Дийн аав гэх Д.Этай хувь лизингээр худалдан авахаар тохирч байр худалдан авах төлбөр гэж сар бүр 500,000 төгрөгийг Д.Эын хаан банкны ,,, тоот дансанд шилжүүлдэг байсан Хаан банкны ,, тоот данс нь миний данс биш ба данс эзэмшигч нь Ж.И юм. 2022.07.24 өдөр миний хадам ээж Д.Этай гэрээ хийх талаар өмнө нь байнга ярьдаг байсны адил ярилцахаар залгатал Э нь шуул “Би олон жил хямд үнээр та нарт байраа түрээслүүлж байна” гэх мэтээр түрээслэгч байсан мэт гүтгэж эхэлсэн. Үүнээс хойш хадан ээж болон би Д.Этай олон дахин холбогдон учраа олох оролдлого хийсэн боловч биднийг түрээслэгч гэж гүтгэсээр л байсан. Иймд хадам аав Д.Батмөнх хадам ээж Ж.И нь өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж сар бүр төлдөг байр худалдан авах төлбөрөө 9 сараас эхэлж зогсоосон. Учир нь тэд аль хэдийнээ 30 сая төгрөгөөр залилуулан хохирох эрсдэлд орсон байсан.

2. Манай гэр бүл 2017.04 сард биш 2017.07 сард хадам аав ээж энэ байранд оруулснаар амьдарч эхэлсэн. 2017.04 сард эдгээр хүмүүстэй огт холбогдоогүй.

3. Э.Дийн төрсөн эгч Э.Бын нөхөр болох Д.М нь Ц.Бтэй анх түрээслэх тухай тохирч хадам аав Этай Ц.Бийг уулзуулсан гэдэг нь огт худал юм. Би М гэх хүнийг огт танихгүй бөгөөд харж ч байгаагүй.

4. 2017 онд Эыг эмнэлэгт хэвтэж байх үед нь түрээслэгч Б очиж уулзсан гэдэг мөн л худал юм. Би Э гэдэг хүнтэй нэг ч удаа нүүр тулан уулзаж байгаагүй.

5. Орон сууцны түлхүүрийг Эаас авсан гэдэг нь мөн ор үндэсгүй. Би Э гэдэг хүнээс ямар ч орон сууцны түлхүүр аваагүй. Харин миний хадам аав ээж хоёр Эыг цэргийн эмнэлэгт хэвтэж байх үед нь очиж уулзаад хувь лизингээр байр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон байдаг. Тухайн үед Э эмнэлэгт хэвтэж байсан учир өөрөө орон сууц болон түлхүүрээ хүлээлгэж өгөх боломжгүй байна гээд хүүхдүүдээс түлхүүрээ аваад байрандаа ороорой гэсэн байдаг. Ингээд хүргэн хүү гэх Мтай тус байранд ирж тухайн үед түрээслэн сууж байсан айлыг бид байраа зарж байгаа тул байраа хурдан суллаад энэ хүмүүст түлхүүрээ өгөөрэй гэж хэлсэн гэсэн. Ингээд тэр айл 2 хоногийн дараа нүүсэн байдаг. Ийнхүү байрны түлхүүрийг хадам аав ээж хоёр авсан болно.

Э би хүнд өвчтэй эмчилгээ их хийлгэдэг бөөн мөнгө авмаар байна гэсэн учир 20,000,000 төгрөг бэлдээд 2021.08 сард хадам ээж И нь Этай холбогдон гэрээгээ хийж мөнгөө өгье гэхэд миний дансруу хийчих би очиж боломжгүй байна хэд хоногоос очиж гэрээгээ хийе гэсэн. Гэвч Э ирэхгүй байсан тул байгаа газар чинь очоод гэрээгээ хийгээд мөнгөө өгье гэхэд тэгье ээ маргааш уулзъя гэсэн. Тэгээд маргааш нь залгахад дугаарыг минь болон facebook хаягийг минь блоклосон байсан. Үүнээс хойш бид сэтгэл зүйн маш их дарамтанд байсан. Гэтэл 2022.09 сараас Д гэнэт гэрт ирэн байр суллаж өг би байрандаа өөрөө ормоор байна гэж дарамталж эхэлсэн. Мөн щитний цоож эвдэн цахилгаан удаа дараа таслах, тоолуур хулгайлан авч ус дулаан таслуулах дуудлага өгөх, эзгүйд чинь хаалганы цоожийг солино гэх мэтээр дарамтлан миний эхнэр хүүхдүүдтэйгээ байрны гадаа салхилж байхад нь Э, Д нар таарч ёс зүйгүй үг хэллэг хэлж байрнаас хурдан зайл, хүний байранд дураараа суулаа гэхчилэн нүүрлүү нь чичсэн байсан. Мөн Дийн өмгөөлөгч нь гэх хүн 99101810 дугаараас ажлын бус оройн цагаар залгаж айлын байранд яагаад амьдраад байгаа юм. Та нар маш их төлбөрт унана шүү гэх мэтээр сүрдүүлсэн. Түүнчлэн дугаараас хорооны ажилтан байна гэж залган миний болон гэр бүлийн хүний минь хувийн мэдээллийг авсан. Үүнийг Э, Д нар үйлдсэн байх магадлалтай гэж би хардаж байна.

Э нь хадам ээжид гэрээгээ хийнэ, санаа зоволтгүй, дансаар орж буй мөнгө болон утга нь байр зарсан гэх хөдлөшгүй нотлох баримт болно гэж итгүүлэн гэрээгээр халхавчилсан байдлаар өдийг хүрсэн. Тиймээс энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Жич: Нотлох баримтуудыг гаргаж өгнө.

Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Намайг анх байрыг сард 500 000 төгрөг өгч түрээсийн гэрээ хийсэн гэдэг. Би ийм гэрээ хийгээгүй. 2017 онд Этай уулзаж гэрээ хийсэн гэдэг. Би тэр хүнтэй уулзаж байгаагүй. Орон сууцны түлхүүрийг намайг авсан гэдэг боловч би аваагүй. Намайг түрээсийн төлбөр төлдөг гэх боловч данс нь миний данс биш юм. Надад холбогдуулж нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Манай хадам аав ээж худалдаж аваад манайхыг оруулсан. Хадам аав Батмөнх нь Мтай уулзаж худалдаж авахаар тохирсон гэдэг. Зарын дагуу холбогдсон байдаг. Чатаар холбогдсон байдаг юм. Төлбөрийг цувуулж төлөхөөр тохирсон. Тэгээд Э гэдэг хүнтэй уулзаад хувь лизингээр худалдаж авсан. Сар болгон 500 000 төгрөг өгөөд 10 жилд 60 саяыг төлөхөөр тохиролцсон. СӨХ-ны хувьд 408 000 төгрөг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна. Зарсан айл нь СӨХ өгөөгүй байсан. Би орцондоо засвар хийгээд сая хүртэл чиптэй болгосон. Тэгээд СӨХ өмнөх төлбөрийг тэглэе гэсэн юм. Ашиглалтын зардалд төлбөргүй. Мөн цахилгааны төлбөр үлдэгдэлгүй гэж гарсан байдаг. Цахилгааны төлбөр төлсөн баримтыг цахилгаан түгээхийн хүн устгачихсан. 2017 оны 4 биш 7 сараас амьдарсан юм. Мөнгөө өгье, гэрээ хийе гэж удаа дараа хадам ээж хэлдэг байсан. Гэтэл манай хүүхэд гадаадад сурч байгаа гээд хойшлуулдаг байсан юм. Байранд их засвар хийсэн. Би түрээсийн байранд амьдрах шаардлагагүй байсан. Худалдаж авч өгсөн байранд нь л амьдарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дарамталсан гэж байна. Миний тайлбар дээрээ бичсэн гэж байна. Би өмгөөлөгч аваагүй байсан тул тэгж бичсэн. Би бол өөрөө очиж уулзаагүй. Над уруу орой утсаар яриад их хэмжээний мөнгөний өрөнд орно гэсэн юм. Нэхэмжлэгч нь миний худалдаж авсан тоолуурыг аваад явчихсан юм. Нэхэмжлэгч нь өөрөө эхэлж цахилгаанаар дарамталсан. Мөн эхнэр хүүхдийг дайрч доромжилсон. Гэрч Баясаа 250-р түрээсэлж байсан гэж байна. Хадам аав, ээж 2 урьдчилгаа төлбөргүй цувуулж төлөхөөр байсан тул авсан байх. Анх ороход халаалтгүй, халуун усгүй байсан. Тухайн үед их хүйтэн байсан. 2019 оноос халуун устай болсон. Байрыг чөлөөлөхийг зөвшөөрч байна. Харин хохирлоо нэхнэ.

Байрыг анхнаасаа худалдана гэж амаар тохиролцсон боловч одоо түрээсэлсэн гэж байгаа нь хууль бус юм. Мөн бүртгүүлээгүй тул хууль бус. Мөн Э нь түрээслүүлэх эрхгүй тул хууль бус юм. Шүүх хараат бус байх ёстой тул нэхэмжлэгч нэгэнт л түрээсийн гэрээ гэж байх тул шүүх хөлслөх гэж болохгүй.  Хариуцагч тал нь итгэл үнэмшлээрээ 31 саяыг төлсөн байна. Иймд байрыг хүлээлгэж өгөөд 31 саяыг нэхэмжлэх эрхтэй. Мөн ашиглалтын зардлыг нэхэх эрхгүй. Түрээсийн гэрээ бичгээр хийгээгүй, бүртгүүлээгүй тул 31 саяыг гаргуулж хариуцагчид олгох ёстой гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Монголын өмгөөлөгчдийн холбооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/2091 дугаар албан тоот /хх5/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000216728 дугаар гэрчилгээний хуулбар /хх9/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх10/, “Хөх уул” СӨХ-ны 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 22/030 дугаар албан тоот /хх11/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-1-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 223 дугаар албан тоот, хавсралт /хх12-13/, Хаан банк дахь Д.Эын дансны хуулга /хх69-86/, “УБЦТС” ХК-ийн төлбөрийн баримт /хх87/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Хаан банк дахь Ж.Иы дансны хуулга /хх118-131/

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг /хх132-133/, 63 ширхэг гэрэл зураг /хх134-149/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагчаас 2,064,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Д нь Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, -ын ажилчдын  дүгээр байрны  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,,дугаарт бүртгэгдсэн, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, СӨХ-ны төлбөрт 408,000 төгрөг, орон сууцны ашиглалтын төлбөрт 88,295.30 төгрөг, цахилгааны төлбөрт 64,400 төгрөг, 2022 оны 2, 9, 10, 11 дүгээр саруудын төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 2,560,695.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ц.Б нь орон сууцыг худалдаж авахаар тохиролцож, сар бүр 500,000 төгрөг төлдөг, СӨХ болон ашиглалтын зардлыг төлсөн, өр төлбөргүй гэж маргаж байна.

 

Хариуцагч нь түүний хадам эцэг, эх нь 2017 оны 05-06 сарын үед нэхэмжлэгчийн эцэг Д.Этай уулзаж дээрх 26 тоот орон сууцтай холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж тайлбарласан.

Энэхүү Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,  дүгээр байрны  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,,дугаарт бүртгэгдсэн, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгчийн өмч гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон. /хх9, 10/

 

Нэхэмжлэгч нь уг орон сууцыг түрээсэлсэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд түрээслүүлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж тодорхой эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний зүйлийг эзэмшиж, ашигласнаар ашиг олох зорилготой байдаг.

Харин Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь тодорхой эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх бөгөөд хөлслөгч нь ашиг олох зорилгогүй байж болно.

Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь орон сууцанд оршин суух буюу амьдрах зорилготой байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшилд шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч нь уг орон сууцыг худалдаж авсан бөгөөд үнийг сард 500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон гэж маргаж байна.

 

Улмаар зохигчид бичгийн хэлбэрийн гэрээ байгуулаагүй үйл баримтын талаар маргаагүй.

 

Хаан банк дахь нэхэмжлэгчийн эцэг Д.Эын болон хариуцагчийн хадам эх Ж.Иы дансны хуулганаас үзэхэд сар бүр 500,000 төгрөгийн төлбөрийг ихэнх тохиолдолд байр худалдаж авсан төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ. /хх69-86, 118-131/

Гэвч мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утгыг шилжүүлэгч тодорхойлдог тул гүйлгээний утгыг ийнхүү тодорхойлсон нь иргэний эрх зүйн харилцааг тодорхойлохгүй.

Цаашлаад иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх 2017 оны 05-06 сард маргаж буй орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд байсан болох нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх10/

Үүнээс үзэхэд хариуцагчийн тайлбарлаж буй нэхэмжлэгчийн эцэг Д.Этай орон сууцыг худалдаж худалдан авахаар тохиролцсон гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Түүнчлэн хариуцагч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт орон сууцыг чөлөөлж, улмаар төлсөн төлбөр болон учирсан хохирол гэх засварын зардлыг шаардах талаар тайлбарласан.

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Харин хариуцагч нь төлсөн төлбөр болон засварын зардлыг жич нэхэмжлэх эрх нээлттэй бөгөөд харин уг шаардлагыг хангах эсэхийг шүүх хянан шийдвэрлэнэ.

 

Хариуцагч нь СӨХ-н төлбөрт 2022 оны 10 сар хүртэл хугацаанд 408,000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь “Хөх уул” СӨХ-ны 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 22/030 дугаар албан тоотоор, ашиглалтын зардалд 88,295.30 төгрөг төлөөгүй байгаа нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-1-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 223 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хх11, 12/

Гэвч эдгээр төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Иймд энэхүү төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

Харин хариуцагч нь маргаж буй орон сууцанд өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа талаар хэн аль маргаагүй тул хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг төлөх үүрэгтэй. Улмаар нэхэмжлэгч нь цахилгаан эрчим хүчний үнэнд 64,400 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны баримтаар тогтоогдсон. /хх87/

Иймд хариуцагч нь бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх замаар үүргээс чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг үүрэг бүхий этгээд буюу хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг хөлсөлсөн гэх үндэслэлээр 2022 оны 2, 9, 10, 11 сарын хөлсөнд нийт 2,000,000 төгрөг шаардсан.

Дээр дурдсан Хаан банк дахь нэхэмжлэгчийн эцэг Д.Эын болон хариуцагчийн хадам эх Ж.Иы дансны хуулганаас үзэхэд хариуцагчийн нэрийн өмнөөс түүний хадам эх нь сард бүр 500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эцэгт төлж байсан үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа нотлоогүй, улмаар орон сууцанд оршин сууж байгаа бөгөөд сар бүр 500,000 төгрөг төлж байсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Энэхүү гэрээний харилцаагаар хөлслөгч нь тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээнэ. Улмаар сар бүр 500,000 төгрөг төлж байсан байх тул хэдийгээр бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй боловч сарын хөлсийг 500,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзлээ.

Хариуцагч нь сар бүрийн 500,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сараас эхэлж төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд харин 02 дугаар сарын төлбөрийн төлсөн гэж маргасан.

Гэвч дээрх дансны хуулгануудаас үзэхэд 2022 оны 02 дугаар сард төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь 02 дугаар сар болон маргаагүй хугацаа болох 09-11 дүгээр саруудад тус бүр 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагчаас нийт 2,064,400 /2,000,000+64,400/ төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дүгээр байрны  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,,дугаарт бүртгэгдсэн, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.         Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Ц.Бөөс 2,064,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Дид олгож, үлдэх 496,295.30 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 638,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 630,930.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД