Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00681

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00681

 

 

 

 

 Э.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00077 дугаар шийдвэртэй Э.Д-ийн нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 408,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 88,295.30 төгрөг, цахилгааны төлбөрт 64,400 төгрөг, 2022 оны 2, 9, 10, 11 дүгээр саруудын төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 2,560,695.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Д-, түүний өмгөөлөгч М.У, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 04 дүгээр сараас эхлэн Ц.Б нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоот, ** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөгөөр, өмчлөгч Э.Д-ийн төрсөн эгч Э.Б-ын нөхөр болох Д.М нь түрээслэгч Ц.Б-тэй анх тохирч, хадам аав н.Э-тай түрээслэгч Ц.Б-ийг уулзуулсан. 2017 онд н.Э-ыг эмнэлэгт хэвтсэн үед түрээслэгч Ц.Б нь Э.Д-ийн аав Э-тай очиж уулзсанаар тус байрыг гэр бүлийн хамт түрээслэхээр тохирсон. Орон сууцны түлхүүрийг н.Э-аас авснаар түрээсийн харилцаа үүссэн. Дээрх хугацаанд орон сууцны түрээсийн төлбөрийг сар бүр тогтмол өгч байсан тул ямар нэгэн байдлаар хэл ам үүсдэггүй байсан. Түрээслэгч Ц.Б-ийн Хаан банкны 509406**** тоот данснаас сар бүрийн орон сууцны түрээсийн төлбөр 500,000 төгрөгийн Д-ийн аав н.Э-ын Хаан банкны 504633**** тоот дансанд төлж, орон сууцыг түрээсэлсэн байна. Тэдний хооронд бичгээр орон сууц түрээсийн гэрээ хийгдээгүй, амаар харилцан тохиролцсон. Өмчлөгч Э.Д- 2012-2019 оны хооронд ОХУ-д оюутан байсан. н.Э-ын хүүг Э.Д-ийн байрыг хоосон байлгаж байхаар түрээслүүлэхээр хүргэн Д.М-аар орон сууц түрээслүүлэх зарыг тавиулсан байдаг. Түрээслэгч тал орон сууцны үнэ, гэрээний төлбөр, орон сууц худалдан авах тухай урьдчилгаа төлбөр зэргийг өгөөгүй. Түрээслэгч Ц.Б- нь түрээсийн орон сууцанд удаан хугацаанд сууснаар хууль бусаар эзэмших оролдлого хийснээр өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Э.Д 2022 оны 09 дүгээр сард орон сууцыг суллах тухай түрээслэгч Ц.Б-д хэлсэн ч суллаж өгөөгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр байрны 26 тоот, улсын бүртгэлийн Ү-2204011143 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгөнөөс иргэн Ц.Б-ийг албадан гаргуулж өгнө үү. Мөн сууц өмчлөгчдийн холбооны зардалд 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын дуусах хүртэл 408,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 88,295.30 төгрөг, цахилгааны төлбөр 64,400 төгрөг, 2022 оны 02, 09, 10, 11 дүгээр саруудын байрны түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, нийт 2,560,695.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлд 2,560,695.30 төгрөгийг ямар учиртай, ямар үндэслэлтэй нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Би Орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газар, УБЦТС ТӨХК-д ямар нэгэн өр төлбөргүй. Мөн байрны түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Би энэ байрны түрээслэгч биш бөгөөд миний хадам аав Д.Б, хадам ээж Ж.И нар Э.Д-ийн аав гэх Д.Э-тай хувь лизингээр худалдан авахаар тохирч байр худалдан авах төлбөр гэж сар бүр 500,000 төгрөгийг Д.Э-ын Хаан банкны 504633**** тоот дансанд шилжүүлдэг байсан Хаан банкны 509406**** тоот дансны эзэмшигч нь Ж.И юм. 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр миний хадам ээж Д.Э-тай гэрээ хийх талаар ярилцахаар залгатал н.Э нь шууд Би олон жил хямд үнээр та нарт байраа түрээслүүлж байна гэх мэтээр түрээслэгч байсан мэт гүтгэж эхэлсэн. Үүнээс хойш хадам ээж болон би Д.Э-тай олон дахин холбогдон учраа олох оролдлого хийсэн боловч биднийг түрээслэгч гэж гүтгэсээр байсан. Иймд хадам аав Д.Б, хадам ээж Ж.И нь өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж сард төлдөг байрны төлбөрөө 9 сараас эхэлж зогсоосон. Манай гэр бүл 2017 оны 07 дугаар сард хадам аав, ээж энэ байранд оруулснаар амьдарч эхэлсэн. 2017 оны 04 дүгээр сард энэ хүмүүстэй холбогдоогүй.

Э.Д-ийн төрсөн эгч Э.Б-ын нөхөр Д.М нь Ц.Б-тэй анх түрээслэх тухай тохирч хадам аав н.Э-тай Ц.Б-ийг уулзуулсан нь худал юм. Би Д.Мөнхсайханыг танихгүй, харж байгаагүй, 2017 онд н.Э-ыг эмнэлэгт хэвтэж байх үед түрээслэгч Ц.Б очиж уулзаагүй, н.Э-тай нүүр тулан уулзаж байгаагүй, орон сууцны түлхүүрийг н.Э-аас авсан гэдэг үндэслэлгүй. Харин миний хадам аав, ээж 2 н.Э-ыг цэргийн эмнэлэгт хэвтэж байхад очиж уулзаад хувь лизингээр байр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед н.Э- эмнэлэгт хэвтэж байсан учир өөрөө орон сууц болон түлхүүрээ хүлээлгэж өгөх боломжгүй байна гээд хүүхдүүдээс түлхүүрээ аваад байрандаа ороорой гэсэн байдаг. Ингээд байрны түлхүүрийг хадам аав ээж 2 авсан. н.Э- би хүнд өвчтэй эмчилгээ хийлгэдэг бөөн мөнгө авмаар байна гэхэд нь 20,000,000 төгрөг бэлдээд 2021 оны 08 дугаар сард хадам ээж Ж.И нь н.Э-тай холбогдон гэрээгээ хийж мөнгөө өгье гэхэд миний данс руу хийчих би очиж боломжгүй байна хэд хоногоос гэрээгээ хийе гэсэн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сараас Э.Д- гэрт ирж байр суллаж өг, байрандаа ормоор байна гэж дарамталж эхэлсэн. н.Э нь хадам ээжид гэрээгээ хийнэ, санаа зоволтгүй, дансаар орж буй мөнгө болон утга нь байр зарсан гэх хөдлөшгүй нотлох баримт болно гэж итгүүлэн гэрээгээр халхавчилсан байдлаар өдийг хүрсэн. Иймд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын *** дүгээр байрны ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220401**** дугаарт бүртгэгдсэн, ** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Ц.Б-өөс 2,064,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Д-д олгож, үлдэх 496,295.30 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 638,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 630,930.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзаж буй татгалзлыг нотлох зорилгоор 5 гэрч асуулгах хүсэлт гаргаж шүүх хангаж шийдвэрлэсэн боловч 2 гэрчийг дуудан ирүүлэх ажиллагааг шүүх хийлгүй, Д.Э, Д.М нараас гэрчийн мэдүүлэг авалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. Мөн миний 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зүгээс шүүхэд Э.Д нь шүүхэд маргаан хянан хэлэлцэж байх үед байнгын цахилгаан тасалж эрүүл аюулгүй очинд амьдрах эрхийг зөрчиж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхэд хэргийг эцэслэн шийдвэрлэж дуустал маргаан бүхий байрны цахилгаан таслахыг хориглох буюу цахилгаанаас хангаж өгөх хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж миний хуулиар олгогдсон эрхийг удаа дараа ноцтой зөрчсөн болно. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Үүнээс үзэхэд хариуцагчийн тайлбарлаж буй нэхэмжлэгчийн эцэг Д.Э-тай орон сууцыг худалдаж худалдан авахаар тохиролцсон гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна буюу хэдий уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх боловч уг орон сууцыг худалдан авах харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн атал талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн хэмээн агуулгын хувьд 2 өөр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэргийг шийдвэрлэсэн шүүгч шүүх хуралдааны явцад намайг түрээслэгч, хөлслөгч хэмээх нэршлээр дуудаж хэргийг шийдвэрлээгүй байхад дүгнэлт гаргаж хэргийг урьдчилсан шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэсэн шүүгч надтай зүй бусаар харьцаж өөрийн тайлбар мэдүүлгийг нотлох бололцоог хааж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие уг орон сууцыг түрээслэх харилцаанд огт ороогүй анхнаасаа лизингээр худалдан авах харилцаанд орсон бөгөөд энэ нь ээж Ж.И-ны дансны хуулгаар бүрэн нотлогддог. Гэвч анхан шатны шүүхээс түрээсийн гэрээний харилцаанд орсон мэтээр тайлбарлаж түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, орон сууц ашигласны төлбөр 64,400 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн буюу түрээсийн мөнгийг хэрхэн гаргаж ирсэн нь ойлгомжгүй, намайг уг байрыг худалдаж авахаас өмнөх түрээслэгч гэрч би сарын 250,000 төгрөгөөр түрээсэлж байсан талаар мэдүүлэг өгсөн атал уг түрээсийн мөнгийг ямар үндэслэрээр сарын 500,000 төгрөгөөр гаргуулж шийдвэрлэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчийн зүгээс буруу төлж энэ талаар шүүх зөв дүгнэлт хийгээгүй байх тул улсын тэмдэгтийн хураамжийг зөв төлсөн эсэх, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хэмжээ хуульд нийцсэн эсэхийг хянаж өгнө үү. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хууль хэрэглээний хувьд, нотлох баримтыг бүрэн зөв үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Ц.Б- тухайн орон сууцанд одоо амьдарч байгаа. Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, **-** тоотод байрлах ** м.кв үл хөдлөх хөрөнгө нь эцсийн өмчлөгчийн лавлагаагаар Э.Д-ийн өмчлөл юм. Э.Д тодорхой шалтгааны улмаас 2017-2019 оны хооронд Оросын холбооны улсад оюутан байсан. Түүний аав Д.Э орон сууцыг хоосон байлгаж байхаар гэж эмнэлэгт хэвтсэний дараа байрыг Ц.Б-ийн хадам аав, ээж нарт хөлсөлсөн. Хариуцагч тал худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч, худалдан авах хэлцэл болон гэрээ байгуулсан талаар баримт гаргаж өгөөгүй. Аман тохиролцоогоор 6 жилийн хугацаанд амьдарч байна, 31,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл мөнгийг цалингийн зээл авч төлнө гэх байдлаар тайлбарладаг. Гэтэл үүнийг нотлох хэлцэл болон гэрээ байхгүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулна гэж заасныг хангаагүй. Байрны төлбөр буюу орон сууц хөлслөх төлбөрийг Ц.Б-ийн хадам ээж Ж.И-ны данснаас шилжүүлсэн байдаг. Ж.И-аас Ц.Б-д эрх шилжүүлсэн, эсхүл итгэмжлэл олгосон баримт хэрэгт авагдаагүй тул Ц.Б тус байрнаас гарах үндэслэлтэй. Мөн Э.Д өөрийн аав болох Д.Э-т тухайн орон сууцыг зээлээр худалдах ямар нэг байдлаар төлөөлөх эрх олгоогүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус гэж заасан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Э.Д-ийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөх үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 408,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 88,295.30 төгрөг, цахилгааны төлбөрт 64,400 төгрөг, 2022 оны 2, 9, 10, 11 дүгээр саруудын хөлсөнд 2,000,000 төгрөг, нийт 2,560,695.30 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ Ц.Б орон сууцыг нэг сарын 500,000 төгрөгөөр хөлсөлсөн. Орон сууцыг чөлөөлөх талаар хөлслөгчид хэлэхэд байрыг чөлөөлж өгөөгүй гэж тайлбарласан байна.

Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч Манай хадам аав, ээж худалдаж аваад манайхыг оруулсан. Сар болгон 500,000 төгрөг өгөөд 10 жилд 60,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зарсан айл нь СӨХ-ны төлбөр төлөөгүй байсан. Би орцондоо засвар хийгээд чиптэй болгосон. Тэгээд СӨХ өмнөх төлбөрийг тэглэе гэсэн юм. Ашиглалтын зардалд төлбөргүй, цахилгааны төлбөргүй. Байранд их засвар хийсэн. Байрыг чөлөөлөхийг зөвшөөрч байна. Харин хохирлоо нэхнэ гэж маргажээ.

3. Зохигчдын маргааны зүйл нь Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын ** дүгээр байр, ** тоот, ** м.кв талбайтай 2 өрөө орон сууц байх ба хариуцагч нь уг орон сууцанд 2017 оны 04 дүгээр сараас хойш амьдарч байгаа, хариуцагчийн хадам эх Ж.Инжбулган, нэхэмжлэгчийн эцэг Д.Э нар харилцан тохиролцсоны дагуу Ж.Инжбулган Д.Э-т сар бүр 500,000 төгрөг төлдөг үйл баримт тогтоогдсон байна.

4.1. Нэхэмжлэгч Э.Д нь 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын ** дүгээр байрны ** тоот, ** м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220401**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

Хариуцагч Ц.Б хадам эцэг, эх нь орон сууцыг худалдан авсан гэх боловч түүний тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. 500,000 төгрөгийг байрны мөнгө, байрны төлбөр, байр худалдан авсны төлбөр зэрэг гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан нь орон сууцны өмчлөх эрх шилжих үр дагаврыг бий болгохгүй.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхээр, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор тус тус заажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцэл хэрэгт авагдаагүй буюу хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу тайлбарын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж орон сууцыг хариуцагч Ц.Б-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.2. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 64,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг үнэлэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ. Хариуцагч нь дээрх хугацаанд 64,400 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн, уг төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс төлсөн зэрэг нөхцөл байдал нь хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.3. Нэхэмжлэгч Э.Д орон сууц хөлслөх гэрээ талуудын хооронд хийгдсэн гэж үзэн 2022 оны 2, 9, 10, 11 дүгээр саруудын хөлсөнд 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Гэвч хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эцэг Д.Э, хариуцагчийн хадам эх Ж.И нарын хооронд орон сууцны талаарх тохиролцоо хийгдэж, Ж.И, Д.Э-т төлбөр төлж байсан байх ба харин Э.Д, Ц.Б нарын хооронд орон сууцтай холбоотой ямар нэг хэлцэл хийгдээгүй байна. Иймд зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Ц.Б-өөс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхтэй.

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь гэрчээр Д.Э, Д.Б, Ж.И, Д.Б, Д.М, С.Б, Э.Д нарыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, хариуцагчийн өмгөөлөгч нь гэрчээр Д.Б, Ж.И, Д.Б нарыг асуулгах хүсэлт дахин гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанд эдгээр гэрчүүд оролцсон байна. Иймд Д.Э, Д.М нараас гэрчийн мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг цахилгаан эрчим хүч тасалсан гэх үндэслэлээр эрчим хүчээр хангуулах хүсэлт гаргасныг шүүхийн шийдвэрлэх асуудал биш гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 302 дугаар зүйлийн 302.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.БЯМБАСҮРЭН